Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 127

 

Д.Ж-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 591 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 916 дугаар магадлалтай, 201625013529 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1961 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Харагчин овогт Д.Ж нь 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Д.Ж-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, Д.Ж*ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 6 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 48 цагтай дүйцүүлэн хасч, эдлэх ялыг 252 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 916 дугаар магадлалаар 591 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Д.Ж*ыг хоёр хүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн гаргасан гомдолдоо: “...мөрдөн байцаалтын шатанд Д.Ж-г бүлэглэн зодсон Сарантуяа гэгч нь 20 хоногийн дараа гомдол гаргасан, Уянгыг хохирогчоор тогтоосноо больсон, хохирогч биш Уянгын мөнгийг төлүүлснээ нуусан, Адьяахүү гомдол гаргаагүй зэрэг байдлыг шалгаж тогтоогоогүй. Жамуухын удаа дараагийн хөдөлшгүй үнэн зөв мэдүүлгийг үнэлэлгүй, цагдаа, прокурор санаатайгаар орхигдуулсан. Анхан шатны шүүх хууль бус захирамжууд гаргаж үндэслэлгүйгээр Д.Жыг цагдан хорьсон. Хохирогч Сарантуяагийн талд илт орж хууль бус тодорхойлолтоор хохирол гаргасан зэрэг үйлдлүүд хийсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Хэргийн газрын үзлэг хийгээгүй. Хэрэг хэзээ, хэдэн цагт, хаана болсон эсэхийг тодруулаагүй. Хохирогч Сарантуяагийн 3 шүд унасан гэдэг боловч 20 хоногийн дотор хэнд яаж цохиулсан гэдгийг мэдэхгүй. Энэ талаарх нотлох баримт, гэрэл зураг, эмнэлгийн түүх хэрэгт байхгүй. Хохирлыг буруу тогтоосонд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх эсхүл Д.Ж-ыг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Д.Ж нь хоёр хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож өөрчилсөн нь үндэслэлтэй. Жамуух 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Ж-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Ж нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороолол 108 дугаар байрны 05 тоотод архидан согтуурсан үедээ иргэн Ц.Адъяахүүг “найз нөхдөө хүндлээч” гэсэн зүй ёсны шаардлага тавихад нь түүнийг түлхэн унагаж, хамт байсан иргэн Л.Сарантуяагийн нүүр рүү гараараа цохиж доод зовхинд цус хуралт, дээд үүдэн 3 шүдийг унагасан, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, мөн иргэн Ц.Адъяахүүгийн баруун нүд рүү цохиж тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтон хэсэг, баруун гарын бугалганы гадна хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл үүсгэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх Д.Ж-д холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм буруу, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Ж-ын үйлдлээс учирсан хохирлыг буруу тогтоосон гэх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. 

Харин Эрүүгийн хууулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Д.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дүгээр сарын 9-ний өдрийн 591 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 916 дугаар магадлалд:

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Д.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН