| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 184/2017/03749/и |
| Дугаар | 2108 |
| Огноо | 2018-10-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2108
Д.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/01458 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.С-д холбогдох
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 17 287 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хууль бусаар хурааж авсан 44 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ, тохижилт, засварын зардалд нийт 7 077 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч Д.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б миний бие 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж, сарын 1 900 000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 103-1 тоот хаягт байрлах 192 м.кв талбай бүхий байрыг 3 жилийн хугацаатай түрээслүүлэхээр болсон. Гэвч Д.С нь цэцэрлэг байгуулан хүүхэд хүлээн авах зориулалтаар тусгай зөвшөөрөл авч чадаагүйн улмаас үйл ажиллагаа нь доголдон хүүхэд харах үйлчилгээний сургалтад хамрагдаж байна, сургалтын дараа хүүхдүүдээ хүлээн аваад түрээсээ төлнө, төрөөс санхүүжилт орж ирэхгүй байна гэх мэт шалтаг хэлэн 9 сарын түрээсийн төлбөр болох 17 100 000 төгрөгийг түрээсийн төлбөр төлөөгүй болно. Мөн ус, дулаан, байрны 122 000 төгрөг, цахилгааны 65 000 төгрөг төлөөгүй. Иймд хариуцагчаас нийт 17 287 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх гэрээ зарын дагуу түрээсийн байрыг олоод Д.Б-ын ахтай ярьж тохирч 2015 оны 7 дугаар сарын сүүлээр цэцэрлэгийн зориулалттай засвар үйлчилгээ хийсэн. 2015 оны 8 дугаар сарын 10-ны дотор тусгай зөвшөөрөл авахад шаардагдах материалыг бүрдүүлж өгөх шаардлагатай байсан боловч Д.Б болон түүний ах гэрээ хийнэ гэж худлаа ярьж явсаар байгаад 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрээ хийснээс болоод тусгай зөвшөөрлөө авч чадаагүй. Мөн тус байрны схем зураг байхгүй гэх шалтгаанаар тусгай зөвшөөрлөө авч чадаагүй учир Д.Б-ын байрны 2, 3 дугаар давхарыг ашиглаагүй. Харин зөвхөн 1 дүгээр давхарын 44 м.кв талбайг хүүхэд харах үйлчилгээгээр 4-6 хүүхэдтэй 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 9 сар ажилласан. Энэ хугацаанд ашигласан талбайн түрээсийн төлбөрийг /1м.кв талбайн түрээсийн төлбөр 9 900 төгрөг/ ашигласан 44 м.кв талбайгаар тооцож /1 сарын төлбөр 435 000*9 сар/, 3 920 400 төгрөгийг төлөх боломжтой. Ус, дулааны төлбөр 122 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Цахилгааны төлбөрт 37 400 төгрөг төлсөн тул үлдэх 27 600 төгрөгийг мөн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр надаас худлаа хэлж байрны түлхүүрийг авч, улмаар миний 44 нэр төрөл /хөргөгч 1 ширхэг, цахилгаан зуух /печь/ 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, халуун тогоо 1 ширхэг, 1 дүгээр хоолны таваг 20 ширхэг, 2 дугаар хоолны таваг 20 ширхэг, цайны аяга 15 ширхэг, халбага, сэрээ 30 ширхэг, гурил, махны иж бүрдэл 1 ширхэг, хутга заазуурын иж бүрдэл 3 ширхэг, түмпэн савны иж бүрдэл 1 ширхэг, Румын улсад үйлдвэрлэсэн хувцасны шүүгээ 1 ширхэг, ширээ 1 ширхэг, хүүхдийн төмөр ор 1 ширхэг, хүүхдийн эвхдэг том ширээ 1 ширхэг, хүүхдийн эвхдэг жижиг ширээ 1 ширхэг, сандал 8 ширхэг, өлгүүр 1 ширхэг, хүүхдийн тоглоомын иж бүрдэл 1 ширхэг, хар саарал өнгөтэй шалны дэвсгэр 40 метр, шалны дэвсгэр 40 метр, хивс 2 ширхэг, хос хивс 1 ширхэг, ширээ сандлын иж бүрдэл 3 ширхэг, хивсэнцэр 1 ширхэг, ногоон өнгийн сандал ширээний иж бүрдэл 1 ширхэг, хөнжил 10 ширхэг, гудас 10 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, хүүхдийн угаалтуур 1 ширхэг, тоглоомын тавиур 3 ширхэг, гал тогооны тавиур 1 ширхэг, хүүхдийн суултуур 3 ширхэг, тараг бүрэгч 1 ширхэг, хүүхэд саатуулагч гудас 1 ширхэг, дижитал видео тоглуулагч 2 ширхэг, жижиг ширээ 1 ширхэг, хөшигний иж бүрдэл 1 ширхэг, багажны иж бүрдэл 1 ширхэг, шанаганы иж бүрдэл 1 ширхэг, /-ийн эд хөрөнгийг хууль бусаар булааж авсан. Иймд уг 44 эд хөрөнгийн үнэ 6 127 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Түүнчлэн Д.Б-ын түрээсийн байрыг үзэж, хүүхдийн цэцэрлэг ажиллуулахад тохирч байгаа эсэхийг холбогдох газраас ирж шалгадаг тул би 1, 2, 3 дугаар давхрын өрөөнүүдийг засвар хийн тохижуулсан ажлын хөлс 200 000 төгрөг, мөн өрөөнүүдэд үлгэрийн баатрууд, амьтдын, хүүхэлдэйн зургууд зэрэг 13 ширхэг зураг зуруулахад 600 000 төгрөг, сантехник янзлуулахад 50 000 төгрөг, будаг, эмульс хийлгэсний хөлс 100 000 төгрөг, нийт 7 077 000 төгрөгийг Д.Б аас нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 2016 оны 5 дугаар сард манай байрны урдуур төвийн дулааны шугам солихоор гарам хааж нүх ухсан байсан бөгөөд би ажилтай байсан тул ахыгаа гуйж тэнд байгаа эд зүйлсийг нь гаргаж өгөхийг хүссэн. Тухайн үед Д.С өөрөө хүүхүүдийн эцэг эхийн хамт ирж, ухсан нүхэн дээгүүр дамнан хэрэгцээтэй ажиллагаатай бүхий л эд зүйлээ зөөж гаргасан бөгөөд хуучин хөргөгч, эвдэрхий шкаф зэрэг хэрэггүй эд зүйлээ дараа ирж авна гээд хаяад явсан. Би эдгээр зүйлийг өгөх гэсэн боловч оршин суугаа хаяг дээрээ байхгүй, утсаа өөрчлөөд өөрөө зугтаагаад байсан. Тэр хаяж явсан 44 нэр төрлийн эд зүйл нь хадгалаатай бүгд байгаа. Төлбөрөө төлбөл өгөхөд бэлэн байна. Д.С нь цэцэрлэг байгуулах стандартыг хангуулахын тулд өөрөө сайн дураар засвар хийсэн болохоос биш манай байр засвар хийхээргүй сайхан байр байсан. Харин Д.Сыг гарснаас хойш бид байрандаа 1 450 000 төгрөгийн их засвар хийсэн. Манай байрны сантехникийн хүртэл дур мэдэн өөрчилж хүүхдийн зориулалттай болгохын тулд 2 иж бүрдэл угаалтуурыг авч хаясан байсныг бид өөрсдөө зассан. Д.С нь түрээсийн гэрээ байгуулахдаа байрыг хэсэгчилэн түрээслэхээр заагаагүй бөгөөд энэ талаар хүсэлт гаргаж байгаагүйгээс гадна эхний хэдэн сарын түрээсийн төлбөрөө төлөхгүй хойшлуулаад байхаар нь очиж уулзахад гэрээний дагуу мөнгөө төлнө гэж бичгээр хүртэл баталгаа гаргаж өгч байсан. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь гарын үсэг үнэлгээ тамга тэмдэг байхгүй шаардлага хангахгүй байгаа тул миний нэхэмжлэлийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан Д.С-с 17 249 600 төгрөгийг олгож, нэхэмжлэлээс 37 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан, 44 нэр төрлийн хөдлөх хөрөнгийн үнэ 6 127 000 төгрөг гаргуулах, мөн зайлшгүй засан сайжруулалтад гарсан зардал гэх 950 000 төгрөг, нийт 7 077 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244 385 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 126 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С-с 244 198 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Д.Б-ын Д.С-д түрээслэсэн ажлын байр нь Д.С-д өөрт ашиг орлого байхгүй учир Д.С, Д.Б нарын хоорондын маргааныг эд хөрөнгө хөлслөх гэрээ хийгдсэн гэж үзэж маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Д.С би хувийн цэцэрлэг байгуулахаар Д.Б-ын ах н.Журамтхүү гэгчтэй ярьж тохиролцож 8 дугаар сарын 10-ны өдөр гэхэд бүх бэлтгэлээ хангаад бүх материалаа бүрдүүлж Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтэст өгсөн байх ёстой гэдгийг урьдчилан хэд хэдэн удаа хэлсэн. Ингээд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэхэд өөрөөсөө шалтгаалах бүх засвар үйлчилгээг хийж дуусч шалгуулахад бэлэн болсон бөгөөд энэ хооронд н.Журамтхүү нь байрны талаар бүрдүүлэх 5 нэр төрлийн материал бүрдүүлсэнээр гэрээ хийнэ гэсээр байгаад 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрээ хийж, гарын үсэг зурсан учир хугацаа хожимдож мөн тус байрны схем зураг байхгүй гэдэг үндэслэлээр Д.С би хувийн цэцэрлэг байгуулж чадаагүй нь Д.Б , Д.Журамтхүү нарын буруугаас болсон. Эдгээр хүмүүсийн буруутай ажиллагаанаас болж би өөрийн хийх гэсэн ажлаа хийж чадаагүй учир анхан шатны шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээ хийгдсэн гэж үзэж 9 сарын мөнгө 17 100 000 төгрөгийн хөлс төлүүлэхээр шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй. Яагаад Д.Б-ын талд хэргийг шийдвэрлэж миний ажил хөдөлмөр эрхлэх амьдрал ахуйгаа авч явах, ашиг орлого олох боломжгүй болгосон байхад ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээгээр шийдвэрлэж байгаа бол Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.3 дахь хэсэгт заасан хөлслөгч 3 сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж хохирлоо нөхөн төлөхийг шаардана гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй нь Д.Б-ын мөнгө олох гэсэн арга гэж үзэж байна. Д.С би түрээсийн төлбөрөө төлж чадахгүй боллоо гэж удаа дараа Д.Журамтхүүд хэлж байсан. Уг байр үйл ажиллагаа явуулахад маш их хүндрэлтэй байсан. Би зун дулаан байхад орсон өвөл маш хүйтэн хүүхдүүд даарсан. Д.Б, Д.Журамтхүү нар байр хүүхдүүд авахад хүйтэн, шаардлага хангахгүй гэдгийг мэдэж байгаа. Түрээсээ багасгахыг Д.Журамтхүүд удаа дараа хэлж байсан. Д.Б , Д.Журамтхүү нар худлаа хэлж цаг хугацаа хожиж намайг хохироож өөрсдөө мөнгө олдог. Д.Б-ын байранд би 4-6 хүүхэдтэй хүүхэд харах үйлчилгээг эрхлэн 44 м.кв талбайн ашиглалтын төлбөрийг төлье гэж зөвшөөрсөн. Харин би намайг орохоос өмнө Д.Б-ын төлөөгүй ус, цахилгааны төлбөр төлсөн. Үүнээс гадна гэрээнд заагаагүй амаар хэлж тохиролцоогүй байсан ус, цахилгааны төлбөр төлж байсан. Мөн Д.Б-ын байр нь 1-3 давхар 192 м.кв талбайтай гэдэг боловч энэ талбайд Д.Б , Д.Журамтхүү нарын 30 м.кв талбай бүхий автомашины гарааш ордог тул би гараашийг ашиглаагүй, ашиглахгүй гэдгээ хэлж байсан бөгөөд Д.Журамтхүү, Д.Б нар өөрсдөө ашиглаж байсан учир нэхэмжлэлээс хасагдах ёстой гэж үзэж байна. Д.С би хүүхдийн цэцэрлэг байгуулахаар 44 нэр төрлийн 6 127 000 төгрөгийн эд зүйлээ Д.Б-ын байранд тавьж тохижуулсан, мөн хүүхдэд зориулж хананд зураг зуруулах зэргээр нийт 950 000 төгрөг зарцуулсан, нийт зардал 7 017 000 төгрөгийн эд зүйл засвар үйлчилгээнийхээ зардлаар хохирч байгаа талаараа сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Д.Б нь эдгээр зүйлийн бэлэн байгаа гэсэн мөртлөө анхан шатны шүүх үнэлгээг гаргуулахаар үнэлгээний газрыг томилж, албан бичиг явуулсны дагуу үнэлгээчин авто гараашид байсан хэдэн ширхэг зүйлийн үнэлгээ тогтоосон. Эдгээр зүйл нь хуучин гэсэн байсан, бусад шинэ нэр төрлийн зүйлийн үзүүлээгүй байхгүй байсныг бодоход ямар нэгэн байдлаар ашиглагдаж байгаа нь тодорхой бөгөөд 2 жил болж байгаа учир хуучирч муудаж, эвдэрч хэмхэрч байгаа. Эдгээр эд зүйлээ Д.С би эргүүлж авахгүй /2 жил гаруй ашиглаж байгаа тул/ Д.Б аар төлүүлнэ. Үүнээс гадна Д.Б 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байрныхаа сантехникийг хүнд үзүүлнэ гэж хуурч түлхүүрээ аваад намайг байрнаасаа хөөж гаргасан тул нэхэмжлэлээс 13 хоногийн мөнгө хасагдах ёстой. Д.Б нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ах Д.Журамтхүүгийн хамт ирж одоогийн байдлаар чи 15 200 0000 төгрөг төлөх юм байна гэж шахаж шаардаж бичүүлж авсан. Тухайн үед хүүхдүүдийн эцэг, эхчүүд байсан тул хэл ам хэрүүл хийхээс зайлсхийж бичиж өгсөн. 1 сарын барьцааны мөнгө нэмж бичсэн. Уг бичгийг нотариатаар батлуулахад
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.С-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 17 287 000 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, хууль бусаар хурааж авсан 44 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ, тохижилт, засварын зардалд нийт 7 077 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүссэн талаар зөв дүгнэсэн байна.
Дээрх гэрээгээр нэхэмжлэгч Д.Б нь Сонгинохайрхан 12 дугаар хороо, Өнөр хороолол 103 дугаар байрны 1 тоот, 192 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Д.С-д 3 жилийн хугацаагаар эзэмшүүлж, ашиглуулж сар бүр 1 900 000 төгрөг төлөхөөр тохиролцож, гэрээг улсын бүртгэлд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн үйл баримт хэргийн 6-9 дэх талд авагдсан түрээсийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.
Хариуцагч нь гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан болох нь хэргийн 9, 32-36 дахь талд авагдсан гэрээний хавсралт гэх баримт, фото зураг болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.
Хариуцагч нь хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авч чадаагүйд нэхэмжлэгчийг буруутай буюу 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрдүүлж өгөх ёстой байсан шаардагдах материалд түрээсийн гэрээ ордог байхад түрээсийн гэрээг бичгээр байгуулахгүй удсаны улмаас хугацаа хожимдуулсан гэж өөрийн татгалзлын үндэслэлийг тайлбарласан. Гэвч татгалзалд зааж буй нөхцөл байдалд нэхэмжлэгч буруутай гэх, уг нөхцөл байдлаас болж хөлсөлсөн байрыг ашиглаж чадаагүй буюу цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж чадаагүй гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт “Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэж заасан бөгөөд хариуцагч нь орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан тул хөлс төлөх үүрэгтэй, эд хөрөнгийг ашиглах боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчид Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-т заасан хөлс төлөхөөс татгалзах эрх байхгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ашиглалтын зардлыг хариуцагч төлөхөөр тохиролцоогүй боловч хариуцагч Д.С нь хожим буюу 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр уг зардлыг хариуцахаар бичгээр хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд орон сууцны дулааны төлбөрт 122 000 төгрөг, цахилгааны төлбөрт 27 600 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Д.С-с орон сууцны хөлс 17 249 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Хөлслөгч нь орон сууцны хөлс төлөх үүргээ биелүүлээгүй, хөлсөө төлөөгүй тохиолдолд хөлслүүлэгч нь Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар хөлслөгчийн эд зүйлийг саатуулан барих эрхтэй. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан барьцаа дуусгавар болох үндэслэл бүрдээгүй тул хариуцагч нь эдгээр эд хөрөнгийн үнийг гаргуулахаар шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хариуцагч нь орон сууцны хөлсөө төлсний дараа нэхэмжлэгчээс эд хөрөнгөө шаардах эрхтэй. Түүнчлэн, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т “Хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх”, 289.2.5-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах”-аар тус тус заажээ.
Хариуцагч нь хүүхдийн цэцэрлэг ажиллуулахад зориулж зураг зуруулахдаа нэхэмжлэгчээс зөвшөөрөл авсан болон харин зураг зуруулахад гарсан зардлыг нотолсон баримтгүй, энэ нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай байсан гэх нөхцөл байдлыг нотолсон баримтгүй тул анхан шатны шүүх 7 077 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/01458 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ