| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
| Хэргийн индекс | 128/2018/1061/З |
| Дугаар | 128/ШШ2019/0311 |
| Огноо | 2019-05-21 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2019/0311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, Ш.Т нэхэмжлэлтэй Ш.Т Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг өмчлөх эрх сэргэсэн байхад улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, Ш.Т нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, гуравдагч этгээд Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Т шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш.Т би иргэн С.Ц-той 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн.... дугаар хороо, 13 дугаар хороолол ... дүгээр байрны ...тоот ... өрөө байрыг худалдаж авсан. С.Ц уг байрны хууль ёсны өмчлөгч буюу хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан бөгөөд өмчлөх эрхийг хязгаарласан эрх бүхий байгууллага, албан тушаалтны тодорхой шийдвэр байхгүй байсан учир бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн.
Тухайн үед уг орон сууцны өмнөх өмчлөгч Ч.Бнь С.Цуг орон сууцыг худалдах, худалдан авах тухай гэрээний асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэн, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж
энэ ажиллагааны дагуу орон сууцны анхны болон 2 дахь дуудлага худалдааг явуулан улмаар худалдан борлуулагдаагүй учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгийг С.Цгийн нэр дээр бүртгэх талаар албан бичиг улсын бүртгэлийн байгууллагад явуулсны дагуу 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүртгэл хийж, гэрчилгээ олгожээ.
Харин Ч.Батцэцэгээс дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр энэ маргааныг шийдвэрлүүлжээ. Уг шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1019/0010 дугаартай байр, орон сууцнаас албадан гаргах тогтоол болон Баянзүрх дүүргийн 6- р хороо 13 дугаар хороолол 2-29 байрны 44 тоот орон сууцны анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон байна. Энэ талаар нэхэмжлэгч нь мэдээгүй байсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцыг чөлөөлөх талаар 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2/28164 дүгээр албан бичиг ирүүлж, улмаар 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр орон сууцнаас албадан гаргаснаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ч.Б 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлснийг мэдсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 84 дүгээр зүйлийн 84.1-д гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон бүх зүйлийг гаргуулж төлбөр төлөгчид буцаан олгох буюу тийм боломжгүй бол буцаан олгох үеийн ханшаар үнийг төлнө гэж заасны дагуу орон сууц нь хуулийн дагуу Ш.Т өмчлөлд шилжсэн, бодит байдалд С.Ц гоос Ч.Б буцаах боломжгүй байсан учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны орон сууцны үнийг С.Ц гоор төлүүлэх ажиллагааг хийх ёстой байсан.
Өөрөөр хэлбэл, уг орон сууцны өмчлөх эрх Ш.Т д шилжин хууль ёсны шударга өмчлөгч болсон байхад дээрх шийдвэрийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуулийг буруу хэрэглэж, Ч.Батцэцэгийн өмчлөлд шилжүүлж, орон сууцыг Ш.Т эзэмшлээс албадан чөлөөлсөн нь хууль зөрчсөн.
Нөгөөтэйгүүр, Улсын бүртгэлийн байгууллага хуульд заасны дагуу өмчлөх эрхийг шүүх, арбитрын шийдвэрээр шилжүүлэн бүртгэх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан үндэслэл бүрдээгүй буюу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 1425 дугаар шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд
хөрөнгийн өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, Ш.Т өмчлөх эрхийн бүртгэл хуулийн дагуу хийгдсэн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус ажиллагааны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн нь мөн хууль бус байсан.
Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснээр тогтоогдсон билээ.
Дээрх тогтоолоор Ч.Батцэцэгийн нэр дээрх 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээг олгосон ажиллагааг хүчингүй болгосноор Ш.Т миний өмчлөх эрхийг сэргээсэн.
Иймд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 514 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Ш.Т өмчлөх эрх эрхийг сэргээж шийдвэрлэсэн тул 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт өмчлөх эрх сэргээлгэх тухай хүсэлт гаргасны дагуу тус газрын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7/2692 дугаартай албан бичигт иргэн Ч.Б олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, таны өмчлөх эрхийг сэргээж бүртгэх нь үндэслэлтэй байна гэсэн хариуг ирүүлсний дагуу миний бие 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж мэдүүлэг гаргасан.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн зүйлийн 5.5-д эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дараах үндэслэлээр дахин олгоно, 5.5,4-д эрхийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцсны улмаас гэрчилгээг ашиглах боломжгүй болсон гэж тус тус заасан.
Гэтэл Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2015 оны 3/15938 дугаар тоот бүхий эрх түдгэлзүүлсэн захирамжийг цуцалсан шийдвэрийг авчрах шаардлагатай" гэж нэмэлт баримт шаардаж байгаа нь дээрх хуульд заасныг зөрчсөн хууль бус үйлдэл юм.
Иймд Ш.Т Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг өмчлөх эрх сэргэсэн байхад улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож,
Ш.Т нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ш.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Эрхийн улсын бүртгэлийн Y-2204026766 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо,.... дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байрны 44 тоот орон сууц нь иргэн Ш.Т өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ч.Батцэцэгийн гаргасан мэдүүлэг, шүүхийн шийдвэрүүд, шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захиран зарцуулах эрхийг сэргээж өмчлөх эрхийг иргэн Ч.Батцэцэгийн өмчлөлд шилжүүлж гэрчилгээ гаргахыг даалгасан 2/6055 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 626 дугаар гэрчилгээ хүчингүй болсонд тооцох тухай тушаал зэрэг нотлох баримтыг үндэслэн иргэн Ч.Батцэцэгийн өмчлөлд гэрчилгээ шилжин гарсан байна.
Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр албаны 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт зааснаар бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх хязгаарын хүрээнд хамаарч байгаа мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана гэж заасны дагуу мэдүүлэг нотлох баримтыг буцаасан байна гэв.
Гуравдагч этгээд Ч.Бшүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш.Т нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2 29 дүгээр байрны 44 тоотод байх 2 өрөө орон сууцыг Ч.Бминий өмчид шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хууль бус хэмээн үзсэн байна. Хууль бус хэмээн үзсэн учир Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан Улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр гаргуулан бүртгүүлэх шаардлагыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж татгалзсан хариу авсан учир:
Хэргийн материалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2 29 дүгээр байрны 44 тоотод байх 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн шийдвэр нотлох баримтаар ирсэн байна.
Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д бүртгэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай
тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа бол Эрхийн
Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахаар заасан байна. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т Шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан ... бол эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийхээр заажээ.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх зүйлд заасан үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс Ш.Т өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн шийдвэр болсон байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ямар шалтгаанаар хориг тавьсан. Уг ажиллагаа нь хуульд нийцэж байгаа эсэх нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт болон Захиргааны хэргийн шүүхэд хамаарал бүхий асуудал биш юм.
Ш.Т нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухайн хуулийн 29,30 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлсэн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийг хэрхэн буруутгаж байгаагаа тайлбарлаагүй байна.
Мөн Ш.Т өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 626 дугаар тушаал хүчин төгөлдөр байгааг үнэлэх шаардлагатай юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Т Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Ш.Т Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг өмчлөх эрх сэргэсэн байхад улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, Ш.Т нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Ч.Батцэцэгийн нэр дээрх 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээг олгосон ажиллагаа хүчингүй болсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцсэн.
Ш.Т нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргасан байна. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Ш.Т гаргасан мэдүүлгийг хянан үзээд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026766 дугаар бүхий Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байр, 44 тоот 53,32 м.кв орон сууц нь иргэн Ч.Батцэцэгийн өмчлөлд бүртгэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3/15938 дугаар бичгээр дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх үндэслэлээр буцаасан байна.
Нэхэмжлэгч Ш.Т нь 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 0-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б шилжүүлсэн ажиллагаа болон албадан чөлөөлсөн ажиллагааг хүчингүй болгуулах, тухайн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2636/с шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 641 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн болон орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс тухайн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж анхан шатны шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчилжээ.
Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3/15938 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст маргаан бүхий орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдэж, холбогдох тусгай тэмдэглэл хийхийг даалгасан байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ,
30.1.4-т шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан, 30.5-д Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь маргаан бүхий Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэлийг эрхийн улсын бүртгэлд хийсэн, энэхүү тэмдэглэл нь хүчин төгөлдөр байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын төлөөлөгчдийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана, 29.1.1-д бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.Т 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр маргаан бүхий орон сууцыг өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан мэдүүлгийг эрх бүхий байгууллагаас өмчлөх эрхийг хязгаарласан тусгай тэмдэглэлтэй гэж буцаасан нь үндэслэл бүхий болно.
Түүнчлэн Ш.Т Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан иргэний хэргийн шүүхэд гаргасан орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд иргэний хэргийн шүүх дараах дүгнэлтүүдийг хийсэн байна. Тухайлбал, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2636/с шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Ч.Батцэцэгийн өмчлөлд шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй..., Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 641 дүгээр магадлалын хянавал хэсэгт ...Ш.Т г шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй..., Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолын хянавал хэсэгт Харин ...байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ гэж тус тус.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж,
захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг гэж тус тус заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөгчийн хувьд чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй, хэн нэгэн этгээдээс маргаагүй, тэдгээрийн эрхийг зөрчөөгүй, мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гэдгээ эргэлзээгүй нотолсон байх шаардлагыг хуульчилсан байна.
Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны өмчлөх эрх сэргэсэн мэтээр шүүхийн шийдвэрийг буруугаар тайлбарласан, нэхэмжлэгч нь тухайн орон сууцны өмчлөгч биш байх тул шүүхээс нэхэмжлэлийг хангах боломжгүй болно.
Нөгөө талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ, 5.3-д Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.Т нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоогдоогүй, эрхийн улсын бүртгэлгүй байхад түүнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлага шүүхэд гаргасныг дурдах нь зүйтэй.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж заасан зарчмын дагуу улсын бүртгэлийн үйл ажиллагааг явуулсан, зохицуулалт бүхий хуулийн заалтуудыг зөвөөр тайлбарлан хэрэглэсэн нь нотлогдож байх тул Ш.Т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 29 дүгээр зүйлийн
29.1, 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.4, 30.5 дахь хэсгүүдийг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Ш.Т Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг өмчлөх эрх сэргэсэн байхад улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, Ш.Т нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий Ш.Т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ