| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 131/2021/00515/И |
| Дугаар | 131/ШШ2021/00642 |
| Огноо | 2021-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 131/ШШ2021/00642
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: эмэгтэй, СЯ88121805 регистрийн дугаартай, Тавхан ургийн овогт Шижирбаатарын Хонгорзулын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: эмэгтэй, ВЮ90100326 регистрийн дугаартай, Дүмэн ургийн овогт Далайн Даринпилд холбогдох,
“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 4,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 3,600,000 төгрөг нийт 7,600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Хонгорзул /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Хонгорзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Шижирбаатар овогтой Хонгорзул нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Далай овогтой Даринпилтэй Зээлийн гэрээ байгуулан 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн болно. Гэрээний дагуу хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Даринпил нь үндсэн зээлийн төлбөрөөс хасалт хийгээгүй, 10 сараас хойш одоог хүртэл хүүгийн төлөлт төлөөгүй болно. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн 4,000,000 төгрөг, түүний хүү болох 3,600,000 төгрөг нийт 7,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Даринпил шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ш.Хонгорзулын гаргасан нэхэмжлэлийг уншаад дараах тайлбарыг гаргаж байна. Би Ш.Хонгорзулаас 4,000,000 төгрөг авсан. Би 1,200,000 төгрөг төлсөн одоо 2,800,000 төгрөг төлнө. Харин авсан мөнгөндөө тийм өндөр хүү төлж чадахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Д.Даринпилд байрны урьдчилгаанд мөнгө цуглуулж байгаа талаараа хэлж байсан. Д.Дарипил нь надад мөнгө байгаа гэдгийг мэдээд хөмсөгний салон ажиллуулдаг түүндээ тоног төхөөрөмж, материал авмаар байна. Найздаа 4,000,000 төгрөг зээлээч гээд гуйсан. Ингээд тухайн үед би хүү тохирч зээлнэ гэхэд тэрээр зөвшөөрсөн. Миний хувьд 2021 оны 3 дугаар сард байрандаа орох байсан учир 7 сарын хугацаанд мөнгөө зээлүүлсэн. Мөнгө зээлүүлсэн хугацаанаас хойш 15 сарын хугацаа өнгөрсөн энэ хугацаанд үндсэн зээлээс нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Эхний 3 сарын хүү 1 сард 400,000 төгрөгийг өгсөн байдаг. Зээлийн гэрээнд зааснаар гэрээний хугацаа дууссанаас хойш хоногт 0,5 хувийн алданги тооцно гэж заасан хэдий ч миний хувьд найзыгаа гэж бодоод алданги тооцоогүй 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл нийт 9 сарын хүү болон үндсэн зээлийн мөнгөө нэхэмжилсэн байгаа. Миний зүгээс Д.Даринпилд хандан зээлсэн мөнгөний хүүгээ төлөх талаар байнга шаардаж байсан бөгөөд сүүлдээ тэрээр утсаа авахаа больсон. Тухайн үед хөл хорио тогтоосон тул хүү төлөхөд хэцүү байгаа талаараа Д.Даринпил хэлж тайлбарлаж байсан. Миний зүгээс түүнд боломж олгож хуваагаад ч болов хүүгээ өгч болно, заавал бүгдийг нь өг гэж шаардахгүй гэж хэлж байсан хэдий ч тэрээр мөнгөө өгөлгүй 15 сарын хугацаа өнгөрсөн байна. Би үнэхээр гомдолтой байна” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээ хийгдсэн байна. Зээлийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулж сарын 10 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байх бөгөөд тухайн үед Д.Даринпил зээлийн хүүг төлөх бүрэн боломжтой байсан нь 8, 9, 10 саруудад хүү төлж байсан хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Учир нь Монгол Улсад коронавирус бүртгэгдэж, орон нутагт тараахгүйн тул Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 255 дугаар захирамж, мөн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/260 дугаар захирамжуудаар хэд хэдэн арга хэмжээ авсны дотор гоо сайхан, салоны үйл ажиллагааг зогсоож арга хэмжээг авсан байдаг. Энэ захирамж гарснаас үүдэлтэйгээр Д.Даринпилын явуулж байсан үйл ажиллагаа бүрэн зогссон учир Ш.Хонгорзулаас зээлсэн мөнгөний хүүгээ төлж чадахгүй болсон энэ талаараа хэлсэн байдаг. Зээлийн гэрээ дээр зээлийн эргэн төлөх хугацааг 7 сар гэж тодорхой заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд хандан 12 сарын хугацааны хүүг тооцон нэхэмжлэлээ гаргасан байдаг. Үүрэг гүйцэтгэх хугацааг Иргэний хуулийн 208 дугаар зүйлд зааснаар энэ зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хугацаа нь 7 сар байгаа тул 12 сарын хүү тооцсон нь хуульд зааснаар үндэслэлгүй байна. Мөн зээлийн гэрээний хүү нь харьцангуй өндөр тогтоосон байдаг бөгөөд энэ талаар банкны зээлийн хүүг харьцуулсан гарын авлагуудыг баримтаар гарган өгсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар “...хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно...” гэж зааснаар зээлийн хүүг багасгаж болно гэж заасан байгаа тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гаргана гэж бодож байна. Д.Даринпил нь үндсэн зээл 4,000,000 төгрөг болон үлдсэн 4 сарын хүүгээ 5 хүртэл хувиар бууруулж төлөхөө илэрхийлсэн” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Хонгорзулаас хариуцагч Д.Даринпилд холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 4,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 3,600,000 төгрөг нийт 7,600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ш.Хонгорзул нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 4,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 12 сарын хугацааны зээлийн хүүд хариуцагчаас төлсөн 1,200,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл хүү 3,600,000 төгрөгийг тус тус гаргуулах гэж тодорхойлсон.
Хариуцагч Д.Даринпил нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийн зээл авч 1,200,000 төгрөгийг төлсөн. Зээлийн хүү хэтэрхий өндөр учир хүү төлж чадахгүй” гэж маргаж байна.
Шүүхээс зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Зохигчид 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 7 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор 4,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй.
Дээрх зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, 282.3-т “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд 10 хувийн хүү төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч Ш.Хонгорзул нь гэрээнд заасны дагуу 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Д.Даринпилд 4,000,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлэн өгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан “...эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн” тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Талуудын хороонд байгуулсан зээлийн гэрээгээр 4,000,000 төгрөгийн хүүд сарын 10 хувь буюу 400,000 төгрөгийг төлөхөөр, гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 21-ны өдөр дуусахад хариуцагч, нэхэмжлэгчид үндсэн зээл 4,000,000 төгрөг, 7 сарын зээлийн хүү 2,800,000 төгрөг нийт 6,800,000 төгрөг төлсөн байх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь зээлийн хүүд 1,200,000 төгрөг төлж, үлдэх гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримтад зохигчид маргаагүй.
Зохигчид Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу хүү төлөхөөр тохирсон тул нэхэмжлэгч хүү тооцон шаардах эрхтэй байх ба нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4,000,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх зээлийн хүүд 3,600,000 төгрөг нийт 7,600,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч зээлийн хүүд 3,600,000 төгрөг нэхэмжлэхдээ гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар, гэрээгээр тохирсон сарын 10 хувийн хүүгийн хэмжээгээр тооцон нэхэмжилж байгаа боловч хэрэгт гэрээний хугацааг сунгасан талаар шүүхэд ямар нэг баримт гаргаж ирүүлээгүй.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасан боловч энэхүү зохицуулалт гэрээний талууд тухайн зээлийн гэрээнд хугацаа дууссанаас хойш зээлийн хүүг төлөх талаар урьдчилан тохирсон буюу гэрээгээр тохиролцсон байх шинжийг агуулдаг.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуульд зааснаар гэрээний хугацаа дууссан хугацааны хүү шаардах эрхгүй байх ба хариуцагч гэрээ ёсоор гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүүг төлөх нэмэлт үүргийг талуудын тохиролцоогоор хүлээгээгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох талаар тусгасан боловч нэхэмжлэгч хариуцагчаас алданги төлүүлэх талаар нэхэмжлээгүй болохыг дурдъя.
Хариуцагчийн татгалзлын үндэслэл болох Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэсэн зохицуулалт нь гэрээний нэг тал нөгөө талдаа эдийн засгийн хувьд илтэд хохиролтой, сөрөг байдлаар хандсан нөхцөл тогтоогдсон байхыг шаардана.
Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтаар Хаан банк, Төрийн банк, Хас банкны бизнес зээлийн хүүгийн талаарх танилцуулгын гаргаж ирүүлсэн.
Хэдийгээр хүү төлөх нь зээлдэгчийн хариу үүрэг боловч уг төлбөрийн хэмжээг бууруулахад зээлийн гэрээгээр тохирсон хүүгийн хувийг, зээлийн хүүгийн зах зээлд тогтсон жишиг буюу иргэд хоорондын зээлийн гэрээгээр тогтоож буй хүүгийн дундаж хэмжээтэй харьцуулах нь зээлийн хүүгийн хэмжээ “зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон” гэж үзэх үндэслэл, нийтээр хүлээн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн гэрээнд заасан сар бүрийн хүү, үндсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөнөөс хүү хуримтлагдсан нь уг хүүгийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч 7 сарын хугацаатай зээлийн гэрээний дагуу 3 сарын хүүд 1,200,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгчид үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,600,000 /7 сарын хүү 2,800,000-1,200,000=1,600,000/ төгрөг нийт 5,600,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.Даринпилээс гаргуулж нэхэмжлэгч Ш.Хонгорзулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн хүүд нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Даринпилээс 104,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Хонгорзулд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Д.Даринпилээс 5,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Хонгорзулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Хонгорзулаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Даринпилээс 104,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Хонгорзулд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧт О.БАТДОРЖ