Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0640

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

      

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т*********-ын Б*********,

Хариуцагч: Дотоод хэргийн их сургуулийн захирал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б*********

Маргааны төрөл: Т.Б*********-ыг Дотоод хэргийн их сургуулиас хассан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Т.Б*********-аас тус шүүхэд Дотоод хэргийн их сургуулийн захиралд холбогдуулан “Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/214 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2.  Дотоод хэргийн их сургуулийн тэргүүн дэд захирал Г.Б*********-ээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх сургуулийн сонсогчдын дунд харилцааны ноцтой зөрчил гарч, 1 дүгээр дамжааны сонсогчдын эрх чөлөөнд халдсан асуудлыг тодруулж, танилцуулах үүргийг өгсний дагуу албаны шалгалт хийж, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн илтгэх хуудсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн 521 дүгээр дамжааны сонсогч Т.Б********* нь нэр бүхий сонсогчдыг дамжааны ялгаа гарган зодож, биед нь гэмтэл учруулсан нь Дотоод хэргийн их сургуулийн дүрмийн 42 дугаар зүйлийн 42.2.8, 42.2.13 дахь хэсэг, Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.6.14 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнээд сургуулиас хасах сахилгын шийтгэл ногдуулж, бусдын биед гэмтэл учруулсан үйлдлийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлэжээ.

3. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 3308 дугаар тогтоолоор Т.Б*********-ын үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж үзэхээргүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, харин зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгах шаардлагатай талаар дурджээ.

Дээрх тогтоолтой холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгчид 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0418680 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.

4. Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/214 дүгээр тушаалаар Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, Дотоод хэргийн их сургуулийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.19, 4.2, 42 дугаар зүйлийн 42.2.8, Их сургуулийн захирлын 2021 оны А/224 дүгээр тушаалаар баталсан “Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.6.14, 8 дугаар зүйлийн 8.2, “Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн сахилгын дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 521 дүгээр дамжааны сонсогч Т.Б*********-ыг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон сургуулиас хассан байна.

5. Нэхэмжлэгчийн ээж В.Г*********-ээс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн хүү болох Т.Б*********-ын зөрчилд оролцсон оролцоог харгалзан үзэж тус сургуульд цааш үргэлжлүүлэн суралцуулж өгөхийг хүссэн хүсэлтийг Дотоод хэргийн их сургуулийн захиралд хандан гаргахад 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02/625 дугаар албан бичгээр суралцагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байх тул үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй гэх хариуг хүргүүлжээ.

Нэхэмжлэгчээс дахин Хууль зүй, дотоод хэргийн яаманд гомдол гаргасныг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4/2516 дугаар албан бичгээр Дотоод хэргийн их сургуулийн захиралд шилжүүлжээ.

Тус өргөдлийг хүлээн авч Дотоод хэргийн их сургуулийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 02/693 дугаар албан бичгээр Т.Б*********-ийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон боловч их сургуулиас хасах үндэслэл болох тул тус сургуульд үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй гэх хариуг өгснийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.                  

6.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Т********* овогтой Б********* миний бие 2018 онд тус сургуулийн салбар сургууль Эрх зүй, нийгмийн ухааны сургуульд элсэн орж 1, 2 дугаар дамжаанд суралцсан. 2020 онд үндсэн анги руу шилжих хүсэлт гарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуульд шилжин орж 1 дугээр дамжааг дүүргэж, 2 дугаар дамжаанд суралцаж байсан болно. 

Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гуйцэтгэлийн албаны сургуулийн 340 тоот өрөөнд 1-р дамжааны Дотоод хэргийн их сургуулийн сонсогчидтой зүй бусаар харьцсан зөрчил гаргасан гэж үзэж, сургуулийн захирал П.Б********* 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр А/214 дүгээр тушаалаараа Х.О*********, Ж.Г*********, Т.Б********* нарыг 1-р дамжааны сонсогчидтой харилцааны ноцтой зөрчил гаргаж, биед нь гэмтэл учруулсан гэж үзэн Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн сахилгын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэн намайг сургуулиас хассан.        

Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн сахилгын дүрмийн 5.2 дахь хэсэгт гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан байна. Үүнд: 

-  Сахилга, ёс зүйн сургалтад хамруулах. 

-  Хичээл, сургалтаас жилийн чөлөө олгох 

-  Дэд түрүүч, түрүүч, ахлах түрүүч цолыг хураах. 

-  Цолны цалинг 6 сар хүртэл хугацаагаар хасах. 

-  Сургуулиас хасах 

Мөн дүрмийн 5.3 дахь хэсэгт сахилгын шийтгэл ногдуулахдаа: 

-   зөрчил гаргасан нөхцөл байдал, гарсан үр дагавар

-   гэм буруугийн санаатай болон болгоомжгүй үйлдэл. 

-   өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх 

-   гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал

-   зөрчлийн улмаас учирсан хор хохирлыг арилгах арга хэмжээ авсан эсэхийг харгалзан үзнэ гэж заажээ. 

Гэтэл сургуулийн захиргаа эдгээр нөхцөл байдлыг огт харгалзан үзэхгүйгээр, хэн ямар оролцоотой гэдгийг тогтоохгүйгээр бүгдэд нь хамгийн хүнд сахилгын шийтгэлийг хавтгайруулан ногдуулсанд гомдолтой байна. Миний хувьд тухайн зөрчилд хэлбэрийн төдий оролцсон, миний үйлдлээс хэн нэгэнд гэмтэл бэртэл учраагүй, гомдол гараагүй. Иймээс би дараах нөхцөл байдлыг харгалзан үзэж сургуулиас хасах шийтгэлийг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна:

1/ Миний бие энэ сургуульд 4 жил суралцах хугацаандаа нэг ч удаа сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэлийн арга хэмжээ авч байгаагүй. Сургуульдаа идэвхтэй суралцаж, хичээл номондоо шамдаж, сургуулиас зохион байгуулж буй аливаа ажилд идэвхтэй оролцож байсан болно. 

2/ Миний энэ зөрчилд холбогдох болсон шалтгаан нь мөн дээд ангийн буюу 3 дугаар дамжааны сонсогчдын зүгээс манай дамжааны сонсогчдод үзүүлж байсан шахалт дарамтаас шалтгаалсан юм. Тэд биднийг доод дамжааны сонсогчдоо захирсангуй, даврууллаа, тэднийг сургаж хүмүүжүүл гэж шахалт дарамт үзүүлж байснаас бид тэдэнтэй харьцсан. Түүнээс биш бид шууд өөрсдийн санаачлагаар тэдэнтэй уулзаж, зүй бус харьцаагүй болно. Энэ нөхцөл байдлыг сургуулийн захиргаа огт харгалзан үзээгүй, шалгаж судлаагүйд харамсалтай байна.

3/ Би гаргасан зөрчилдөө гүнээ харамсаж, гэмшиж дахин зөрчил гаргахгүй гэдгээ сургуулийн захиргаанд амласан. Би өрх толгойлсон ганц бие ээжтэйгээ, байрны зээлтэй олон жил амьдарч, сургалтын бүхий л зардал, төлбөрөө төлүүлж, ээжийгээ хүнд байдалд оруулж, итгэл, сэтгэлийг нь алдагдуулсандаа туйлын ихээр гэмшиж байгаа. Миний ээж бид 2 сургуулийн захиргаанд өргөдөл гаргасан боловч ямар нэгэн хариу одоогоор гараагүй байна.

4/ Миний бие зүй бус харьцсан сонсогчидтойгоо уулзаж уучлалт гуйж, ямар хохирол гомдол байгааг нь асууж, тусалж дэмжихийг илэрхийлсэн боловч ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн хариулт өгсөн. Миний ээж ч тэдгээр сонсогчид болон тэдний эцэг эхтэй уулзаж, уучлалт гуйж, санал бодлоо солилцсон. 

5/ Сургуулийн захирлын тушаалд "1-р дамжааны сонсогчидтой харилцааны ноцтой зөрчил гаргаж, биед нь гэмтэл учруулсан" гэж хавтгайруулан дүгнэсэнд гомдолтой байна. Би хэний ч биед гэмтэл учруулаагүй сонсогч Э*********-ийг тохойгоороо нэг удаа түлхсэн түүний биед гэмтэл учраагүй, би өөр хэн нэгнийг зодож, цохиогүй, гэмтэл учруулсан хүн байхгүй. Тэдэнд янз бүрийн үг хэлээгүй, айлган сүрдүүлээгүй, дарамтлаагүй. Сургуулийн захиргаа бидний үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шилжүүлж, шалгуулсан. Шүүх шинжилгээний үндэсний төвөөр 1-р дамжааны сонсогч нарын биед үзлэг хийлгэж, дүгнэлт гаргуулахад тэдний биед гэмтэл учраагүй, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарч, цагдаагийн байгууллага шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналаа прокурорын байгууллагад хүргүүлж, Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Л.Г********* 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3308 тоот тогтоол гарган Дотоод хэргийн их сургуулиас шилжүүлж ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болно. Иймээс сургуулийн захиргааны шийдвэрт "биед нь гэмтэл учруулсан" гэсэн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Сургуулиас хасах сахилгын шийтгэл ногдуулах болсон гол үндэслэл бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болох нь тогтоогдсон тул сургуулиас хасах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж үзэж байна. 

6/ Сургуулийн захиргаа асуудлыг нарийн шалгаж, шалтгаан нөхцлийг бүрэн тогтоогоогүй, хэн ямар буруутайг ялгаж салгаагүй хөнгөн хийсвэр хандаж, цагдаа, прокурорын байгууллагын шалгалтын дүнг хүлээхгүйгээр асуудлыг яаран шийдвэрлэсэн нь миний амьдралд туйлын хүндээр нөлөөлж, сахилгын шийтгэлийг ялгамжтай ногдуулах дурмийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймээс Дотоод хэргийн их сургуулийн захирал нь захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 болон 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.7 дахь хэсэгт заасан заалтуудыг ноцтой зөрчиж, дээрх ажиллагааг хийхгүйгээр хууль бус акт гаргасан гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

Түүнчлэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг зөрчиж хэн ямар үйлдэл хийсэн, яаж оролцсон болохыг тодорхой заагаагүй, намайг бусдын биед гэмтэл учруулсан, шүд хуга цохьсон, тамхины запас нэхсэн гэж гүтгэсэн. Иймд захиргааны акт үнэн бодит нөхцөл байдалд нийцсэн үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/214 дүгээр тушаалын Т.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тухайн өдөр манай дээд курсын буюу 3 дугаар курсын сонсогчид ангид орж ирээд “....та нар доод курсын сонсогчиддоо үг хэлж чадахгүй байна. Доод курсын сонсогчид болохгүй байна. Та нар доод курсын сонсогчидтойгоо уулз” гэж хэлсэн. Үүнээс болж манай курсын н.О********* нэгдүгээр курсын хүүхдүүдийг ангид оруулж ирсэн.” гэв.  

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг тушаалаар 3 сонсогчдыг хассан бөгөөд нөгөө хоёр нь ямар нэгэн гомдол саналыг шүүхэд гаргаагүй. Гаргасан үйлдлээ ухамсарласан, хийсэн үйлдэл нь өөр байсан учраас гомдол гаргахгүй үлдсэн. Хамгийн гол үндэслэл нь Дотоод хэргийн их сургуулийн тушаалд сонсогчидтой харилцааны ноцтой зөрчил гаргаж, биед нь гэмтэл учруулсан гэж дүгнэсэн. Хавтгайруулан дүгнэсэн. Гэтэл Т.Б********* хэнд ч гэмтэл учруулаагүй учраас гомдолтой байна. Гаргасан зөрчил нь нөгөө хоёроосоо харьцангуй өөр хөнгөн хэлбэрийн төдий байсан. Энэ хүүхэд тамхи татдаггүй. Т.Б********* хэний ч шүдэнд хүрээгүй, хүний шүд хуга цохиогүй. Дотоод хяналтын болон шалгалтын алба Т.Б*********-ын үйлдлийн талаар тэс өөр ойлголтой байсан нь тодорхой харагдаж байна. 

Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулахад гэмтэл тогтоогдоогүй. Ялангуяа Т.Б*********-ын гар хүрсэн гэх Ч.Э*********-ийн биед ямар ч гэмтэл учраагүй. Т.Э********* гэдэг хүүхдийн чихэнд гэмтэл учруулсан гэдэг асуудал яригддаг. Үүнийг нарийвчлан шалгаагүй. Т.Б********* анхнаасаа сургуульдаа тайлбар өгөхдөө Ч.Э*********-ийг л тохойлдсон өөр ямар ч хүнд гар хүрээгүй гэж мэдүүлсэн байдаг. Т.Э********* тайлбар өгөхдөө Т.Б********* миний чих рүү цохьсон гэдэг. Гэтэл тухайн хүүхдийн чих өмнө нь гэмтэлтэй байсан юм билээ. н.Г********* гэдэг түрүүчид зодуулаад хэнгэрэг хагарсан, чихний гэмтэлтэй болсон байсан. Хэн нь зөв, хэн нь буруу мэдүүлж байгааг асуугаагүй. Т.Э*********-г Т.Б********* зодсон гэдэг талаар мэдүүлээгүй байна. Шалгалтын материал дутуу хандсан, буруу дүгнэлт хийсэн, бусдын учруулсан гэмтлийг Т.Б*********-т нялзайсан хавтгайруулсан шинж ашиглагдаж байна. 

Дотоод хэргийн их сургуулийн захирал тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг биелүүлээгүй, зөрчсөн байна. Уг хуулийн заалтаар бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг бүрдүүлэх, үнэлэх үүргийн захиргааны байгууллага хүлээхээр заажээ. Гэтэл захиргааны байгууллага энэ асуудлыг шалгахдаа хүн тус бүр ямар буруутай, юу хийсэн, хэний үйлдлээс хэнд ямар гэмтэл учирсан гэдгийг нарийвчлан шалгаагүй бөөнд хавтгайруулж орхисноос Т.Б********* хэлмэгдсэн гэж үзэх үндэслэл байна. Дотоод хэргийн их сургуулийн дүрмийн 5 дугаар зүйлд таван сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байна. Хамгийн хүнд сахилгын шийтгэл нь сургуулиас хасах юм. Хөнгөн шийтгэл байсаар байхад шууд сургуулиас хасах шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй, үнэн зөв, бодит байдалд тулруурласан, үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй.” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Нэхэмжлэгч Т.Б*********-ыг Их сургуулиас хасахаар шийдвэрлэсэн маргаан бүхий шийдвэрийн үйл баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжоо хэрэглэн, өөрийн эрх хэмжээний хүрээнд зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар зэргийг харгалзсан, хуульд нийцсэн шийдвэр юм. 

Дотоод хэргийн их сургууль нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/132 дугаар тушаалаар баталсан дүрэмтэй бөгөөд уг дүрэм болон хууль, тогтоомжид нийцүүлэн "Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрэм", "Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн сахилгын дурэм"-ийг Их сургуулийн захирлын 2021 оны А/224 дүгээр тушаалаар баталсан. Маргаан бүхий эрх зүйн актын үндэслэлд дараах хууль, дүрмийг үндэслэсэн. Тухайлбал:       

1/ Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд Дээд боловсролын сургалтын байгууллагын эрх, үүргийг хуульчилсан ба тушаалд 12.1.6 дахь хэсэг буюу "суралцагч элсүүлэх, төгсгөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх" заалтыг; 

2/ Дотоод хэргийн их сургуулийн дүрмийн 4 дүгээр зүйлд Их сургуулийн захирлын хэрэгжүүлэх бүрэн эрхийг олгосон ба тушаалд 4.1.19 дэх хэсэг буюу тухайн шийдвэрийн үйл баримтад хамаарах " ... сургуулиас хасах ... ";

  • Мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг "Их сургуулийн захирал холбогдох хууль тогтоомжоор олгосон өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана";
  • Мөн дүрмийн 42 дугаар зүйлд Суралцагчийн эрх үүргийн зохицуулж, тушаалд 42.2.8 дахь хэсэг буюу "бусад суралцагчдын хууль ёсны эрхийг хүндэтгэх ба хууль бус үйлдэл хийх,...дарамтлах, бусдын эрх, эрх чөлөөнд халдах .... " 

3/ “Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрэм"-ийн 5 дугаар зүйлийн 5.6.14 дэх хэсэгт "дамжааны ялгаа гарган ... сэтгэл санааны дарамт учруулах, бие, ... эрх чөлөөнд халдах" 

- 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт "Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын шийтгэл ногдуулах шинж бүхий бол Их сургуулийн суралцагчийн сахилгын дурмийн дагуу хариуцлага ногдуулна" 

4/ "Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн сахилгын дүрэм"-ийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг "Шалгагч сахилгын зөрчил гаргасан суралцагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан Цэргийн албаны нийтлэг дүрмүүд, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, их сургуулийн дүрэм, үйл ажиллагааны дотоод журамд заасны дагуу дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.

- Мөн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.5 дах хэсэгт “сургуулиас хасах".

Т.Б********* шалгалтын тайлбартаа сахилга, ёс зүйн дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, сургуулиас хасах үндэслэл бүхий үйлдэлд хариуцлага хүлээхээ бичиж гарын үсгээ зурсан, албаны шалгалтын хүрээнд авагдсан нэр бүхий 8 сонсогчийн тайлбарт сонсогч Ч.Э*********-ийн толгой тус газар өвдөгдөж, нуруу руу 2-3 удаа цохьсон тухай дурьдан, үйлдэл нь шалгагдаж тогтоогдсон.

Хасагдсан суралцагчаас Их сургуулийн захирлын 2021 оны А/222 дугаартай тушаалаар баталсан "Шилжилт хөдөлгөөний журам"-ын 7 дугаар зуйлийн 7.6.1 дэх хэсэгт "Хангалтаар олгосон дүрэмт хувцас, агсамж, биеийн тамирын болон тусгай бэлтгэлийн хувцас, чимэг, хэрэгслийг хураан авах, элэгдлийн хугацааны зөрүү төлбөр, сургалтын төлбөрийн тооцоог Санхүү, төлөвлөлтийн хэлтэс хийнэ" гэсний дагуу түүний Их сургуулиас авсан 1,528,493 төгрөгийн үнэ бүхий 33 нэр төрлийн хувцас, чимэг хэрэгсэлийн тооцоог одоогоор хийгээгүй, ямар ч хувцас, хэрэгсэл хүлээлгэж өгөөгүй, суралцсан хугацаанд хэрэглэсэн хувцасны элэгдлийг хасаж тооцон 949,124 төгрөгийг үлдэгдэл тооцогдсон байна. Уг агуулгыг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар шүүхийн шийдвэрт тусгуулна. 

Нэхэмжлэгч өөрийн үйлдлийн үр дагаврыг ойлгох, хариуцлага хүлээх чадвартай иргэний хувьд бусдын шахалтаар хүний биед халдан зөрчил гаргасан тайлбарлаж буй нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байна. 

Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах, хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, баривчлах, цагдан хорих зорилгоор хуульд заасан ажиллагаа явуулах, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм журмыг сахиулах үйл ажиллагааг болон хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн эрх ашигт ноцтой хор уршиг, хохирол учруулж болзошгүй аюулыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай албанд ажиллахаар бэлтгэгдэж буй суралцагчийн хувьд харилцаа хандлага, ёс зүйн хувьд өндөр төлөвшилтэй байхыг шаардана. 

Мөн түүнчлэн цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн ил тод үйл баримтыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж өөрчилж буй бодит нөхцөл байдал нь тухайн суралцагчид, тэдгээрт хамаарал бүхий этгээдүүдийн ёс зүйн төлөвшлийг илэрхийлэх ба энэ үйлдэл нь сонсогч, цаашлаад төрийн алба хаагч болох хүний хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй байх, дасан зохицохгүй байх, бусдын хууль бус үйлдэлд шаардлага тавьдаг, аливаа хууль бус үйлдлийг таслан зогсоох нэн тэргүүний шаардлагыг хангахгүй болохыг илэрхийлж байна. 

Их сургуулийн захирлын 2021 оны А/222 дугаар тушаалаар баталсан "Шилжилт хөдөлгөөний журам"-ын 7 дугаар зүйлийн 7.5.9 дэх хэсэгт "Сахилгын болон ёс зүйн ноцтой зерчил нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй боловч бусдад илт сөрөг нөлөө үзүүлсэн" тохиолдолд сургуулиас хасах зохицуулалттай бөгөөд Т.Б********* нарын үйлдэл нь Их сургуулийн бусад суралцагчийн суралцах эрхэд халдсан, сөрөг нөлөө бүхий гэмт хэргийн шинж бүхий үйлдэл юм.

Иймд Т.Б*********-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Эмнэлгийн эмч тухайн хүүхдүүдэд үзлэг хийхэд Т.Б*********-ын тохойлдсон гэх сурагчийн тухайд зүүн хацарны хөхрөлт, зүүн чихний хугаралтай магадлагааг бичиж цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагад шилжүүлээд тухайн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд ажиллагаа хийсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 5111, 5109, 5113, 5115 дугаартай 4 шинжээчийн дүгнэлт гарсан. Т.Б*********-тай хамааралтай Ч.Э********* гэх сонсогчийн дүгнэлтэд Ч.Э*********-ийн биед зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон гэж бичсэн байна. 

Дотоод хэргийн их сургууль өөрөө байнга сахилга ёс зүйн сургалтыг явуулдаг. Бүх сонсогчиддоо ийм үйлдэл гаргаж болохгүй талаар сургалт явуулдаг. Сургалтын хөтөлбөрийн агуулгад мөн төрийн үйлчилгээг явуулж байгаа албан хаагч болохын тулд үйлчлүүлж байгаа иргэдийн эрх ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах, тэдэнтэй хүнлэг хууль ёсны хандах талаар бүх хөтөлбөр агуулгуудад тусгадаг байдаг учраас суралцагч зайлшгүй мэдэж байх ёстой. Эдгээр үндэслэлээр манай байгууллага шийдвэр гаргасан. Захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Т.Б********* шалгалтын тайлбартаа ч тэр сахилгын зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, сургуулиас хасах үндэслэл бүхий хариуцлага хүлээхээр гарын үсэг зурсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.”Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 25 дугаар зүйлийн 25.1.”Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:”, 25.1.1.”ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах;”, 25.1.2.”оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах;” гэж заажээ. 

Тодорхойлох хэсэгт дурдсанчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх сургуулийн сонсогчдын дунд харилцааны ноцтой зөрчил гарч, 1 дүгээр дамжааны сонсогчдын эрх чөлөөнд халдсан асуудлыг тодруулж шалгалт явуулан нотлох баримт цуглуулж нөхцөл байдлыг тогтоосон болох нь хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн эрүүл мэндийн үзлэг хийсэн баримт, сонсогч нарын илтгэх хуудас, Т.Б*********, Ч.Э*********, Х.О********* нараас авсан тайлбар, албаны шалгалт хийсэн дүнгийн талаарх илтгэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээр дурдсан хуулийн заалтуудад нийцжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахын өмнө нөхцөл байдлыг тогтоох зорилгоор холбогдох ажиллагааг явуулж, нэхэмжлэгч нь суралцагчийн ёс зүйн дүрмээр хориглосон-дамжааны ялгаа гарган бусдын эрх чөлөөнд халдсан үйлдэл гаргасан талаарх ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий тушаалыг гаргасан тул нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэхгүй. 

  1. Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.“Дээд боловсролын сургалтын байгууллага дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:”, 12.1.4.”боловсролын байгууллагын багш, ажилтны цалин хөлсний хэмжээг тогтоох, байгууллагын дотоод журам боловсруулж, мөрдүүлэх;”, 12.1.6.“суралцагч элсүүлэх, төгсгөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх;”, Дотоод хэргийн их сургуулийн дүрмийн 4.1.19.“... сургуулиас хасах…”, 4.2.“Их сургуулийн захирал холбогдох хууль тогтоомжоор олгосон өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, 42.2.8.“бусад суралцагчдын хууль ёсны эрхийг хүндэтгэх ба хууль бус үйлдэл хийх, … дарамтлах, бусдын эрх, эрх чөлөөнд халдах …”, Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.“Дамжааны захирагч-багш болон бусад багш, албан хаагч, ажилтнаас хуульд нийцсэн шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх, багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдэлнэ”, 5.6.“Суралцагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно. Үүнд: … 5.6.14.“дамжааны ялгаа гарган, бусдыг зүй бус үгээр доромжлох, бэлгийн болон сэтгэл санааны дарамт учруулах, бие, эрүүл мэнд, санхүүгийн эрх чөлөөнд халдах;”, 8.2.“Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын шийтгэл ногдуулах шинж бүхий Их сургуулийн “Суралцагчийн сахилгын дүрэм”-ийн дагуу хариуцлага ногдуулна”, Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн сахилгын дүрмийн 5.2.“Шалгагч сахилгын зөрчил гаргасан суралцагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан Цэргийн албаны нийтлэг дүрмүүд, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, их сургуулийн дүрэм, үйл ажиллагааны дотоод журамд заасны дагуу дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 5.2.5.“сургуулиас хасах;” гэж тус тус заажээ. 

Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/214 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 521 дүгээр дамжааны түрүүч Х*********-ын О*********, дэд түрүүч Ж*********-ны Г*********, сонсогч Т*********-ын Б********* нарыг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон сургуулиас хассан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн 521 дүгээр дамжааны сонсогч Т.Б********* нь нэр бүхий сонсогчдыг дамжааны ялгаа гарган зодож, биед нь халдсан болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн дээрх үйлдэлд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч “...маргаан бүхий тушаалаар сургуулиас хасах шийтгэл оногдуулсан нь гаргасан зөрчилд нийцээгүй, нэхэмжлэгчийн буруугаас болж гэмтэл учирсан эсэхийг тогтоолгүй, нэг тушаалаар хэд хэдэн хүнд шийтгэл оногдуулж хассан үндэслэлгүй…” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Дотоод хэргийн их сургуулийн дүрэм, Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрэм, Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн сахилгын дүрэмд тус тус зааснаар бусдын биед гэмтэл учруулсан байх шаардаагүй бөгөөд бусдын эрх чөлөөнд халдсан бол ёс зүйн зөрчилд тооцогдох тул нэхэмжлэгчийг бусдын биед халдсан үндэслэлээр сургуулиас хасах шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна. 

Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.”Суралцагч дараахь үүрэгтэй:”, 45.2.5.”сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих;”, Дээд боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.”Суралцагч Боловсролын тухай хуулийн 45.2-т зааснаас гадна сургуулийн дотоод дүрэм, журамд заасан үүргийг биелүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч нь сургуулийн дотоод дүрэмд заасан үүргийг биечлүүлэх учиртай.

Хэрэгт авагдсан баримтуудаар дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн болох нь тогтоогдсон суралцагч нарыг нэг тушаалаар сургуулиас хассан нь хуульд заасан журмын дагуу батлагдсан Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн сахилгын дүрмийн 5.2, 5.2.5-д заассантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн бусдыг цохьсон үйлдлээс болж гэмтэл учирсан эсэхээс үл хамаарч Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрмийн 5.6.14,  зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.5, Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.6, 16 дугаар зүйлийн 16.2-д заасныг баримтлан Т.Б*********-аас Дотоод хэргийн их сургуулийн захиралд холбогдуулан гаргасан “Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/214 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН