Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 27

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

      Улсын яллагч                                                     А.Энхтуяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Д.Даваасүрэн

      Нарийн бичгийн даргаар                       Б.Урангоо нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хулд овогт Лувсандагвын Мөнхзулд холбогдох 201718000025  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1976 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Хулд овогт Лувсандагвын Мөнхзул /РД: ИЦ-76120871/,

          

Шүүгдэгч Л.Мөнхзул нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар, 3 дугаар хэсэг, 188а тоотод оршин суух иргэн Д.Төгсбаярын гэрт хууль бусаар нэвтрэн орж “HASEE” маркийн зөөврийн компьютер хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Л.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01 дүгээр сарын  29-нд  сэжигтнээр  өгсөн:      ...2017 оны 01 дүгээр сарын 17-нд би Баруун бүрэн сумаас вагоноор ирсэн. Сүхбаатар суманд өглөө 06 цагт ирсэн. Вокзал дээр ирээд тэндээ сандал дээр унтаад өдөр нь Халамжийн төв орчихоод дэвтрээ сунгуулах гээд цайны цагийн өмнө замд явж байгаад би нэрийг нь мэдэхгүй залуутай тааралдсан. Тэр залуу намайг таньсан. Би халамжийн төвөөс хойшоо өгсөөд тамхины мөнгө байхгүй, группын мөнгө буух болоогүй мөнгө хэрэгтэй болохоор нь хулгай хийе гэж бодсон. Би

Би тэр айлыг эзэнгүй байсан гэдгийг мэдсэн. Байшин нь гадаа талдаа цоожтой байхаар нь гаднах хашааны хаалгаар нь хүн орох зай гаргаад уг хашаа руу ороод үүдний доор байсан урт нарийнхан төмрөөр гаднах цоожийг нь хөшөөд эвдэж ороод том өрөөнд нь ороод цэнэглэж байсан зөөврийн комьпютер байхаар нь аваад гараад явсан. Би торонд хийгээд байрны дунд байдаг гар утасны засвар луу ороод “комьютер авах уу” гэж асуусан чинь нэг эрэгтэй өндөр залуу “цэнэглээд үзье асах юм бол авъя асахгүй бол авахгүй” гэхээр нь би “яараад байна” гэж хэлээд эргээд гараад явсан. Гарч яваад “Монгол зоог” хоолны газарт бүдүүн махлаг залуу байхаар нь “та компьютер авах уу” гэсэн чинь тэр залуу “энэ эвдэрхий юм бишүү, хулгайн юм биш биз дээ” гэж асуусан. Би “зүгээр ээ, цэнэг байхгүй, асна” гэж хэлээд 40,000 төгрөгөөр өгөөд би вокзал ороод вагонд суугаад Дархан-Уул аймаг орсон. Баруунбүрэн явах замын зардалгүй тамхи хоолны мөнгөгүй болохоор нь, халамжийн мөнгө буухгүй болохоор нь эзэнгүй айл байвал мөнгөтэй больё гэж бодсон .Би мөнгийг хараад мэднэ. Би өнгөөр нь ялгадаг. Би өөрийнхөө хийж байсан үйлдлийг мэдэж байсан. Мөнгөний хэрэг гараад айлаас зарах юм авчихсан. Би хулгай хийхдээ ганцаараа явж байсан. Надтай өөр хүн байгаагүй. Би өмнө нь Сүхбаатар сумын эмнэлэгт ирж группээ сунгуулдаг. Би сардаа нэг удаа орж ирдэг. Шаардлагатай гэх юм бол эмч хэвтүүлдэг. ...гэх мэдүүлэг /хх-ийн 54,55-р ху/,

 2. Шүүгдэгч Л.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01-р сарын 31-нд  яллагдагчаар өгсөн:  ...Хулгай хийхэд өөр арга байгаагүй. Унаа хоолны мөнгө байхгүй болохоор аймаг руу орсон. Цоож эвдэж орсон төмрөө гэрт нь үлдээсэн. Төмрөө цоожны голоор хийгээд доош нь дарахад төмөр цоож онгойсон. Гэдэс өлсөөд, тамхины мөнгө, замын зардалгүй байсан болохоор хулгай хийсэн. Дахин гэмт хэрэг хийхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 58-р ху/,

3.Шүүгдэгч Л.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 02-р сарын 07-нд  яллагдагчаар өгсөн: ...Хулгай хийхдээ ганцаараа хулгай хийсэн. Замын зардал хоолны мөнгөгүй болоод авчихсан. Гадаа цас ороогүй байсан. Бүрэнхий болсон байсан. Тэгээд зардлын мөнгөгүй болсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 59-р ху/,

4. Шүүгдэгч Л.Мөнхзул шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд группын мөнгөө сунгуулах гэж ирээд халамжийн мөнгө буухгүй болохоор нь хороололд байдаг айлаас зөөврийн комьютерийг хулгайлсан. Гэдэс өлсөөд, гэр рүүгээ харих мөнгөгүй болсон учраас хулгай хийсэн. Бие өвдөөд байна. Эмнэлэгт хэвтмээр байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Би ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж маань одоо ганцаараа байдаг. Ээждээ л очмоор байна. Би одоо ээж дээрээ очоод, ээжийнхээ хажуунаас холдохгүй. Дахин имй хэрэг үйлдэхгүй.... гэх мэдүүлэг,

5.Хохирогч Д.Төгсбаярын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01-р сарын 26-ны  өдөр өгсөн:  ...Би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед бага хүүхэд Хүслэнг сургуульд нь хүргэж өгөх гэж гэрээс гарч явсан. Гарахдаа хаалга үүдээ түгжээд гадна хашааны хаалга хаагаад явсан. Өдөр цайны цагаар 13 цагийн үед хүүхдээ сургуулиас нь аваад гэртээ ирсэн чинь гадаа хашааны хаалга онгорхой явган хүн орж гарах зай гарсан байхаар нь би хүн орж гарсан юм болов уу гэж бодоод хашааны хаалгаа бүрэн онгойлгоод машинаа хашаанд оруулаад машинаас буугаад харсан чинь гэрийн гадна талд байсан цоож байхгүй байсан. Тэгэхээр нь би хотоос охин ирсэн юм байх гэж бодоод гэр лүү яваад орсон чинь том өрөөний орон дээр гэрийн гадна цоож, хажууд нь эрчлээстэй төмөр байхаар нь хулгай орчихлоо гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай гэрээс зөөврийн компьютер алдагдсан байсан. “HASEE” гэсэн бичиглэлтэй хар саарал өнгийн комьютер байсан юм. Өөр гэрээс ямар нэгэн эд зүйл алдагдаагүй. Тухайн зөөврийн комьютерыг би БСБ-н худалдаагаар 860.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гэрт л байнга байж байдаг, хүүхдүүд ном тоглоом гэж хэрэглэдэг. Надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй байна.   ...гэх мэдүүлэг, / хх-ийн 14-р ху/,

6.Иргэний нэхэмжлэгч Э.Төрбатын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01-р сарын 30-ны өдөр өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үдээс хойш “Монгол Зоог” зоогийн газартаа байхад нэг нөүтбүүк барьчихсан дунд насны эрэгтэй хүн орж ирээд “нөүтбүүк зарах гэсэн юм, би худалдаж авсан юм, группын мөнгө авах гээд ирсэн чинь буух болоогүй, унааны зардалгүй болчихлоо 40,000 төгрөгөнд авчихаач” гэсэн. Би “наад компьютер чинь хулгайн юм биш биз дээ” гэхэд “үгүй миний компьютер би өөрийнхөө юмыг зарах гэж байна” гэж хэлээд байхаар нь худалдаж авсан. Нөүтбүүк барьсан хүн ганцаараа явж байсан. Туранхай хар бараан царайтай, хар куртка, түрийтэй хар өнгийн гуталтай явж байсан. Би тухайн хүнийг өмнө нь харж байгаагүй, анх удаа л харсан. Надад гаргах санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би 40,000 төгрөгийг хохирогч Д.Төгсбаяраас барагдуулан авсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,

7.Гэрч Ц.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн:  ...Л.Мөнхзул гэдэг хүнийг мэднэ. Надад үзүүлдэг өвчтөн байгаа юм. Л.Мөнхзул Оюун ухааны хөнгөн хомсдол, уналтын оношоор манай сэтгэцийн кабинетэд хянагдаад байдаг. Л.Мөнхзулын энэ өвчин төрөлхийн өвчин. Сэтгэцийн кабинетэд улиралдаа нэг удаа ирж үзүүлдэг. Л.Мөнхзул өөрийгөө удирдан жолоодон авч явж чадах боловч яг үйлдлээ бүрэн ухамсарлаж чадахгүй. Хөнгөн хомсдол нь 9-12 настай хүүхдийн оюун чадалтай гэсэн үг. Өөрийгөө буруу зүйл хийсэн байгааг ойлгон ухамсарлах чадвартай. Хүнтэй харьцах чадвар тааруу. Өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй. Бичиг үсэг мэдэхгүй. Ямар нэгэн өвчтөний түүх байхгүй. Хэвтэн эмчлүүлж байгаагүй учир. Шаардлагатай хүнд үед хэвтэн эмчлүүлэх ёстой. ...гэх мэдүүлэг, /хх 20-р ху/,

8.Гэрч Г.Тамирын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед “Тамир” гар утас засвар дээр байхад гаднаас зөөврийн компьютер торон дотор хийчихсэн дунд насны хар бараан өнгийн куртиктэй, хар түрийтэй гуталтай эрэгтэй хүн орж ирээд “нөүтбүүк танайх авдаг уу” гэж асуусан. Тухайн нөүтбүүкийг би залгаж цэнэглэж асааж үзсэн. Бас нөүтбүүкийг зургийг гар утсан дээрээ дарсан. Тэгээд тэр хүн “яараад байна” гэж хэлээд гараад явсан. Би “энэ хэний компьютер юм” гэж асуухад харахад хуучин харагдахаар нь хүний нөүтбүүк байх гэж бодсон. “Миний нөүтбүүк” гэж хэлсэн.  “Hasee” гэсэн бичиглэлтэй саарал өнгийн жаахан хуучин нөүтбүүк байсан. Хэдэн төгрөгөөр зарах талаар хэлээгүй. Хар бараан царайтай, дунд зэргийн настай хүн байсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 22-р ху/,        

         9.Шинжээч Д.Одбаярын 2017 оны 02-р сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...Би 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоолын дагуу гутлын мөрний харьцуулах шинжилгээ хийсэн. Шинжлэгдэж байгаа гутлын мөр нь хэргийн газрын үзлэгээр ирүүлсэн хоёр ширхэг гутлын мөр байсан. Гутлын улны нийт урт нь 243 мм байсан. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын ул нь 298 мм байсан. Ийм учраас харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын мөртэй таарч, тохирохгүй байсан. Шинжилэгдэж байгаа гутлын мөрний өлмий, өсгий хэсэгт ямар нэгэн хээ байхгүй байсан ба харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын ул нь хээтэй байсан учраас хоорондоо тохирохгүй шинж тэмдэгтэй байсан. Тийм учраас шинжилгээ хийж хоорондоо тохирохгүй гэж дүгнэлт гарсан. Гутлын мөрнүүд нь ямар ч насны хүмүүсийн гутлын мөр байх боломжтой, яг тодорхойлох боломжгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх 23-р ху/,

           10. Шүүх сэтгэц гэм судлалын эмчийн №08/17 тоот магадлагааны  дүгнэлт хэсэгт:

1.Л.Мөнхзул нь ОУ-ыйн 10-р ангилалын 5-р бүлгийн F70.1 код бүхий сэтгэцийн оюуны хөнгөн хомсдол өвчтэй боловч гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан болно.

2. Л.Мөнхзул нь сэтгэцийн хувьд удамшлын өвчтэйг тодорхойлох боломжгүй.

3. Л.Мөнхзул нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно.

4. Л.Мөнхзул нь сэтгэцийн өвчтэй боловч албадан эмчилгээ хийх шаардлагагүй. гэх дүгнэлт /хх-ийн 30-р ху/,

11.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №13 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гутлын мөр нь гутлын улны хээний ерөнхий шинж тэмдгийг тогтооход шинжилгээний шаардага хангаж байна.

Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн 1 хос гутлын ул нь харьцуулах шинжилгээний шаардлагыг хангаж байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Л.Мөнхзулаас түр хураан авсан гутлын улны хээтэй хоорондоо ерөнхий шинж тэмдгээрээ тохирохгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 37-р ху/,

 

Шүүгдэгч Л.Мөнхзулын  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 81-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол, /хх 51-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 52-55-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 56-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 57-58-р ху/, яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл, /хх 59-р ху/, хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 3,4-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 5-р ху/, эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хх 8-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 3-р ху/,  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, / хх 10-р ху/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах  тогтоол, /хх 11-р ху/, хураагдсан эд мөрийн баримтын гэрэл зураг, /хх 12-р ху/, Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 26-р ху/, эд хөрөнгийн үнэлгээ танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 27-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх 77-р ху/,  зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Л.Мөнхзул нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар, 3 дугаар хэсэг, 188а тоотод оршин суух иргэн Д.Төгсбаярын гэрт хууль бусаар нэвтрэн орж “HASEE” маркийн зөөврийн компьютер хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг нь, мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хууль сануулагдан асуугдсан гэрчүүдийн мэдүүлгүүдтэй тохирч, эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах  тогтоол, хураагдсан эд мөрийн баримтын гэрэл зураг, үнэлгээ тогтоосон баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул  шүүгдэгч Л.Мөнхзулыг  гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Л.Мөнхзулд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч  нь  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн биеийнх нь эрүүл мэндийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь  зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч  Л.Мөнхзул нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 53 хоногтой, бусдад төлөх төлбөргүй, хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар эрчлээстэй төмөр хураагдан  ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246-р зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 293-р зүйлийн 293.2, 294, 295, 296,  297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага   болгон  ТОГТООХ  нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Хулд овогт Лувсандагвын Мөнхзулыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “...орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Л.Мөнхзулын эд хөрөнгийг хураахгүйгээр  2 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мөнхзулд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Мөнхзул нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдсугай

5. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1-д зааснаар  шүүгдэгч Л.Мөнхзулын цагдан хоригдсон 53 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.3-д зааснаар  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрчлээстэй төмрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мөнхзулд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.      

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Мөнхзулд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг шүүгдэгч Л.Мөнхзулд сануулсугай..    

10.Шүүгдэгч Л.Мөнхзулд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн  Л.Чулуун, Д.Магнайбаяр нарын батлан даалтанд өгсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад  даалгасугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН