| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/0069/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/56 |
| Огноо | 2024-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч Н.Баасанжав,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Г овогт Д.О, регистрийн дугаар //
Шүүгдэгч Д.О нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 02 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Их-Уул сумын “Баян-Ухаа” багийн нутаг дэвсгэрт байрлах “Ундрах” зоогийн газрын гадна иргэн С.Дтай маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн ухархайн дотор хана, зүүн самалдаг ясны хугарал бүхий гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч С.Дт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.
Хохирогч С.Д нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
-Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв.
-Улсын яллагч Н.Баасанжав нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.О нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 02 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Их-Уул сумын “Баян-Ухаа” багийн нутаг дэвсгэрт байрлах “Ундрах” зоогийн газрын гадна иргэн С.Дтай маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн ухархайн дотор хана, зүүн самалдаг ясны хугарал бүхий гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Яллагдагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид 3,000,000 төгрөг төлсөн. Хохирогч 4 сая төгрөг нэхэмжилсэн. Үлдэх нэг сая төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байгаа. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож шийдвэрлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хохирогчид 1 сая төгрөгийг төлөхөө илэрхийлсэн учраас түүнээс гаргуулахаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна...” гэв.
-Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.О нь хохирогч С.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлтийг прокурорын зүгээс хангаж шийдвэрлэсэн. Хохирогч нь 4 сая төгрөг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч 3,000,000 төгрөг төлсөн. Үлдэх нэг сая төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байгаа. Хувийн байдлын тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг тодорхой хэмжээнд төлсөн, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн байгаа. Иймд прокурортой тохиролцсон буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгуулах саналтай байна...” гэв.
Эрүүгийн 2424000000045 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
- Хохирогч С.Дын “...2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Их-Уул сумын Хонгор багийн Овооны тахилга наадамд найзуудын хамт оролцчихоод ирээд орой 22 цагийн орчим найз Батбаатар түүний эхнэр Б, *******, түүний эхнэр ******* нарын хамт гэр бүлийн хүнтэйгээ Ундрах зоогийн газарт орж хоол хийж идээд, бүжгийн зааланд нь бүжиглэж байгаад Батбаатар болон түүний эхнэрийн хамт гартал П гадаа байхаар нь найзаасаа тамхи асаах гал авчхаад байж байтал О бас нэг танихгүй залуу хамт зогсож байсан. Тухайн үед О надтай маргалдаад миний нүүр рүү цохиод авсан тэр үед хальт барьцалдаж аваад салсан. Хэрүүл маргаан дууссаны дараа миний хамраас цус гараад байсныг цаасаар арчиж тогтоогоод дотогшоо ороод эмнэлэг рүү очиж үзүүлчхээд гэртээ харьсан Би тухайн болсон асуудлын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...Би зодуулснаас болж тухайн үед миний зүүн нүд хөхөрч хавдсан байсан. Зүүн нүдний доод зовхи 1см орчим язарсан байсан. мөн хамар хавдартай байсан. Би Улаанбаатар хот явж нарийн мэргэжлийн үзлэг хийлгэсэн. Хамар S хэлбэрийн мурийлттай, хамрын багана яс, самалдаг яс хугаралтай, цөмрөлттэй хавдар бүрэн арилсны дараа хагалгаанд орох шаардлагатай гэсэн. О надад 3 сая төгрөгийг хохиролд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-9 хуудас/,
-Гэрч Э.П “...2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн орчим Д болон Б нар гэр бүлийн хүмүүсийн хамт манай гэр бүлийн ажиллуулдаг “Ундрах” нэртэй зоогийн газарт ирж эхлээд шовгор байшинд, дараа нь рестораны зааланд найд нөхдийн хүрээнд жаахан ууцгааж суусан. Шөнө 02 цагийн орчим би тамхилах гээд гартал О гэх залуу гадна ирээд хэрүүл маргаан үүсгэх маягтай зүйл яриад байх үед Д миний араач гарч ирээд Отай хэрүүл маргаан хийгээд барьцалдаж аваад газарт унасан. Тухайн үед би тэр хоёрыг салгачхаад байж байтал дахин Д, О нарын хооронд цохион зодоон болохоор нь салгатал Дын хамраас цус гарч байсан. Тэгээд би та нар ингэж болохгүй гээд уг зодооныг болиулсан. Өөр зүйл болоогүй...Д манайд ирэхдээ ямар нэгэн шарх сорвигүй байсан. Зодоон хийсний дараагаар Дын зүүн нүдний ухархай хэсэгт язраад цус их гарч байсан. Оын биед ямар нэгэн шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуудас/,
-Гэрч Э.Б “... 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Д болон бусад найз нарынхаа хамт ******* гэх найзынхаа ажиллуулдаг Ундрах зоогийн газарт хоол унд идээд бүжиглээд нэлээдгүй орой болсон үед манай найз Д орж гараад тамхи татаад харагдсан. Тэгээд сүүлд гараад бие засчхаад машиныхаа хажууд тамхи татаад зогсож байхад манай эхнэр Чимэдбямба намайг миний хань жаахан уусан байна энд хүмүүс маргалдаад байх шиг байна тийшээ яваад яах вэ гээд байж байтал хүмүүс том том дугараад пижигнэлдээд байхаар нь яваад очтол Дын хамар амнаас цус гарсан байдалтай намайг О зодчихлоо гэж байсан. Тухайн үед Дыг зодсон гэх О зугтаад гүйж харагдсан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуудас/,
-Гэрч Б.Б “ ...2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хонгор багийн овооны баяр болсон. Тэр өдөр бид нар найзуудтайгаа 23 цаг өнгөрч байхад Ундарга зоогийн газрын караокед орж үйлчлүүлсэн. Тухайн үед хохирогч Д нь бид нартай хамт явж байсан. Би *******той хамт гадаа тамхи татаад зогсож байхад О, Бат-Өлзий хоёр цагдаагийн постоос ирж байна гэсэн. Тэгээд юм яриад зогсож байхад Д гарч ирээд гал байна уу ? гэхээр нь бид хоёрт гал байхгүй гэсэн. Тэгтэл Оаас гал асуугаад байж байсан. Тэгтэл гэнэтхэн хоорондоо зодолдоод эхлэхээр нь Бат-Өлзий тэр хоёрыг салгасан. Тэгтэл Д дахиж О руу дайраад дахиж барьцалдаж аваад бие биеийнхээ дээр доор ороод зодолдоод байхаар нь салгасан. Тэр хоёрыг салгахад Дын нүднийхэн доод тал хамрынхан хажуу талаас бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Харин О надаас нэлээн зайтай зогсож байсан болохоор түүний биед ил харагдах гэмтэл шарх байсан үгүйг нь бол мэдэхгүй байна. Тэглээч гадаа харанхуй шөнө болсон байсан. Би удалгүй тэд нарыг орхиод эхнэр бид хоёр машиндаа суугаад явсан. Цаашаа ямар асуудал болсныг мэдэхгүй. Тухайн зодоон юунаас болсныг мэдэхгүй, Д нь Од ахархаад хүүхэд, бацаан гэж дуудсанаас болсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 хуудас/,
-Гэрч Б. “...2024 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа цагдаад баригдсан. Би Од Их-Уул сумын замын цагдаа дээр байна гэхэд цагдаагийн пост нь дээр ирсэн. Тэгээд бид хоёр хэсэг постын хажууд байж байгаад гүүр гараад алхаад явж байхад Ундарга зоогийн газрын үүдэнд *******, Буянбат хоёр зогсож байсан. О найз *******той уулзан гэхээр нь бид хоёр очоод юм яриад зогсож байхад караокены өрөөнөөс Д гарч ирээд гал байна уу ? залуучуудаа гэсэн. Тэгтэл О гал байхгүй гэхэд гал байлгаадах гэхэд гал байлга гээд О, Д нар түүнээс болж маргалдаж эхэлсэн. Тэгтэл Д нь чи яасан том банди бэ ? надад Их-Уулд томрох хүн байхгүй, чи хэн бэ ? гээд гүйж очоод цамцны захнаас нь барьж аваад барьцалдаад бие биеэ цохиж эхэлсэн. Тэгэхээр нь салгаад Оыг холдуулсан тэгтэл Д нь гүйж ирээд дахиад зодолдох гээд байхаар нь болиулсан. Намайг бие засах гээд явсан хойгуур тэр хоёр дахиж барьцалдаж аваад дээр доороо ороод зодолдоод байхаар нь Оыг салгаж аваад явсан. О, Д нарын аль алиныхан хамраас нь цус гарсан байсан. Өөр гэмтэл байсан үгүйг нь бол хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуудас/,
-Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаярын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 000000234 дугаартай: “...С.Дын эрүүл мэндэд зүүн ухархайн дотор хана, зүүн самалдаг ясны хугарал, баруун, зүүн нүдний урд хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал хохирол тогтоогдлоо. Учирсан хохирол нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. С.Дын эрүүл мэндэд учирсан хохирол нь цаг хугацааны хувьд 2024.06.21-22-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой хохирол байна. С.Дын эрүүл мэндэд учирсан хохирлууд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирлууд байна. Зүүн ухархайн дотор хана, зүүн самалдаг ясны хугарал хохирол нь дан дангаараа болон хавсарч Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт, бусад хохирлууд нь дан дангаараа болон хавсарч Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй. С.Дын эрүүл мэндэд учирсан хохирлууд нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Өөр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэнгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-24 хуудас/,
-Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалд холбогдох бичгийн нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 02 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Их-Уул сумын “Баян-Ухаа” багийн нутаг дэвсгэрт байрлах “Ундрах” зоогийн газрын гадна иргэн С.Дтай маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн ухархайн дотор хана, зүүн самалдаг ясны хугарал бүхий гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.
Иймд Д.Оын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иймд шүүгдэгч Д.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэхээр шүүгдэгчтэй тохиролцсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба хохирогч С.Дт хохиролд 3,000,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.
Мөн энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г овогт Д.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба хохирогч С.Д хохиролд 3,000,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тэмдэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН