Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2024/00218

 

 

 

Б ын нэхэмжлэлтэй

          иргэний хэргийн тухай           

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00816 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2024/01034 дүгээр магадлалтай            

Б ын нэхэмжлэлтэй,

Ц т холбогдох

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу хөрөнгө оруулалтад зарцуулсан 40,058,752 төгрөгийг гаруулах, үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэсэн бол зайлшгүй орох байсан орлого болох 81,590,854 төгрөг, нийт 121,649,606 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг         

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л , хариуцагч Ц, хариуцагчийн өмгөөлөгч Г , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б нь хариуцагч Ц т холбогдуулан Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу хөрөнгө оруулалтад зарцуулсан 40,058,752 төгрөгийг гаруулах, үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэсэн бол зайлшгүй орох байсан орлого болох 81,590,854 төгрөг, нийт 121,649,606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00816 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ц ээс хамтран ажиллах гэрээний үүрэгт 75,040,912 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46,608,694 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 924,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ээс 533,155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2024/01034 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00816 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц ээс 40,135,873 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, нэхэмжлэлээс үлдэх 81,513,733 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “533,155” гэснийг “358,629” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн 2024.05.15-ны өдрийн 210/MA2024/01034 тоот магадлалыг нэхэмжлэгч талын зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр хаяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Үндсэн хөрөнгө оруулалт болон гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврын тухайд. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүсгэж, нотлох баримтыг бүх талаас нь бүрэн бодитой дүгнэх журмыг дараах үндэслэлүүдээр зөрчиж байна. Үүнд:

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хоёул талуудын хооронд гэрээ байгуулагдсан, хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүй учир нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан, уг татгалзлыг хариуцагч тал зөвшөөрсөн болохыг, нэхэмжлэгч 38,058,600 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан, хариуцагч үүнээс 26,090,900 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох үйл баримтуудыг хүлээн зөвшөөрч, дүгнэсэн байдаг атлаа яг ижил үйл баримтууд дээр өөр өөр хуулийн заалт хэрэглэж, анхан шатны шүүхээс уг үйл баримтыг үндэслэн хариуцагч талаас 26,090,900 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг бол давж заалдах шатны шүүхээс 2,077,273 төгрөг гаргуулах болгож өөрчилсөн нь хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүсгэж байна. Иргэний хуулийн арван тавдугаар бүлгийн тавдугаар дэд бүлэгт гэрээнээс татгалзах тухай харилцааг зохицуулсан байдаг бөгөөд гэрээнээс татгалзсанаас үүдэн гарах үр дагаврыг шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 205-p зүйлийн 205.1 байдаг. Харин Иргэний хуулийн 479-р зүйлд зөвхөн хамтран ажиллах гэрээнээс гарах тухай л зохицуулсан болохоос гэрээнээс татгалзах тухай зохицуулалт агуулаагүй байдаг. Иймд Иргэний хуулийн ерөнхий зарчим болох тусгайлан зохицуулаагүй харилцаанд ерөнхий зарчмыг хэрэглэж, гэрээнээс татгалзах тухай ерөнхий зохицулалт агуулсан Иргэний хуулийн 205-р зүйлийг анхан шатны шүүх хэрэглэсэн нь үндэслэл бүхий байна. Иймд ижил үйл баримтыг тогтоосон атлаа хуулийн өөр өөр зүйл заалтыг хэрэглэн ялгаатай байдлаар шийдвэрлэснийг зөвтгөж, анхан болон давж заалдах шатны шүүхийн үүсгэсэн хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг арилгаж өгнө үү.

4.2. Магадлалын 7-р хуудасны 7 дахь хэсэгт "... анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчиж..." гэж дурдсан. Нотлох баримтыг үнэлэх ажиллагааны талаар ИХШХШТХ-д заасан зарчим, зохицуулалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, нотлох баримтыг үнэлэх аргачлал олгох зорилгоор 2008.10.10-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмж гарсан байдаг. Уг зөвлөмжид "Ямар нотлох баримтыг үнэн зөв гэж үзэх талаар хуульчилсан шаардлага тогтоох боломжгүй юм. Шүүх ямар нотлох баримтыг хэрхэн үнэлэх вэ гэдгийг түүнд хэн ч зааварчлах эрхгүй болно... Зөвхөн шүүгч нотлох баримтын үнэн зөв байдлыг тодорхойлж, түүнд агуулагдаж буй мэдээллийг бодит эсэхийг дүгнэж тогтооно. Дотоод итгэл нь өөрийн мэдлэг, шийдвэр, үйл ажиллагаанд хандах шүүгчийн хандлагын илрэл болдог. Дотоод итгэлд тулгуурлан хийгдсэн үнэлгээ өөрийн баталгаатай байдаг... зөвлөлдөх тасалгаанд чөлөөтэй илэрхийсэн шүүгч бүрийн санал нууц байдаг, хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хянан хэлэлцэхэд шүүхээс өгсөн нотлох баримтын үнэлгээг зөв буруу гэж дүгнэх эрхгүй байдаг... шүүхийн үнэлгээний үр дүнг буруу гэж үзэх үндэслэлгүй юм." гэж маш тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс өгсөн нотлох баримтын үнэлгээг зөв буруу гэж дүгнэх эрх давж заалдах шатны шүүхэд байхгүйгээс гадна анхан шатны шүүхийн шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлсэн нотлох баримтын үнэлгээг бусад дээд шатны шүүхээс үгүйсгээд байвал анхан шатны шүүхийн ач холбогдол, үнэ цэнэ алдагдана. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил гаруйн хугацаанд үргэлжилж, талууд уг хугацаанд мэтгэлцэж, тайлбар, татгалзлаа шүүхэд хүргүүлж, хяналтын камерын бичлэгт үзлэг хийлгэх, дансны хуулга болон бусад баримтуудыг гаргуулах гэх мэт шүүхийн ажиллагаа хийгдэж, тухай бүрт шүүгчдээ хэргийн бодит байдлыг тайлбарласны үндсэн дээр анхан шатны шүүгч хэргийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болж, өөрийн дотоод итгэл үнэмшлээр нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргадаг. Гэтэл давж заалдах шатны шүүх талуудын мэтгэлцээнийг зөвхөн гомдлын хүрээнд хязгаарлаж, хэргийн материалтай тухайн өдрөө танилцдаг атлаа хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шүүгчийн нотлох баримтын үнэлгээг буруу гэж дүгнэх нь хуульд ч тэр, шударга ёсонд ч тэр үл нийцнэ.

4.3. Мөн магадлалын 7 дахь талд "... Хариуцагч нь "76,424,900 төгрөгийн зардлыг би болон Б эгчийн зүгээс гаргасан гэдгийг нотолж байна..." гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байх тул энэ хэмжээгээр хамтын үйл ажиллагааны зардлыг тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцнэ..." гэжээ. Хариуцагч 76,424,900 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарлаж байгаа ч уг зардлаа баримтаар нотлоогүй атал давж залдах шатны шүүхээс ингэж дүгнэсэн байгаа нь илтэд үндэслэл муутай юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу талууд тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, төдий хэмжээний зардал гаргасан болохоо баримтаар нотлоогүй байхад уг тайлбарыг үндэслэл болгож, талуудын хамтын ажиллагааны зардлыг дан ганц хариуцагчийн тайлбарт үндэслэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуульд үл нийцнэ. Дээрх үндэслэлүүдээр талуудын хөрөнгө оруулалт, зардлыг тооцож, нэхэмжлэгч Б-д анхны хөрөнгө оруулалтаас 2,077,273 төгрөгийг хуваарилж шийдсэнийг эс зөвшөөрч байна.

Хоёр. Гэрээ биелснээс олсон ашгийг хуваарилсан тухайд. Өмнө дурдсанчлан анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч талын зүгээс дансны хуулгууд, хариуцагчийн дансны хуулгад хийсэн тооцоолол, тайлбар, салоны хяналтын камерын бичлэг зэрэг баримтуудыг гаргаж өгч, камерын бичлэгт үзлэг хийлгэж хариуцагч нь салоны орлогыг өөрийн дансандаа удаа дараа авч буйг, бэлэн мөнгөний орлого авч буй хирнээ тайланд огт тусгаагүйг, салоны орлого гэж дундын дансанд 80 сая төгрөгийн орлогыг авч, 76 сая төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлаж буй хирнээ хувийн дансандаа олсон орлого болох 155 сая төгрөг нь “миний өөрийн гараар хийсэн ажлын хөлс" гэж тайлбарлаж буй нь илтэд үндэслэлгүй байгааг нотолсон атал давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн байгаа нь хэргийн материалтай бүхэлд нь танилцаагүй, хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг ойлгож чадаагүй болохыг ахин нотолж байгаа юм.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн дансанд орсон 166 сая төгрөгийн 112 сая төгрөг нь салоны ашиг байна гэж үзэж өөрт оногдох хувийг шаардсан бөгөөд уг орлогын тооцооллыг хийх болсон Хаан банкны дасны хуулгыг хариуцагч өөрсдөө шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Үүний үндсэн дээр нэхэмжлэгч талын зүгээс уг дансны орлого зарлагад тооцоолол хийж, 2023.09.19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тус байдлаар нэмэгдүүлсэн. Хариуцагч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, хариу тайлбараа ирүүлсэн, нэхэмжлэгч талын гаргасан уг дансны орлого зарлагын гүйлгээнд хийсэн тооцололтой танилцсан, шүүх хуралдаанд оролцож талууд эрх тэгш мэтгэлцсэн бөгөөд хариуцагчийн зүгээс уг салоноос өөр орлого олдог байсан гэх бусад баримтыг гаргаж өгөөгүй нь хариуцагч маргаагүй гэж үзэх үндэслэл мөн юм. Талууд тайлбар татгалзлаа шүүхэд гаргаж өгөх, түүнийг нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлэх үүргийг ИХШХШТХ-д заасны дагуу хүлээсэн байдаг.

Хариуцагч тайлбартаа Голомт банкны дундын дансны орлогын талаар л ярьдаг бөгөөд Хаан банкны дансаар олсон орлогын талаар тайлбар хэлээгүй, өөрийн гараар хийсэн ажлын орлогыг өөрөө олно гэдэг гэрээний заалтыг иш татдаг боловч уг ажлуудыг өөрийн гараар хийсэн болохоо нотлоогүй, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх өөрийн үүргийг хэрэгжүүлээгүй. Эсрэгээрээ нэхэмжлэгч талаас уг орлого нь салоны орлого мөн болохыг хяналтын камерын бичлэг, дансны гүйлгээний утга зэргээр нотолсон болно. Хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр бий болсон "С salon" нь үсчингийн 6-н сандалтай, маникюрын ширээтэй, үсний эмчилгээний өрөөтэй, нэмээд бүтээгдэхүүн зарж борлуулдаг. Ийм том бүхэл бүтэн салоны орлого 82 сая төгрөг байхад ганц үсчний "өөрийн гараар хийсэн зарим нэг ажил"-ын орлого нь 155 сая төгрөг байсан гэдэг нь илтэд үнэмшилгүй тайлбар бөгөөд энэ нь өөрөө хариуцагчийн гэрээний үүргээ зөрчиж хувийн дансандаа салоны орлогыг их хэмжээгээр хуримтлуулсан, хамтран ажиллах гэрээний үндсэн зорилго хэрэгжих ямар ч боломжгүй болсноор нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах үндэслэл болж байгаа болно.

Анхан шатны шүүхээс дансанд орсон орлого бүрийг цэвэр ашиг гэж үзээгүй, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тооцооллыг үндэслэсэн. Нэхэмжлэгч нь өөрийн шуналдаа хөтлөгдөөгүй, бодитой байх үүднээс Ц ийн хувийн дансанд орсон орлого бүрийг нэгд нэгэнгүй бүртгэж, өөрийн бусад данснаас авсан, нөхрөөс нь эсхүл ээж ааваас нь болон бусад байдлаар өөр утга агуулгатай орж ирсэн гүйлгээнүүдийг салоны орлого биш гэж үзэн 40 сая төгрөгийг хасаж тооцож, үүнийгээ хүснэгтээр гаргаж өгсөн. Мөн түүнчлэн гарсан зардлуудыг ч шүүж, бараа бүтээгдэхүүн авсан, ажилчиддаа тавьсан цалин, салонд авсан бусад зардлуудыг хүлээн зөвшөөрч болох зардал мөн байна гэж үзэж хасаж тооцсон үнийн дүн буюу нийт Ц ийн хувийн дансанд орсон 155 сая төгрөг, Голомт банк дахь дундын дансанд орсон 80 сая төгрөг, нийт 235 сая төгрөгийн орлогоос салоны орлогод тооцогдохгүй орлого, салонд зориулагдаж зарцуулагдсан зардал зэрэг гэх 70 сая төгрөгийг хасаж, 163 сая төгрөгийн ашгаас өөрт оногдох хувийг шаардсан бөгөөд хэрэв хариуцагч энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлон анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэх бүрэн боломжтой байсан юм.

Хариуцагчийг салоноос өөр орлого олдог байсан гэж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдаж байгаа боловч анхан шатны шүүхэд ийм тайлбар ирүүлээгүй, үүнийг нотлох баримт ч хавтаст хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн дурдаж буй 2022.04.01-нээс 2022.06.30-ны дотор хийгдсэн 110 сая төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ нь тухайн хугацаанд салоны түрээсийн төлбөр, салоны тохижилтын ажил гээд салон бий болоход хэрэгтэй мөнгө түүний дансаар дамжиж орж гарсан мөнгө болно.

С салон өнөөдөр үс будахад л 100,000-650,000 төгрөг, үсний эмчилгээ 550,000 төгрөг хүртэл, үс залгахад 600,000-1,200,000 төгрөгийн ханштай үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь ч хэрэгт авагдсан дансны хуулгуудаас бэлхнээ харагдана. Иймд бидний зүгээс салон ийм хэмжээний ашигтай ажилласан, уг ашиг орлогоо хамтран ажиллах гэрээний дагуу итгэж хөрөнгө оруулсан гэрээний нөгөө талаасаа нуусан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхаас гадна анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэж, нэхэмжлэгчид 48,950,012 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр болсон. Дээрх шалтгаануудын улмаас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.15-ны өдрийн 210/МА2024/01034 дугаартай магадлал нь хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг үүсгэсэн, улсын дээд шүүхийн тайлбар, тогтоол, зөвлөмжөөс өөрөөр хуулийг тайлбарлан хэрэглэсэн магадлал байх бөгөөд уг магадлал, шийдвэрийн хууль хэрэглээний зөрүүг арилгах нь цаашид хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх тул уг хяналтын журмаар гаргаж буй гомдлыг минь хүлээн авч, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.20-ны өдрийн 183/12024/00816 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан шийдвэр байх тул магадлалыг хүчингүйд тооцож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.09.16-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/01046 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Б нь хариуцагч Ц т холбогдуулан Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу хөрөнгө оруулалтад зарцуулсан 40,058,752 төгрөгийг гаруулах, үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэсэн бол зайлшгүй орох байсан орлого болох 81,590,854 төгрөг, нийт 121,649,606 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба үндэслэлээ “...хамтын үйл ажиллагаанд зориулан 41,625,640 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч хариуцагч уг зардлын тайланг танилцуулаагүй, мөн дундын данс буюу Голомт банк дахь ... тоот дансанд бүх орлогыг төвлөрүүлж, түүнээс гарсан зардлыг тайлагнах үүргээ биелүүлэхгүй, санхүүгийн хувьд хяналт тавих боломжийг олгоогүй тул хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө, олох байсан ашгаа гаргуулна.” гэжээ.

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...хамтран ажиллах гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлага болон 20,090,900 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсныг буцаан төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн агуулгатай тайлбар гарган маргасан.  

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...Нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн Голомт банк болон хариуцагчийн Хаан банкинд орсон орлогоос цэвэр ашиг 163,166,708 төгрөгийг хариуцагч маргаагүй, үүнийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул тухайн орлогын 30 хувь болох 48,950,012 төгрөгийг хариуцагч Ц ээс гаргуулна, мөн хариуцагчийн нэхэмжлэгчид буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн 26,090,900 төгрөгийг нэмж нийт 75,040,912 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46,608,694 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно.” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.             

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...талууд хамтын үйл ажиллагааны орлогоо “Голомт банк” ХК-ийн дундын дансанд шилжүүлж байсан нь тогтоогдсон ба үүнийг хамтран ажилласан хугацаагаар тооцвол, гүйлгээний орлого 83,349,145 төгрөг, зарлага 87,380,138 төгрөг байна. Хариуцагч шүүх хуралдаанд 76,424,900 төгрөгийн зардлыг талууд  хамтран гаргасан гэсэн тайлбарласан тул энэ хэмжээгээр хамтын үйл ажиллагааны зардлыг тооцох нь нотлох баримт үнэлэх журамд нийцнэ. Талууд гэрээгээр хамтын үйл ажиллагааны зардлыг 30:70 хувиар тооцон нийт орлогоос төлөх, ашиг орлогыг 30:70 хувиар хувааж байхаар тус тус харилцан тохиролцжээ. Уг гэрээний дагуу талуудын хамтын үйл ажиллагааны орлого 83,349,145 төгрөгөөс нэхэмжлэгчид ногдох 30 хувь нь 25,004,743 төгрөг, зардал 76,424,900 төгрөгөөс нэхэмжлэгчийн хариуцан төлөх 30 хувь нь 22,927,470 төгрөг байх бөгөөд үүнээс харилцан тооцвол 2,077,273 төгрөг нэхэмжлэгч Б-д хуваарилагдаж байна. Хариуцагч Ц-ийн эзэмшлийн ХААН банк дахь дансны орлогыг талуудын хамтын үйл ажиллагааны үр шимд тооцон, 81,590,854 төгрөгийн орлого хуваарилахыг нэхэмжлэгч шаардаж буй нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. Иймд хариуцагч Ц ээс 40,135,873 /38,058,600+2,077,273/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ад олгох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийжээ. 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үндэслэл болж буй хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонтой холбогдон гарсан үр дагаврыг арилгах талаар өөр өөр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж ялгаатай шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

11. Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын 2022.06.19-ний өдөр үсчин, маникюр, педикюрын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан 01 тоот Хамтран ажиллах гэрээгээр салоны үйл ажиллагаа эхлүүлэхэд гарах зардлыг 50, 50 хувиар гаргах, харин 2022.09.19-ний өдрөөс эхлэн урсгал зардлыг 70, 30 хувиар тооцон төлөх, бусад зардлыг нийт орлогоос төлөх, мөн ашиг орлогыг 70, 30 хувиар хуваан авахаар дундын данс нээж, Ц  нь үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх, Б орлого, зарлага, гүйлгээ, санхүүгийн асуудалд хяналт тавьж, хамтын шийдвэр гаргахаар харилцан тохиролцсон байна.

12. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн ирүүлсэн Хаан банк дахь тоот данснаас 2022.04.27-ны өдрөөс 2022.10.14-ний өдрийн хооронд нийт 40,219,100 төгрөгийн зарлага гарсан, харин 2022.05.13-ны өдөр 1,623,000 төгрөг, 2022.05.19-ний өдөр 537,500 төгрөг, нийт 2,160,500 төгрөгийг Ц ээс буцаан шилжүүлсэн, салоны үйл ажиллагаанд зориулан нэхэмжлэгч Б аас 38,058,600 төгрөгийн хөрөнгө оруулсан нь тогтоогдов. Үүнээс С салоны үйл ажиллагаанд зарцуулсан зардлын 30 хувь болох 11,967,700 төгрөгийг хасаж, хариуцагчийн нэхэмжлэгчид буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн 26,090,900 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй.” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцээгүй гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэлтэй.

13. Давж заалдах шатны шүүх гэрээний дагуу талуудын хамтын үйл ажиллагааны орлого 83,349,145 төгрөгөөс нэхэмжлэгчид ногдох 30 хувь 25,004,743 төгрөг, зардал 76,424,900 төгрөгөөс нэхэмжлэгчийн хариуцан төлөх 30 хувь 22,927,470 төгрөг байх бөгөөд үүнээс харилцан тооцвол 2,077,273 төгрөг нэхэмжлэгч Б-д хуваарилагдаж байна. ... хариуцагч Ц ээс 40,135,873 /38,058,600+2,077,273/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б-д олгосон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт нийцсэн. Өөрөөр хэлбэл, талууд ашиг алдагдлыг “30/70” гэж тохирсон байх бөгөөд ... салоны орлогыг хариуцагч нь их хэмжээгээр өөрийн хувийн дансандаа авсан гэх тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй буюу хариуцагч Ц ийн эзэмшлийн ХААН банк дахь дансны орлогыг талуудын хамтын үйл ажиллагааны үр шимд тооцон, 81,590,854 төгрөгийн орлого хуваарилахыг шаардаж буй нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2024/01034 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Б ын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 332,476 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                Н.БАТЧИМЭГ

                                                                 Н.БАТЗОРИГ 

                                                                             П.ЗОЛЗАЯА

       Д.ЦОЛМОН