Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2024/00176

 

 

 

 

Т, Р нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай     

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01168 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/00947 дугаар магадлалтай

Т, Р нарын нэхэмжлэлтэй,

Т, Ц нарт холбогдох

Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, 2022.11.10-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2022.11.11-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах тухай үндсэн,

Орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай Цгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Цгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, өмгөөлөгч Г, хариуцагч Ц, түүний өмгөөлөгч Д, Б, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т, Р нар нь хариуцагч Т, Ц нарт холбогдуулан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, 2022.11.10-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2022.11.11-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01168 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1, 127 дугаар зүйлийн 127.1.2-т тус тус заасныг баримтлан Т, Ц нарт холбогдох улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 25 дугаар байр, ...хаягт байрлалтай, ...талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, Ц, Т нарын хооронд 2022.11.10-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2022.11.11-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах тухай Т, Р нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Цгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 25 дугаар байр, ...хаягт байрлалтай, ...талбайтай 2 өрөө орон сууцыг Т, Р нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978,150 төгрөг /907,950+70,200/-ийг, хариуцагч Цгийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Цд олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/00947 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01168 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 128.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 25 дугаар байр, ...хаягт байрлалтай, ...талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Т, Р нарыг тогтоож, хамтран өмчлөгчөөр Т, Р нарыг бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж, хариуцагч Т, Ц нарын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Цг өмчлөгчөөр бүртгэсэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т, Р нарт холбогдох Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 25 дугаар байр, ...хаягт байрлалтай, ...талбайтай 2 өрөө орон орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Цгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт оруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан “нэхэмжлэгч нараас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Цд олгосугай” гэснийг “хариуцагч Тоос 70,200 төгрөг, хариуцагч Цгаас 978,150 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т, Р нарт олгосугай.” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 3, 4 гэсэн дугаарлалтыг 4, 5 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Цгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Т-оос 360,000,000 төгрөг гаргуулж Г-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа юм. Энэ ажиллагаанд би төлбөр авагч Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 6-р хороолол, 25 дугаар байр, ...хаягт байрлалтай ...талбайтай хоёр өрөө орон сууцыг Тоос төлбөрийн зарим хэсэгт буюу 160,000,000 төгрөгт тооцуулан, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хүсэлт гаргасан байдаг. Гэрч НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч П гийн мэдүүлэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт “...талууд харилцан тохиролцож болно” гэсэн заалт байдаг. Энэ заалтын дагуу талууд хүсэлт гаргасны үндсэн дээр түдгэлзүүлсэн хөрөнгийг сэргээсэн. Манай ажиллагаа явагдаж байх үед өмч нэг хүний өмчлөлд бүртгэлтэй байсан. Т өөрөө гэр бүлийн бусад гишүүддээ мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр гэр бүлийн бусад гишүүд бичигдсэн бол мэдэгдэх үүрэг манайд байдаг... талууд харилцан тохиролцоод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Цгийн нэр дээр шилжигдсэн тул 160,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн гэж цахим санд хасалт хийж орсон байгаа” гэж мэдүүлсэн байдаг ба баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий хөрөнгийг дундын өмчийн хөрөнгө мөн гэж буруу дүгнэсэн. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх”, энэ зүйлийн 127.1.2-т “өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгийг хуваарьт хөрөнгөд хамруулна” гэж заасан байна. Хариуцагч Т нь 2000.01.19-ний өдөр уг орон сууцыг Д , Б  нараас бэлэглэлийн гэрээгээр хүлээн авсан байдаг. Тийм ч учраас Т нь өөрийн хуваарьт хөрөнгөө өр төлбөрт тооцуулж шилжүүлэх хүсэлтээ өөрөө гаргасан байдаг. Мөн түүнчлэн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан Т, Р нар нь энэ хөрөнгө битүүмжлэгдсэн, өр төлбөрт тооцуулж шилжүүлсэн болохыг мэдэж байсан бөгөөд сар шинийн баяр өнгөрөөгөөд байрыг чөлөөлж өгөх хүсэлтийг хүртэл гаргаж байсан. Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч Т нар үгсэн хуйвалдаж, заль мэх хэрэглэн “дундын өмчийн хөрөнгө болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг гаргаж, улмаар шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаанд олон иргэд, аж ахуйн нэгжид төлбөр төлөгчөөр тогтоогдсон Т шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зугтаж хохироож байна. Одоо Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр авагч Г-д 200,000,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй юм. Миний бие Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэсэлэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж тайлбарласан, хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холобгдолтой талаас нь үнэлээгүйн дээр хэргийг бүхэлд нь хянаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 1.2-т өв, бэлэглэлийн журмаар шилжүүлсэн хөрөнгийг гэр бүлийн хуваарьт эд хөрөнгөд тооцохоор зохицуулсан. Шүүхээс маргаан бүхий эд хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзсэн боловч ямар нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэж байгаа нь эргэлзээтэй. Хэрэгт авагдсан баримтыг үзвэл нэхэмжлэгч талын тухайн үед татвараас зайлсхийж бэлэглэлийн гэрээгээр авсан гэсэн тайлбараас өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байдаг. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянасан гэж дүгнэлтдээ дурдсан боловч нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой шаардлага гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой баримтыг үнэлээгүй гэж тайлбарлажээ. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтлгэлийн ажиллагааны дагуу энэхүү байр шилжсэн бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь шударга өмчлөгч миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ тохиолдолд шүүхээс маргаан бүхий эд хөрөнгө шилжих үед орон сууцны эрх хэрхэн үүссэн байсан гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа ямар байсан талаар дүгнэлт хийх нь хэрэгт ач холбогдолтой байсан. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 128 дугаар зүйлийг баримтлан шийдвэр гаргасан байх бөгөөд энэхүү заалтыг хэрэглэх талаар Монгол Улсын Дээд шүүх дараах байдлаар тайлбарлжээ. 2009.06.15-ны өдрийн 20 дугаартай Дээд шүүхийн тайлбарын 5.1. Энэ зүйлийн 128.2-т заасан гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг зөвхөн уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эрхийн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд авна гэж тайлбарлажээ. Тухай үед маргаан бүхий эд хөрөнгийн захиран зарцуулах эрх зөвхөн Тид байсан бөгөөд гэр бүлийн зөвшөөрлийг авах шаардлагагүй байсан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан тайлбартаа гэрлэгсэд 2014 оноос тусдаа амьдарч байгаа гэсэн тайлбарыг гаргасан байдаг. Нэхэмжлэгч нар дундын эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд эд хөрөнгө шилжих үед тусдаа амьдарч байсан, тухайн байр бэлэглэлийн гэрээгээр Тид шилжсэн байсан нөхцөл байдлуудыг ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна. Шүүхээс энэхүү хөрөнгө нь гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн гэж тогтоож байгаа тохиолдолд дундын эд хөрөнгийн оногдох хэсгийг Т-оос шаардах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгө шилжих үед Ц миний бие хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй бөгөөд энэхүү эд хөрөнгийг шударгаар олж авсан. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагатай холбоотойгоор маргаан бүхий орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан боловч шүүхээс хүлээн аваагүй. Давж заалдах шатны шүүхээс дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай шаардлагад анхааран тухайн эд хөрөнгийг дундын өмч мөн гэж тогтоосон боловч тухайн эд хөрөнгийг ямар замаар хэрхэн шилжүүлэн авсан талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд энэ талаарх баримтыг үнэлээгүй гэдгийг магадлалд тусгажээ. Өөрөөр хэлбэл, хэт нэг талыг барьсан ба нэхэмжлэгч тал яагаад үүргээ биелүүлээгүй. Тухайн эд хөрөнгийг худалдан борлуулахад хуулийн дагуу ямар шаардлага тавигдах талаар анхаарч үзээгүй байгаа нь иргэн намайг хохироож байна. Шүүхээс дүгнэхдээ Т нь Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөх эрхийг Цд шилжүүлэхдээ Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан журмын дагуу гэр бүлийн насанд хүрсэн гишүүдээс зөвшөөрөл аваагүй байх тул энэхүү хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж тооцжээ. 128.2 дахь заалт нь зөвхөн Улсын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд хэрэгжих заалт юм. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан бөгөөд энэхүү шаардлагад Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах шаардлагыг гаргаагүй байдаг. Гэвч шүүхээс гаргаагүй шаардлагыг шийдвэрлэн Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж байгаа нь хуульд нийцээгүй байна. Миний бие Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хууль ёсны байх зарчмаа баримтлаагүй иргэн намайг хохироосон гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.06-ны өдрийн 210/МА2024/000947 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.12-ны өдрийн 182/ШШ2024/01168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024.07.02-ны өдрийн 001/ШХТ2024/00886 тогтоолоор хариуцагч Ц-гийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Т, Р нар нь хариуцагч Т, Ц нарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 25 дугаар байр, ...хаягт байрлалтай, ...талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, Ц, Т нарын хооронд 2022.11.10-ны байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, энэ хэлцлийн дагуу хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нар шаардлагынхаа үндэслэлийг “......Т нь хариуцагч Т-той 1989 онд гэр бүл болсон. 2000 онд гэр бүлийн дундын өмчлөлд байсан 1 өрөө байраа зарж, маргааны зүйл болж буй 2 өрөө орон сууцыг худалдан авч, татвараас зайлсхийх зорилгоор өмчлөх эрхийн гэрчилгээг нөхөр Тийн нэр дээр бүртгүүлсэн, нэхэмжлэгч нар одоог хүртэл энэ байрандаа амьдарч байгаа, харин 2014 оноос хойш Т нь тусдаа амьдарч байгаа ч бид гэрлэлтээ цуцлуулаагүй тул орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгоно..., ...Ц, Т нарын хооронд хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь худалдан авах зорилготой бус өр төлбөрийг төлөх хүртэл түр шилжүүлэхээр тохиролцсон учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.3, 126 дугаар зүйлийн 126.2.4-т тус тус заасны дагуу шаардах эрхтэй” гэсэн агуулгаар тайлбарласан.

Хариуцагч Т нь “...Т-тай 1989 онд гэр бүл болж, маргаан бүхий орон сууцыг хамтын хөдөлмөрөөрөө худалдаж авч, тухайн үед өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан... Миний хувьд өр, зээлд орсонтой холбогдуулан энэ орон сууцыг Цгийн нэр дээр түр шилжүүлсэн бөгөөд өр, зээлээ төлсний дараа буцаагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлэхээр тохирсон... Гэр бүлийн дундын эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Харин хариуцагч Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...Т нь миний төрсөн дүүгийн хүү Гийг хуурч мэхлэн их хэмжээний мөнгө зээлж аваад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 150,000,000 төгрөгийн өрөндөө энэ орон сууцыг шилжүүлж өгсөн. Миний хувьд Гөөс олгосон итгэмжлэлийн дагуу орон сууцыг авсан..” гэж марган, ... уг 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Т, Р нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч нар үндсэн нэхэмжлэлд заасан үндэслэлээр татгалзаж маргасан байна.

7.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 7.1.“...хариуцагч Т нь 2000.01.19-ний өдөр маргаан бүхий орон сууцыг Д , Б  нараас бэлэглэлийн гэрээгээр хүлээн авсан нь тухайн эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмч бус, харин түүний хуваарьт хөрөнгө гэж үзэн, тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө дундын өмчлөл байх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Т нь гэр бүл болсноос хойш бий болсон гэр бүлийн дундын хөрөнгийг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй байдлыг бэлэглэлийн гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл бий болж байх тул нэхэмжлэгч нарын гэр бүлийн дундын эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэсэн.

7.2.“Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд “...талууд орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн байгаа мэт боловч хариуцагч Т нь өөрийн хуваарьт хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бусдад өгөх өр, төлбөртөө тооцуулан хэлцлийг хийх хүсэл зоригийн үндсэн дээр шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Ц, Т нарын хооронд байгуулагдсан 2022.11.10-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй” гэж, ...Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан зохицуулалтаар үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өр төлбөрт шилжүүлэн авч буй этгээд болох Ц нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд Тоос өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг шалгах үүрэггүй, хариуцагч Т нь тухайн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрх бүхий гэр бүлийн гишүүнийг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй, нэхэмжлэгч нарт хэлцлийн талаар мэдэгдээгүй байгаа эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаврыг хариуцагч Ц нь хариуцах үндэслэлгүй” гэж үзжээ.  

7.3.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба “... 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Т бүртгэлтэй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өр, төлбөрөөс 160,000,000 төгрөгийг хасуулж, 2022.11.10-ны өдрийн 4385 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч Ц-д шилжүүлсэн болох нь тогтоогдсон ба Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1-д заасны дагуу Ц нь эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 25 дугаар байр, ...хаягт байрлалтай, ...талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсныг буруутгах үндэслэлгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Ц нь өөрийн өмчлөлийн орон сууцаа Т, Р нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж дүгнэсэн байна.

8.Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... шүүх Д , Т нарын хооронд байгуулагдсан 2000.01.19-ний өдрийн “Орон сууц бэлэглэх гэрээ”-г үндэслэн маргаж буй орон сууцыг хариуцагч Тийн хуваарьт хөрөнгө гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу хэрэглэсэн. Т, Т нар нь 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа боловч гэрлэлтээ цуцлуулаагүй, ...Т нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ц-д шилжүүлэхдээ Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан журмын дагуу эхнэр Т, охин Р нараас нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй тул хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т зааснаар Т, Ц нарын хооронд байгуулагдсан 2022.11.10-ны өдрийн 4385 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ” гэж дүгнэн, нэхэмжлэгч Т, Р нарыг тус орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж, хариуцагч Ц-г ...2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх хуулийн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцнэ” гэжээ.

9.Хяналтын шатны шүүх хариуцагч Ц-гийн гаргасан гомдлыг хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэсэн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

10.Нэхэмжлэгч Т, хариуцагч Т нарын гэрлэлтийг 1991.08.12-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн, тэдний дундаас 1990.01.17-нд хүү Р , 1996.06.08-нд охин Р нар төрсөн, гэрлэгчид 2014 оноос эхлэн тусдаа амьдарсан боловч гэрлэлтээ цуцлуулаагүй, маргааны зүйл болж буй орон сууцанд нэхэмжлэгч нар 2000 оноос хойш амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон ба энэ тухайд маргаагүй.

11.Хариуцагч Т нь хариуцагч Ц-гийн төлөөлүүлэгч Г-тэй 2021.06.17-ны өдөр байгуулсан 1254 бүртгэлийн дугаартай “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-гээр нийт 363,000,000 төгрөгийг 2021.08.01-ний дотор төлөхөөр тохиролцож, энэ тухайгаа 0001 бүртгэлийн дугаартай Нотариатын мэдэгдэх хуудсаар баталгаажуулсан ба энэ үүргээ Т нь хугацаандаа биелүүлээгүй тул төлбөр авагч Г нь 2022.02.21-ний өдөр Нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулахаар хүсэлт гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.02.28-ны өдрийн 182/ШЗ2022/02435 дугаартай захирамжаар баталгаажуулж, 182/ГХ2022/00228 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 2022.03.17-ны өдөр ... дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарчээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2022.09.04-ний өдөр төлбөр авагч Г-өөс Ц-д ...Тид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх, ...олгогдох мөнгө, эд хөрөнгийг хүлээн авах..., эрх бүхий 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна.

Төлбөр төлөгч Т нь “...миний өмчлөлд Чингэлтэй дүүрэг, VI хороо, VI хороолол, 25 дугаар байр, ...хаягт байрлах орон сууц бүртгэлтэй байдаг ба үүнийгээ төлбөр авагч Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц-гийн нэр дээр 160,000,000 төгрөгийн төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон...” тухай хүсэлт болон төлбөрийн 160,000,000 төгрөгт тооцож, дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц-д шилжүүлэхээр 2022.10.12-ны өдөр тохиролцсон тул тус газарт битүүмжилсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргажээ.

Дээрх хүсэлтүүдийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022.10.12-ны өдөр Хөрөнгийн эрх сэргээх тухай ... дугаартай тогтоол гарч, холбогдох албан бичгийг Чингэлтэй дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн, мөн Т-ийн бусдад төлөх 363,000,000 төгрөгөөс Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дүнгээр хасалт хийгдсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад улсын бүртгэлд зөвхөн Т өмчлөгчөөр бүртгэгдсэн байхын зэрэгцээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд Т нь ганц бие, эхнэр хүүхдээсээ салсан гэсэн агуулгатай тодорхойлолт өгсөн нь тусгагджээ.

12.Төлбөр авагч Ц нь Т-той 2022.11.10-ны өдөр байгуулсан гэрээгээр орон сууцыг өмчлөгч Тоос 150,000,000 төгрөгөөр худалдан авч, 2022.11.11-ний өдөр гэрээг улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэснээр тэрээр маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон байх бөгөөд харин хариуцагч Т нь бусдад төлөх өр, төлбөртөө тооцож, орон сууцаа Ц-д шилжүүлснээр түүний тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц нь хуульд заасан үндэслэлээр буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авчээ.

13.Үндсэн нэхэмжлэлийн “Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох” тухай  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж, харин эрх зүйн дүгнэлтийг залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан зохицуулалтын дагуу гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс гэр бүлийн хөрөнгө бүрдэх бөгөөд гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болдог.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байхаар зохицуулсан. 

Хуулийн дээрх зохицуулалт гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар гэрлэгчид харилцан бие биедээ шаардлага гаргах эрх зүйн үндэслэл мөн тул нэхэмжлэгч нар маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор  шаардах эрхтэй байна. Гэвч хуульд заасан энэхүү эрх хариуцагч Т тухайн хөрөнгийн өмчлөгч хэвээр байгаа тохиолдолд хэрэгжих боломжтой. Харин эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн тохиолдолд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасан зохицуулалт гэр бүлийн гишүүн бус гуравдагч этгээд болох Ц-д үйлчлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд тусгагдсан өмчлөгчийн талаарх бүртгэл нь гуравдагч этгээдэд чиглэгддэг буюу Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэсэн эрх зүйн зохицуулалттай.   Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг өр төлбөртөө шилжүүлэн авч буй Ц-д тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Т-оос өөр этгээд өмчлөх эрхтэй эсэхийг шалгах үүрэг үүсэхгүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан нөхцөл хангагдсан, хариуцагч Ц-г мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх тул орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо маргааны зүйл болж буй орон сууцыг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т заасан “Өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө” гэсэн зохицуулалтад хамааруулж, хариуцагч Тийн хуваарьт хөрөнгө гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, маргааны үйл баримтад нийцээгүй байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэрийн энэ хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.  

14.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй буюу талуудын хооронд байгуулагдсан хэлцэлд гэрээний үүргийн үндсэн зарчмыг зөв тайлбарлан хэрэглэж, Ц, Т нарын хооронд 2022.11.10-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлсэн, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэлтэй хэрэглэсэн байна.

15. Давж заалдах шатны үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...Т нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан журмын дагуу гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болох эхнэр Т, охин Р нараас нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй тул Т, Ц нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж үзээд, нэхэмжлэгч нарыг эрхээ сэргээлгэхийг шаардах эрхтэй гэсэн үндэслэл заахдаа хариуцагч Цгийн хувьд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан “...бүртгэл үнэн зөв” байх  зохицуулалтыг хэрэглэхгүйгээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.3-т заасан үндэслэл тогтоогдсон гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд маргааны үйл баримтад нийцээгүй байх тул хяналтын шатны шүүхээс  магадлалыг хүчингүй болгоно.

16.Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагч Цгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж тогтоов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/00947 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01168 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1, 127 дугаар зүйлийн 127.1.2-т тус тус заасныг баримтлан...” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1, 183 дугаар зүйлийн 183.1-д заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Цгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 957,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                               Н.БАТЗОРИГ

     Н.БАТЧИМЭГ

                                                                                        Н.БАЯРМАА

                                                                            Д.ЦОЛМОН