Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 133/ШШ2021/00498

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Орд харш ХХКомпанийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 14,761,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орд харш ХХКомпанийн захирал А.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний эзэмшлийн Орд харш ХХК нь Говь-Алтай аймагт 1993 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Улмаар 2020 оны 04 сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газартай Хантайшир Эрдэм цогцолбор 5 дугаар сургуулийн барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Хантайшир Эрдэм цогцолбор 5 дугаар сургуулийн барилгын засварын ажлыг 49,205,529 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Манай компани нь дээрх гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл бүрэн гүйцэт хийж гүйцэтгээд захиалагчид хүлээлгэж өгсөн. Захиалагч нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний 70 хувь буюу 34,443,870 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай компанийн данс руу шилжүүлсэн. Улмаар гэрээний үлдэгдэл хөлс болох 14,761,658 төгрөгийг манай компани нь захиалагч талаас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд өгөөгүй байгаа болно. Иймд дээрх гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 14,761,658 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр анхны шүүх хуралдаан товлогдсон. Мөн шүүх хуралдаан нь одоо үргэлжилж байна. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Мөн тэр талаарх нотлох баримтыг шүүх хуралдаанд ирүүлээгүй. Мөн анх манай гаргасан нэхэмжлэлийг хариуцагч тал гардаж аваад хуульд зааснаар хариу тайлбараа бичгэн хэлбэрээр 14 хоногийн дотор ирүүлэх ёстой байдаг. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүртэл явсан. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй учир энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Орд харш ХХК нь Говь-Алтай аймагт 1993 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 2020 оны 04 сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газартай Хантайшир Эрдэм цогцолбор 5 дугаар сургуулийн барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Хантайшир Эрдэм цогцолбор 5 дугаар сургуулийн барилгын засварын ажлыг 49,205,529 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Манай компани нь дээрх гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл бүрэн гүйцэд хийж гүйцэтгээд захиалагчид хүлээлгэж өгсөн. Захиалагч нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний 70 хувь буюу 34,443,870 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай компанийн данс руу шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн КД-53/2020 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд ... энэхүү Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 5 дугаар сургуулийн барилгын засварын ажлыг зохих албан даалгавар, төсвийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжийг заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан. Хантайшир Эрдэм цогцолбор сургууль нь тэр цаг хугацаанаас хойш хэвийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байгаа. Улмаар гэрээний үлдэгдэл хөлс болох 14,761,658 төгрөгийг манай компани нь захиалагч талаас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд өгөөгүй байгаа болно. Мөн төлбөрийн талаар хариуцагч байгууллагад удаа дараа шаардлага тавьсан боловч санхүүжилт орж ирэхээр өгнө гэж явсаар өдийг хүрсэн. Иймд дээрх гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 14,761,658 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Орд харш ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Орд харш ХХК нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 14,761,658 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Орд харш ХХК нь хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газартай 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр БСШУСЯ/202002479 дугаартай Хантайшир-Эрдэм цогцолбор 5 дугаар сургуулийн барилгын засварын ажлын гэрээг, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр БСШУСЯ/202002479 дугаартай гэрээний нэмэлт гэрээг тус тус бичгээр байгуулжээ. /хх-6-12-р/

Уг гэрээгээр нэхэмжлэгч Орд харш ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн барилгын засварын ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэн хүлээлгэн өгөх, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар нь ажлын хөлсөнд 49,205,529 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, П.Б нар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхээр шүүхээс хугацаа олгосон байна. /хх-35-36-р хуудас/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, П.Б нар нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гардан авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна /хх-48-49-р хуудас/.

Хариуцагчид хариу тайлбар гаргах хугацааг хуульд 14 хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Үүнээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх хуульзүйн үндэслэлтэй.

Учир нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд уг онцлог шинжээрээ бусад ижил, төстэй гэрээнээс ялгагддаг болно.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэжээ.

Гэвч зохигч нь ажил гүйцэтгэх гэрээндээ төлбөрийн хуваарийг барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн 30 хувьд хүрсний дараа нийт барилга угсралтын ажлын үнийн дүнгийн 30 хувь буюу 14,761,658 төгрөгийг, барилга угсралтын ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрсэн тохиолдолд төлөх дүн 40 хувь буюу 19,682,211 төгрөгийг, ашиглалтанд орсон улсын комиссын акт гарсаны дараа төлөх дүн 30 хувь буюу 14,761,658 төгрөгийн ажлын хөлсийг тус тус төлөхөөр гэрээнд тусгажээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэжээ.

Нэхэмжлэгч Орд харш ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, гэрээний зүйлийг захиалагчид шилжүүлсэн болох нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн КД-53/2020 дугаартай барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр нотлогдож байна. /хх-13-р/

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн КД-53/2020 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд ...энэхүү Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 5 дугаар сургуулийн барилгын засварын ажлыг зохих албан даалгавар, төсвийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжийг заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв... гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар нь барилга байгууламж ашиглалтанд орсон улсын комиссын акт гарсаны дараа төлөх дүн 30 хувь буюу 14,761,658 төгрөгийн ажлын хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй буюу Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасан гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ зөрчжээ.

Ажил гүйцэтгэгч Орд харш ХХК нь гэрээгээр тохирсон ажлаа гэрээнд заасан хугацаанд бүрэн бүтэн, доголдолгүй гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байх тул захиалагч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт үлдэгдэл төлбөр 14,761,658 төгрөг гаргуулахаар шаардсан нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Орд харш ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 14,761,658 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,759 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас 231,759 төгрөгийг гаргуулж, Орд харш ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Орд харш ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 14,761,658 /арван дөрвөн сая долоон зуун жаран нэгэн мянга зургаан зуун тавин найман/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан Орд харш ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,759 /хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун тавин есөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас 231,759 төгрөгийг гаргуулж, Орд харш ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ