Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 39

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

 

      Улсын яллагч                                 Л.Энхтайван  

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Г.Амартүвшин

      Нарийн бичгийн дарга                   Б.Урангоо нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Сутай Бумбат овогт Гансүхийн Алтантулгад холбогдох 201718000071 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 05-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 155 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.3, 216-р зүйлийн 216.1-д зааснаар торгох ялаар шитйгүүлж, өршөөлийн хулинд багтсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн  101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1-д зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Сутай Бумбат овогт Гансүхийн Алтантулга, /РД:МЬ89070533/,

 

  Шүүгдэгч Г.Алтантулга нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б.Энхзаяагийн эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            

Тодорхойлох нь ;

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Г.Алтантулгын 2017 оны 03-р сарын 11-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг өнгөрч байхад найз Лхагвасүрэнгийн хүүхдийн үсний найранд очсон. Тэнд 6-лаа нэг шил архи, бараашиг уусан. Тэгээд байж байтал манай эхнэр “утсаар яриад ирэх болж байна уу” гэхээр нь “арай болоогүй байна” гэсэн чинь хүрээд ирсэн. Тэгээд эхнэр “чи эмээгийн бие муу байхад архи уулаа” гээд шилбэ рүү өшиглөхөөр нь би уурлаад “найз нартайгаа баймаар байна” гээд цээж рүү нь нэг цохисон. Тэгээд манай найз нар салгаад бид нар гараад явсан. Эхнэр тэнд үлдсэн. 20 цагийн үед гараад найз нартайгаа төмөр замын 60 айлд биллиард тоглосон. Тэндээс гараад 30 айлын гадаа очоод 5-лаа дахиад 2 шил архи уусан. Тэгээд Пүрэвдаваа, Ганбаяр нарын хамт Баттулга гэдэг таньдаг дүүгээрээ гэрт хүргүүлсэн. Тэгээд яваад ортол манай гэрт эхнэр, түүний дүү Энхзаяа байсан. Энэ үед 24 цаг болж байсан байх. Тэгээд эхнэр уучихсан байсан нь надад мэдэгдсэн. Тэгээд би нэг хэсэг хэт муудаад юу болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан “эхнэртэйгээ чи яагаад архи ууж байгаа юм бэ” гээд маргалдаад эхнэр өөдөөс “би яахаараа ууж болдоггүй юм бэ” гээд хэрэлдээд байхаар нь уур хүрээд эхнэрээ нэг удаа гар луу цохисон. Тэгсэн чинь дүү нь “би эгчийгээ аваад явлаа, чи дандаа манай эгчийг дээрэлхдэг” гээд надтай маргалдаад миний нуруу луу цохисон. Тэгэхээр нь би Энхзаяагийн нүүр лүү нь 2 удаа гараараа цохисон. Тэгсэн Энхзаяа надтай зууралдаад ноцолдоод байсан. Тэгсэн манай 2 найз гаднаас орж ирээд салгасан. Энхзаяа цагдаа дуудсан чинь манай 2 найз “чи одоо яв, цагдаа ирнэ” гэхээр нь би гарч яваад Баатархүү ахынд ороод 10 орчим минут болчихоод буцаад ирэхэд манай 2 найз, эхнэр, хүүхэд л байсан. Тэгээд манай 2 найз яваад эхнэр бид хэд унтсан. Би гэртээ ороод архи уусан байсныг нь мэдээд эхнэртэйгээ маргалдаад дахиад нэг удаа цохисон. Энэ үед Энхзаяа эгчийгээ өмөөрөөд “авч явна” гээд байсан. Тэгээд би түүнийг 2 удаа цохисон. Энхзаяа гуйвж дайваад нилээн согтуу байх шиг байсан. Би өөрөө нилээд согтуу байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,

2. Шүүгдэгч Г.Алтантулгын 2017 оны 03-р сарын 23-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг өнгөрч байхад найз Лхагвасүрэнгийн хүүхдийн үсний найранд очсон. Тэнд 6-лаа нэг шил архи, бараашиг уусан. Тэгээд байж байтал манай эхнэр “утсаар яриад ирэх болж байна уу” гэхээр нь “арай болоогүй байна” гэсэн чинь хүрээд ирсэн. Тэгээд эхнэр “чи эмээгийн бие муу байхад архи уулаа” гээд шилбэ рүү өшиглөхөөр нь би уурлаад “найз нартайгаа баймаар байна” гээд цээж рүү нь нэг цохисон. Тэгээд манай найз нар салгаад бид нар гараад явсан. Эхнэр тэнд үлдсэн. 20 цагийн үед гараад найз нартайгаа төмөр замын 60 айлд биллиард тоглосон. Тэндээс гараад 30 айлын гадаа очоод 5-лаа дахиад 2 шил архи уусан. Тэгээд Пүрэвдаваа, Ганбаяр нарын хамт Баттулга гэдэг таньдаг дүүгээрээ гэрт хүргүүлсэн. Тэгээд яваад ортол манай гэрт эхнэр, түүний дүү Энхзаяа байсан. Энэ үед 24 цаг болж байсан байх. Тэгээд эхнэр уучихсан байсан нь надад мэдэгдсэн. Тэгээд би нэг хэсэгт хэт муудаад юу болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан “эхнэртэйгээ чи яагаад архи ууж байгаа юм бэ” гээд маргалдаад эхнэр өөдөөс “би яахаараа ууж болдоггүй юм бэ” гээд хэрэлдээд байхаар нь уур хүрээд эхнэрээ нэг удаа гар луу цохисон. Тэгсэн чинь дүү нь “би эгчийгээ аваад явлаа, чи дандаа манай эгчийг дээрэлхдэг” гээд надтай маргалдаад миний нуруу луу цохисон. Тэгэхээр нь би Энхзаяагийн нүүр лүү нь 2 удаа гараараа цохисон. Тэгсэн Энхзаяа надтай зууралдаад ноцолдоод байсан. Тэгсэн манай 2 найз гаднаас орж ирээд салгасан. Энхзаяа цагдаа дуудсан чинь манай 2 найз “чи одоо яв. цагдаа ирнэ” гэхээр нь би гарч яваад Баатархүү ахынд ороод 10 орчим минут болчихоод буцаад ирэхэд манай 2 найз, эхнэр, хүүхэд л байсан. Тэгээд манай 2 найз яваад эхнэр бид хэд унтсан. Би гэртээ ороод архи уусан байсныг нь мэдээд эхнэртэйгээ маргалдаад дахиад нэг удаа цохисон. Энэ үед Энхзаяа эгчийгээ өмөөрөөд авч явна гээд байсан. Тэгээд би түүнийг 2 удаа цохисон. Энхзаяа гуйвж дайваад нилээн согтуу байх шиг байсан. Би өөрөө нилээд согтуу байсан. Энхзаяа надад цохиулахаасаа өмнө нэг нь шүд нь хорхой идчихсэн, хөдөлгөөн орчихсон байсан юм. Би нэг шүдийг нь л гэмтээсэн. Харин дүгнэлт дээр нэг шүд хугарч, нэг шүд хөдөлгөөн орсон гээд 2 шүд гэмтээчихсэн юм шиг дүгнэлт гарсан байна. Би өнөөдөр Энхзаяагаас өөрөөс нь энэ талаар асуухад “угаасаа миний шүд хөдөлгөөн орчихсон байсан” гэж хэлсэн. Энэ талаар дахин Энхзаяагаас байцаалт авч тодруулж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлоо удахгүй төлж барагдуулна. Энхзаяа бид 2-т ярьж тохирсон зүйл байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,

3. Шүүгдэгч Г.Алтантулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 03-нд найз Лхагвасүрэн хүүхдийнхээ үсний найранд урьсан. Тэгээд очоод 6 найзтайгаа нэг шил архи бага зэрэг барашик уусан. Гэтэл эхнэр залгаад “гэртээ ир” гэсэн. Тэгээд би “найзуудтайгаа хэсэг байж байгаад гэртээ харина” гэж хэлсэн чинь эхнэр уурлаад хүрээд ирсэн. Тэгээд хэсэг маргалдаж байгаад эхнэрийнхээ гар руу цохисон чинь яваад өгсөн. Тэгээд хэсэг байж байгаад би гэртээ ирсэн чинь манай эхнэр, Энхзаяа гэдэг дүүтэйгээ архи уучихсан, манай 2 хүүхэдтэй хамт байж байсан. Тэгээд эхнэрийг архи уусан байсан учраас “яагаад архи ууж байгаа юм бэ?” гээд уурласан чинь хохирогч  Энхзаяа “чи яагаад эгчийг дээрэлхэж байдаг юм бэ? эгчийгээ авч явна” гэхэд нь нэг цохисон. Би хохирогчийг тийм аймаар цохисон гэж бодоогүй. Тэгээд манай 2 найз орж ирсэн. Тэгээд би ахынх руугаа явсан. Тэр хооронд цагдаа ирсэн. Энхзаяа өөрөө согтуу байсан учраас зугтаасан байсан. Тэгээд би гэртээ ирээд амарсан.  Би эхнэрийнхээ дүүг цохиж гэмтээчихээд шүүгдэж байна. Эхнэр болон гэр бүлээ дахиж дарамталж дээрэлхэхгүй гэдгээ хэлье. Өмнө ийм асуудал гарч байгаагүй. Дахиж ийм хэрэг хийхгүй. Маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг,

   4. Хохирогч Б.Энхзаяагийн 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байхад орой 20 цаг 30 минутын үед манай эгч Халиунаа над руу залгаад “чи намайг ирээд аваадхаач, агаа чинь зодоод байна” гээд уйлаад ярьсан. Тэгээд би Халиунаа эгчийн гэрт 20 цаг 45 минутын үед ороход хүргэн ах Алтантулга байхгүй, Халиунаа эгч 2 хүүхдээ хувцаслаад сууж байсан. Тэгээд Халиунаа эгч надад Алтантулга “намайг найз нартай минь архи уулгасангүй, араас утасдаж дуудлаа” гээд уурлаад хүрч ирээд хүүхдээ тэвэрч байхад минь цохиж унагаачихаад найзуудтайгаа гараад явлаа гэж ярьсан. Тэгээд би эгчийгээ, 2 хүүхэдтэй нь аваад гэртээ харьсан. Тэгээд 21 цаг 30 минутын үед Халиунаа эгч бид 2 хүүхдүүдээ аваад найз Ууганаагийн хүүхдийн үсний найранд очоод бараашиг уусан. Тэрнээс өмнө би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд Халиунаа эгч гадаа утсаар яриад сууж байгаад гадуур хувцсаа өмсөөд “бие засчихаад ирье” гээд гараад явсан. Тэгээд би 20 орчим минутын дараа ирэхгүй болохоор нь залгасан чинь утсаа авахгүй байсан. Хэд хэдэн удаа залгасан чинь утсаа аваад цаана нь Халиунаа эгч “аллаа” гээд уйлаад байсан. Тэгээд би ганцаараа Халиунаа эгчийн гэрт очтол нөхөр Алтантулгатай зодолдож байсан. Халиунаа эгчийг үсдээд газар унагаад дээр нь суучихаад “пизда минь” гээд орилоод байсан. Би ч ороод хойноос нь татаад босготол үг дуугүй миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэгсэн миний хөмсөгнөөс цус гарсан. Тэгээд би гараад зугтсан. Найзындаа очоод 2 хүүхдийг нь хувцаслаад буцаж Халиунаа эгчийнд очсон. 2 хүүхдийг нь оруулж өгчихөөд цагдаа дуудсан. Тэгсэн Алтантулга хувцсаа өмсөөд гараад зугтаасан. Цагдаа ирээд хайж байгаад явсан. Цагдаа явсны дараа Алтантулга орж ирээд “чамайг алчихъя” гээд үсдээд тавихгүй байсан. Би арай хийж салаад гарч гүйж жорлонд ороод нуугдчихсан. Тэгээд би хэсэг байж байгаад тэр чигтээ хариад унтаад өгсөн. Миний хөмсөг сэтэрсэн, дээд үүдэн шүд эмтэрч хугарсан, доод шүд зүгээр байсан. Мөн эмтэрчихсэн. Би 5 аяга бараашиг уусан байсан. Халамцуу байсан. Халиунаа эгч бараашиг, архи хольж уусан. Мөн л согтуу байсан. Алтантулга бүүр нилээд согтуу байсан. Гомдолтой байна, шүдээ янзлуулах мөнгө нэхэмжилнэ. Одоогоор хэдэн төгрөгний зардал гарахыг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 11-р ху/,     

5. Хохирогч Б.Энхзаяагийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Алтантулгатай эвлэрэх гээд болохгүй байна. Хүний ах байж олигтой уучлал гуйхгүй, “чамайг энэ хэвээрээ байхыг чинь харнаа, шүүхээр яваад хэдэн төгрөг олохыг чинь харнаа" гээд байна лээ. Нэхэмжлэх зүйл гэвэл шүдээ янзлуулна, дээр нь хүн өмсөхийн аргагүй болсон цагаан куртикээ төлүүлнэ. Шүдээ янзлуулах гэтэл эхлээд рентгэн зургаар харж байж мэдрэлийн судасны гэмтлийг тодорхойлж байж эмчилгээ хийнэ гэсэн. Тэр нь аймагт байдаггүй, Дархан-Уул аймаг руу явж байж үзүүлэх юм байна лээ. Үнэ хөлсийг нь мэдэхгүй байна. Куртикны хувьд 2016 оны 11 дүгээр сард шинэ зах дээрээс 95.000 төгрөгөөр авсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Цус болчихсон угаагаад арилах үгүйг мэдэхгүй байна. Би урьдны мэдүүлэг дээр зарим зүйлийг андуураад буруу хэлсэн байна. Тэр өдөр би Алтантулгад цохиулчихаад гарч гүйгээд хүүхдийн үсний найр хийсэн Ууганаа гэдэг найзынд очоод 2 хүүхдийг нь аваад буцаж очсон. Намайг очиход Халиунаа, Алтантулга, түүний 2 найз болох Пүрэвдаваа, Ганбаяр нар байсан. Би ороод 2 хүүхдийнх нь хувцсыг тайлаад орон дээр нь тавиад буцаад гарах гэсэн чинь Алтантулга намайг үсдэж аваад “алчихъя” гээд байсан. Тэгээд Алтантулгын 2 найз нь салгаад би гарч гүйгээд гадаа нь гараад цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирэх хооронд Алтантулга гараад зугтчихсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 12-р ху/,      

6. Шинжээч С.Бүрэнжаргалын 2017 оны 03-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.Энхзаяагийн биеийн духанд язарсан шарх, дээд үүдэн 1 дэх шүд нь бага зэргийн хөдөлгөөнтэй, уг хөдөлсөн шүд нь хуучин өвчлөлтэй байсан. Үзлэгээр Б.Энхзаяагийн хөдөлгөөн орчихсон буюу баруун талын дээд үүдэн шүд нь бага зэргийн өвчилчихсөн, хорхой идэгдсэн байсан. Тэрийгээ л Б.Энхзаяа өөрөө 2 шүд эмтэрчихсэн гэж ойлгож мэдүүлэг өгсөн байх. Үзлэгээр бол тэр хөдөлгөөн орсон шүд нь ямар нэгэн хугарал гэмтэлгүй, бага зэргийн өвчлөлтэй буюу хорхой идэгдчихсэн байсан. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг үед буюу 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байх боломжтой. Б.Энхзаяагийн духанд үүссэн шарх гэмтэл нь 2 см буюу нилээн том бараг 2 оёдол тавиулахаар гэмтэл байсан. Энэ язарсан шарх гэмтэл дээр ч гэсэн хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдоно. Өөрөөр хэлбэл дээрх гэмтлүүд нь тус тусдаа ч гэсэн хөнгөн зэргийн гэмтэл болно. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р ху/,

7. Шинжээч С.Бүрэнжаргалын 2017 оны 03-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн...Алтантулга нь Энхзаяагийн 2 шүдийг гэмтээсэн гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл цохиулснаас болоод нэг нь хугарч гэмтсэн, нэг шүд нь хөдөлгөөн орсон. Гэхдээ бага зэргийн хөдөлсөн шүд нь аажимдаа эмчилгээ хийгдэхгүй байсан ч өөрийнхөөрөө бэхжээд эдгэх боломжтой. Тэрнээс бүүр ганхаж хөдлөөд эмчилгээ авахгүй гэмтэл биш юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р ху/,

8. Гэрч Б.Халиунаагийн 2017 оны 03-р сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байхад манай нөхөр таксинд явж байгаад 15 цагийн үед цай уух гээд гэртээ ирсэн. Тэгээд найз Лхагвасүрэн нь утсаар ярихад “хүүхдийнхээ үсийг авсан хүрч ирж цай уу” гэсэн. Тэгээд манай нөхөр ганцаараа Лхагвасүрэнгийнх рүү явсан. Тэгээд 20 цагийн үед нөхөр лүүгээ ярьтал манай нөхөр согтуу байсан. Уг нь хадам ээж 18 цагийн үед “эмээгийн чинь бие муу байгаа, битгий архи дарс уугаарай” гэж захиж байсан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд Лхагвасүрэнгийнд очоод “гараад ир” гээд хашааны гадаа нь дуудаж гаргаж ирсэн. Тэгсэн манай нөхөр нилээн согтуу “чи яах гээд байн байн залгаад байгаа юм бэ” гэхээр нь “эмээгийн чинь бие муу байхад архи, дарс уулаа ээж чамд хэлсэн биз дээ” гээд хөл рүү нь нэг удаа өшиглөсөн чинь намайг зөрүүлээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь “чи яагаад хүн цохиж байгаа юм бэ” гээд гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ ирээд дүү Энхзаяа руу залгаад “агаа чинь намайг цохичихлоо, хүрээд ирээч” гэхэд “за одоо очлоо” гээд 10 минутын дараа хүрээд ирсэн. Тэгээд би 2 хүүхдээ хувцаслаад аавын гэрт очсон. Тэгээд аавынд очоод байж байтал Лхагвасүрэнгийн эхнэр Ууганаа над руу залгаад “хүрээд ир” гэхээр нь 21 цаг 30 минутын үед Энхзаяа болон 2 хүүхэдтэйгээ очсон. Тэгээд тэднийд юм ярьж суугаад бараашиг уусан. Тэгээд би дүүтэйгээ, 2 хүүхэдтэйгээ 24 цаг дөхөж байхад гэртээ харьсан. Удаагүй байж байтал нөхөр гаднаас ганцаараа согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би уурлаад “тэр хэдтэйгээ зайлахгүй яасан юм бэ, яах гэж ирсэн юм бэ” гэж загнасан. Тэгээд бид 2 маргалдсан. Над руу дайраад үсдээд гар луу нэг удаа цохисон. Тэгээд байж байхад манай дүү өмөөрөөд салгах гээд дундуур ороод манай нөхрийн нуруу руу нэг удаа гараараа цохиж харагдсан. Алтантулга зөрүүлээд 2 удаа цохисон. Тэгээд байж байхад гаднаас Алтантулгын 2 найз орж ирээд салгасан. Тэгсэн Энхзаяагийн хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Тэгээд том өрөөнд дуудлага өгчихөөд гараад явсан. Алтантулга бас зугтаад явсан. Надад гэмтэл учраагүй, хацар дээр жаахан хөхрөөд зүгээр болчихсон. Гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Энхзаяа бид 2 гайгүй байсан. Алтантулга нилээн согтуу байсан. Урьд нь ганц нэг удаа цохиж зодож байсан. Уурлахаараа эрүүлдээ ч гэсэн цохичихдог. Түргэн ууртай хүн байгаа юм. Гэхдээ ямар нэгэн айхтар гэмтэл учруулахаар зодож байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р ху/,

   9. Гэрч Г.Ганбаярын 2017 оны 03-р сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байхад Лхагвасүрэн гээд найз маань хүүхдийнхээ үсийг авч байна гэхээр нь би найзтайгаа нийлээд 19 цагийн үед очсон. Тэгээд очоод 6-лаа нийлээд 1 шил архи, 2-3 литр бараашиг хувааж уусан. Тэгээд бид нар гарч яваад төмөр замын 60 айлын биллиард тоглоомын газар орж 1 цаг тоглоод тэндээсээ гараад дахиж нэг шил архи уучихаад Пүрэвдаваа бид 2 Алтантулгыг хүргэж өгсөн. Хашааных нь гадаа очоод Алтантулгыг “гэртээ ор” гээд Алтантулга ч гэртээ орсон. Тэгээд Пүрэвдаваа бид 2 гадаа нь хэсэг суусан. Тэгсэн чинь тэдний гэрээс дүү нь гээд нэг эмэгтэй гарч ирээд “энэ 2 зодолдоод байна” гэхээр нь Пүрэвдаваа бид 2 орсон чинь эхнэртэйгээ маргалдаад орон дээрээ сууж байсан. Тэгсэн дүүгийнх нь хөмсөг нь сэтэрсэн цус гарсан байсан. Тэгсэн Алтантулга дүү рүү нь дайраад “чи зүгээр яв” гээд хөөгөөд цохих гээд байхаар нь хойшоо болгоод салгасан. Энэ үед дүү нь цагдаа дуудсан. Тэгээд би дүүг нь “чи гар” гээд гэрээс гаргасан. Алтантулга ч гэсэн гараад зугтчихсан. Тэгсэн хэсэг байж байгаад Алтантулга буцаж ирээд Пүрэвдаваа бид 2 явсан. Энхзаяа, Халиунаа 2 уучихсан байсан. Гэхдээ гайгүй байсан. Алтантулга нилээн согтолттой байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р ху/,

   10. Гэрч Б.Ууганзаяагийн 2017 оны 03-р сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Алтантулга манай нөхрийн найз байгаа юм. Өнгөрсөн намар манай нөхөртэй самранд явсан. Тэрнээс хойш мэднэ. Нэг их ойр дотно биш. 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нөхрийнхөө хамт хүүхдийнхээ үсний найрыг хийгээд маргааш нь манай нөхөр найз нөхдөө дуудаж цай уулгасан. Тэгэхэд Алтантулга ирсэн юм. Ганцаараа ирэхээр нь “танай 3 яасан юм бэ, цуг ирэхгүй” гэхэд “харин хүүхэд уйлаад үлдчихсэн” гэж байсан. Тэгээд тэд нар манайд сууж байгаад 20 цагийн үед “биллиард тоглоно” гээд гараад явчихсан. Тэр хойгуур нь би эхнэр Халиунаа руу нь залгаад “та 3 ирэхгүй яасан юм бэ” гэхэд “харин хүүхэд уйлаад” гээд “манай нөхөр байна уу” гэхээр нь “байхгүй бүгд биллиард тоглох гээд гараад явсан” гэсэн. “завтай байгаа бол ирээд цай уугаач” гэсэн чинь Халиунаа 2 хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд бид нар манайд бараашиг уусан. Тэгээд 23 цагийн үед Халиунаа гадаа гараад утсаар яриад зогсож байсан. 10-20 минут болсон байх гадаа хүн яриад чимээ гараад байсан. Тэгээд дүү нь 2 хүүхдийг нь хувцаслаад араас нь гараад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Манайд байхдаа ямар нэгэн зодоон болоогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р ху/,

11.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 09-ний өдрийн  № 74 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Б.Энхзаяагийн биед духанд язарсан шарх, 1 шүдний эмтэрсэн хугарал, 1 шүд бага зэргийн хөдөлгөөн орсон зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 21-р ху/,

 

  12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн  № 89 тоот нэмэлт актын дүгнэлт хэсэгт:

        1. Б.Халиунаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 24-р ху/,

 

 13.Шүүгдэгч Г.Алтантулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 34-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 28-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 29-30-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 31-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 32-33-р ху/, нэгдсэн эмнэлэг  яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх 20-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 22–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 25–р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх 36-р ху/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх 35-р ху/, зэрэг болно.

 

 Шүүгдэгч Г.Алтантулга нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б.Энхзаяагийн эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Алтантулгын өөрийнх нь  ... Тэгээд эхнэрийг архи уусан байсан учраас “яагаад архи ууж байгаа юм бэ?” гээд уурласан чинь хохирогч  Энхзаяа “чи яагаад эгчийг дээрэлхэж байдаг юм бэ? эгчийгээ авч явна” гэхэд нь нэг цохисон. Би хохирогчийг тийм аймаар цохисон гэж бодоогүй..  Би эхнэрийнхээ дүүг цохиж гэмтээчихсэндээ ихэд гэмшиж байна. ...гэх мэдүүлэг, Хохирогч Б.Энхзаяагийн ... Тэгээд би ганцаараа Халиунаа эгчийн гэрт очтол нөхөр Алтантулгатай зодолдож байсан. Халиунаа эгчийг үсдээд газар унагаад дээр нь суучихаад “пизда минь” гээд орилоод байсан. Би ч ороод хойноос нь татаад босготол үг дуугүй миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэгсэн миний хөмсөгнөөс цус гарсан. Тэгээд би гараад зугтсан. ...гэх мэдүүлэг, болон. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 09-ний өдрийн  № 74 тоот акт, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тодорхойлолт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Алтантулгад холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, түүнийг шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй  байна.

          Шүүгдэгч Г.Алтантулгын үйлдэл  нь “Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгааг харгалзан үзэж, мөн хохирогч Б.Энхзаяа нь  шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,  шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичиж өгсөн тодорхойлолтоор нь батлагдаж байх тул шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй  байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Алтантулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  зэргийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 246,  283, 284, 286, 290-р зүйлийн  290.3, 294, 295, 296,  297,  298-р  зүйлүүдийг  удирдлага  болгон  ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Сутай Бумбат овогт Гансүхийн Алтантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 248-р зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сутай Бумбат овогт Гансүхийн Алтантулга, хохирогч Боржигон овогт Батболдын Энхзаяа нар эвлэрсэн тул Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Сутай Бумбат овогт Гансүхийн Алтантулгад холбогдох 201718000071 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ гэмт хэргийн улмаас Г.Алтантулга нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шүүгдэгч Г.Алтантулгад урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэвээр үлдээсүгэй.

5. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3  дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн  304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                       С.НОЛХООСҮРЭН