| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 131/2021/00328/И |
| Дугаар | 131/ШШ2021/00508 |
| Огноо | 2021-09-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2021/00508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багт байрлах, Баянхонгор аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ВЛ78080512 регистрийн дугаартай, Төмөр овогт Цэдэндоржийн Энхболдод холбогдох,
Төрд учруулсан хохирол 1055687 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантулга, хариуцагч Ц.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Прокурорын тухайн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж зааснаар Прокурорын байгууллага нь төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах зорилгоор иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцохоор хуульчилсан.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан бөгөөд Баянхонгор аймгийн Төрийн аудитын газраас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/257 дугаартай албан бичгээр захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу С.Алтанчимэгт улсын төсвөөс 1055687 төгрөг гаргуулж олгосныг буруутай албан тушаалтнаас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж оролцох талаар хүсэлт ирүүлсэн тул иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл бий болсон.
Нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Энхболд нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаартай захирамжаар С.Алтанчимэгийг Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлсөн бөгөөд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 111/ШШ2017/0024 дугаартай шийдвэрээр С.Алтанчимэгийг Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1055687 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан тул төсвөөс гарсан мөнгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах нь зүйтэй байх тул Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Ц.Энхболдоос 1055687 / Нэг сая тавин таван мянга зургаан зуун наян долоо / төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү.
Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т тус тус заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Энхболд миний бие Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргаар ажиллаж байсан.
2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 111/ШШ2017/0024 дугаартай шийдвэрээр С.Алтанчимэгийн ажилгүй байсан хугацааны цалинт 1,055,687 /нэг сая тавин таван мянга зургаан зуун наян долоон/ төгрөгийг хувиасаа төлж барагдуулсан төсвөөс ямар ч зардал гаргаагүй болно.
Баянхонгор аймгийн Төрийн аудитын газраас нотлох баримт үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гурванбулаг сумын ЗДТГ-ын Санхүүгийн албанаас төрөөс мөнгө гаргаж төлөөгүй талаарх нотолгоо, албан бичгийг Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүрүүлсэн байгаа болно. Холбогдох баримтуудыг хянаж үзэж, тус асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ерөнхий прокурорын итгэмжлэлийн дагуу төлөөлж оролцож нэхэмжлэл гаргаж байгаа. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд төрийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл гаргаж оролцуулах мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 31 дүгээр зүйлд төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл эрх үүргийн дагуу оролцохоор заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Төрийн аудитын газраас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн өдрийн 257 дугаартай бичгээр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу н.Алтанчимэгт улсын төсвөөс 1055687 төгрөгийг гаргуулж олгосон байна. Тухайн үед Засаг даргаар Ц.Энхболд ажиллаж байсан. Ингээд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр төрд учирсан хохирлыг барагдуулах нэхэмжлэгчээр оролцож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж оролцож байна. Нэхэмжлэл гаргах үед төрийн сангаас дээрх хохирлыг гаргуулсан эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай, төрд хохирол учирсан байж болзошгүй нөхцөл байдалтай байсан учраас аудитын газраас ирсэн албан бичгийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж оролцож байна. Энэ нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нотлох баримтуудыг хэрэг цугларсны дараа хариуцагч нь өөрөөсөө төлсөн гэдэг тайлбар өгдөг. Төрийн сангаас холбогдох баримтыг гаргуулсан талаар баримт байхгүй. Ийм учраас төрд хохирол учраагүй байна гэсэн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оноос 2020 оны хооронд Гурванбулаг сумын Засаг даргын үүрэгт ажлыг хашиж байсан. Энэ хугацаанд би төрд ямар нэгэн хохирлыг учруулаагүй гэж ойлгож байгаа. н.Алтанчимэгийн ажилгүй байсан хугацааны 1055687 төгрөгийг би хувиасаа төлж барагдуулсан. Энэ талаар Гурванбулаг сумын Төрийн сангаас албан бичиг ирсэн байгаа мөн Баянхонгор аймгийн Төрийн сангийн газраас хохирол учруулаагүй болохыг нотолсон албан бичиг ирсэн. Иймд би төрд ямар нэгэн хохирол учруулаагүй гэж ойлгож байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Прокурорын газар нь хариуцагч Ц.Энхболдод холбогдуулан Төрд учруулсан хохирол 1055687 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, үүнийг эс зөвшөөрч хариуцагч Ц.Энхболдоос шүүхийн шийдвэрээр олгогдсон хохирлыг хувиасаа төлсөн, төрд хохирол учруулаагүй хэмээн тайлбар гаргасан байна.
Шүүхээс зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцэхэд хариуцагч Ц.Энхболд нь төрд хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 24 дүгээр захирамжаар С.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга Ц.Энхболдод холбогдох Зөрүү цалингаа буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хууль бус захирамжийн улмаас надад учирсан хохирол болох хууль зүйн туслалцааны хөлс 500.000 төгрөг, Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу ирж, буцсан 1 удаагийн зардал болох 55000 төгрөг, нийт 555.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Ийнхүү нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Прокурорын газраас ...шүүхийн дээрх шийдвэрийн дагуу С.Алтанчимэгт 1065687 төгрөгийг төрөөс олгосон хэмээн тайлбарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргах боловч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 7/1452 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтоор ...С.Алтанчимэгт ажилгүй байсан хугацааны цалин болох 1065687 төгрөгийг төрөөс олгоогүй болох нь нотлогдсон, үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох талаар тайлбар гаргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр зохицуулсан. Үүний тулд тухайн захиргааны байгууллага буюу төрд хохирол учирсан байх, хохирол учруулсан этгээд гэм буруутай байх, эдгээр нь шалтгаант холбоотой байх ёстой.
Гэтэл дээр дурдсанаар хариуцагч Ц.Энхболдын буруутай үйл ажиллагааны улмаас төрд хохирол учраагүй байхад нэхэмжлэгч байгууллага үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүхийн шийдвэрээр С.Алтанчимэгт 550000 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн байхад Төрд учруулсан хохирол 1055687 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэл гаргаж, хэрхэн, ямар үндэслэлээр 1055687 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноо тайлбарлаж чадахгүй, үндэслэлээ нотлохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Прокурорын газраас хариуцагч Ц.Энхболдод холбогдуулан гаргасан Төрд учруулсан хохирол 1055687 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ