| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 182/2023/00722/И |
| Дугаар | 001/ХТ2024/00206 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2024/00206
“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/00935 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/01113 дугаар магадлалтай,
Гэрээний үүрэгт 52,405,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч “Х ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт үндсэн төлбөр 34,936,693 төгрөг, анз 17,468,347 төгрөг, нийт 52,405,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/00935 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч “Х ” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 15,133,010 төгрөг, торгууль 4,539,903 төгрөг, нийт 19,672,913 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32,732,212 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,975 төгрөгийн төрийн санд үлдээж, хариуцагч “Х ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 256,315 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/01113 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/00935 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч “Х ” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт нийт 52,405,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн төлөөлөгч Д.Жаргалсайханы хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.29-ний өдрийн 182/ШШ2024/00935 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч "Х " ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 52,405,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024.05.27-ны өдрийн 210/МА2024/01113 дугаар магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан 2016.04.20-ны өдрийн 05/16 дугаар гэрээний үнэ болох 34,936,693 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн 50 хувийн анз нэмж нэхэмжлэн, нийт 52,405,040 төгрөгийг “Х ” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн. Манай хоёр компанийн тухайд "Х " ХХК-аас зээл авч байсан, тухайн зээлийг төлүүлэх талаар банк бус санхүүгийн байгууллагаас шүүхэд нэхэмжлэл гаргаж хэлэлцүүлсэн, тэр хүртэл бид суурилуулсан ус цэвэршүүлэх төхөөрөмжийн үнийг уг зээлийн төлбөрт суутгагдсан гэж ойлгосондоо нэхэмжилж байгаагүй, зээлийн нэхэмжлэлийг хэлэлцүүлэхдээ харилцан гэрээгээ дүгнэе, төлбөртөө суутгуулья гэдэг асуудлыг тавихад шүүх хамтад нь шийдвэрлэхгүй гэснээр тус тусдаа хэлэлцэгдэх болсон. Эцэст нь ББСБ ямар ч тохиолдолд зээл, хүү, алдангиа хэдэн жил болж, хэдэн төгрөг болтлоо өссөн ч хамаагүй авч л байдаг, өртөг бүтээж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа жижиг компани болохоор тэрхүү байгууллагын төлбөрөө төлөх талаар зөвшилцөөгүй, ямар ч үйлдэл хийгээгүй эс үйлдэхүйгээс болж зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр бүхэл бүтэн 32 сая төгрөгийн хөрөнгө мөнгөө авч чадахгүй байдалд хүрч хохирч байгаад туйлын гомдолтой байна. Шүүх хэргийг бүх талаас нь шинжлэн судалж бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
5. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.09.16-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/01045 тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Жаргалсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч “Т ” ХХК нь “Х ” ХХК-д холбогдуулан төхөөрөмж нийлүүлсэн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 34,936,693 төгрөг, анз 50 хувь 17,468,347 төгрөг, нийт 52,405,040 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “... гэрээгээр тоног төхөөрөмж нийлүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан тул хугацаа дуусаагүй ... зээлийн гэрээний барьцаанд тус төхөөрөмжийн нэг хэсгийг тавьсан ... нэхэмжлэл бүрэн үндэслэлтэй” гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “... гэрээгээр тоног төхөөрөмж хүлээн авсан мөн зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлж, энэ зээлийн гэрээний үүрэг дээрх тоног төхөөрөмжийг бүхэлд нь барьцаанд тавьсан ... зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул барьцааны эд зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангасан, төхөөрөмжийн үнэ бүрэн төлөгдсөн ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шаардах эрхгүй” гэсэн үндэслэлээр маргажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас нийт 19,672,913 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ “... талууд 2016.04.20-ны өдөр байгуулсан ...худалдах-худалдан авах гэрээ, зээлийн болон барьцааны гэрээнүүд хуульд заасан шаардлага хангасан, гэрээний зүйл болох тоног төхөөрөмж болон мөнгөн хөрөнгийг хэн аль нь хүлээлгэн өгсөн, хүлээн авсан үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардаж байсан болох нь 2018.09.13-ны 203/18 тоот, 2021.05.24-ний 66/21 тоот бичгээр тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, ... Худалдах-худалдан авах гэрээний зүйл болох усны чанар сайжруулагч PTH төхөөрөмж нь PTH ф65мм, 1 1/2 буюу 19,803,683 төгрөг, PTH ф50мм 2 буюу 9,988,981 төгрөг, PTH ф20мм буюу 2,644,118 төгрөг гэсэн 3 хэсгээс бүрдсэн байна. Харин барьцааны гэрээний зүйл нь PTH65-ф дугаартай 9100 ам.долларын үнэ бүхий төхөөрөмж байх бөгөөд үүнийг дээрх худалдах-худалдан авах гэрээний зүйл болох усны чанар сайжруулагч PTH төхөөрөмжийн бүрдэл хэсэг буюу гэрээний зүйлийг бүрдэл хэсэг тус бүрээр нь салгаж болох бөгөөд тус бүр нь өөр өөрийн үнэлгээтэй болох нь тогтоогдож байна. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь 4 хоногоос нэг сар хүртэл хугацаатай байгуулагдсан, үүргийг мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэхээр байх тул харилцан шаардлага бүхий үүргийн зарим хэсгийг хасаж тооцох нь зүйтэй” гэж дүгнээд, нэхэмжлэгчийн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шаардсан 34,936,693 төгрөгөөс “Х ” ХХК-аас зээлсэн 7,000,000 төгрөгийн барьцааны гэрээнд бариулсан төхөөрөмжийн үнэ 19,803,683 төгрөгийг хасаж тооцон, хариуцагчаас төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 15,133,010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн нэхэмжлэгч 50 хувиар анз шаардсан хэдий ч гэрээний 8.1-д торгуулийг 30 хувь гэж тохиролцсон байх тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 15,133,010 төгрөгийн 30 хувийн торгууль 4,539,903 төгрөгийг гаргуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн байна.
8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Гэрээний 3.1.3-т зааснаар захиалагч “Х ” ХХК нь тоног төхөөрөмжийг хүлээлцсэн өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор төлбөрийг шилжүүлэх үүргийг хүлээсэн ба энэ нь 2016.04.26-ны өдөр байх тул энэ өдрөөс нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой буюу энэ өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2019.04.26-ны өдөр дуусаж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Тодруулбал, үүрэг гүйцэтгэгчид албан бичиг хүргүүлснээр шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй, харин тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. Түүнчлэн, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч “Х ” ХХК нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
9. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Жаргалсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж тогтов.
10. Хэргийн баримтаас үзэхэд “Т ” ХХК, “Хатан сүлд ББСБ” ХХК-ийн хооронд 2016.04.20-ны өдөр 05/16 дугаартай MON-PTH хатуулгаас бүрэн сэргийлэх, усны чанар сайжруулагч төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг төхөөрөмжийг нэхэмжлэгч нь хариуцагчийн барилга байгууламжид суурилуулж, хариуцагч одоог хүртэл ашиглаж байгаа талаар хэн аль нь маргаагүй байна.
Энэ төхөөрөмж нь “PTH ф65мм, (1 ½”) буюу 19,803,683 төгрөг, “PTH ф50мм( 2”) буюу 9,988,981 төгрөг, “PTH ф20мм (¾”) буюу 2,644,118 төгрөг гэсэн хэсэг тус бүрээр үнэлэгдсэн, нийт 32,436,693 төгрөгийн үнэтэй, суурилуулалтын ажлын хөлс 2,500,000 төгрөгийн хамт 34,936,693 төгрөгийн өртөгтэй, урьдчилгаа 50 хувь 17,468,347 төгрөг төлсөн тохиолдолд гэрээ байгуулсанд тооцох, үлдэгдэл төлбөр 17,468,347 төгрөгийг төхөөрөмжийг хүлээлцсэн өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна.
Талууд мөн өдрөө зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч “Х ” ХХК-аас 7,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, энэ мөнгийг нэхэмжлэгч хүлээн авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргийг хангахаар зээлдэгч “Т ” ХХК нь дээрх төхөөрөмжөөс 9100 ам.долларын үнэтэй PTH ф65мм (1½”) төхөөрөмжийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулжээ.
Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй ба зохигчдын хооронд 2016.04.20-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ болон зээлийн гэрээний төлбөрийг талуудын хэн аль нь нөгөө талдаа төлөөгүй байна.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Иргэний хуулиар зохицуулсан хөөн хэлэлцэх хугацааны талаар өөр өөр дүгнэлт хийж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
12. “Х ” ХХК-аас “Т ” ХХК-д холбогдуулан төлбөр барагдуулах тухай хэлцлийн үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 2016.04.20-ны өдөр 05/16 дугаар гэрээний үүрэгт 52,405,040 төгрөг гаргуулах, 2018.09.30-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцэл, 2021.07.29-ний өдрийн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.19-ний өдрийн 181/ШШ2022/01202 шийдвэр хэрэгт авагдсан байна. /хх-21-24/ Шүүхийн энэ шийдвэрт “Хариуцагч “Т ” ХХК нь “Х ” ХХК-тай байгуулсан ... усны чанар сайжруулагч нийлүүлэх гэрээний талаарх нэхэмжлэлээ “Х ” ХХК-ийн хаягаар жич гарган шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй” гэж дүгнээд, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.
Дээрх үйл баримтын талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлд тайлбарлахын зэрэгцээ холбогдох баримтуудыг гаргасан байхад давж заалдах шатны шүүх эдгээр баримтын талаар дүгнэлт хийлгүйгээр “... 2016.04.26-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2019.04.26-ны өдөр дуусаж байна. ... хариуцагч “Х ” ХХК нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцэхгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.
13. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангахдаа талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, зээлийн болон барьцааны гэрээний үүргийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасныг хэрэглэж 7,000,000 төгрөгийн зээлийн үүргийг барьцаа хөрөнгийн дүн болох 19,803,683 төгрөгөөр тооцож, худалдах-худалдан авах гэрээний төлбөрөөс хасаж тооцохдоо хэргийн баримтыг хуульд заасан зарчмын дагуу үнэлсэн байна. Түүнчлэн анзын шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ гэрээний нөхцөлийг зөв тайлбарлан, Иргэний хуулийн анзын зохицуулалтаас торгуулийг сонгон хэрэглэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Харин энэ тогтоолын 12 дахь хэсэгт заасан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.19-ний өдрийн 181/ШШ2022/01202 шийдвэрийн талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай хэдий ч нэхэмжлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2018.09.13-ны 203/18 тоот, 2021.05.24-ний 66/21 тоот бичгээс үзэхэд нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүрэгт тооцсон гэж ойлгож, үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлэх талаар нөгөө талдаа мэдэгдсэн, түүнчлэн хариуцагч “Х ” ХХК нь нэхэмжлэгч “Т ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд хандсан тул тэрээр усны төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардаж, “Х ” ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах агуулгатай байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх 2018.09.13-ны 203/18, 2021.05.24-ний 66/21 тоот албан бичгүүдийн агуулгыг үндэслэж, “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. ... шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс үүснэ” гэсэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх эдгээр албан бичгүүдийн агуулгыг хуульд зааснаар үнэлээгүй, түүнчлэн энэ тогтоолын 12 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн “Х ” ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг хуульд нийцсэн гэж үзэхгүй.
14. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тул “... давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангуулах”-аар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Жаргалсайханы гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/01113 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/00935 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Жаргалсайханы хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 421,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД