| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2021/00436/И |
| Дугаар | 133/ШШ2021/00503 |
| Огноо | 2021-11-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 133/ШШ2021/00503
Говь-Алтай аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ж.Б-н нэхэмжлэлтэй
хариуцагч: С.Ж-д холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,
Хүү Ж.С, Ж.Х нарыг өөрийн асрамжинд авах, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч С.Ж, түүний өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 2015 онд С.Ж-тай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016 онд хүү С, 2018 онд хүү Х нар төрсөн. Бид хамтран амьдрах хугацаандаа албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. 2015-2021 оны 03 сар хүртэл 5 жил хамтран амьдрах хугацаанд архи уудаг байсан. Эрүүлдээ ч зан ааш нь засрахгүй байсан учраас С.Ж-с салахаар болсон. Ж.С, Ж.Х нарын эцэг болохыг тогтоож, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Миний бие 2 хүүгээ өөрийн биеэрээ өсгөж хүмүүжүүлсэн өөрийн асаргаандаа авч амьдармаар байна. Сургууль, цэцэрлэгт хоёулаа явж байгаа. Ээжийн үүрэг хариуцлага сайн биелүүлэн, асран хамгаалж ажил хийн өөрийн биеийг өвдсөнийг үл хайхран шөнө нойргүй эмнэлэгт 8 хоноглон хүүхдийнхээ төлөө сайн явж ажлаа хийж өсгөж байгаа тул Ж.С, Х 2 хүүхдээ өөрийн нэр дээрээ өсгөж өөр дээрээ байлгамаар байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариу тайлбар гаргаж байна. Минии бие 2015 онд Ж.Б-тэй танилцаад хуримаа хийж нэг гэртээ орсон. Түүнээс хойш 2 хүүхдийн аав, ээж болж амьдарч байна. 2016 онд хуу Ж.С-, 2018 онд хүү Ж.Х- нар төрсөн. Миний бие архи ууж эхнэр хүүхдээ айлган зодож байгаагүй. Хаяадаа жилд ганц нэг удаа л архи уудаг тэгээд эхнэр хүүхдээ юм хэлж байгаагүй, сүүлийн 2-3 жилд архи огт уугаагүй. Манай эхнэр 2021 оны 4 сарын 19-ний шөнийн 12 цаг өнгөрч байхад баз Нэргүйг дуудаж аймаг орж шүдээ авхуулаад ирье гэж яваад гэртээ очоогүй өдий хүрч эаигаа юм. Тухайн үед хувцасаа боогоод аваад явах гэхэд нэг хоноод ирэхийн хооронд ямар олон хувцас авч явдаг юм гэхэд би угаагаад ирнэ гэж хэлээд аваад авсан юм. Тэгээд гэртээ ирэхгүй болохоор нь 5 сарын 22-нд хөл хорио тавигдаад нэг мал аваад, шинэ шөл уулгая гэж бодоод, ноолуураа аваад хүүхдүүдтэйгээ хамт ирсэн. Ингэж ирэхэд энд Болдбаатарын эмнэлэгт асрагчаар ажилд орсон байсан. Тэгээд дахиад хөл хорио тогтоож магадгүй байсан тул би буцах болоход хүүхэд харах хүн байхгүй, аваад яв гэсэн ингээд би хүүхдүүдээ аваад буцсан. Үүнээс хойш хэд хэд буцаж ирэхэд ажилтай гээд яваагүй, одоо болохоор сална гээд шүүхэд өргөдөл өгсөн байна. Миний бие хэрвээ салахаар бол хүүхдүүдээ өөрөө авна. Манай эхнэр аймагт ажил хийсэн нэртэй хүүхдүүдээсээ зугтаад уулзахгүй байгаа. Манай 2 хүүхэд надаас салдаггүй юм. Манай эхнэр надаас салж амьдраад орох орон гэр байхгүй, хүүхдүүдээ ч тэжээгээд аваад явах боломжгүй юм. Би хавар ирээд хүүхдүүдээ ээж дээр нь үлдээгээд явах гэхэд хадам ээж уурлаад чиний хүүхдүүдийг чинь харах хүн байхгүй, авч яв гэж уурлаад би оуцаагаад аваад явж байсан юм. Манай том хүү ээжийгээ дагаж ирсэн хүү Тэмүүлэн одоо 7 настай, оургуульд суугаад аймагт хадамынд байдаг юм. Дундах хүү 5 настай, бага хүү 3 настай, би 2 бага хүүтэйгээ амьдардаг юм. Иймд энэ хүнийг салахаар бол 2 бага хүүгээ өөрөө авна. Нэхэмжлэлийг эөвшөөрөхгүй байна. С.Ж миний бие Ж.Б-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие Ж.Б-тэй 2015 онд танилцаад хуримаа хийж нэг гэртээ орж байсан. Бидний дундаас 2016 онд хүү Ж.С-, 2018 онд хүү Ж.Х- нар төрсөн. Манай эхнэр надад худлаа хэлж аймаг яваад гэртээ ирээгүй шүүхэд өргөдөл өгсөн байгаа. Миний бие 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авч, ээж Ж.Б-с нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Ж.Б нь хүүхдүүдээ тоодоггүй, би 2 жаахан хүүхэдтэйгээ хамт байж байгаад эхнэрээ хот явна гэх сургаар нь эхнэртээ 2 хүүхдээ авч ирж өгсөн юм. Одоо над руу байнга ярьж 2 хүүхдээ ав гэж байгаа . Ж.Б нь хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа аваад явах боломжгүй тул хүүхдүүдээ би өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна. Иймд хүү Ж.С, Ж.Х нарыг эцэг миний асрамжинд үлдээж, ээж Ж.Б-с тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хэрвээ ээж Ж.Б нь зөвшөөрвөл бид 2 хүүгээ 1, 1-ээр нь авах боломжтой байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч С.Ж-д холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах,
Хариуцагч С.Ж нь нэхэмжлэгч Ж.Б-т холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Ж.Б, С.Ж нар зан заншлын дагуу 2015 онд хурим найраа хийсэн талаар тайлбарлаж байх боловч гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож, хамтын амьдралтай байх хугацаанд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүү Ж.С, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү Ж.Х нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Ж.С-н 8237000031, Ж.Х-н 8237000007 дугаартай төрсний гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
3.
Хэрэгт авагдсан 8237000031, 8237000007 дугаартай төрсний гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт эцгийн овог нэр З овгийн С.Ж, эхийн овог нэр О овгийн Ж., хүүхдийн овог нэр З овгийн Ж.Сумъяабазар нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрснийг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төрсний бүртгэлд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, хүүхдийн овог нэр З овгийн Ж.Х нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрснийг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төрсний бүртгэлд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус тус бүртгэж, гэрчилгээ олгов гэжээ. Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар эцгийг нь захиргааны журмаар тогтоожээ.
Мөн хариуцагч С.Ж нь Ж.С, Ж.Х нарыг өөрийн хүү мөн болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, ... өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, ... эцэг, эхийг тогтооно гэж заасны дагуу Ж.С, Ж.Х нарын эцэг Ж мөн болохыг захиргааны журмаар тогтоосон байх тул нэхэмжлэгчийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дах хэсэгт гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэж тус тус заасны дагуу буюу нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч С.Ж нар нь гэр бүл болж эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй байх тул хариуцагчийн хүү Ж.С, Ж.Х нарыг өөрийн асрамжинд авах, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох хүү Ж.С, Ж.Х нар нь эх Ж.Б-н асрамжид байгаа болон ахуй нөхцөл, эцэг, эхийн хайр, анхаарал халамж, ээнэгшсэн орчин зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг тус тус баримтлан 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүү Ж.С, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү Ж.Х нарыг эх О овгийн Ж.Б-н асрамжид үлдээж, хариуцагч С.Ж-н хүүхдүүдийг өөрийн асрамжид авахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4.
Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, 21.5. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүү Ж.С, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү Ж.Х нарт хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг С.Ж-р тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүүхдийн эцэг эх тусдаа амьдарсан ч үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх эрх болон үүрэг хэн алинд нь хэвээр үлддэг бөгөөд эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг тул хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хөгжих эрхээ хэрэгжүүлэх эрхтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ж.Б-т үүрэг болгох нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг С.Ж-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ж.Б нарт даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 210,728 /хоёр зуун арван мянга долоон зуун хорин найман/ төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 140,528 /нэг зуун дөчин мянга таван зуун хорин найм/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч С.Ж-с 70,328 /далан мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-н Ж.С, Ж.Х нарын эцэг З овгийн С.Ж-н мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүү Ж.С, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү Ж.Х нарыг эх Ж.Б-н асрамжид үлдээж, хүүхдүүдийг асрамжидаа авах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүү Ж.С, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү Ж.Х нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Ж-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч С.Ж нарт үүрэг болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Ж.Б-т даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 210,728 /хоёр зуун арван мянга долоон зуун хорин найм/ төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 140,528 /нэг зуун дөчин мянга таван зуун хорин найм/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч С.Ж-с 70,328 /далан мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-т олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ