Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2097

 

 

М.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02411 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Ш-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Е.Г-д холбогдох

 

6 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Ш,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б,

Хариуцагч Е.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ш би өөрийн эзэмшлийн Volks Wagen Passat маркийн улсын 53-35 СЭҮ дугаартай автомашинаа 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баярхүү гэх залуутай тохиролцон худалдсан. Тухайн үед бид төлбөр мөнгөө хийж байж эрх шилжүүлэх гэрээгээ хийхээр харилцан тохиролцсон. Ингээд миний автомашиныг авч яваад ор сураггүй алга болсон. Энэ асуудлаар би холбогдох газруудаас нь лавлаж асуухад таны автомашиныг бусдад шилжүүлсэн байна гэсэн. Тодруулбал Тээврийн үндэсний төв, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс холбогдох лавлагаа, хуулбарыг гаргуулахад 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 48 дугаартай нотариатчын гэрчилсэн худалдах-худалдан авах гэрээгээр миний өмчлөлийн автомашиныг иргэн А.Бямбасүрэнд шилжүүлэн өгсөн байна. Би уг автомашиныг бусдад ямар нэгэн гэрээ хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгөөгүй бөгөөд уг гэрээг харахад миний гарын үсэг огт биш. Би тухайн үед Улаанбаатар хотод байгаагүй ба нотариатч нь хууль зөрчиж гэрчилсэн үйлдлийн улмаас иргэн надад бодит хохирол учирсан. Иймд нотариатчийн хууль зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохирол төлбөрт 6 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 48 дугаар тойргийн нотариатч Е.Г миний ажлын байранд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Т.Ш, А.Бямбасүрэн нар нь автомашин худалдах- худалдан авах гэрээ хийлгэхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээний эх хувь, хувийн бичиг баримтын хамт ирсэн бөгөөд холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ үйлдэж, бүртгэлийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11455 дугаарт бүртгэж, гарын үсгийг нь зуруулж гэрчилсэн. М.Ш-ын нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Е.Г-с 6 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Ш-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 150 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбар, үйл баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх дүгнэлт хийхдээ хариуцагчийн хууль зөрчиж үйлдсэн нотариатын үйлдэл нь шинжээчийн дүгнэлт болоод Нотариатын тухай хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн байна гэж дүгнэсэн атлаа хэргийн оролцогч бус этгээд болох н.Баярхүүтэй худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн тул автомашины үнийг н.Баярхүүгээс шаардах эрх үүснэ, мөн хохирол зардалд 6 500 000 төгрөг учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд /гэрээ, талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт, маргаан бүхий гэрээний бүртгэл, үндэсний авто тээврийн газрын тодорхойлолт, нэхэмжлэгчид учирсан зардал түүнийг нотолсон бичгийн нотлох баримтууд/-ыг огт үнэлж дүгнээгүй, улмаар хэрхэн үнэлсэн нэхэмжлэгчийн шаардлагатай хэрхэн уялдсан эсэхийг огт дүгнээгүй, шийдвэртээ тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж үндэслэлгүйгээр хуулийг буруу хэрэглэж, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг бүхэлд нь магадлан хянаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч М.Ш нь хариуцагч Е.Г-д холбогдуулан гэм хорын хохиролд 6 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасан гэм хор учруулснаар үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд уг маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй байна.

 

Анхан шатны шүүх гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шүүгч дангаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Иймд шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн учраас маргааны талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02411 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ш-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                          ШҮҮГЧИД                                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ