Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2019/0325

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, Л.Г нэхэмжлэлтэй Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 10 сарын 16-ны өдрийн Б/269 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 10 сарын 16-ны өдрийн Б/269 дугаар тушаалаар Төрийн Аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.5, 13.4.7, 14 дүгээр зүйлийг 14.1, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 24 дүгээр зүйлийн 24.1.3, 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэг болон холбогдох тогтоол, журмыг үндэслэн миний биеийг Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудиторын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс тус газрын ахлах аудиторын албан тушаалд томилсон.

Уг тушаалыг үл зөвшөөрч Монгол Улсын төрийн албаны зөвлөлд хандсан боловч тус зөвлөлөөс 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 1287 тоот албан бичгээр "... таны өргөдлийг төрийн албаны зөвлөл маргаан үүсгэн хянан шалгах эрх зүйн зохицуулалтгүй байна, уг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахыг зөвлөе... гэсэн хариуг илгээсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар миний бие нь Төрийн албаны зөвлөлөөс ирсэн өргөдлийн хариуг 2018 оны 12 сарын 07-ны өдөр гардан авсан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг хязгаарласан, миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тушаал гэж үзэхээр байна. Түүгээр ч ул барам 2016 оны Улсын их хурал болон орон нутгийн сонгуулийн дараа намайг Ховд аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудиторын албан тушаалаас сайн дураараа чөлөөлөгдөхийг орон нутгийн удирдлага болон Үндэсний Аудитын газраас удаа дараа шахаж шаардсан боловч миний бие нь Төрийн аудитын тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартад заасан чиг үүргээ биелүүлж, сахилгын болон мэргэжлийн ямар нэгэн хариуцлага хүлээж байгаагүйн дээр 2017 оны 10 сарын 11-ний өдөр биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хөнгөвчилж өгнө үү гэсэн хүсэлтийг Үндэсний Аудитын газарт гаргаж байсан бөгөөд энэхүү өргөдлийн агуулга нь үүрэгт ажлаасаа / тушаалд дурдагдсанаар/ сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлт гэж үзэх боломжгүй юм.

Үндэсний Аудитын газарт 2017 оны 10 сарын 11-ний өдөр гаргасан миний хүсэлтэд тус газраас бичгээр болон амаар ямар ч хариу өгөөгүй бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хариу өгөх атал өгөлгүй ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргаж байгаа нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Х-ын 2018 оны 10 сарын 16-ны өдрийн Б/269 дугаар тушаалын үндэслэл болсон Төрийн Аудитын тухай хуулийн дээрх зохицуулалт нь Монгол Улсын Ерөнхий Аудитор бүрэн эрхийнхээ дагуу шийдвэр, тушаал гаргах, томилох, чөлөөлөх эрхийг дурдсан зохицуулалт бөгөөд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах зохицуулалт нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тушаалын бодит байдалтай нийцээгүй бөгөөд гагцхүү Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасан өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэл нь 2017 оны 10 сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гэж ойлгон тушаал гаргасанд гомдолтой байна.

2017 оны 10 сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтийн талаар дээр дурдсан бөгөөд энэхүү баримтыг Үндэсний Аудитын газрын бичиг хэргээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын хэмжээнд цуглуулах боломжтой юм.

Миний бие нь Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзлыг хангасан, Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ чин үнэнчээр биелүүлж байсан бөгөөд Төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдаагүй, хууль бусаар үүрэгт ажлаас чөлөөлсөн, ямар үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй, Захиргааны Ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зэрэг тусгай зарчмыг баримтлаагүй тушаал гаргасан гэж үзэхээр байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/269 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг Ховд аймаг дахь Төрийн аудитын Газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Ц.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 86 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудиторыг Төрийн аудитын тухай хуулийн дагуу албан тушаалаас нь түр түдгэлзүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/270 дугаар Эрх, үүрэг шилжүүлэх тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар төрийн албан хаагчдыг томилох, чөлөөлөх эрх, үүргийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Б-д олгосон тул хариуцагчийн талаар маргаангүй болно.

Нэхэмжлэгч Л.Г нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/269 дугаар Л.Г албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай тушаалыг үл хүлээн зөвшөөрсөн үндэслэлдээ Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх аятай нөхцөлөөр хангуулах, Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг хязгаарласан, түүний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэнд дараах тайлбаруудыг өгч байна. Үүнд:

Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудитороор ажиллаж байсан Л.Г нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторт хандаж эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хөнгөвчлөх хүсэлтэйгээ дурдаж, улмаар ажлын ачааллыг хөнгөвчлөн аудитын системд зохих ажилд томилуулах өргөдлийг гарын үсэг зурж баталгаажуулан гаргасан байдаг. Монгол Улсын Ерөнхий аудитор Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/33 дугаар Үндэсний аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал гаргаж, тус тушаалаар нэхэмжлэгч Л.Г өргөдөлд дурдсан эрүүл мэндийн шалтгаантай ажилчдад ажил хөнгөвчлөх үүднээс ажиллуулахаар орон тоог батлаагүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасан ажлаа чөлөөтэй сонгох эрхийг нь хүндэтгэн үзэж өөрийн гаргасан хүсэлтийн дагуу ажлын ачааллыг бодолцон аудитын системд тохирох ажил болох ахлах аудиторын албан тушаалд томилсон байдаг.

Үндэсний аудитын газрын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлаар Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцэхэд тухайн үеийн тус аймаг дахь төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Л.Г*******, аудитын менежер А.Ц******* нар нь оролцож, тус хуралдаанаар Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчилд дарга, тэргүүлэх аудитор Л .Г*******ад хариуцлага тооцуулах талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг. Мөн тус хурлын үеэр нэхэмжлэгч Л.Г нь зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, сахилгын арга хэмжээ авахад татгалзах зүйлгүйгээ дурдсан бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хөнгөвчлөх үүднээс өөр ажил албан тушаалд шилжүүлэх талаарх хүсэлтээ өгсөн мөн энэхүү хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторыг шийдвэрлэж өгөх талаар мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч Л.Г2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөр ажил албан тушаалд томилогдох хүсэлтийг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр сонсох ажиллагаа явуулах болсныг мэдэгдэж, тус өдөр Үндэсний аудитын газрын Тамгын газрын дарга Ц.Г*******, Хууль, эрх зүйн хэлтсийн хуульч, шинжээч Б.А*******, нэхэмжлэгч Л.Г нар оролцсон. Улмаар сонсох ажиллагааны үеэр өөрийн авч байгаа цалин хөлсийг буруулахгүй байх, хуулийн дагуу орон сууцны дэмжлэг үзүүлэх талаар 2 хүсэлт тавьсан. Төрийн албанд ажилласан байдлыг нь харгалзан үзэж Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны Б/269 дугаартай Л.Г албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай тушаалын 4-т цалин хөлсийг урьд авч байснаар тогтоосон байдаг.

Мөн нэхэмжлэлд дурдагдсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэг болон 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэсэн нь Монгол Улсын Ерөнхий аудитор нь тушаалын үндэслэл болгох хэсэгт Төрийн аудитын тухай хуулиар олгосон бүрэн эрх болон, сул байгаа орон тоон дээр томилогдох тул Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон бөгөөд мөн Үндэсний аудитын газрын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн удирдлагын зөвлөлийн хурлын өмнө тухайн өдөр өгсөн хүсэлт, удирдлагын зөвлөлийн хурлын үеэр дараагийн дарга, тэргүүлэх аудиторыг томилох хүртэл өмнөх ажлаа хийж байх гэсэн Ерөнхий аудиторын саналыг зөвшөөрсөн талаарх тэмдэглэл мөн ажил албан тушаалаас чөлөөлж, ажил албан тушаалд томилох болсон талаарх сонсох ажиллагааны тэмдэглэл зэргийг үндэслэл болгон тушаал гаргасан байдаг.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны Б/269 дугаар тушаал нь албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилсон тушаал бөгөөд нэхэмжлэгч Л.Гэрх чөлөөг хязгаарласан, хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд тус нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтийг харгалзан үзэж тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн дарга бөгөөд Тэргүүлэх аудиторын албан тушаалаас чөлөөлсөн юм.

Төрийн аудитын байгууллага бол Монгол Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнаж, Төрийн аудитыг бие даан хэрэгжүүлдэг төрийн хяналтын тусгай алба бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан ажил хөнгөвчлөх буюу хөнгөн ажил, албан тушаал гэсэн ойлголт Төрийн аудитын тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заагдаагүйн дээр тус нэхэмжлэгчийн өөрийн гаргасан зөрчилд хариуцлага тооцолгүй хууль эрх зүйн хүрээнд хүсэлтийг нь хангах бүхий л арга хэмжээг авч, цалин хөлсийг бууруулалгүй Ахлах аудиторын албан тушаалд томилсон тушаал гаргасан байдаг.

Гэтэл дээрх байдлаар Төрийн жинхэнэ албан хаагчийн өөрийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсний дараа хууль бусаар үүрэгт ажлаас чөлөөлсөн, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдаагүй, ямар үндэслэлээр чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуульд үндэслэх зэрэг тусгай зарчмыг баримтлаагүй тушаал гэж үзсэн нь огт үндэслэлгүй юм гэв.

Гуравдагч этгээд Х.Б нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Хуягийн Болдбаатар би 2018 оны 10 сарын 16-ны өдрөөс Монголын Ерөнхий аудиторын 2018 оны Б/270 дугаар тушаалаар Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудитороор томилогдон ажиллаж байна.

Л.Г ахлах аудитороор ажиллуулах тушаал гарч аудитын ахлах аудитороор томилогдсон. Ажил хүлээлцсэнээс хэд хоногийн дараа Миний биеэр эдлээгүй амралтын 13 хоног дутуу байгаа, биеэ эмчид үзүүлнэ, бас бус ажил байгаа. Би Үндэсний аудитын газрын удирдлагуудтай ярьчихсан гээд Улаанбаатар хот руу яваад 11 дүгээр сарын 27-ны өдөр ирсэн. Энэ хугацааны цалин бүтэн олгогдсон. Ирснээсээ хойш ажилдаа өдөрт нэг удаа ирж яваад байсан учир нэг өдөр өрөөндөө уулзаж сууж ажлаа хийхийг зөвлөсөн. Аймгаас явсан бүрэлдэхүүнд орж, Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хот руу явж ирээд 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажил дээр ирээд ажилдаа орох болоогүй, эмнэлгийн хуудастай байгаа гээд явсан. Харин 03 сарын сүүлчээр 02 сарыг дуустал эмчлүүлсэн эмчилгээний хуудас ирүүлсэн байсныг энэ хугацаанд та гадаадад явсан. Эмчилгээ хийлгээгүй. Энэ хуудас хүчин төгөлдөр бус гэсэн хариу өгөхөд ...гачигдал их гараад байна гэж гомдол гаргахаар нь зөвшөөрч лист бодогдсон, 3 сард мөн эмнэлгийн хуудсаар лист бодогдож 04 дүгээр сарын 03-ны өдрөөс ажилдаа орсон.

Ажилдаа орсны дараа аймгийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитад орлогын төлөвлөгөө ба гүйцэтгэлд судалгаа гаргаж дүгнэлт хийх нэг даалгаврыг аймгийн Засаг дарга хийж байсан хүний хувьд сайн хийх байх гэж өгсөн ч үүрэг даалгаврыг огт биелүүлээгүй болно. Иймд нэгэнт цаашид хамт олны бүтээлч эв нэгдэл байдал, удирдлагын жигд шаардлагын хэрэгжилтийг хангах талаас дэмжин ажиллахыг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Х.Болдбаатар би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 10 сарын 16-ны өдрийн Б/269 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий Л.Г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа ирээгүй боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааныг үргэлжлүүлж, маргааныг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийг шүүгч шүүх хуралдаанд уншиж сонсгон хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Л.Г нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй, нэхэмжлэгчийн маргаж буй Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудиторын албан тушаалд шинээр томилогдсон Х.Болдбаатарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд оролцохгүй болохоо шүүхэд бичгээр мэдэгдэж , зохих тайлбараа шүүхэд гаргасан.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Л.Г албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/269 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн өөрийнх гаргасан хүсэлтийг үндэслэн Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудиторын албан тушаалаас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлаас чөлөөлөгдөх 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тушаал гаргаж байгаа нь хууль бус гэж маргасан. Хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/269 дүгээр тушаалаар Л.Г ажлаас чөлөөлөхдөө тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн[1] 24 дүгээр зүйлийн 24.1.3-д өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх заалтыг үндэслэл болгожээ.

Дээрх маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдөл гаргах, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх зохицуулалтууд нь төрийн жинхэнэ алба хаагч өөрийн санааачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдөл гаргах, улмаар захиргаанаас уг өргөдлийн дагуу төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргах нь төрийн жинхэнэ албан хаагч аливаа шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн түүний өөрийн хүсэлт зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлт байх ёстой.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Л.Г нь өөрийн санаачлагаар Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудиторын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан болох нь тогтоогдож байна. Тухайлбал, Л.Г нь Монгол Улсын Ерөнхий аудиторт 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр гаргасан өргөдөлдөө ...эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хөнгөвчлөх хүсэлтэй байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч ажлын ачааллыг хөнгөвчилж Аудитын системд зохих ажилд томилж өгнө үү гэжээ. Мөн Үндэсний аудитын газрын удирдлагын зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурал дээр нэхэмжлэгч нь үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар дурдаж, хүсэлтийг хүлээн авахыг хүссэн байна. Харин хурлын шийдвэрээр Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудиторыг томилогдох хүртэл хугацаанд байгууллагын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хэвийн явуулахыг Г.Г- д даалгажээ.

Иймд хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/269 дүгээр тушаалаар Л.Г- ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр нь үндэслэл бүхий, хуулийн заалтыг зөвөөр тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдийн удирдлага болгон ТОГТООХ нь

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Г- ын Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 10 сарын 16-ны өдрийн Б/269 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ