Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1133

 

      2020           9              3                                          2020/ДШМ/1133                              

 

 

     Б.Бд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

хохирогч Р.Э, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/641 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Р.Эын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 2005011980795 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Д овгийн Б-ын Б, 1987 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, АОС-48-1 тоотод оршин суух бүртгэлтэй,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

 

          Б.Б нь согтуугаар 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны орцонд 4 давхарт иргэн Р.Эыг таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар гаран тус газарт хутгалж, түүнд “зүүн шууны зүсэгдсэн шарх, богтосны мэдрэлийн тасрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.         

 

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис, хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Бг 8 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бгийн насанд хүрээгүй хүүхэд болох 2015 оны 2 дугаар сарын 15-нд төрсөн Б.Гүнбилэгт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн засаг даргад үүрэг болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгээс 506,815 төгрөг гаргуулж хохирогч Р.Эт олгож, хохирогч Р.Э нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Хохирогч Р.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх “шүүгдэгч Б.Бд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж буруу дүгнэсэн байна. Гэтэл Б.Б нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор бусдын хэвлий, гуяны хэсэгт хоёр удаа хутгалж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ шийтгүүлсэн байсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр дахь удаагаа үйлдсэн гэдэг нь тогтоогдсоор байтал хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж буруу дүгнэсэн байна. ... Б.Б нь хийсэн гэм буруутай үйлдлийнхээ төлөө надаас уучлалт огт гуйгаагүй байдаг юм. Энэ талаар шүүх хурал дээр олон удаа хэлсэн боловч тоохгүй байсан. Гэтэл түүнд оноосон хэрэгт 3 хүртэл жилийн хорих ялтай байхад прокурор ямар үндэслэлээр хөнгөрүүлж 1 жил 2 сарын хорих ялын санал гаргаж, шүүх ямар үндэслэлээр хөнгөрүүлж 8 сарын хорих ял оноосон нь ойлгомжгүй байна. Түүнчлэн миний бие зүүн шууны мэдрэл залгуулах мэс засалд орж сар гаруй хугацаанд олон удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Мөрдөн байцаалтын үед зарцуулсан зардлын баримтуудаа мөрдөгчид өгч тооцон үзэхэд 1,200,000 төгрөгийн баримт байсан болно. Уг баримтуудыг мөрдөгчид өгөхдөө өөртөө хуулбарлан авч үлдээсэн. Гэтэл шүүхээс 787,865 төгрөгийн баримт хэрэгт авагдсан гэж алдаатай дүгнэсэн байна. Шүүхээс давхардсан гэх 25,000 төгрөгийн баримтыг хэрхэн давхардаж байгаа талаар надад үзүүлээгүй, хоол хүнс авсан гэх 18,867 төгрөгийн баримтыг хохиролд тооцохгүй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх үедээ эргэлт байхгүй үед өөрөө хоол ундаа хамгийн хямдаар авч зохицуулдаг байсан юм. Түүнчлэн ажилгүй байсан хугацааны цалин 1,145,486 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Би Б.Бгээс нийт 3,294,436 төгрөг нэхэмжилснээс 1,200,000 төгрөг төлсөн бөгөөд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний зардал болох 948,950 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1.145.486 төгрөг, нийт төлөгдөөгүй 2,094,436 төгрөгийн хохирлоос шүүх 506,815 төгрөгийн хохирлыг олгуулж шийдвэрлэж байгааг зөвшөөрөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Р.Эын өмгөөлөгч Д.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх  Б.Бг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж буруу дүгнэлт хийсэн байна. Өмнө нь Б.Бг хүн хутгалж байсан. Энэ нь Эрүүгийн хуульд зааснаар нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 удаа үйлдсэн гэдэг нь нотлогдож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байхад буруу дүгнэлт хийсэн. Энэ үйлдэлдээ гэмшилгүйгээр БНХАУ-аас хутга захиалан авч ирж биедээ байнга авч явдаг байсан. Б.Б гэм буруугийн үйлдэлдээ уучлалт гуйгаагүй. Түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж 8 сар хорих ял оногдуулсан нь ойлгомжгүй. Хохирлыг буруу тооцоолсон 1.210.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан. Шүүх хуралдаанд 980.000 төгрөгийн баримтыг авч ирж өгсөн. Гэтэл шүүх 787.865 төгрөгийн баримт байна гэж буруу тооцоолсон. Давхардсан гэх 25.000 төгрөгийн баримт үнэхээр давхардсан байсан. Хоол хүнсний баримт 18.867 төгрөгийн баримтыг тооцолгүй орхигдуулсан. Эд мөрийн баримтаар хураагдсан срочкон цамц болон, курткыг үнэлж тооцоолоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Анхан шатны шүүх хохирлыг асуудлыг маш нарийн тооцож 506.815 төгрөгийг гаргуулахаар заасан. Шүүгдэгч хоригдож байгаа учир ар гэрийнхэн нь хохиолыг төлнө гэхэд хохирогч өөр мөнгөн дүн нэхэмжилсэн. Иймд Хаан банкны дансыг олж шүүхээс тогтоосон хохирлыг шилжүүлсэн баримтыг шүүхэд шинээр гарган өгч байна. Хохирогч цалин нэхэмжилсэн үүнийг анхан шатны шүүх баримт хангалтгүй гэж үзэж 506.815 төгрөг гаргуулахаар шийдсэн. Хохирогч хувцасаа нэхэмжилсэн зүйл хавтас хэрэгт байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Р.Эаас чин сэтгэлийн уучлалт хүсэж байна. Би өөрийн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймд ялыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Б нь согтуугаар 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны орцонд 4 давхарт иргэн Р.Эыг таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар гаран тус газарт хутгалж, түүнд “зүүн шууны зүсэгдсэн шарх, богтосны мэдрэлийн тасрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Р.Эын “... би Бд хандаж “Эрдэнэчимэгийн найз нь байна, та нарыг явуулах гэж ирлээ” гэж хэлтэл Б бага зэрэг хойшоо зай аваад өмсөж явсан өмднийхөө баруун талын халааснаас эвхэгддэг хутга гаргаж ирээд тэр дороо хутгаа дэлгээд хутгатай гараараа миний зүрхэн тус газар руу чиглүүлээд хутгалах гэж байхад нь амжиж би болон Одбаяр, Бтэй хамт явсан залуу бид гурав хутгатай гарнаас нь барьж аваад хутгыг нь доошлуулсан. ...хутга гаргаж ирж 2 дахь үйлдлээрээ миний зүүн гарын шууны ар хэсэгт тухайн гартаа барьсан хутгаараа зоогоод зоосон чигээрээ дээш нь татсан. Миний зүүн гарын шууны ар хэсэгт 11 см орчим гүн зүсэгдсэн. Үүний улмаас зүүн гарын тохойн шөрмөс болон 4, 5 дугаар хуруунуудын судас тасарсан. ...” /хх 34-36/,

 

гэрч Э.Эрдэнэчимэгийн “...Тэгсэн чинь Э “чи энэ хүмүүсийг хойноо харж хандах хүнгүй гэж бодоод байна уу, дээрэлхээд байна уу” гэсэн чинь нөгөө залуу урдаас нь дайраад байхаар нь Э мөргөх шиг болсон. Тэгсэн Б хутга гаргаж ирээд шууд дайрсан. Хамт байсан залуу нь хажуунаас нь гарыг нь бариад болиулах гэж байгаад гараа зүсүүлсэн. ... Б хутга гаргаж ирээд Эын цээж рүү дүрэх гэж байсныг харсан. Эын гарыг зүсэхийг хараагүй” /хх 45-46/,

 

гэрч Ц.Одбаярын “... Тэгсэн Э салаавч өгсөн залууг түлхсэн чинь нөгөө залуу өөдөөс нь түлхээд тэгээд халааснаасаа хутга гаргаад ирсэн. Тэгсэн Э гарыг нь бариад авсан. Бас хамт явсан нөгөө залуу нь гарыг нь бариад авсан. Тэгсэн Э “чи яаж байгаа юм бэ, миний гарыг зүсчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Эыг барьж байгаарай” гээд доошоо гүйж гараад цагдаа руу дуудлага өгсөн” /хх 47-48/,

 

шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн “... Эт “гарыг чинь зүслээ шүү” гэхэд “чаддаг юм бол зүс” гэж надад хэлэхээр нь би зүүн гарынхаа бугуйн дээр нь байрлуулсан байсан хутгаараа бугуйг нь зүссэн. Намайг түүний гарыг зүссэний дараа надтай хамт явж байсан Мөндөө миний хутгатай гарыг бариад намайг Эаас салгасан. ...” /хх 134-135/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 622 дугаартай “Р.Эын биед зүүн шууны зүсэгдсэн шарх, богтосны мэдрэлийн тасрал гэмтэл тогтоогдож, уг гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” /хх 65-69/, 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2258 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн хөх ягаан хүрэмний зүүн энгэрт зүсэгдэлт, хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хар саарал цамц, хөх ягаан хүрмэнд зүсэгдэлт хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинээр гарсан байна. Уг зүсэлтүүд нь ир, мөртэй байгаа нь ир, мөртэй хутгаар гарсан байж болно.” /хх 75-76/, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2255 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн 10 см хар өнгийн хуванцар иштэй 18 см урттай эвхдэг хутган дээр АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.” /хх 85-86/ гэсэн дүгнэлтүүд, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 19-20/, хохирогчийн өвчний түүх /хх 105-126/, хохирлын баримтууд /хх 23-28, 190/ зэрэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Хохирогч Р.Э “...Бгээс нийт 3,294,436 төгрөг нэхэмжилснээс 1,200,000 төгрөг төлсөн бөгөөд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний зардал болох 948,950 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1,145,486 төгрөг буюу нийт төлөгдөөгүй 2,094,436 төгрөгийн хохирлоос анхан шатны шүүх 506,815 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус, алдаатай шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт цугларсан хохирлын талаарх баримтуудыг нэг бүрчлэн шүүж үзэхэд нотлох баримтын шаардлага хангасан нийт 1,796,240 төгрөгийн зарлагын баримт хэрэгт авагдсан бөгөөд үүнээс давхардаж авагдсан 25,000 төгрөгийн нэг ширхэг баримт, хоол, хүнсний 18,867 төгрөгийн зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй байх тул хасч, хохирлыг 1,752,373 төгрөгөөр тооцох  үндэслэлтэй байх бөгөөд үүнээс шүүгдэгчийн анхан шатны шүүх хуралдаанаас өмнө төлсөн 1,200,000 төгрөгийг хасаж, гаргавал зохих хохирлыг тооцон үзвэл 552,373 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргаж хохирогчид олгох байжээ.

 

Хавтас хэргийн 26 дугаар хуудсанд авагдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2577 дугаартай баримтад нийт төлөх дүн 487,500 төгрөг боловч үүнээс эрүүл мэндийн даатгалын сангаас 414,390 төгрөгийг, харин үлдсэн 73,110 төгрөгийг хохирогч төлөхөөр тусгасан баримт авагдсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч Ренчиндаваа овогтой Эын Хаан банкны 5720789634 дугаарын дансанд 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 507,000 төгрөгийг шилжүүлсэн нь шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуягийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан баримтаар нотлогдож байх зохих хохирол болох 552373 төгрөгнөөс 507,000 төгрөгийг хасаж, хохирогч Р.Эт үлдэгдэл төлбөр болох 45,373 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын тухайд, хохирогч Р.Э нь “Эрхэм уянга” ХХК-д ерөнхий захирлаар ажиллаж сарын 1,800,000 төгрөгийн орлоготой гэх цалингийн тодорхойлолтоос /хх 192/ өөр баримт хэрэгт авагдаагүй, тодруулбал хохирогчийн гэмтэл авах үеийн хөдөлмөрийн орлого хэд байсан, олсон орлогоосоо татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх, улмаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлстэй тэнцэх олговор хэдэн төгрөг болох талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн хохирогч Р.Эын “...шүүгдэгч нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлснийг анхаараагүй, оногдуулсан ял шийтгэл хөнгөгдсөн ...” гэх үндэслэлээр бичсэн давж заалдах гомдлын хувьд, шүүгдэгч Б.Б нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 684 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ба уг ялаа эдэлж дууссан болох нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19/430 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор /хх-154/ нотлогдсон байх бөгөөд урьд ял шийтгүүлсэн байдал нь түүнийг энэ шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход шууд харгалзан үзэх нөхцөл байдалд хамаарахгүй хэдий ч анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл  байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлээс хамгийн хүнд ял болох хорих ялыг сонгож, хорих ялын доод хэмжээнээс дээш 8 сарын хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Р.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/641 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...шүүгдэгч Б.Бгээс 506,815 төгрөгийг гаргуулж ...” гэснийг “...шүүгдэгч Б.Бгээс 45,373 төгрөгийг гаргуулж ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Р.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ