| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2021/00451/И |
| Дугаар | 133/ШШ2021/00502 |
| Огноо | 2021-11-12 |
| Маргааны төрөл | Бүхэн хэмжээгээр хариуцлага, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 133/ШШ2021/00502
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Бигэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Т.Ү,
хариуцагч: Н.О нарт холбогдох
859,420 төгрөгийн авлага барагдуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Н, хариуцагч Т.Ү, хариуцагч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Бигэр сумын Ерөнхий боловсролын сургууль нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2020 оны санхүүгийн тайланд Говь-Алтай аймгийн Төрийн аудитын газрын төсвийн гүйцэтгэлийн аудит хийгдэж, шалгалтын мөрөөр 859,420 /найман зуун тавин ес дөрвөн зуун хорин/ төгрөгийг төсвийн хөрөнгөөс үндэслэлгүйгээр зарцуулсан, эзэн нь тодорхойгүй он дамнасан авлагын төлбөрийг барагдуулж, тус байгууллагын дансанд төвлөрүүлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/92 дугаар бүхий акт тавигдсан. Актын мөрөөр нэхэмжлэгч байгууллага талаас дараах ажлуудыг зохион байгуулсан. 2016 оны авлагын дэлгэрэнгүй журналаас үзэхэд иргэн Х.П-н нэр дээр цалингийн авлага үүссэн байсныг үндэслэн сургуулийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 тоот албан бичгийг хүргүүлснээр цалин авах үндэслэл байхгүй, ажиллаж байгаагүй гэсэн хариу мэдэгдсэн. 2014-2017 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд Бигэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Т.Ү-д тус авлагын талаар танилцуулахад тодорхойгүй хариу өгсөн. 2015-2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.О-той холбогдож, асуудлыг танилцуулахад 2014-2015 онд байгууллагын төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн аудитортой холбогдож хариу өгөхөөр болсон. Хэсэг хугацааны дараа холбогдож өөрт хамааралгүй, тодорхой бус хариуг өгсөн. Иргэн Х.П-н нэр дээр үүссэн авлагыг 2014, 2015 оны санхүүгийн баримтуудаас шүүн үзэхэд 859,420 төгрөгийн авлага нь 2014, 2015 оны аудитын шалгалтаар тавигдсан буруутай этгээдээр төлүүлэх хоолны зардал болох 587,100 төгрөг, 2015 онд гэрээгээр ажилласан 2 багшаас нийгмийн даатгал, татвар суутгалгүйгээр цалин шууд олгосон зөрчлийн нийлбэр болно. Энэхүү авлагыг 587,100 төгрөг бүхий хоолны зардлыг 2014 оны аудитын тайланд буруутай этгээдээр төлүүлэх авлага үүссэн байсныг төсвийн хөрөнгөнөөс актыг төлж барагдуулсан. 2015 онд 272,300 төгрөгийн цалингийн авлага гэрээт ажилчид дээр үүссэн. Авлага одоо хүртэл төлөгдөөгүй байна. Эдгээр зөрчлөөс харахад нягтлан бодогчийн ажлын буруугаас иргэн Х.П-д цалингийн авлага үүссэн гэж үзэж байна. Иймд 2014, 2015 онуудад ажиллаж байсан сургуулийн захирал Т.Ү, нягтлан бодогч Н.О нараар дээрх авлагыг барагдуулах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-алтай аймгийн Аудитын газраас Бигэр сумын дунд сургуулийн 2014, 2015 оны санхүүгийн баримтад шалгалт хийж үргүй зардал гаргаж байгууллагыг хохироосон гэсэн үндэслэлээр дотуур байрны хүүхдийн хоол, үдийн цай хөтөлбөрийн төсөв хэтрүүлсэн 587,1 мянган төгрөгийн авлага үүсгэсэн. Тухайн үед аудит хийсэн Х.Б-с нэр бүхий хүмүүсээр төлүүлнэ. Араас чинь холбогдох хүмүүсийн нэрсийг явуулна гэж хэлсэн боловч явуулаагүй. Багш, эцэг, эхчүүдийн хүсэлтээр Ардын дуу бүжгийн Алтай чуулгын бүжигчин Х, хөгжимчин И нарыг урьж авчирч 1 сарын хугацаанд 100 гаруй сурагчдад хичээл заасны ажлын хөлсний нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутган тооцоогүй гэдэг нэрийдлээр 272,3 мянган төгрөг, бүгд 859,4 мянган төгрөгийн зардал гаргаж байгууллагыг хохироосон гэдэг үндэслэлээр холбогдох хүнээр төлүүлж тус сургуулийн дансанд оруулахаар нягтлан бодох бүртгэлд авлагаар тусгаж байсан. Тухайн үед сургалт явуулсан хоёр багшийн цалинг олгохоор тооцоход Х.П-н нэрийн данс руу цалинг гарах анхан шатны санхүүгийн баримт ирсэн Нягтлан бодогчийн зүгээс санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэж цалинг олгосон. Нягтлангийн санхүүгийн программыг буруу архивласан учраас энэ бүгд 1 хүн дээр авлага болон программд буруу татагдаж гарсан үзэж байгаа. Энийг надаас ажил авсан нягтлан маань засаж залруулж нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс үүдэлтэй гэж үзэж байна. Байрны хүүхдийн хоол, үд цай хөтөлбөрийн зардлын зүйл анги хэтэрсэн нь хүүхдийн тоо нэмэгдсэн, барааны үнэ төлөвлөсөн хэмжээнээс харьцангуйгаар нэмэгдсэн зэргээс шалтгаалсан. Бүжигчин Х, хөгжимчин И нарт олгосон ажлын хөлснөөс суутгал хийгээгүй нь дээрх хоёр багш бид хоёр татвар төлдөг дэвтэртэй Татварын хэлтэстэй сар бүр тооцоо хийдэг гэж тайлбар өгсөн тул авсан цалинг дэвтэр дээр нь таглаж өгсөн. Миний бие энэ ажлаа хийж байсан бол тухай үед нь холбогдох шийдвэрийг гаргаж авлагыг барагдуулах байсан. Төрийн залгамж халаа үргэлжилж байх зарчимтай тул одоогийн захирал, нягтлан бодогч нар хариуцан барагдуулах үүрэг хүлээх байх гэж ойлгож байна. 2014 онд 2 гэрээт багшийн цалин бүтнээр нь өгсөн. Хоолны мөнгөн дээр авлага үүсгэсэн. Байрны багш, нярав, ахлах тогооч нар дээр төлүүлэхээр явуулсан. Нягтлан бүртгэл дээр авлага биш нягтлан бодох бүртгэлийн стандартаар хөтлөөгүй гэж үзэж байгаа учраас одоо ажиллаж байгаа захирал нягтлан бодогч нар хариуцах ёстой. 2 хүний нийгмийн даатгалын шимтгэл татвар өгөхдөө би татвар аваагүй П гэдэг хүний нэрийн данс руу шилжүүлж өгсөн гэв.
Хариуцагч Т.Ү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 587,100 төгрөгийн П-тэй холбоотой акт бол намайг ажилд орохоос өмнө тавигдсан акт. 272,300 төгрөг бол гэрээт багш ажиллуулсан. Тэр багшийн цалингаас шимтгэл авсан гэсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад хариуцагч Т.Ү, Н.О нараас 859,420 төгрөгийн авлага барагдуулах тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Бигэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Бигэр сумын Ерөнхий боловсролын сургууль нь хариуцагч Т.Ү, Н.О нараас 859,420 төгрөгийн авлага барагдуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь шүүх хуралдаанд ... 859,420 төгрөгийн авлага нь 2014, 2015 оны аудитын шалгалтаар тавигдсан хоолны зардал болох 587,100 төгрөг, 2 гэрээт багшийн цалингаас нийгмийн даатгал татвар суутгалгүй өгсөн цалингийн 272,300 төгрөг байгаа ... тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогчийн ажлын буруугаас иргэн Х.П-д цалингийн авлага үүссэн, ... 2014, 2015 онуудад ажиллаж байсан сургуулийн захирал Т.Ү, нягтлан бодогч Н.О нараар төлүүлж өгнө үү ... гэж,
Хариуцагч Т.Ү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...587,100 төгрөгийн П-тэй холбоотой акт бол намайг ажилд орохоос өмнө тавигдсан акт, 272,300 төгрөг гэрээт багш ажиллуулсан. Гэрээт багш н.И, н.Х нарын цалинг П гэдэг хүний данс руу шилжүүлж өгсөн ... гэж,
Хариуцагч Н.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...2014 онд 2 гэрээт багшийн цалин бүтнээр нь өгсөн. Хоолны мөнгөн дээр авлага үүсгэсэн. ... Нягтлан бодох бүртгэл дээр авлага биш нягтлан бодох бүртгэлийн стандартаар хөтлөөгүй гэж үзэж байгаа учраас одоо ажиллаж байгаа захирал, нягтлан бодогч нар хариуцах ёстой, ... 2 багшийн нийгмийн даатгалын шимтгэл аваагүй..., цалинг Х.П гэдэг хүний данс руу шилжүүлсэн гэж тус тус маргажээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ...Говь-Алтай аймгийн Бигэр сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн 000005191 дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар Говь-Алтай аймгийн Бигэр сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн 0002600 дугаартай сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар Говь-Алтай аймгийн Бигэр сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн 000151744 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймгийн Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/92 тоот төлбөр барагдуулах тухай акт, Говь-Алтай аймгийн Бигэр сумын дунд сургуулийн авлагын тайлан, авлагын дэлгэрэнгүй жагсаалт, Говь-Алтай аймгийн аудитын газраас Говь-Алтай аймгийн Бигэр сумын дунд сургуулийн 2014, 2016 онд хийсэн санхүүгийн аудитын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Х.П-н гар өргөдөл зэргийг хэрэгт нотлох баримтаар гаргажээ.
Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас Говь-Алтай аймгийн Бигэр сумын дунд сургуулийн төсвийн 2020 оны санхүүгийн тайланд аудит хийж, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 04/92 тоот төлбөр барагдуулах актаар 1 зөрчлийг илрүүлж, санхүүгийн тайланд 859,4 мянган төгрөгийн эзэн тодорхойгүй он дамнасан авлагыг тогтоож, төлбөрийн актын биелэлтийг 2021 оны 07 дугаар сарын 15-ны дотор аймгийн Аудитын газарт ирүүлэхийг Бигэр сумын дунд сургуулийн захирал Т.М, нягтлан бодогч Э.Н нарт үүрэг болгожээ.
Нэхэмжлэгч Т.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нар нь аудитын шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй, аудитаар тогтоосон 859,420 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа нь нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргаж ирүүлсэн Говь-Алтай аймаг дахь Аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/92 дугаартай актыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг төлбөр барагдуулах актаар тогтоосон 859,4 мянган төгрөгийг хариуцагч Т.Ү, Э.О нар хариуцан төлж барагдуулах нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайлбал 2014, 2015 оны аудитын шалгалтаар тавигдсан хоолны зардал болох 587,100 төгрөг, 2015 онд гэрээгээр ажилласан 2 багшаас нийгмийн даатгал, татвар суутгалгүйгээр цалин шууд олгосон 272,300 төгрөгийн цалингийн авлагыг төлүүлэх буруутай этгээд нь хариуцагч Т.Ү, Э.О нар мөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж хуульчилжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч болон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй дурдах нь зүйтэй байна.
Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 859,420 төгрөгийн авлагыг хариуцагч Т.Ү, Э.О нар хариуцах болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Төрийн Аудитын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Бигэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлтэй, Т.Ү, Н.О нарт холбогдох, 859,420 /найман зуун тавин есөн мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийн авлага барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ