| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/03778/И |
| Дугаар | 181/ШШ2021/01888 |
| Огноо | 2021-10-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2021/01888
| 2021 10 19 | 181/ШШ2021/01888 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.О,
Хариуцагч: Л.А нарт холбогдох,
Орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 52,096,213.41 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А ХХК-тай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Д.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Д.Ц нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Т.О, Л.А нараас орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 52,096,213.41 төгрөг гаргуулах, зээлийн барьцаанд байгаа 00000000 тоот дугаартай улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, хороолол, ногоон нуур гудамж, байр, тоотод байрлалтай 57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Тус банк нь зээлдэгч Т.О, Л.А нартай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.
Зээлдэгч Т.О, Л.А нар нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 44,715,053.19 төгрөг, зээлийн үндсэн хүү 7,377,345.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,815.04 төгрөг нийт 52,096,213.41 төгрөгийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч нараас дээрх бодогдсон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нарын хувьд зээл авсан нь үнэн, гэхдээ зээлийн төлбөрөө эхний 2 жилийн хугацаанд асуудалгүй төлбөл ипотекийн 8 хувийн хүүнд хамруулж өгнө гэсэн гэрээ байгуулсан. А ХХК-ийн халамжлагч нь зөвлөгөө өгөөд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой учраас хугацаа зааж хэлсэн, хариуцагч нар түүнд итгэсэн. Гэрээний ерөнхий нөхцөлийн 1.9 дэх хэсэгт энэхүү гэрээ болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсан тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгийн 0,5 хувиас чөлөөлөгддөг учраас зээлийн хүү багасна гэсэн тайлбарыг хэлсэн байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар Т.Оын авсан зээл нь манай банкны 8 хувьд ордог санхүүгийн эх үүсвэрээс гараагүй гэж ярьж байгаа нь бидэнд хохиролтой байна. Тухайн үед 8 хувийн зээлд хамрагдах боломжтой гэж хэлчхээд дараа нь таны зээл 8 хувьд орохгүй эх үүсвэрээр санхүүжиж байгаа гээд зээлийн гэрээнд заасан бол өндөр хүүтэй зээл авахгүй байх байсан. 50,000,000 төгрөгийн зээл авчхаад 44,000,000 төгрөг, зээлийн хүү 7,000,000, нэмэгдүүлсэн хүү гээд нийт авсан зээлээс давж 52,096,213 төгрөгийг өрөнд орсон байна. Гэрээ нэг талдаа хохиролтой байх юм бол шүүх хүчин төгөлдөр бусад тооцно гэж заасан байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн улс орныг хамарсан цар тахлын үед ажил зогссон байхад бид үүргээ биелүүлээд зээлээ төлж байсан. Гэсэн хэдий ч зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй болсон шалтгаан ковид-19 халдварт өвчний улмаас сургуулийн цайны газар ажиллуулж байсан энэ хүмүүсийн ажил бүр зогссон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүг багасгаж өгнө үү гэв.
Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Т.О, Л.А нар нь А ХХК-ийн барьцаанд байсан байрыг 90,000,000 төгрөгөөр худалдан авсан ба үүний 50,000,000 төгрөгийг А ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан худалдан авсан билээ.
Аны зээлийн эдийн засагч И.Ш нь уг зээлийг гаргах үедээ “Манайхаас зээл аваад 2 жил тасралтгүй зээлээ төлөх юм бол танай байрны зээлийг ипотекийн 8 хувийн зээлд хамруулна. Манай банк ингэж ажилладаг, танай гэрээнд нийт 10 жилийн хугацаатай 50,000,000 төгрөгийн зээл аваад 137,000,000 төгрөг төлнө гэсэн тооцоо гарч байгаа боловч энэ тоо 2 жилийн дараа маш бага хэмжээнд хүрнэ. Учир нь хүү нь жилийн 8 хувь болно” гэж ярьж байсан тул үнэхээр их итгэсэн.
Аны зөвлөн халамжлагч гэсэн нэртэй албан тушаалтан нь өөрт олгосон эрхийн дагуу зээлийн гэрээний талаар тодорхой мэдээлэл өгч, 2 жилийн дараа зээлийн хүү буурч жилийн 8 хувийн хүүтэй болно, асуудал үүсэхгүй гэж анхнаас нь итгүүлж зөвлөгөө өгсөн. Ийм учраас бид 2 жилийн дараа жилийн 8 хувийн хүү төлөх нөхцөл бүхий гэрээ байгуулж байна гэж ноцтой төөрөгдөлд орсон.
Тэр ажилтан буюу И.Ш зөвлөгөө өгөх төдийгүй гэрээ байгуулах этгээдээ халамжлах үүрэг хүлээгээд байна гэж ойлгосон. Ийм ч учир гэрээг танилцуулж байхдаа “Та нар гэрээний ерөнхий нөхцлийн 1.9 дэх заалтад энэхүү гэрээ болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт орох тохиолдолд, зээлийн үлдэгдэл дүнгийн 0,5 хувьтай тэнцэх шимтгэл төлдөг шүү. Энэ гэрээнд өөрчлөлт орж хүү нь багасах тул ийм заалт орж байгаа” гэж маш тодорхой итгүүлэн тайлбарлаж байсан юм.
Бид зээл, зээлийн хүүг 2016 оны 12 дугаар сараас эхлэн 3 жил найдвартай төлж явсан. Энэ хугацаанд Аны эдийн засагчид байнга солигдож байсан ч гэсэн бидний зүгээс “Бид найдвартай зээлээ төлж байгаа тул хүүгийн хөнгөлөлтөд оруулаач, 8 хувийн ипотекийн зээлд хамруулж өгнө үү. Гэрээ байгуулаад 2 жил өнгөрлөө” гэсэн хүсэлтийг удаа дараа бичгээр гаргаж байсан. Мөн жилийн 8 хувийн хүүтэй гэрээнд хамруулж чадахгүй бол зээлийн хүүгээ багасгаж өгөөч гэж хүсэлт гаргаж байсан.
Гэвч бнкны зүгээс эхлээд “Манай банкны 8 хувийн ипотекийн зээлд хамруулж өгөх эсэхийг Монгол банк шийддэг тул одоогоор боломжгүй” гэсэн хариу амаар өгсөөр өнөөдрийг хүрч улмаас шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна. Мөн тухайн банк нь төлбөрийн чадваргүй болсон байна.
Бидний зүгээс ажилгүйдэл гараагүй, эдийн засаг хямраагүй, цар тахал гараагүй, хөл хорио тогтоогоогүй бол зээлийн хүүг төлөөд явах боломж байсан. Гэхдээ удахгүй хүү буурна гэсэн итгэлтэйгээр байнга хүүгээ бууруулж өгөөч гэж хүсэлт гаргаж байсан.
Анх Аны зүгээс “Манайх 8 хувийн ипотекийн зээлд хамруулдаг” гэж хуурч мэхлэн өндөр хүүтэй гэрээ байгуулан биднийг ноцтой төөрөгдүүлэн гэрээ байгуулсан гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Атай байгуулсан орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.
А ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зээл олгохыг зогсоосон талаараа мэдэгдэж байгаагүй. Мэдэгдэл өгсөн байсан бол хариуцагч хичээх байсан, энэ боломжийг олгоогүй учраас төөрөгдөлд оруулсан гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Д.Ц нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд “Аны зээлийн эдийн засагч И.Ш нь зээл аваад 2 жил төлсөн тохиолдолд жилийн 8 хувийн хүүтэй болгож өгнө гэж хэлсэн” гэж бичжээ.
Зээлийн эдийн засагч хүн бол харилцагч буюу зээлдэгчид аль болох боломжит хувилбарыг танилцуулдаг, харилцагчтайгаа хамгийн ойр ажилладаг этгээдийн хувьд зээлдэгч нарт боломжийг санал болгосон гэж ойлгохоор байгаа бөгөөд энэ талаар ярилцсан гэх талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.”, мөн хуулийн 6.5.-д “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй.” гэж заасан байхад ямар нэгэн хоорондын яриаг бодит байдалд тусган сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь зохисгүй гэж үзэж байна.
Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 тоот тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам батлах тухай” журмын 4.6-д зааснаар бол “Банк өмнө нь олгосон орон сууцны ипотекийн зээлийг энэ журмын дагуу авсан эх үүсвэрээр дахин санхүүжүүлж болох бөгөөд дахин санхүүжүүлэх зээлийн шалгуур үзүүлэлт ипотекийн зээлийн нөхцөлтэй адил байна” гэж заасан байдаг бөгөөд үүний дагуу хариуцагч нар буюу зээлдэгч Т.О, Л.А нар нь банкинд хүсэлт тавьсан. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан тоот зээлийн гэрээний хавсралт 01 болох Зээл, зээлийн хүүг төлөх хуваарийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн тул ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй.
Мөн А ХХК нь Монголбанкны хяналт шалгалтын дагуу 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкны Ерөнхийлөгчийн тоот тушаалаар Зээл болон түүнтэй адилтгах хэлцэл, харилцагч нараас хадгаламж татахгүй, батлан даалт гаргахгүй байх талаар тушаал гарган өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн олголт хийгдээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээг талууд өөрсдийн чөлөөтэй байдал, ашиг сонирхол, агуулгын дагуу хийсэн, гэрээнд заасан нөхцөлүүдийг 18 насанд хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд хийсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуульд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхой заасан байгаа. Хариуцагч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлага ноцтой төөрөгдөлд орсны улмаас хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндэслэлүүдийн алинд ч хамаарахгүй байна. Иймд ноцтой төөрөгдөлд орсон гэдэг нь тодорхойгүй байх тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А ХХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч нь хариуцагч Т.О, Л.А нарт холбогдуулан үндсэн зээл 44,715,053.19 төгрөг, зээлийн хүү 7,377,345.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,815.04 төгрөг, нийт 52,096,213.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч Орон сууцны зээлийн гэрээг байгуулахдаа ноцтой төөрөгдсөн гэх үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А ХХК-тай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А-300 тоот “А ХХК-д Бүрэн эрхт төлөөлөгчийг томилох, зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай” тушаалаар А ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр Б.О-г томилсон бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-19 тоот “А ХХК-д авсан банкны нөхцөлт удирдлагын арга хэмжээг дуусгавар болгох тухай” тушаалаар “А ХХК-д авч хэрэгжүүлсэн нөхцөлт удирдлагын арга хэмжээг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр дуусгавар болгож, банкны тайлан тэнцэл, удирдлагын бүрэн эрхийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг үлдэгдлээр “А” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.А-д хүлээлгэн өгөхийг Бүрэн эрхт төлөөлөгч Б.О-д үүрэг болгожээ.
Улмаар А ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.А-г 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх150/-аар тогтоогдож байна. А ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ариунжаргалаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Т.О, Л.А нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Ц, П.П нарыг томилж, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон болно. /хх142/
Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч А ХХК нь орон сууц худалдан авах зориулалтаар 50,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар тохирч шилжүүлэх, зээлдэгч Т.О, Л.А нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх6-9/
Мөн өдөр зохигчид тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт Т.Оын өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, Ногоон нуур гудамж, дүгээр байрны тоот хаягт байршилтай 57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, тоот барьцаалбар үйлдсэн байна. /хх-4,11-12/
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, А ХХК-тай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тоот Орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Аны зүгээс “Манайх 8 хувийн ипотекийн зээлд хамруулдаг” гэж хуурч мэхлэн өндөр хүүтэй гэрээ байгуулан биднийг ноцтой төөрөгдүүлэн гэрээ байгуулсан” гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.” гэж заажээ.
Монгол банк нь Атай Орон сууцны ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээг 2016 оны 3 дугаар сард байгуулсан бөгөөд уг гэрээг жил болгон шинэчлэн байгуулж ирсэн. Хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр уг ерөнхий гэрээг шинэчлэн тус банктай байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд А ХХК-ийн зээлийн эдийн засагч “Уг зээл нь Ипотекийн 8 хувьд хамрагдах боломжтой” гэж хэлснээс хариуцагч нарыг ноцтой төөрөгдсөн гэх тайлбар нь талуудын хооронд хийсэн Орон сууцны зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлд хамаарахгүй.
Иймд зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээ болон барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1, 451 дүгээр зүйлийн 451.2, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагуудыг хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зээлдүүлэгч А ХХК нь 50,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бэлэн бусаар зээлдэгч Т.Оын зээлийн дансаар шилжүүлэн өгсөн, зээлдэгч нар нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд үндсэн зээлд 5,284,946.81 төгрөг, зээлийн хүүд 37,757,836.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 27,416.50 төгрөгийг тус тус зээлдүүлэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга болон зээл, хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх18-21,23/
Зээлдэгч нар нь 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн үүргийн үлдэгдлийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ.
Хариуцагч нар нь “...зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй болсон шалтгаан ковид-19 халдварт өвчний улмаас сургуулийн цайны газар ажиллуулж байсныг зогсоосноос шалтгаалсан...” гэж тайлбарласан боловч Орон сууцны зээлийн гэрээний 1.14-т “Байгалийн гамшиг, гал, үер ус, газар хөдлөлт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хорио цээр тогтоох, тахал, дайн болон цэргийн үйл ажиллагаа зэрэг бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь үүргээ гүйцэтгэх үндэслэл болохгүй” гэж заасан тул зээлдэгч зээлийн гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж үзэж, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр гэрээг цуцалж, гэрээний нөхцөлийн дагуу гүйцэтгэх үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 44,715,053.19 төгрөг, зээлийн хүү 7,377,345.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,815.04 төгрөг, нийт 52,096,213.41 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “…зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү,гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан тул хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нар нь биелүүлэх үүрэгтэй юм.
Хариуцагч нар нь гэрээнд заасан сар бүрийн 25-ны өдөр зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс зөрчиж хугацаа хожимдуулан төлсөн нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тоот “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам батлах тухай” тушаалын 4.6 “Банк өмнө нь олгосон орон сууцны ипотекийн зээлийг энэ журмын дагуу авсан эх үүсвэрээр дахин санхүүжүүлж болох бөгөөд зээлийг дахин санхүүжүүлэхдээ дараах зарчмыг баримтална: 4.6.1 Дахин санхүүжилтийн хэмжээ өмнө нь олгосон орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдлээс ихгүй байна; 4.6.2 Дахин санхүүжилт хүсэгч зээлдэгчийн зээл нь энэ журамд заасан зээлийн нөхцөл, зээлдэгчийн болон барьцаа хөрөнгийн шалгуурыг тус тус хангасан байна., 2.5.2 Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй; байх гэсэн шалгуурыг хангаагүй байна.
Түүнчлэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Атай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний хүүг жилийн 8 хувиар тооцож өгнө үү гэх тайлбар гаргасан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.” гэж заасан боловч энэ зохицуулалт нь Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээнээс бусад зээлийн гэрээний харилцаанд хамаарна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-т “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ.”, 2.-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно.” гэж тус тус заасан тул талуудын хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний хүүг шүүх багасгаж, Орон сууцны зээлийн гэрээний хүүг жилийн 8 хувиар тооцох үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр Т.О, Л.А нарын А ХХК-тай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2102020130 тоот Орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 44,715,053.19 төгрөг, зээлийн хүү 7,377,345.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,815.04 төгрөг, нийт 52,096,213.41 төгрөгийг хариуцагч Т.О, Л.А нараас гаргуулан А ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч Т.О, Л.А нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, хороолол, ногоон нуур гудамж, байр, тоотод байрлалтай 57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Т.О, Л.А нараас 52,096,213.41 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.О, Л.А нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, хороолол, ногоон нуур гудамж, байр, тоотод байрлалтай 57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасан үндэслэлгүй тул А ХХК, Т.О, Л.А нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан тоот Орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч Т.О, Л.А нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 488,451.07 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ