Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2024/00210

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/01085 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01035 дугаар магадлалтай

 Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

“ЭУКД” ХХК-д холбогдох,

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж 00/0байрны 1 дүгээр давхарт байрлах, 45.38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203020000 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах, тус байрны 0 тоотод байрлах 56.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220302001 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хохирол 62,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардал 65,550,390 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “ЭУКД” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 00/0байрны 1 давхар тоот хаягт байрлах, 45.38 м.кв талбай бүхий, Ү-2203020000 улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах, мөн байрны 0 тоот хаягт байрлах, 56.4 м.кв талбайтай, Ү-220302001 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, хохирол 62,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардал 65,550,390 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/01085 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ЭУКД" ХХК-тай байгуулсан “Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 00/0байрны 1 давхар тоот хаягт байрлах, 45.38 м.кв талбай бүхий, Ү-2203020000 улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах, мөн хаягт байрлах 00/0байрны 0 тоот, 56.4 м.кв талбайтай, Ү-220302001 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөн сууснаар тооцож 62,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЭУКД” ХХК-ийн нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан гаргасан “3 давхар үл хөдлөх эд хөрөнгийн доголдлыг арилгахад өөрөөс гарсан бодит зардалд 65,550,390 төгрөг гаргуулах" тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,274,258 (209,950+225,658+838,650) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2024.01.31-ний өдрийн 02574 дүгээр захирамжаар төлөх хугацааг хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 361,242 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “ЭУКД” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 485,702 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01035 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/01085 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “ЭУКД” ХХК-д холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 00/0байрны 1 давхарт байрлах 45.38 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2203020000 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах, хохирол 62,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн байрны 1 тоот хаягт байх 56.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220302001 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч "ЭУКД" ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Б-дхолбогдуулан гаргасан 65,550,390 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ЭУКД” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтыг "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Б-гийн төлсөн 1,274,258 төгрөг, хариуцагч “ЭУКД” ХХК-ийн төлсөн 485,702 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “ЭУКД" ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,635,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.18-ны өдрийн 181/ШШ2024/01085 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.17-ны өдрийн 210/ΜΑ2024/01035 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх зохигчийн хооронд гэрээ хэлцэл хийгдсэн гэж Иргэний хуулийн 39, 243 дугаар зүйлийг хэрэглэж, нэхэмжлэгчийн өмчлөлийн 2 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, нэг орон сууцыг 4 жил гаруй хугацаанд үнэгүй эзэмшиж, ашиглаж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн худалдан авагч талыг зөвтгөсөн шийдвэр гаргасан.

Харин давж заалдах шатны шүүх 56.4 м.кв орон сууцыг худалдах-худалдан авах талаар үүрэг үүсээгүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн атлаа хохирлыг гаргуулаагүй орхигдуулсан. Хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж, гэрээний үүргээ зөрчсөн талд ашигтай шийдвэр гаргасан.

Тухайлбал, Б.Б нь 3 давхар 1 блок барилгын 1, 2 дугаар давхарт байршилтай 1 давхарын 45.38 м.кв, 2-р давхрын 56.4 м.кв 2 үл хөдлөх хөрөнгийг “ЭУКД” ХХК-д худалдахаар, төлбөрөө төлсний дараа өмчлөх эрхээ шилжүүлэхээр урьдчилан тохиролцож, хэлцлийн нэг хэсэг болох 45.38 м.кв үл хөдлөх хөрөнгийн үнийг 2019.12.31-ний өдөр төлснөөр гэрээ байгуулж өмчлөх эрхээ шилжүүлсэн. Харин тохиролцооны дийлэнх хэсэг болох 56.4 м.кв орон сууцны үнийг “1 сарын дотор төлнө” гэж баталгаа гаргаж өгч, эзэмшилдээ авсан боловч хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 4 жил гаруй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдсон. Нэхэмжлэгч энэ 2 үл хөдлөх хөрөнгөө хамтад нь худалдаж төлбөрөөр нь өөр үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар зорилготой байсан боловч “ЭУКД” ХХК хэлцлийн дийлэнх хэсгийн үнийг төлөөгүйгээс өөр орон сууц худалдан авч чадаагүй хохирсон. Үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш өсөж хохирсон учраас гэрээнээсээ татгалзаж үл хөдлөх хөрөнгөө буцаан авч, хохирлоо гаргуулах хуульд заасан эрхээ эдэлж нэхэмжлэл гаргасан. Гэтэл хоёр шатны шүүх хэргийн үйл баримтад өөр өөр дүгнэлт хийж, хуулийг зөрүүтэй хэрэглэж, хэлцлээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн нэхэмжлэгч хохирч, үүргээ биелүүлээгүй талыг зөвтгөсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Энэ хоёр хөрөнгийг өмчлөгч нь Б.Б.  Нэхэмжлэгч 2 үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдах нэг хэлцлийг салгаж, тус тусад нь авч үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймээс худалдагч тал гэрээнээсээ татгалзаж, 1 үл хөдлөх хөрөнгөө буцаан авч, 1 үл хөдлөх хөрөнгөө чөлөөлүүлэх шаардлага нь Иргэний хуулийн 225-p зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 00/0дугаартай байр нь подвалтой дээшээ 3 давхар барилга бөгөөд 1-3 давхрыг нэхэмжлэгч болон бусад 5 хүний өмч бөгөөд тус тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Цөөн тооны өмчлөгчтэй барилга учраас өмчлөгчид хоорондоо ярилцаж хөрөнгөө худалдахаар тохирсон нь 2019.07.28-ны өдөр хийсэн байр худалдах тухай хэлцлийн тэмдэглэлээр нотлогдоно. Энэ хэлцлийг хийхэд байрыг өмчлөгч, худалдан авагч тал оролцож, төлбөр төлөх хуваарийг тогтоож, төлбөрөө төлсний дараа гэрээ хийж баталгаажуулах тохиролцоог хийсэн нь нотлогдсон.  Б.Б-аас бусад үл хөдлөх хөрөнгөө худалдах хэлцэл хийсэн иргэдийн байрны үнэ түүнд шилжүүлсэн 500,000,000 төгрөгөөс төлөгдөж, тэд үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдэж өмчлөх эрхээ шилжүүлсэн. Энэ талаар маргаагүй. Харин Б.Б-гийн 2 давхрын байрны төлбөр төлөгдөөгүй учраас нэхэмжлэл гаргасан. Худалдан авагч тохирсон хугацаандаа төлбөрөө төлсөн бол гэрээ хийгдэж, өмчлөх эрх шилжих байсан. Гэтэл анхан шатны шүүх тухайн барилгыг бүхэлд нь худалдах-худалдан авах тухай гэрээ хийгдэж, гэрээний үнийн дийлэнх хэсэг 500,000,000 төгрөг төлөгдсөн мэтээр буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан буюу бусад өмчлөгч нарын маргаагүй асуудалтай холбож дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

Хэрэв хууль бусаар эзэмшиж байсан бол өмчлөгчид учирсан хохирлыг буруутай этгээд төлөх ёстой. Нэхэмжлэгч уг орон сууцыг өмнө нь түрээсэлж байсан гэрээ, хариуцагчийн “...2 өрөө орон сууцыг ... суллаад өгвөл нэг сарын дотор үнийг төлнө, эсвэл сар бүр 550,000-600,000 төгрөг орон сууц хөлсөлсөн төлбөрийг урд нь түрээсэлж байсан жишгээр төлнө..." гэсэн баталгаа, үл хөдлөх хөрөнгийн үнэ 2-3 дахин өссөн зэргийг нотолгоо гэж үзээгүй.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо гаргуулах үндэслэлтэй. Гэтэл 2 шатны шүүх хуулийг буруу, зөрүүтэй хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч “ЭУКД” ХХК-ийн төлөөлөгч Ц.Э Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.17-ны өдрийн 210/MA2024/01035 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр гомдолдоо:

Хоёр шатны шүүх Б.Б-гийн нэхэмжлэлтэй “ЭУКД” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 40.1, 42.8, 106.1, 243.1-т заасан үндэслэл бий болсон эсэх талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг анхан шатны шүүх зөв тодорхойлж дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүх маргааны зүйлийн талаар буруу дүгнэлт хийсэн, улмаар дээр дурдсан хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийн талаар хариуцагч маргаагүй. Харин давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Их сургуулийн гудамж 00/0байрны 1 тоот хаягт байрлах 56.4 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-220302001 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримтыг тодруулалгүй нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг буруу, дутуу үнэлсэн, ийнхүү дутуу үнэлснээс болж хуулийг зөрүүтэй хэрэглэх үндэслэл болсон гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэсэн шиг “ЭУКД” ХХК нь дээр дурдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй бөгөөд 2 шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

Талууд 2019.07.28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Их сургуулийн гудамж, 00/0байр хаягт байршилтай 3 давхар барилга буюу 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг газартай нь 750,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож улмаар 500,000,000 төгрөгийг Б.Б-гийн дансанд шилжүүлж, Б.Б 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөс 4 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж, үлдэх 2 үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшиж ашиглах эрхийг “ЭУКД” ХХК-д шилжүүлэн өгсөн. Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт заасан үндэслэл, нөхцөл байдал бий болсон гэж үзэх боломжтой. Нөгөөтэйгүүр хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд хууль ёсны дагуу авч нэхэмжлэгч нь дээр дурдсан 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэн өгснөөр талуудын тохиролцсон 250,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг үлдсэн.

Хариуцагчийн зүгээс Б.Б-тай байгуулсан хэлцлийн дагуу төлөх ёстой 250,000,000 төгрөгийг дансанд байршуулсан бөгөөд Б.Б нь 1 тоот хаягт байрлах 56.4 м.кв  орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд үлдэгдэл төлбөрийг төлөх байсан талаарх баримт хэрэгт авагдсан ба анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлд ч тусгагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулагдаж гэрээний дийлэнх хэсэг харилцан биелэгдсэн байхад 2 шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй, хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж буюу Иргэний хуулийн 40.1, 42.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг хуульд заасан агуулгаас нь өөрөөр тайлбарлаж талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв дүгнээгүй. Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.17-ны өдрийн 210/МА2024/01035 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч “ЭУКД” ХХК-ийн төлөөлөгч Ц.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.09.12-ны өдрийн 001/ШХТ2024/00986 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “ЭУКД” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 00/0байрны 1 давхарт байрлах, 45.38 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах, мөн байрны 0 тоот хаягт байрлах, 56.4 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөн сууснаар тооцож 62,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “... “ЭУКД” ХХК-тай Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж 00/0 байр, 0 дүгээр давхар, 45,38 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар тохиролцож, худалдан авагч нь 2020 оны 03 сард багтаан төлбөрийг төлөхөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх, төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл сар бүр түрээсийн төлбөр 650,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.” гэж тайлбарласныг,  

Хариуцагч эс зөвшөөрч “... Б.Б-аас Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 00/0 байр, 3 давхар, 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг түүний доорх газар эзэмших эрхийн хамт 750,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 500,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 250,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн тул гэрээнээс татгалзсантай холбогдуулан 62,000,000 төгрөг шаардах эрхгүй...” гэж маргасан.

9. Хариуцагч “ЭУКД” ХХК нь нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардал 65,550,390 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... 3 давхар үл хөдлөх хөрөнгө нь ашиглалтад орсноос хойш засвар хийгээгүй тул сайжруулах шаардлагатай буюу доголдолтой, худалдан авагч үнийн дүнгээс хасах санал гаргасан боловч худалдагч тал доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй. Манай компани доголдлыг арилгахад 65,550,390 төгрөгийн зардал гаргасан.” гэж тайлбарласныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “ЭУКД” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ: ... нэхэмжлэгч уг хүчин төгөлдөр гэрээнээс хуульд зааснаар татгалзах үндэслэл бүрдээгүй, ... гэрээгээр 3 давхар объектын үнийг 750,000,000 төгрөгөөр тодорхойлж, үүнээс 500,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан, төлбөрт шилжүүлсэн 500,000,000 төгрөгт маргаан бүхий 1 тоот орон сууц багтах эсэх, гэрээний үлдэгдэл төлбөр 250,000,000 төгрөг нь аль үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болохыг тодорхойлох баримтгүй, ... нэхэмжлэгч нь хариуцагч “ЭУКД” ХХК-д мэдэгдэл хүргүүлээгүй, гэрээнээс татгалзах шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэсэн тул хохирол 62,000,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй.... сөрөг шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтруулан шийдвэрлэх боломжгүй. Учир нь: Сүхбаатар дүүргийн 6-р хороо, 11 Их сургуулийн гудамж 00/0 байранд буюу 3 давхар объектыг худалдах, худалдан авах хэлцлийн талууд бүгд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөд холбогдуулан гаргасан зэрэг нөхцөл байдал байх тул 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө буюу 3 давхар объектод хийсэн засвар үйлчилгээний зардал, хохирлыг шүүх энэ хэргийн хүрээнд дүгнэх боломжгүй....” гэж дүгнэжээ.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 56.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220302001 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “ЭУКД” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ:

...45.38 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд талуудын хэн аль нь гэрээний үүргээ биелүүлсэн байх тул хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэлгүй. ... 56.4 м.кв орон сууцыг талууд хэдэн төгрөгөөр худалдахаар тохиролцсон баримт авагдаагүй, уг орон сууцтай холбоотой талуудын хооронд үүрэг үүсээгүй тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж дүгнэнэ....хариуцагчийн өмчлөлд шилжсэн дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний нийт үнэ 511,140,000 төгрөг байгааг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 500,000,000 төгрөгтэй харьцуулбал дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгийн үнэд төлсөн гэж дүгнэхээр байна. ... нэхэмжлэгч 62,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нотлоогүй, гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй учир хариуцагч уг орон сууцыг байгаа байдлаар нь худалдан авсан, түүнчлэн үндэслэлээ оффисийн засвар гэж тодорхойлсон нь худалдан авсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүйгээс эсхүл дотоод заслыг өөрчлөх, сайжруулахаар засвар хийсний аль нь болох нь тодорхойгүй. ...нэхэмжлэгч Б.Б-аас 16,488,950 төгрөгийг шаардах эрхгүй, ... сөрөг нэхэмжлэлийн бусад 49,061,440 төгрөгт холбогдох шаардлагыг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэйг хариуцагч нотлоогүй...” гэж үзжээ.

12. Хэргийн баримтаас үзэхэд, 2019.07.28-ны өдөр нэхэмжлэгч Б.Б болон Б.Н, Ч.Б нар хариуцагч “ЭУКД” ХХК-д Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 00/0 тоот хаягт байрлах 3 давхар барилга буюу 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 750,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, “Байр худалдах, худалдан авах тухай хэлцлийн тэмдэглэл” гэсэн бичгийн баримт үйлдсэн, “ЭУКД” ХХК нь 750,000,000 төгрөгөөс 500,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-д төлсөн, үлдэгдэл 250,000,000 төгрөгийг төлөөгүй,

Худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөс 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө буюу 1 давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-220302002, Ү-220302003 дугаартай тус бүр 45.38 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 3 тоот хаягтай, улсын бүртгэлийн Ү-220302005 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 тоот хаягтай, улсын бүртгэлийн Ү-220302006 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө тус тус “ЭУКД” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн,  

Харин ... Б.Б-гийн өмчлөлийн 1 тоот хаягтай, улсын бүртгэлийн Ү-220302001 дугаартай, 56.4 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг, ...00 тоот хаягтай, улсын бүртгэлийн Ү-220302007 дугаартай Б.Г, Б.О, С.Х нарын өмчлөлийн, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг тус тус хариуцагч “ЭУКД” ХХК-д шилжүүлээгүй үйл баримт тогтоогдсон.

13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга, дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагчид шилжсэн 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар зохигч маргаагүй, харин нэхэмжлэгч нь бичгээр хийсэн 2019.07.28-ны өдрийн хэлцлийн дагуу хохирол шаардах эрхтэй эсэх, хариуцагчид өмчлөх эрх нь шилжсэн 45.38 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 1 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй эсэх, Б.Б-гийн өмчлөлийн 56.4 м.кв орон сууцны хувьд хариуцагчийн эзэмшил хууль бус эсэх талаар маргасан байна.

14. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ  анхан шатны шүүх зохигчийн хооронд 2019.07.28-ны өдөр хэлцэл хийгдсэн, нэхэмжлэгч 45.38 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн боловч хохирол шаардсан нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Харин давж заалдах шатны шүүх хариуцагчийн хууль бус эзэмшлээс 56.4 м.кв орон сууцыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн эсэх, давж заалдах шатны шүүх нотлох баримт үнэлэх үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг  хангах үндэслэлтэй тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

15. Хохирол буюу олох ёстой орлого 62,000,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар;

15.1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.

15.2. Нэхэмжлэгч 2020.04.28-ны өдрийн “Хэлцэл” болон 2019.07.28-ны өдрийн “Байр худалдах-худалдан авах тухай хэлцлийн тэмдэглэл” гэсэн бичгийн баримтыг хохирол гаргуулах шаардлагын үндэслэлээ болгосон ба эдгээр бичгийн баримт үйлдсэн талаар талууд маргаагүй, 3 давхар барилга нэг бүртгэлээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй, тус тусдаа өмчлөх эрхийн бүртгэлтэй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт тус тус зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 2019 оны хэлцлээр нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 00/0 тоот хаягт байрлах 3 давхар барилгыг 750,000,000 төгрөгөөр хариуцагчид худалдахаар тохиролцсон, хариуцагч 500,000,000 төгрөгийг цувуулан төлсөн, тус 3 давхар барилгад байрлах 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагчид шилжсэн боловч хариуцагч “ЭУКД” ХХК нь дээрх хэлцлээр хүлээсэн үүргээс үлдэх төлбөрийг тохиролцсон хуваарийн дагуу 2019 онд багтаан төлөөгүй байна.

Улмаар талууд 2020.04.28-ны өдрийн хэлцлээр “...00/0 байрны 0 тоот 56.4 м.кв орон сууцыг худалдахаар тохирсны дагуу эдийн засгийн өнөөдрийн байдлыг харгалзан сар бүр 400,000-500,000 төгрөгийг “Худалдаа хөгжлийн банк” ХК дахь Б.Б-гийн дансанд төлөх”-өөр  тохиролцжээ.

15.3. Мөн нэхэмжлэгч Б.Б нь Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 11, Их сургуулийн гудамж 00/0 байр, 0 тоот, 56.4 м.кв 2 өрөө орон сууцны эзэмшлийг хариуцагч “ЭУКД” ХХК-д шилжүүлж өгөхөөс өмнө бусдад сарын 600,000 төгрөгөөр хөлслөж байсан талаар орон сууц хөлслөх гэрээнүүд хэрэгт авагдсан.

15.4. Хариуцагч “ЭУКД” ХХК нь нэхэмжлэгч Б.Б-гийн өмчлөлийн дээрх орон сууцыг эзэмшилдээ авснаас хойш төлбөрийг төлөхгүй удаасантай холбоотой нэхэмжлэгч хохирол буюу олох ёстой орлого гаргуулахаар шаардсан нь үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасанд нийцсэн.

15.5. Хариуцагч тал дээрх хэлцлийн дагуу 500,000,000 төгрөгийг шилжүүлж, 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсний дараа үлдэх 250,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

15.6. Иймд нэхэмжлэгч Б.Б нь 56.4 м.кв орон сууцыг бусдад түрээслүүлж олох байсан орлогыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь үлдэгдэл 250,000,000 төгрөг төлөөгүйтэй холбоотой тул гэрээ байгуулсан 2020.04.28-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021.03.05-ны өдрийг хүртэлх хугацааны (13 сар) хохиролд 7,800,000 /13*600,000/ төгрөгийн хэмжээгээр хангаж, харин үйлчилгээний 1 давхрын 45.38 м.кв талбайг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой олох байсан хохирол шаардсан нь энэ тогтоолын 16-д дүгнэснээр үндэслэлгүй тул хохирол гаргуулах шаардлагаас үлдэх 54,200,000 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

16. Нэхэмжлэгч Б.Б-гийн ... 45.38 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах шаардлагын талаар;

 16.1. “ЭУКД” ХХК, Б.Б нарын хооронд 2020.01.03-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Б.Б нь Сүхбаатар дүүрэг, 6 хороо, 11 Их сургуулийн гудамж, 00/0байр, 1 давхарт, 45.38 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах, ЭУКД” ХХК нь үнэ  136,140,000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна. (1хх-ийн 73-74)

16.2. Хоёр шатны шүүх гэрээний дагуу хариуцагч “ЭУКД” ХХК-д ... 45.38 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжиж Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон, нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар уг хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

17. Нэхэмжлэгч Б.Б-гийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 11, Их сургуулийн гудамж 00/0байр, 1 тоот, 56.4 м.кв 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагын талаар; 

17.1. Талууд Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 11, Их сургуулийн гудамж 00/0байр, 1 тоот, 56.4 м.кв 2 өрөө орон сууцыг хэдэн төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч нь 2019.07.28-ны өдрийн хэлцлийн тэмдэглэлийн дагуу нэхэмжлэгч нь тус орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон гэх тайлбараа нотлоогүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн.

17.2. Хариуцагч “ЭУКД” ХХК 2019.07.28-ны өдрийн хэлцлийн тэмдэглэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 00/0байр хаягт байрлах 3 давхар барилгын 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа өмчлөгч тус бүртэй гэрээ байгуулсан. Харин нэхэмжлэгч Б.Б-гийн өмчлөлийн 56.4 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан гэрээ байгуулагдаагүй талаар талууд маргаж байхад зөвхөн хариуцагч талын тайлбарыг үндэслэн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй.

17.3. Хариуцагч “ЭУКД” ХХК нь талуудын хооронд орон сууцыг худалдахаар тохиролцсон хүсэл зориг хүчин төгөлдөр гэх үндэслэлээ, “... бодит үйлдлээр илэрхийлэгдсэн буюу орон сууцыг хүлээн авсан.” гэж маргасан. Гэвч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан. Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Түүнчлэн; Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр Б.Б бүртгэгдсэн болон хариуцагч уг орон сууцыг эзэмшиж байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон. Иймд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх тул нэхэмжлэгч нь түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн  106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн.

18. Хоёр шатны шатны шүүх хариуцагч “ЭУКД” ХХК-ийн нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан гаргасан орон сууцны доголдол арилгахад гарсан зардал 65,550,390 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээнй болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01035 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/01085 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 106 дугаар зүйлийн 106.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “ЭУКД” ХХК-аас 7,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-долгож, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 00/0 байрны 0 тоот хаягт байх 56.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220302001 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч "ЭУКД" ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж,  нэхэмжлэлээс 54,200,000 төгрөг гаргуулах хэсгийг болон 0 давхарт байх 45.38 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2203020000 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 3 дахь заалтын “70,200” гэснийг “209,950” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Б 2024.06.20-ны өдөр 997,150 төгрөг, хариуцагч “ЭУКД” ХХК 2024.06.21-ний өдөр 70,200 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                                                      ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                                  Н.БАТЧИМЭГ

                                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД