Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0630

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

      

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О*********-ын Р*********,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.А*********,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б*********, Б.А*********

Гуравдагч этгээд: Б*********-ийн Н*********, П*********-ийн Ө*********, Т*********-ийн М*********, М*********-ын О*********, Ө*********-ын Я*********, Г*********-ын Э********* 

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Б*********

Маргааны төрөл: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар 6 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн нь О.Р*********-ийн газар эзэмших эрхийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*********, Б.А*********, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч иргэн О.Р*********-ээс тус шүүхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 18...., 18...., 18...., 18...., 18.... дугаар нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжийн Б.Н********* /2 нэгж талбар/, П.Ө********* /2 нэгж талбар/, Т.М*********, М.О*********, Ө.Я*********, Г.Э********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлжээ.

2.  Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/03 дугаар тогтоолын хавсралтад зааснаар тус дүүргийн 33 дугаар хороо, Тахилтад байрлах 5000 м.кв газрыг үйлдвэрлэл, аж ахуй, хөдөө аж ахуйн цогцолборын зориулалтаар дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас дуудлага худалдааг зохион байгуулжээ.

Иргэн О.Р********* нь дээрх дуудлага худалдаанд ялагч болсон тул 2021 оны 05 сарын 12-ны өдөр 2021-03-7025 дугаар бүхий “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г байгуулсан байна.

Үний дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/462 дугаар захирамжаар иргэн О.Р*********-д Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт орчимд байршилтай, нэгж талбарын 1801710703 дугаар бүхий 5000 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01116-2021/08393 дугаар газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, газар эзэмших эрхийн 000148849 дүгээр гэрчилгээг олгожээ. 

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2021 оны 06 сарын 18-ны өдрийн ГБМЗХ2021/10-045 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар авсан байна.

3.  Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт сургуулийн орчимд 

Б.Н*********-д нэгж талбарын 18... дугаартай 700 м.кв газар эзэмших эрхийн 0000104574 дүгээр гэрчилгээг, 

мөн нэгж талбарын 18... дугаартай 700 м.кв газар эзэмших газар эзэмших эрхийн 0000041231 дүгээр гэрчилгээг;

П.Ө*********-т нэгж талбарын 18... дугаартай 700 м.кв газар эзэмших газар эзэмших эрхийн 0000104577 дугаар гэрчилгээг, 

мөн нэгж талбарын 18.... дугаартай 700 м.кв газар эзэмших газар эзэмших эрхийн 0000041233 дугаар гэрчилгээг;

Т.М*********-д нэгж талбарын 18.... дугаартай 700 м.кв газар эзэмших газар эзэмших эрхийн 0000104579 дүгээр гэрчилгээг;

М.О*********-д нэгж талбарын 18..... дугаартай 700 м.кв газар эзэмших газар эзэмших эрхийн 0000104580 дугаар гэрчилгээг; 

Ө.Я*********-д нэгж талбарын 18..... дугаартай 700 м.кв газар эзэмших газар эзэмших эрхийн 0000104575 дугаар гэрчилгээг; 

Г.Э*********-д нэгж талбарын 18.... дугаартай 700 м.кв газар эзэмших  газар эзэмших эрхийн 0000104576 дугаар гэрчилгээг 15 жилийн хугацаагаар гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар олгожээ. 

4.  Нэхэмжлэгч, дээрх захирамжийн дагуу иргэдэд олгосон газар нь орц, гарцыг хаахаар байх тул шийдвэрлэж өгөхийг хүсэж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасныг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17/2203 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн эзэмшил газрын орц, гарц хаагдаагүй гэх хариуг хүргүүлжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/334 дүгээр захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр орц, гарцыг хаасан гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасныг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03-06/121 дүгээр албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус гомдлыг хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17/193 дугаар албан бичгээр тухайн байршлын эргэлтийн цэгийн орц, гарц хаагдаагүй, харин Т.М*********-ын эзэмшил  газрын орц гарц автобусны буудлаар хаагдсан байх тул өөр орц, гарц гаргах боломжгүй гэх хариуг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахин ирүүлсэн байна. 

5.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

       “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар 18.... тоот нэгж талбарын дугаартай газарт Б********* овогтой Н*********-д, 18... нэгж талбарын дугаартай газарт П********* овогтой Ө*********-т, 18.... тоот нэгж талбарын дугаартай газарт Т********* овогтой М*********-д, 18... тоот нэгж талбарын дугаартай газарт М********* овогтой О*********-д, 1801710483 тоот нэгж талбарын дугаартай газарт Ө********* овогтой Я*********-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгосон. Энэ нь миний газрын орц гарцыг хаасан, мөн худалдаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа эрхлэх боломжийг үгүйсгэх, хохирол учруулах үр дагавартай байна.

Эдгээр газрууд нь машин явах авто замтай шууд зэргэлдээ нэгж талбартай газрыг олгосон нь миний дуудлага худалдаанд ялж олж авсан эзэмших эрхтэй газрын орц гарцыг шууд хаасан. Уг газрыг дүүргийн Засаг даргаас газрын дуудлага худалдаанд оролцуулахдаа зориулалтыг “Худалдаа үйлчилгээ” гэж зарласан байсан бөгөөд түүний дараа газрын гэрчилгээг ч мөн энэ зорилгоор олгосон. Гэсэн ч намайг газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож орц, гарцыг хаасан, бодит байдал дээр газрын бусад тойрсон хэсгээр үерийн далан шуудуу болон гүүртэй, өөр газраар орох орц гарц байхгүй тул худалдаа үйлчилгээний үйлчлүүлэгчид, бүр эмнэлэг, галын машин ч орох боломжгүй болгосон байна.

Иймд миний газар эзэмших эрхийг зөрчиж Улаанбаатар хот, СХД, 33-р хороо, тахилт хаягт газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжийн Б.Н********* /2 нэгж талбар/, П.Ө********* /2 нэгж талбар/, Т.М*********, М.О*********, Ө.Я*********, Г.Э********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Б.Н*********, П.Ө********* гэх гэр бүлийн хүмүүст 2 газар эзэмшүүлсэн. 0.7 га талбай бүхий газрыг нэг хүнд хоёр удаа олгож байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/03 тоот Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэх газрын хэмжээ 700 м.кв талбай байна гэж зааж өгсөн. Тэгэхэд нэхэмжлэгч О.Р*********-ийн газрыг тойруулаад нэг хүнд 700 м.кв талбайгаас илүү буюу 1,400 м.кв талбай газрыг олгосон байна.

Ийм учраас О.Р*********-ийн хувьд авсан газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж байна. Ертөнцийн зүгээр урд талд гуравдагч этгээдүүдэд газар олгосон байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчиж, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байгаа.” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашиглах учраас зориулалтын дагуу ашиглахад түр зам гаргах нь наад захын шалгуур байх ёстой. Бусад холбогдох ёстой газруудад гуравдагч этгээдүүдийн газар байгаа юм. Иймд зориулалтын дагуу газрыг ашиглах боломжгүй болж байна. Б.Н*********, П.Ө*********, Ө.Я********* гэх эдгээр хүмүүс нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд 5 нэгж талбар бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж эзэмших эрхтэй болсон. Тухайн хаягт өөрсдөө оршин суудаг гэж өргөдөл гаргасан юм билээ. Газрын зориулалтыг авч үзэхээр гэр, хашааны зориулалтаар олгож байна гэсэн учраас олгосон зориулалтад нийцэхгүй байдлаар тухайн акт гарсан гэж харагдаж байна. 

Одоогоор авто зам руу гарах боломж байхгүй учраас нийтийн үйлчилгээ гэдэг зориулалтаар ашиглахад газар эзэмшигчийн эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг юу гэж ойлгож байгааг хэлсэн. Тэгэхээр 700 м.кв талбайгаас илүүгүй эзэмшүүлнэ гэдэг нь хэдэн ч удаагийн үйлдэл, захирамжаар байж болно. Нийт нэг хүнд ногдох хэмжээ нь 700 м.кв талбай байхаар хуульчилж тогтоож өгсөн. Ингэж зааж өгсөн байхад хариуцагч хуулийг буруу ашиглаж, хэрэглэж байгаа нь харагдаж байна. Үүнээс болж нэхэмжлэгчийн газрыг зориулалтын дагуу ашиглах эрх зөрчигдөж байна.  Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэх, ашиглуулахдаа шударга ёс, тэгш байдлыг хангах заалт зөрчигдсөн байна.” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“О.Р*********-ийн газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн 1801710703 нэгж талбарын дугаар бүхий газар нь орц, гарц хаагдаагүй, мөн дуудлага худалдаагаар зарлагдсан үеийн кадастрын зургийн эргэлтийн цэг өөрчлөгдөөгүй байна.

Нэхэмжлэгчийн гомдол гаргаж буй 18... нэгж талбарын дугаарын газар эзэмшигч Б.Н*********, 18.... нэгж талбарын дугаарын газар эзэмшигч П.Ө*********, 18... тоот нэгж талбарын дугаарын газар эзэмшигч Т.М*********, 18.... тоот нэгж талбарын дугаарын газар эзэмшигч М.О*********, 18... тоот нэгж талбарын дугаарын газар эзэмшигч Ө.Я********* нар нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/03 дугаар тогтоолыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгосон байна. Дээрх иргэдийн эзэмшил газрын кадастрын эргэлтийн цэг бусдын эзэмшил газрын орц, гарц хаагаагүй байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03-06/121 албан бичгээр ирүүлсэн иргэн О.Р*********-ийн гомдлын дагуу шийдвэрлэхээр 2 талыг байлцуулан газар дээр нь уулзалт хийхээр удаа дараа О.Р*********-ийг 4 удаа утсаар дуудсан боловч орон нутагт байгаа шалтгаанаар өөрөө ирээгүй болно.

Иймд дээрх газар эзэмшигч нарын эргэлтийн цэг бусдын эзэмшил газрын орц гарц хаагаагүй, мөн иргэн О.Р********* тухайн газраа зориулалтын дагуу эзэмшээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасны дагуу нэхэмжлэл гаргахдаа хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Гуравдагч этгээд 6 иргэнд олгосон газрууд О.Р*********-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байна. Орц гарц нээлттэй, үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой.  

Нэг удаа нэг хүнд 700 м.кв талбайг олгож, дахиад хоёр ч бай, гурав ч бай өөр нэгж талбараар олгогдоно. Харин өмчлөх эрхийн хувьд нэг удаа 700 м.кв талбай газар өмчлөхөөр Газрын тухай хуульд заасан байна.” гэв.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдагдаж буй нэгж талбарууд нь О.Р*********-ийн худалдаж авсан газрыг цахим системд бүртгэгдэхээс өмнө дүүргийн Газар зохион байгуулалтын албанд санал өгөөд бүртгэгдээд явж байсан. Үүний дараа дуудлага худалдаа цахим системээр хийгдсэн. Иргэн О.Р********* дуудлага худалдаагаар тухайн байршлыг авахдаа тухайн газрын орчныг өөрөө судалж авсан байх ёстой. Газрын харилцаа цахим системд шилжсэнтэй холбоотой egazar.gov.mn-д бүх төлөвлөгөө орсон байгаа. Үерийн далангийн асуудал нь суваг шуудуу байхгүй. Авто зам хийгдэхээс өмнө усыг зайлуулах зорилгоор хоолой хийгдсэн. Иргэний дуудлага худалдаагаар авсан байршил ус орж ирдэг хэсэг дээр төлөвлөгдсөн байгаа юм. Газар зохион байгуулалтын албанаас орц гарцыг нээлттэй үлдээсэн. Гуравдагч этгээдүүдэд газар олгосон шийдвэрийг хүчингүй болгож үндэслэлгүй гэж үзэж байна. 

Үерийн сувагтай холбоотойгоор үлдсэн хэсэгт өөрсдөө арын талбайд орц гарцаа гаргахад асуудалгүй. Тэр асуудлаа өөрсдөө шийдвэл бусдын эрх ашгийг хөндөхгүй.” гэв.

11. Гуравдагч этгээд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

            “Нэхэмжлэгч О.Р*********-ийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дүүргийн Засаг даргын 2021 оны А/334 дүгээр захирамжаар авсан газар нь хажуу айлууд болон бусдын эзэмшиж байгаа газрын эрхийг хаагаагүй, О.Р********* нь зам талаасаа болон гудамж талаасаа орц, гарц нь чөлөөтэй байгаа бөгөөд хуульд заасны дагуу холбогдох материалаа бүрдүүлэн зөвшөөрөл авсан.

            Мөн тухайн газрын орц, гарцны хэсэгт өөрийн хөрөнгөөр 26 машин шороо асгаж тэгшилсэн бөгөөд мөн миний газрын урд автобусны буудал хийгдсэнээс болж урагшаа шууд гарах орц, гарц хаагдсан байдалтай байгаа бөгөөд өөрийн хүсэлт гарган зөвшөөрөл авсан кадастрын зургийн дагуу эзэмшсэнээр миний өөрийн орц, гарц хэвээр үлдэх боломжтой.

Нэхэмжлэгч өөрийнх нь кадастрын зураг болон бодит байдал дээр орц гарц нь чөлөөтэй байхад хажууд нь байгаа хамааралгүй хүмүүсийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

12. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд нарт 2021 оны 05 дугаар сарын 14-ний А/334 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх, иргэн О.Р*********-эд 2021 оны 06 дугаар сард Нийслэлээс газар эзэмших эрх олгосон. Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүсэхээс өмнө бусад этгээдэд газар эзэмших эрхийг олгосон байна. Тэгэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа шиг Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан эрх хууль ёсны, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийсэн. Тухайн үзлэгээр газрын бодит нөхцөл байдлыг тогтоосон. Үүгээр нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тогтоогдохгүй байна. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгоход эргэлтийн цэгийг кадастрын зурагт үндэслэн хийсэн учраас гуравдагч этгээд нарт Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу газар эзэмших эрхийг олгосон. Энэ олгосон шийдвэр О.Р*********-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байна.

Бодит байдал дээр газрыг зориулалтын дагуу ашиглах боломжтой юу, зориулалтын дагуу ашиглахад энэ хүмүүс боломжийг хязгаарлаж байна уу гэдгийг тодорхойлоогүй. Үнэхээр эрхийг нь зөрчиж байна гэж үзэж байвал Газрын алба болон Засаг даргадаа хандан тухайн нөхцөл байдлыг зохицуулах бүрэн боломжтой байсан. Түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчим гэж бий. Гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг өмнө нь олгосон. Сүүлд үүссэн эрхийг хамгаалахын тулд гуравдагч этгээдүүдийн эрхийг зөрчих боломж байхгүй.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.”Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.3.“Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.”, 31 дүгээр зүйлийн 31.2.“Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, 31.3.“Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 33 дугаар зүйлийн 33.1.“Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.1.“энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;” гэж тус тус заажээ.

Тодорхойлох хэсэгт дурдсан нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн "Сонгинохайрхан дүүргийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай" 03/03 дугаар тогтоолд тус дүүргийн 33 дугаар хороо, Тахилт, Баянтуруун, Баян-Уул, Бөөр булаг, Шар цэцэгт, Зүүнтүрүүн гудамж гэх газруудад нийт 600 иргэнд 42 га газрыг эзэмшүүлэхээр, мөн Тахилт, Зүүнтүрүүнд үйлдвэрлэл, аж ахуй, хөдөө аж ахуйн цогцолборын зориулалтаар 5 га газрыг дуудлага худалдааны зарчмаар шинээр эзэмшүүлэх, ашиглуулахаар тусгажээ.  

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжаар иргэн Б.Н*********, П.Ө*********, Т.М*********, М.О*********, Ө.Я*********, Г.Э********* нарт газар эзэмшүүлсний дараа нэхэмжлэгч О.Р*********Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/462 дугаар захирамжаар газар эзэмшүүлжээ. 

Дээрх захирамжуудаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газрууд нь хоорондоо давхцаагүй, нэхэмжлэгч нь гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг зөрчөөгүй байна.  

Мөн нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар эзэмшсэн газар нь хойд талаараа гудамжтай, урд талаараа шинээр тавигдсан хатуу хучилттай замтай тул орц, гарцгүй гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийг газар эзэмшихээс өмнө бусдад газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй юм. 

Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “...намайг газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож орц гарцыг хаасан, бодит байдал дээр газрын бусад тойрсон хэсгээр үерийн далан шуудуу болон гүүртэй, өөр газраар орох орц гарц байхгүй ...” гэж тодорхойлж байх боловч энэ нь дээр дурдсан үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байх ба нэхэмжлэгчийг газар эзэмшиж эхлэхээс өмнө бусдад газар эзэмшүүлсэн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй. 

  1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.”Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.” гэж заажээ. 

            Хуулийн дээрх заалтаас үзвэл иргэнд хувийн гэр, орон сууц хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га буюу 700 м.кв байхаар байна. 

Гэтэл гуравдагч этгээд Б.Н*********, П.Ө********* нарт тус бүр 2 нэгж талбар бүхий 1400 м.кв газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан үнэ төлбөргүй  эзэмшүүлэх газрын хэмжээнээс хэтэрсэн боловч дээр дурдсанаар Б.Н*********, П.Ө********* нарт газар эзэмшүүлсэн захирамжийн улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй байна. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тухайн байршилд газар эзэмшихээр хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар эзэмшиж байгаа газраа зориулалтын дагуу ашиглах эрхийг гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн захирамж зөрчөөгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан О.Р*********-ээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжийн Б.Н********* /2 нэгж талбар/, П.Ө********* /2 нэгж талбар/, Т.М*********, М.О*********, Ө.Я*********, Г.Э********* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ДАМДИНСҮРЭН