Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1134

 

      2020           9              3                                        2020/ДШМ/1134

                                                                       

М. ад холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/654 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1905049780345 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Ж овгийн М-ийн А, 1997 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Ховд аймгийн Булган сумын 2 дугаар баг, Баянсундал гэх газарт оршин суух бүртгэлтэй,

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж нэмж нэгтгэн нийт 1 жил 30 хоног хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

 

          М.А нь 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85а байрны 56 тоотод буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч иргэн Г.Эгийн эзэмшлийн 1,200,000 төгрөгийн үнэ бүхий “iphone X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

         

          2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83а байрны 32 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, С.Цгийн эзэмшлийн 550,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

 

          2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны 24 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Н.Жамсран, насанд хүрээгүй О.Х нарын нийт 2,630,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох iphone X, iphone 8 загварын гар утас, цаа бугын гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

 

          2019 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83б байрны 45 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Б.Бгийн эзэмшлийн 730,000 төгрөгийн үнэ бүхий, “iphone 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

 

          2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5А-16 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Ц.Эийн эзэмшлийн 3,590,608 төгрөгийн үнэ бүхий тестер, багажны цүнх, олон үйлдэлт хутга, автомашины оношилгооны багаж, “iphone 5” загварын гар утас, бугуйн цаг, “Naturehike” брэндийн гэрэл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

 

          2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 7 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Б.Бийн эзэмшлийн 1,522,000 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, нийт 10,222,680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

 

          Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.         

 

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Аыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Аыг 4 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аад оногдуулсан 4 хорих жилийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аын урьд цагдан хоригдсон 121 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 2005003860346, 2005003820358, 1905049590344, 20005008510400, 2005009190401 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тус хэрэгт тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ааас нийт 6,959,600 төгрөг гаргуулж хохирогч Г.Эд 1,200,000 төгрөг, хохирогч С.Цд 550,000 төгрөг, хохирогч Н.Жамсранд 2,630,000 төгрөг, хохирогч Б.Бд 730,000 төгрөг, хохирогч Ц.Ээд 327,600 төгрөг, хохирогч Б.Бт 1,522,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... тус хэрэгт шалгагдаж байх үед  Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Б.Хатанболд надад үйлдээгүй хоёр хэргийг тулгаж, яллагдагчаар татсан. Мөн шалгагдаж байх хугацаанд прокурорын газарт энэ талаар удаа дараа гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Мөн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүх хуралдаанд үйлдээгүй хоёр үйлдлийн талаар гомдол гаргасан ч шүүгч хүлээж авалгүй дөрвөн жил хорих ял өгсөн. ...” гэжээ.

 

Шүүгдэгч М.Аын өмгөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.А нь 2 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч нь прокурорт удаа дараа гомдол гаргасан гэж байгаа боловч хавтас хэргийн материалд энэ талаар баримт авагдаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт 2 хийгээгүй хэргийг тулгаж хүлээлгэсэн гэх асуудлыг ярьсан боловч шүүх үүнийг хүлээж авахгүйгээр шийтгэх тогтоол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа эсхүл хэргийн баримтыг нотлох үүрэг хүлээхгүй, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж тус тус заасан. Хавтас хэрэгт авагдсан баримтууд нь хохирогч Г.Э, Н.Жамсран нарын гэрт хулгай орсон эсэх асуудалд зөвхөн яллагдагчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлээр нотлогдсон. Бусад шууд нотлох баримтаар нэр бүхий 2 хохирогчийн гэрт орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогддоггүй, М.А тухайн 2 айлд орсон эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Аад ашигтай байдлаар шийдвэрлэж, дээрх 2 үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох саналтайгаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна.” гэв.

 

Прокурор Н.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. М.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн үйлдсэн хэргийн үйл явдлыг тодорхой мэдүүлсэн бөгөөд энэ үйл явц нь 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хооронд үйлдэгдсэн. Гэмт хэрэг үйлдсэн арга нь онгорхой айл руу нэвтэрч орсон гэсэн тул маршрутыг шалгасан. Тухайн айлаас алга болсон гэх цаа буган гутлыг Нарантуул зах дээр очиж танихгүй хүнд худалдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэр гарахад шүүгдэгчийн хохирогчид хохирлоо төлөхөөр өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан завсарлага авсан үйлдлээс үзэхэд үйлдлүүд нь нотлогдсон гэж үзэж байна. Мөрдөгчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд цагдаагийн байгууллагаар тусад нь шалгасан ч уг асуудал тогтоогдоогүй байна, хэргийн нөхцөл байдал шаардлагатай, хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах боломжтой гэсэн тайлбар гаргасан байдаг. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

          М.А нь 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85а байрны 56 тоотод буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч иргэн Г.Эгийн эзэмшлийн 1,200,000 төгрөгийн үнэ бүхий “iphone X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

            2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83а байрны 32 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, С.Цгийн эзэмшлийн 550,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

 

          2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны 24 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Н.Жамсран, насанд хүрээгүй О.Х нарын нийт 2,630,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох iphone X, iphone 8 загварын гар утас, цаа бугын гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

 

          2019 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83б байрны 45 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Б.Бгийн эзэмшлийн 730,000 төгрөгийн үнэ бүхий, “iphone 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

 

          2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5А-16 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Ц.Эийн эзэмшлийн 3,590,608 төгрөгийн үнэ бүхий тестер, багажны цүнх, олон үйлдэлт хутга, автомашины оношилгооны багаж, “iphone 5” загварын гар утас, бугуйн цаг, “Naturehike” брэндийн гэрэл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

 

            2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 7 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Б.Бийн эзэмшлийн 1,522,000 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, нийт 10,222,680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            хохирогч Г.Эгийн “.... Тэгээд толгойныхоо дээр гар утсаа тавиад унтаад өгсөн, тэгж байгаад шөнө 05 цагийн үед хүүхдээ хуурайлах явцдаа утсаа хайтал миний гар утас байхгүй байсан. Тэгээд гэр дотор байгаа байх гэж бодоод тоохгүй унтаад өгсөн. Өглөө 08 цагт сэрээд ажилдаа явах гээд утсаа хайтал байхгүй байсан. Утас руугаа залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд утасны байрлал заагчийг харахад 56 дугаар байрны ойролцоо очоод унтарсан гэж миний утасны байршил зааж байсан. Iphone x загварын хар өнгөтэй улаан өнгийн цэнэглэдэг гэртэй id кодтой, имей кодоо мэдэхгүй байна. 2019 оны 1 дүгээр сард 1,800,000 төгрөгөөр худалдаж авсан, сэв зураас байхгүй гар утас байсан. ... Батболд өглөө манай гэрийн хаалгыг завсартай байсан гэж хэлж байсан. ...” /1хх 10-11/,

 

            хохирогч Э.Цгийн “... би 2020 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө 6 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83а байрны 32 тоотод гэртээ өөрийн охин Бүжингийн хамт 2 өөр өрөөнд тусдаа унтаж байхад миний охин Бүжин гэнэт орилоод би сэрээд очиход “сая гэрт хүн орж ирээд гараад явчихлаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би охиноосоо “ээжийнх нь гар утас хаана байна вэ” гэж асуухад алга болчихсон байсан. Миний охин эхлээд тэр хүнийг өөрийнхөө аав гэж бодоод “ааваа гэж хэлээд дуудахад тэр хүн шууд гараад явчихсан” гэж надад хэлэхээр нь хяналтын камер шүүж үзэхэд уг сэрдэж байгаа хүн хар малгайтай цамцтай, цамцныхаа малгайг өмссөн хар куртиктэй хүн байсан. Царай зүс нь харагдах боломжгүй байсан. Миний алдсан гар утас Самсунг А50 маркийн цагаан өнгийн гар утас байсан. ...” гэсэн мэдүүлэг 1/хх 48-50/,

 

            хохирогч Н.Жамсрангийн “... .би 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 5 цаг 40 минутын орчимд манай эхнэр Оюун-Эрдэнэ гэрээс гарч явсан. Тэгээд би 8 цагийн үед сэрээд гар утсаа хайтал миний iphone x, iphone 8 маркийн гар утас, цаа буган гутал алга болсон байсан. Тэгээд би эхнэр рүүгээ залгаж асуухад гар утас авч гараагүй гэж хэлсэн. ...” /1хх 84-85/,

 

            насанд хүрээгүй хохирогч О.Хгийн “... Би 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн төрсөн эцэг Жамсрангийн хамт гэртээ унтаж байсан юм. Тэгтэл миний аав намайг сэрээгээд “миний охин гар утас харсан уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлээд өөрийнхөө гар утсыг хайтал миний iphone 8 маркийн гар утас мөн байхгүй байсан. ...” /1хх 91-92/,

 

            хохирогч Б.Бгийн “... 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 5 цагийн үед гэртээ унтаж байгаад сэрсэн чинь харанхуйд үл таних хүн миний гар утсыг авч байсан. Тэгэхээр нь “хөөш” гэж орилоход гарч зугтаасан. Би хаалгаа цоожлоогүй унтсан байсан. Хаалга гаднаас онгойдог” /1хх 133-138/,

 

            хохирогч Ц.Эийн “...би 2020 оны 2 дугаар сарын 11-ний шөнө 2 цаг 30 минутын үед унтсан юм. 5 цаг 10 минутанд манай эхнэр “хүүхдээ бие засуулчих” гэхээр нь бие засуулчихаад буцаад унтаж байгаад 6 цагийн орчим босоод сэрээд харсан гэрийн хаалга онгорхой байсан гайхаад жижиг өрөөнд байсан 20-30 см хэмжээтэй цүнхээ харсан байхгүй байсан. Дээр нь iphone 5, касио брэндийн цаг байсан алга байсан. Автомашины оношилгоо хийдэг багаж, тестер буюу машины цахилгаан үздэг багаж, машины түлхүүр бас тонгорог байсан. Өөр зүйл байгаагүй. ...” /1хх 175-184/,

 

            хохирогч Б.Бийн “.... 2020 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 50-07 тоотод эхнэр хүүхдийн хамт 00 цагийн орчим унтаж амарсан. Тэгээд унтаад байж байхад эхнэр намайг 4 цаг 15 минутын орчим сэрээгээд “хаалга онгорхой байна” гэхээр нь босоод том өрөөний гэрэл асаагаад зурагтны тавиурны шүүгээ онгорхой байсан бөгөөд дотор нь байсан 10 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Орц руу гарсан чинь орцны гэрэл асаалттай байсан доошоо буугаад 1 давхарын үүдний хэсэгт намхан хар куртиктэй эрэгтэй хүн манай гэрт байсан 10 ширхэг мөнгөн аягыг уутанд хийж байхаар нь би орилсон чинь над руу эргэж хараад мөнгөн аягыг маань аваад шууд зугтаасан. Араас нь гүйгээд гарсан чинь байрны ертөнцийн зүгээр хойд зүг рүү зугтаагаад явсан. ...” /1хх 217-218/,

 

            гэрч О.Батболдын “... Тухайн өдрийн үүрийн 5 цагийн орчим би сэрээд угаалгын өрөө орох гэхэд гэрийн хаалга хагас онгорхой байдалтай байсан. Тэгэхээр нь би өрөөнүүдээр ороод хүргэн дүү болон дүүг гараад явчихсан эсэх талаар харахад унтаж байсан юм. Тэгэхээр нь би тухайн үедээ тоолгүй гэрийнхээ хаалгыг хаагаад буцаад унтаад өгсөн юм. Тэгтэл хүргэн дүү Э эхнэрээсээ “миний гар утсыг харсан уу” гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би босоод “шөнө хаалга онгорхой байсан” талаар хэлэхэд цагдаа дуудсан юм. ...” /1хх 15-16/,

 

            насанд хүрээгүй гэрч А.Бүжингийн “... Би тухайн өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 83а байрны 32 тоот гэртээ том өрөөнд ганцаараа унтаж байсан юм. Тэгтэл гаднаас хаалга онгойх чимээ гарахаар нь хальт сэрээд “аавыг байна” гэж бодоод буцаад унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал манай том өрөө, гал тогоо 2 цугтаа байдаг учраас гал тогоонд хүн яваад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байхаар нь би “аав уу” гэж асуухад тэр хүн шууд гараад гүйчихсэн юм. Тэгэхээр нь би орилоод ээж хүрч ирээд цагдаа дуудсан. ...” /1хх 57-58/,

 

            гэрч Д.Алтантөгсийн “... 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр манай охин Бүжин над руу өглөө 6 цагийн үед залгаад “аав та гэрт орж ирсэн үү” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “ороогүй” гэдэг талаар охин Бүжинд хэлээд юу болсон талаар асуухад манай охин Бүжин надад “ээж бид хоёрыг унтаж байхад нэг хүн орж ирээд гэрээс утас аваад гарчихлаа” гэж хэлсэн. ...” /1хх 53-54/,

 

            гэрч Н.Оюун-Эрдэнийн “... би тухайн өдөр 5 цагийн орчим гэрээсээ ажилдаа явахаар гарахдаа өөрийнхөө гэрийн хаалгыг түлхүүрээр цоожлохгүй мартаад явчихсан байсан юм. Тэгтэл тус өдрийн 8 цагийн орчим миний нөхөр Жамсран над руу үл таних дугаараас залгаад “охин бид хоёрын гар утас хаана байна” гэж асуухаар нь “би аваагүй” гэж хэлэхэд манай нөхөр “чи хаалга цоожилсон юм уу” гэж надаас асуугаад манай гэрт хулгай орсныг мэдсэн. ...” /1хх 87-88/,

 

            гэрч Е.Мөнхтуяагийн “... би тухайн өдөр 4 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 7 тоот гэртээ жижиг өрөөнд унтаж байхад том өрөөнөөс гэрэл тусах шиг болохоор нь босоод харахад манай гадна хаалга онгорхой байсан. Нөхрөө сэрээгээд том өрөөнд орж үзэхэд том өрөөний сервант дотор байдаг 10 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. ...” /1хх 217-218/ гэсэн мэдүүлгүүд,

 

            шүүгдэгч М.Аын “... Би хамгийн анх 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 5 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 давхар саарал өнгийн байр луу даараад хананд байсан кодыг нь хийгээд орсон юм тэгээд орцон дотор явж байгаад 5, 6 давхрын аль нэг айлынх хаалга нь хагас онгорхой байхаар нь татаж ороод 30-аас 45 орчим насны эрэгтэй хүн унтаж байсан мөн хажууд нь байсан ширээн дээр урд нүүрний хэсэг нь хар харин хойд хэсэг нь цагаан өнгөтэй “Айфоне Икс” загварын гар утас байхаар нь түүнийг нь авч гараад тэр өдрийнхөө 10 цагийн орчимд Теди худалдааны төв дээр очоод Ганаа гэх эмэгтэйд 170,000 төгрөгөөр зарж борлуулсан.

 

Түүний дараа 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83Б байрны байр луу ороод дулаацаж сууж байгаад тэндээсээ хаалга нь онгорхой байсан айл руу ороход эхнэр, нөхөр 2 матрасан дээр унтаж байсан бөгөөд эмэгтэйгийн хажууд Айфоне 8 загварын гар утас байсан бөгөөд түүнийг аваад гарсан маргааш нь 18 цагийн орчимд Теди төв дээр очоод Ганаа гэх эмэгтэйд 50,000 төгрөгөөр зарчихсан юм.

 

Түүний дараа 2020 оны 1 дүгээр сарийн 7-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 83а байрны орц руу ороод байж дээш доош явж байтал хаалга нь хагас онгорхой айл байхаар нь тийшээ орсон юм тэгтэл эмэгтэй хүн унтаж байсан бөгөөд толгойныхоо хажууд гар утас тавьчихсан байхаар нь би түүнийг нь авч гараад маргааш нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансар орчимд ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 250,000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм.

 

Түүний дараа 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 давхар байр луу ороод 3 давхарт гараад хаалга нь хагас онгорхой байсан айл руу ороод том өрөөнд ямар нэгэн хүн байгаагүй харин жижиг өрөөнд ороход хүмүүс унтаж байсан бөгөөд наад талд нь ширээн дээр 2 ширхэг гар утас байсан тэгэхээр

 

 

нь түүнийг нь аваад мөн үүдэнд гутлын тавиур мэт зүйлийн хажууд Годон гутал байсныг аваад гараад явсан юм. Тухайн айлаас гарч ирээд гар утаснуудаа харахад Айфоне Икс, Айфоне 8 загварын гар утаснууд байсан бөгөөд түүнийг теди худалдааны төв дээр Ганаа гэх хүнд нийлүүлээд 130,000 төгрөгөөр зарсан. Харин годон гутлыг нь Нарантуул худалдааны төв дээр хуучин гутал зардаг хүмүүст 50,000 төгрөгөөр зарсан.

 

Түүний дараа 2020 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 давхар бор өнгийн байр луу ороход хаалга нь хагас онгорхой айл руу ороод Айфоне 5 гар утас, машины багажны хамт авч гарч яваад түүнийгээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянбүрд орчимд хуучин эзэнгүй мэт хашаанд оруулаад тавьчихсан байсан тэгээд түүнийг цагдаа нарт хүлээлгэж өгсөн харин цүнхэн дотор байсан эд зүйлсийг тухайн байрны ард тавьсан боловч алга болчихсон байсан. Айфоне 5 гар утсыг би өөрөө барьж байгаад үл таних хүнд зарчихсан.

 

Түүний дараа 2020 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтлийн эмнэлгийн урд талын далангийн хажууд нэг орц руу орсон юм. Тэгээд хаалга нь хагас онгорхой байсан айл руу ороод 9 ширхэг метал аяга авч гараад тэндээсээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 шар орчимд кардон цаасны доор 7 ширхэг аяга нууж тавиад маргааш нь очсон боловч байхгүй болчихсон байсан. Харин хоёр ширхэг зэс аягыг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах траншэйн дотор хийгээд тавьчихсан. ...” /2хх 43-46/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1хх 18-20, 61-63, 100-102, 144-145, 194-195, 226-227/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 127-129/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 178-181, 210-213/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 64-69/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2хх 70-73/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 88-89/ зэрэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн М.Аыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн Арвандолдугаар бүлэгт “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг ялгамжтай байдлаар тогтоон хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.Аын 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 6 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, нийт 10,222,680 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

М.Аад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.А нь “... үйлдээгүй хоёр хэргийг тулгаж ял оногдуулсан ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь,

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд зэрэг шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, түүнчлэн зарим гэмт хэргийг шүүгдэгч М.А үйлдээгүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Хохирогч нарын хувьд өөрсдийн алдагдсан эд хөрөнгийн шинж, чанар, тоо хэмжээ, үнэ өртгийн талаар тодорхой мэдүүлсэн, тэдгээрийн мэдүүлэг нь яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон байна.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, мөрдөгчийн зүгээс дарамталж хэрэг хүлээлгэсэн гэх асуудал тогтоогдоогүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь энэ талаар гомдол гаргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход шууд хамааралтай, чухал ач холбогдолтой баримтууд байх ба нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх бөгөөд дээрх баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж чадсан хуулийн үндэслэлтэй нотлох баримтууд байх тул шүүгдэгч М.Аын гаргасан “... үйлдээгүй хоёр хэргийг тулгаж ял оногдуулсан ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/654 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ