Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1163

 

            2020           9              8                                         2020/ДШМ/1163                                

 

 

     Б.Бд холбогдох эрүүгийн

                   хэргийн тухай           

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Ганзориг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/564 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Г.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 2003000000196 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Ж овгийн Б-ийн Б, 2000 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 6 дугаар баг, Бугат гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 40 дүгээр байрны 1-45 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

 

          Б.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний замд “Хос шивээт” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Соната маркийн 77-95 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Ц.Б жолоочтой Тоёота Акуа маркийн 82-07 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч О.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота Акуа маркийн 82-07 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,995,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.         

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хохирогч Б.Бцаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

          Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Г.Ганзориг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Бийн нэхэмжилсэн 2,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжилсэн 2,346,200 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлыг мөн барагдуулахаа илэрхийлсэн. Б.Б нь төрсөн ах Б.Магжаны хамт 13 дугаар хороололд Түргэн үйлчилгээний цех ажиллуулж, бусад цагаар барилгын туслах ажил хийдэг, тогтмол орлоготой учир торгуулийн ял оногдуулах боломжтой юм. Б.Бы эх Долда Салтанатын зүрх нь өвдөөд биеийн байдал нь муу байгаа тул Баян-Өлгий аймаг руу яваад хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Иймд түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдэхгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Түүний болгоомжгүй үйлдсэн энэ хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, торгуулийн ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Б.Бийн нэхэмжилсэн 2,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжилсэн 2,346,200 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Оногдуулсан ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор Ч.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Тухайн үед шүүгдэгч Б.Б нь ажил хийдэггүй байсан тул анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байдаг. ... анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

          Б.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний замд “Хос шивээт” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Соната маркийн 77-95 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Ц.Б жолоочтой Тоёота Акуа маркийн 82-07 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч О.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота Акуа маркийн 82-07 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,995,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Бийн: “... 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр би ажлынхаа жолооч Бийн цагаан өнгийн “Акуа” автомашины жолоочийн хажуу талын урд суудлын яг ард талд сууж явсан. Би гар утсаараа юм үзээд явж байсан тул яг аль чиглэлээс автомашин хаашаа явсныг хараагүй, гэнэт “машин мөргөлөө” гээд хамт явсан залуучууд орлилдоод унасан. Би тэгээд зүүн тал руу хартал машин ирж байгаа харагдсан, тэгээд л тэр автомашин миний сууж явсан талаас ирээд мөргөсөн. Миний нүүр рүү цонхны шил үсрээд байсан. Тэгээд л би ухаан балартсан, нэг мэдэхэд М, Мөнхбат хоёрын нэг нь машинаас буучихсан толгойгоо барьчихсан тонгойгоод сууж байсан. Тэр хоёрын нэгэнд л “намайг татаарай, машинаас гаргаадах” гэсэн. М, Мөнхбат хоёр хоёулаа машинаас намайг гаргаж зам дээр хэвтүүлсэн. Авто ослоос болж умдаг яс, аарцагны яс, нурууны яс доод хэсгээрээ хугарч, дунд чөмөгний дээд яс гэмтсэн. Би гэмтлийн эмнэлэгт 1 хоночихоод 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтээд одоог хүртэл хэвтэж эмчлүүлж байна. Эмчийн ярьснаар 6 сар хэвтэрт байна гэсэн. ...” /хх 25-26/,

 

гэрч М.Мөнхбатын “... “Цэцэг” төвийн уулзварын гэрлэн дохион дээр улаан гэрэл асчихсан байхаар нь гэрлэн дохион дээр зогсож байгаа харагдсан. Би гар утсаа оролдож явсан тул сайн анзаарч хараагүй, тэгсэн гэнэт тас хийх чимээ гарсан. Манай машины зүүн талаас Соната-6 маркийн автомашин замын гол хэсэгт мөргөсөн. ...” /хх 32-33/,

 

гэрч Б.Билгүүний “... Б “Тоёота Акуа” маркийн 82-07 УБУ улсын дугаартай автомашиныг жолоодоод “Цэцэг” төвийн гэрлэн дохио “ногоон гэрэл” асаад уулзвар нэвтрээд замын гол хэсэгт явж байтал Соната-6 маркийн 77-95 УНП улсын дугаартай автомашин “Төв шуудан” талаасаа ертөнцийн зүгээр зүүнээс, баруун чиглэлээр хурдтай улаан гэрлээр орж ирээд манай сууж явсан машины баруун талын хэсгийг ирээд мөргөсөн. ...” /хх 34/,

 

гэрч Ц.Бийн “... 2020 оны 4 дүгээр сарын 30-ны 3 цаг 10 минутын орчим би “Тоёота Акуа” маркийн 82-07 УБУ улсын дугаартай автомашиныг жолоодоод “Цэцэг” төвийн гэрлэн дохио “ногоон гэрэл” асаад уулзвар нэвтрээд замын гол хэсэгт явж байтал “Соната-6” маркийн 77-95 УНП улсын дугаартай автомашин “Төв шуудан” талаасаа ертөнцийн зүгээр баруун тийш уулзвараар улаан гэрлээр орж ирээд миний машины зүүн талын багана 2 хаалга хэсгээр ирж мөргөсөн. Би автомашиндаа надаас гадна 4 ажлынхаа хүнтэй явсан. Авто ослоос болж Бгэх ахын аарцаг яс хугарсан. Мийн цээжин хэсэг нь хөндүүр байгаа, Билгүүн, Мөнхбат нар яаж гэмтсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Би авто ослоос болж баруун гуя хэсэг нь хавдаад хүзүү хөшөөд байгаа. Зүүн талын хоёр хаалга, баганын хамт чихэгдсэн, урд крыло хэсэг нь хонхойсон. Гэрлэн дохио асахаар нь хөдлөөд явж байсан тул ойролцоогоор 20-25 км/цаг хурдтай явсан. ...” /хх 36-37/,

 

шүүгдэгч Б.Бы яллагдагчаар өгсөн “... 2020 оны 4 дүгээр сарын 30-ны шөнө 03-аас 04 цагийн орчим би өөрийнхөө эзэмшлийн “Хьюндэй Соната 6” маркийн 77-95 УНП улсын дугаартай автомашиныг жолоодоод жолоочийн урд талын суудалд найз Диндар, хойд талын суудал эрэгтэй хүнийг И мартын ойролцоогоос 10 дугаар хороолол хүргэж өгөх гээд Цэцэг төвийн уулзварын Төв шуудан талаасаа 10 дугаар хороолол руу явах гээд гэрлэн дохио шар гэрэл асаатай байхаар нь чигээрээ явж байтал гэнэт уулзварын хойд талаас цагаан өнгийн Акуа маркийн автомашин урдуур орж ирээд мөргүүлсэн. Ослын улмаас би, Диндар, таксидаж явсан эрэгтэй нар бэртэл, гэмтэл аваагүй. Харин цагаан өнгийн акуа маркийн автомашинд сууж явсан 5 хүний Б.Бгэх залуу хүндэвтэр гэмтсэн. Б, М нар хөнгөн гэмтэл авсан. ...” /хх 104-106/ гэсэн мэдүүлгүүд,

 

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч зураг /хх 2-13/,

 

Энхтайваны өргөн чөлөө, “Цэцэг” төвийн баруун урд уулзварын гэрлэн дохионы горим, ажилласан түүх /хх 50-51/,

 

“Вендо” автомашин техникийн үнэлгээний тайланд: “Тоёота Акуа” маркийн 82-07 УБУ улсын дугаартай автомашинд 1,995,000 төгрөгийн шууд, 2,346,200 төгрөгийн нийт хохирол учирсан” /хх 87/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5229 дугаартай “Б.Бат- Эрдэнийн биед хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт” /хх 66/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5255 дугаартай “О.Мийн биед хөнгөн гэмтэл учруулсныг тогтоосон дүгнэлт” /хх 60/,

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 270 дугаартай “Соната-6 маркийн 77-95 УНП дугаартай автомашиныг жолоодож явсан Байбатша овогтой Бахитжан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно”, г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.” /хх 71-72/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Быг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин О.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Бы Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Т.Ганзориг “... 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой болох нь түүний 5186150729 дугаартай Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн болоод ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд тухайн зүйлд зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх;” гэж заасан тул торгох ялыг биелүүлэх хугацааг заах нь зүйтэй.

 

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганзоригийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 564 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “... шүүгдэгч Б.Быг 450 /дөрвөн зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. …” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тотоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.” гэсэн заалт нэмсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР          

                                      ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                      ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ