Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/57

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,

Улсын яллагч Н.Баасанжав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 2424000320042 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч:   Ө овогт Д.Ц, регистрийн дугаар //

  

Шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын “Хонгор” багийн нутаг дэвсгэр “Хөшиг мод” гэх газар “Мустанг-5” загварын мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөний улмаас замын хажуу талын дүмбэ мөргөж зам тээврийн осол гарган улмаар иргэн *******ы эрүүл мэндэд духны зүүн дэлбэн, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, голын бүрдлийн хазайлт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.

Хохирогч ******* нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Цт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мөнгөн торгууль оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлтийг прокурорын зүгээс хангаж шийдвэрлэсэн. Иймд прокурортой тохиролцсоны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэх саналтай байна. Хохирлын тухайд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд 4,742,036 төгрөгийн хохирол учирсан байгаа. Үүнийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хохирлыг төлөхөө илэрхийлсэн байгаа. Тийм учраас прокурортой тохиролцсоноор эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Улсын яллагч Н.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Ц нь прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Яллагдагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй. Эрүүл мэндийн даатгалын санд 4,742,036 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнийг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Тийм учраас дээрх 4,742,036 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналтай байна. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бетон шонгийн гэрэл ойлгогч цацруулагчийн хэсэг 2 ширхэг, мотоциклийн зүүн, баруун толины хагархай хэсэг 5 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Хохирогч Д.Б “...Би болсон асуудлын талаар мэдэх зүйл гэвэл мотоциклын арын суудал дээр малгай өмсөлгүйгээр сууж явснаа хальт санаж байгаа юм. Түүнээс биш ямар нэртэй газар, ямар хүнтэй цуг явж байгаад, хаана онхолдсоноо санахгүй байгаа юм. ...Би толгойны хагалгаанд орсон. Мөн баруун эгэм хугарсан юм. Миний биед үүссэн гэмтэл бэртэл юунаас үүссэн талаар мэдэхгүй байна. Тухайн өдрийн юмыг санахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг,  /хх-ийн 20-25-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Г.Баттулгын “... Манай байгууллагаас уг 1 ширхэг бетон нь шонгийн цацруулагчийн хагархайг нэхэмжлэхгүй. Уг хэрэгтэй холбоотой гаргах санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, / хх-ийн 26-28 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч ******* “...******* *******  нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 4,742,036 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авсан байна. ...Гэмт хэргийн улмаас хохирогч ******* *******д Эрүүл мэндийн даатгалын сангаас 4,742,036 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-33-р хуудас/,

-Гэрч Р.Ч “... 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэр Хөшиг мод гэх газарт нөхрийнхөө хамт үхэр тугалаа барьчхаад хүүхдээ төв рүү унаанд дайя гэж бодоод замын хажууд байхад нэг мотоцикл засмал замаар ирэх үед нь гар өргөтөл улаан галзуу хажуугаар өнгөрөөд явсан. Би тэр үед ээ бурхан минь энэ хоёр хүний дундуур хүүхдээ хийсэн бол алах байж гэтэл тар тир болоод л нөгөө мотоциклтой 2 хүн замын хажуу руу онхолдоод өгсөн. Тухайн үед тус газарт нөхрийнхөө хамт очоод цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн...Б ах араар нь суусан Ц гэх унасан явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36-р хуудас/,

-Гэрч Я.Х “...2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэр Хөшиг мод гэх газар эхнэр хүүхдийнхээ хамт үхэр тугалаа барьчхаад хүүхдээ төв рүү унаанд дайя гэж бодоод замын хажууд байхад нэг мотоцикл засмал замаар ирэх үед нь гар өргөтөл улаан галзуу хажуугаар өнгөрөөд явсан. Тэр үед манай эхнэр ээ бурхан минь энэ 2 хүний дундуур хүүхдээ хийсэн бол алах байж гэтэл тар тир болоод л нөгөө мотоциклтой 2 хүн замын хажуу руу онхолдоод өгсөн. Тухайн үед тус газарт эхнэрийнхээ хамт очоод цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн. Өөр зүйл болоогүй ээ...Б араар нь суусан Ц ах гэх унасан явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38 -р хуудас/,

-Гэрч Ц.Ц “... 2024 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 09 цагийн үед би ажил руугаа явсан. Би тэр өдөр нөхрийнхөө 86749322 гэсэн дугаар руу хэд хэдэн удаа залгасан боловч гар утсаа нэг ч удаа аваагүй. Би орой 18 цаг өнгөрч байхад нөхөр гэртээ ирээгүй байхаар нь хоол цайгаа хийчхээд гар утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд 21 цаг өнгөрч байхад унтах гэж байснаа санаа зовоод тусдаа гарсан хүү С руу залгаад аав чинь ирэхгүй байна. Хоёулаа явж хайх уу гэхэд яахын бэ? Гадуур олон цагдаа гарч байгаа эхнэр дуудлагад явсан би 2 хүүхдээ харж байгаа болохоор гэрээс гарах боломжгүй байна. Эхнэрийг ирэхээр би яваад очъё гэсэн. Манай хүүгийн эхнэр Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажилладаг. Тэгтэл манай бэр Үүрийнтуяагийн дуудлага дээр очиход манай нөхөр осолд орсон байсан. тэгээд манай бэр залгаад аав осолд орсон байна гэж хэлэхээр нь бид нар мэдсэн. Тэр үед манай нөхөр үеэл *******тайгаа хамт осолд орсон байна лээ. Манай нөхөр тэр үед өөрийнхөө эзэмшлийн мотоциклтойгоо явж байсан. Өнөөдрийн байдлаар манай нөхөр ямар ч ухаан санаа байхгүй тэр өдөр ямар үйл явдал болсон талаар юу ч санахгүй ямар ч ой санамжгүй болсон. Өөрөө хэзээ явж биедээ гэмтэл авснаа одоог хүртэл санахгүй байгаа...Намайг хэрэг гарах өдөр ажил руугаа явахад манай нөхөр гэртээ орон дотроо унтаж байсан. Манай нөхөр ер нь өглөө 11 цагийн үед л ихэвчлэн босдог. Тэр өдөр гэртээ ганцаараа үлдсэн. Манай нөхөр хаана, хэнтэй, архи уусан талаараа юу ч санахгүй байгаа. Тийм болохоор би нөхрийгөө хаана хэнтэй архи уусныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-41-р хуудас/,

-Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.О-ын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 143 дугаартай “...Д.Цын гэх цусанд 1,1 промилли спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 88-93-р хуудас/,

-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч О.Н 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7541 дугаартай “...Д.Б биед духны зүүн дэлбэн, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, голын бүрдлийн хазайлт, баруун гайморын хөндийн бүх хана, баруун эгэм ясны хугарал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо... духны зүүн дэлбэн, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, голын бүрдлийн хазайлт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд, баруун гайморын хөндийн бүх хана, баруун эгэм ясны хугарал, баруун хацарт няцарсан шарх нь тус журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 67-72-р хуудас/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 07 сарын 26-ны өдрийн дүгнэлт   /хх-ийн 105-107 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “...Д.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын “Хонгор” багийн нутаг дэвсгэр “Хөшиг мод” гэх газар “Мустанг-5” загварын мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөний улмаас замын хажуу талын түмбэ мөргөж зам тээврийн осол гарган улмаар иргэн Д.Б эрүүл мэндэд духны зүүн дэлбэн, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, голын бүрдлийн хазайлт зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал нь бүхий хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна..." гэсэн магадалгаа /хх-ийн 94-101-р хуудас/,

-2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2 дугаар хуудас/,

-Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-11 дугаар хуудас/,

-2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын “Хонгор” багийн нутаг дэвсгэр “Хөшиг мод” гэх газар “Мустанг-5” загварын мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөний улмаас замын хажуу талын дүмбэ мөргөж зам тээврийн осол гарган улмаар иргэн Д.Б эрүүл мэндэд духны зүүн дэлбэн, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, голын бүрдлийн хазайлт зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.

Тодруулбал, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Цт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч  нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.    

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.  

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.        

Иймд Д.Цт дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.          

Шүүгдэгч Д.Цт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Д.Цыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Цт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч  гомдол, саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.   

Түүнчлэн шүүх шүүгдэгч Д.Цт ялын төрөл, оногдуулах хэмжээ хязгаарыг тогтоохдоо түүний  гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, үйлдлийн хэр хэмжээг харгалзаж, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан үзлээ.

Шүүгдэгч Д.Цт гэмт  хэрэг  үйлдсэн шалтгаан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ахуй амьдралын нөхцөл зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.      

Тодруулбал,

 -Шүүгдэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон,

 -Хохирогч нэхэмжлэх хохирол төлбөргүй гэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх, эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн буруутай үйлдэлд тохирсон байх зарчмуудыг удирдлага болгон шүүгдэгчид хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.  

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах хуулийн зохицуулалттай бөгөөд уг зохицуулалтын дагуу Д.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан дээд хэмжээгээр хасах нь үндэслэлтэй байна.     

Шүүхээс   шүүгдэгч  Д.Цын тээврийн  хэрэгсэл  жолоодох  эрхийг хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь үндэслэлтэй гэж үзэж буй тул уг шийдвэрийг биелүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй юм. 

 

Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулж хохирогчид олгуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй юм.

Харин шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 4,742,036 төгрөгийн хохирол учирсан байх тул уг мөнгийг түүнээс гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бетон шонгийн гэрэл ойлгогч цацруулагчийн хэсэг 2 ширхэг, мотоциклийн зүүн, баруун толины хагархай хэсэг 5 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь хуульд нийцэхээр байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Ө овогт Д.Ц.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Ц. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Ц. анхааруулсугай.

           4. Шүүгдэгч Д.Ц. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           5. Шүүгдэгч Д.Ц. нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх хохиролгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар 4,742,036 төгрөгийг шүүгдэгч Д.Ц гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

           7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бетон шонгийн гэрэл ойлгогч цацруулагчийн хэсэг 2 ширхэг, мотоциклийн зүүн, баруун толины хагархай хэсэг 5 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг тэмдэглэсүгэй.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг заасугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН