Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 112/ШШ2022/0029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа, шүүгч Ч.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Б.Даваатуяаг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Иргэн Э.Н

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* нарын хоорондын сумын Засаг даргын албан тушаалаас үндэслэлгүй огцруулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, иргэдийн төлөөлөгч Б.Даваатуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.  

                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаартай “Сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, ******* сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах

2. Хэргийн нөхцөл байдал:  Нэхэмжлэгч Э.Ныг Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор нэр дэвшүүлсний дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/95 дугаар захирамжаар ******* сумын *******ар томилж ажиллуулсан. Говь-Алтай аймгийн Засаг даргын  2021 оны 09 дүгээр сарын 20-ны 1/937 албан бичгээр огцруулах санал хүргүүлсний дагуу ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Э.Ныг ******* сумын *******ас огцруулахаар шийдвэрлэсэн. 19 дүгээр тогтоолыг үндэслэж Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжаар Э.Ныг ******* сумын *******ас огцруулсан. Нэхэмжлэгчээс дээрх 19 дүгээр тогтоол болон аймгийн Засаг даргын Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өмнөх 19 дүгээр тогтоолоо хууль бус гэж үзэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна.

3. Нэхэмжлэгчээс Говь-Алтай аймагт Ардчилсан нам гарсантай холбогдуулан Ардын намын төлөөлөгч гэх шалтгаанаар ******* намайг шахаж, улс төрийн зорилгоор, хууль зүйн үндэслэлгүйгээр огцруулсан, ажилтай холбоотой ямар нэгэн зөрчил байхгүй байхад намайг ажлаа өг, ажилд чинь шалгалт хийсэн, ажлаа өгөхгүй бол ямар нэгэн байдлаар Авлигатай тэмцэх газарт өгнө гэж надад шахалт үзүүлсэн, ямар хууль тогтоомж зөрчсөн талаар дурдаагүй, бодит нөхцөл байдалд тохироогүй, хуулийн үндэслэлгүй тодорхой бус шийдвэр гаргасан гэж, хариуцагчаас коронавирусын цар тахлын үед гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Гамшгаас хамгаалах тухай хууль, Улсын онцгой комиссын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрүүд, түүнийг дагаж гарсан аймгийн Засаг даргын захирамжуудыг зөрчиж ******* сумын иргэдийн дунд эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулсан, Э.Ныг огцруулах саналыг тухайн үед хуралд оролцсон төлөөлөгчдийн 90.9 хувийн саналаар дэмжсэн гэж тус тус маргасан байна.

4. Нэхэмжлэгч Э.Н нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжийн талаар 2021 оны  11 дүгээр сарын 04-ний өдөр тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг 2 агуулгатай гаргаж байсан. Эхнийх нь иргэдийн Хурлын тогтоолтой холбоотой нэхэмжлэл шийдэгдсэн. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаартай сумын Засаг даргыг огцруулах тухай захирамж гаргасан. Тухайн захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны төлбөр гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон Эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Маргаан бүхий гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг, мөн 2 дахь хэсэг, 7 дахь заалт, ******* сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг үндэслэн тухайн акт гарсан. Тухайн хуулийн заалтад үндэслэн акт гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны актын хууль зүйн үндэслэлээс харахад Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасныг үндэслэх ёстой байтал зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тухайн захиргааны акт гарахдаа зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчмыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэсэн захиргааны шийдвэр гарах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тухайн захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгдээгүй. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэдийн Хурал хуралдаж тогтоол гаргасан.

Тэгээд 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн захирамж гарсан байдаг. Энэ байдлаас харахад эрх нь зөрчигдөж байгаа этгээдийг сонсох боломжоор хангах болон тайлбар өгөх боломжоор хангах холбогдох Захиргааны хуулийн заалтууд зөрчигдсөн. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт дурдахдаа Засаг даргыг огцруулах асуудлыг ажлын 5 хоногт шийдвэрлэх гэж заасан байдаг. Гэтэл Э.Ныг Ардчилсан намаас сонгогдсон ******* О.Амгаланбаатар ажлаас чөлөөлөхдөө улс төрийн зорилгоор ажлаас чөлөөлсөн гэж харагдаж байна. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тогтоол гарч, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлж халсан. Нэг хоногийн зайтай ажлаас чөлөөлж байгаа нь улс төрийн шалтгаанаар халж байгаа нөхцөл байдлыг харуулдаг буюу Говь-Алтай аймагт Ардчилсан нам дийлэнх суудал авсан гэдэг агуулга харагддаг. Учир нь *******д 5 хоногийн дотор хянан шийдвэрлэх эрх хэмжээ олгогдсон байдаг. Мөн 5 хоногийн хугацаанд тухайн захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхэд дүгнэлт хийж шийдвэр гаргах ёстой байсан. Мөн захиргааны акт гаргах болон эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг сонсох болон оролцох боломжоор хангаж, тайлбар гаргах эрхээр олгох ёстой. Гэтэл энэ эрхийг хангахгүйгээр 1 хоногийн зайтай тухайн захирамжийг гаргаж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах ёстой гэж тусгасан байдаг. Ажлаас чөлөөлж байгаа Захиргааны актыг харахад ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа талаар бодит хуулийн үндэслэлийг зааж өгөөгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэл болгосон байдаг. Засаг даргыг чөлөөлсөн бол шинээр томилох хүртэл орлогч Засаг даргын үүргийг хэрэгжүүлэхээр заасан.

Гэтэл Засаг даргын захирамжийг харахад Тамгын газрын даргад үүрэг болгосон нөхцөл байдал харагддаг. Үүнээс харахад тухайн захиргааны акт хууль зөрчсөн акт гэж харагдаж байна. Мөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар сарын 04-ний өдөр 19 дүгээр тогтоолыг үндэслэсэн. 10 дугаар сарын 04-ний өдөр 19 дүгээр тогтоол нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хүчингүй болсон. Маргаж буй захиргааны акт нь бодит нөхцөл байдалд тохироогүй болон хууль зүйн үндэслэл заагаагүйгээр ажлаас чөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Хэргийн материалаас харахад Э.Н онц байдал зарласан үед эд мөнгөний хонжвор, сугалаа зохион байгуулсан гэдэг санал *******д хүргүүлсэн байдаг. Тэгээд ******* нь иргэдийн хуралд хүргүүлж ажлаас чөлөөлнө гэдэг асуудал ярьдаг. Гэтэл хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримтыг хүрээнд Ш.З гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. ******* Э.Нын хувьд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б/61 дугаартай захирамж гаргаж байсан. Тухайн захирамж нь орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа сунгах тухай захирамж байсан. Энэ захирамжийн биелэлтийг хариуцаж ажиллахыг Тамгын газрын даргад үүрэг болгосон байсан.

 Тамгын газрын дарга тухайн үүргийг орон нутагт захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байсан. Энэ хугацаанд тухайн сумын иргэн Ш.З хонжвор сугалаа зохион байгуулсан үйл баримт тогтоогддог. Гэрч Ш.Згаас мэдүүлэг авахад Засаг даргын ямар нэгэн оролцоо байхгүй гэж тодорхой хэлсэн байдаг. Хариуцагчийн гаргасан тайлбартай танилцахад онц байдал зарласан хугацаанд ******* сумын ******* хийж байсан Э.Н мөрийтэй тоглоом зохион байгуулсан мэт тайлбарыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн материалаас харахад Засаг даргыг огцруулах эсэх асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зохицуулж өгсөн байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримт шүүхэд гаргаж өгөх, гаргаж өгөх боломжгүй бол шүүхэд нотлох баримт, эх сурвалжийг зааж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Хариуцагч тал тухайн захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй холбоотой тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэдгийг дурдмаар байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү? гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий акт буюу аймгийн Засаг даргын 2021 оны 10 сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгуулах улмаар холбогдох цалин хөлсийг гаргуулахаар тодорхойлжээ.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Улс төрийн зорилгоор Говь-Алтай аймагт ардчилсан нам гарсантай холбогдуулан Ардын намын төлөөлөгч гэх шалтгаанаар ******* намайг шахаж, шалтаг хайн ямар хууль тогтоомж зөрчсөн болох талаар дурдаагүй, тодорхой бус шийдвэр гаргасан” гэж дурджээ. Хариуцагч аймгийн Засаг даргын ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Эт хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1/937 дугаар албан бичигт холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаар тодорхой дурдсан бөгөөд тухайлбал коронавируссын цар тахлын үед гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Гамшгаас хамгаалах тухай хууль, Улсын онцгой комиссын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрүүд, түүнийг дагаж гарсан аймгийн Засаг даргын захирамжуудыг зөрчиж ******* сумын иргэдийн дунд эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулсан байна.

Сугалаа зохион байгуулсан нь гэрч Ш.Згийн “******* сумын иргэдийн дунд эд мөнгөний хонжворт сугалааг хэн зохион байгуулсан бэ гэсэн асуултад 2021 оны 02 сараас эхлэн сугалаагаа тараагаад 6 сарын 21-нд хонжворыг тодруулсан. Тухайн сугалааг дэлгүүрийн үйл ажиллагааг дэмжин хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх зорилгоор 2-3 хүнийг ажпын байраар ханган сугалааг зохион байгуулсан” гэсэн хариултаар болон бусад асуултад хариулсан байдлаар нотлогдож байна.

 ******* сумын иргэдийн дунд сугалаа зохион байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “******* тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна” гэж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а” дахь заалтад “хууль тогтоомж, засгийн газар, хурал, засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах” гэж заасныг болон Улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс, аймгийн Засаг даргын шийдвэрүүдийг тус тус зөрчсөн байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд сумын *******д харьяалах нутаг дэвсгэртэй эд, мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулах чиг үүрэг болоод эрх байхгүй. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэх, эрх мэдэл албан тушаалын давуу байдлаа ашигласан эсэхийн аль нь болох талаар дүгнэлт өгөх нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болохоос өмнө Ардын намын 2 төлөөлөгчийг ковид цар тахалтай холбогдуулан зориудаар эмчилгээний улаан бүсэд оруулж, хуралд оролцох боломжгүй болгосон. Холбогдох журмаар хуралдаанд цахимаар оролцох боломжтой байсан боловч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга чиглэл өгсөн тухай дурджээ.

Энэ нь нэхэмжлэгч хэргийг өөртөө ашигтай байдалд шилжүүлэх гэсэн ямар нэгэн нотлох баримтгүйгээр хардаж, сэрдэн таамаглал дэвшүүлсэн төдий зүйл гэдэг нь тодорхой харагдаж байна. Мөн Э.Ныг огцруулах саналыг тухайн үед хуралд оролцсон төлөөлөгчдийн 90.9 хувийн саналаар дэмжсэн байдаг бөгөөд 2 төлөөлөгч хуралд оролцсон, оролцоогүй байдал нь тус хурлын шийдвэрт нөлөө үзүүлэх хэмжээнд хүрэхгүй байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад МАН-ын бүлгийн 2 төлөөлөгч улаан бүсэд ажиллаж байгаа, нэг төлөөлөгч ковидоор өвчлөн эмчлүүлж байгаа шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүйг мэдэгдсэн ******* сумын Монгол Ардын намын хорооны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар албан бичгийг хүргүүлжээ. Тус албан бичигт хуралдаанд цахимаар оролцох агуулга, үг өгүүлбэр тусгагдаагүй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга чиглэл өгсөн гэх нотолгоо байхгүй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “МАН-ын бүлгээс төлөөлөгч нар 100 хувийн ирцтэйгээр хуралд оролцох хүсэлтэй, 2 төлөөлөгч улаан бүсэд ажиллаж байгаа тул хугацаагүйгээр завсарлага авахаар албан бичиг хүргүүлсэн боловч тус албан бичгийг хүргэж өгсөн Ардын намын төлөөлөгчийг хурлын ирцэнд тооцож, хуулийн дагуу ирц бүрдээгүй байхад хууль бусаар хуралдааныг хийсэн. Энэ нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг тус тус зөрчиж, ирц бүрдсэн мэтээр шийдвэр гаргасан” гэж дурджээ.

Нэхэмжлэлд дурдсан албан бичгийг хүргэж өгсөн Ардын намын төлөөлөгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Э бөгөөд энэ нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 4 дүгээр хуралдааны хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасан байх бөгөөд Ардын намын төлөөлөгч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга С.Э нь хуралдаанд хүрэлцэн ирсэн нь ирцэд бүртгэгдэн, үг хэлж, МАН-ын албан бичгийг танилцуулан, хуралдааныг орхин гарсан явдал болон хуралдааны хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

Иймд С.Эыг хуралдаанд хүрэлцэн ирсэн гэж үзэх бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 4 дүгээр хуралдааныг ирц бүрдээгүй хүчингүй гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хуралдааны дэгийг сахиулах үүрэгтэй хурлын дарга С.Э нь “Миний бие МАН-ын гишүүн учраас мөн энэ хуралдаанд оролцохгүй гэсэн саналтай байна” хэмээн хуралдааныг орхин гарсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн санаатай үйлдэл юм.

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9 дэх хэсэгт “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 4.1.3-д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан даргалагч хуралдааныг даргалах боломжгүй болсон, хуралдаан хаясан нөхцөл байдал үүсвэл төлөөлөгчдийн ердийн олонхийн ирц бүрдсэн тохиолдолд төлөөлөгчдийн саналаар хуралдаан даргалагчийг сонгож, хуралдааны үйл ажиллагааг үргэлжпүүлэн дуусгана” гэж тус тус заасныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлсэн бөгөөд Э.Ныг огцруулах саналыг тухайн үед хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 90.9 хувийн саналаар дэмжсэн байна.

******* сумын Монгол Ардын намын хорооны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр албан бичгээр ээлжит бус хуралдааныг хугацаагүйгээр хойшлуулах саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлсэн байх ба энэ нь хуралдаан хойшлуулах үндэслэл болохгүй юм. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно” гэж заасан бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 4 дүгээр хуралдааныг хойшлуулсан тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр байхгүй болно.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа,

нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “Дээд шатны засаг дарга энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэх” гэж, 32.4 дэх хэсэгт “дээд шатны ******* энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны хуралд хүргүүлэх бөгөөд хурал 15 хоногийн дотор хэлэлцэж хариу өгнө” гэж тус тус заасны дагуу ******* шийдвэр гаргасан бөгөөд энэ нь үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон сумын 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг мөн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүх 31 дүгээр тогтоолыг аймгийн *******д хүргэгдсэн эсэх, мөн 19 болон 31 дүгээр тогтоол хуульд заасан шаардлагын дагуу хүчин төгөлдөр эсэх, 31 дүгээр тогтоолын үндэслэл буюу 19 дүгээр тогтоолын ирцийн талаар дурдсан зэрэгт бүхэлд нь хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2021 оны 31 дүгээр тогтоолыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид ирүүлсэн байх ба зүй нь 19 болон 31 дүгээр тогтоолыг хянаж үзэхэд ирцтэй холбоотой болон хурлын процесс ажиллагааны алдаа 31 дүгээр тогтоолоос харагддаг. Тухайлбал 19 дүгээр тогтоолын хурлын тэмдэглэлээс үзэхэд ирц тодорхой бичсэн байдаг ба 31 дүгээр тогтоолын үндэслэлд 19 дүгээр тогтоолын ирц хангалтгүй талаар дурдсан байдаг. Үнэхээр ирц хангалтгүй бол түүнийг нотлох баримт хэрэгт нотлох баримтын шаардлага хангагдан авагдсан эсэхийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл 19 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр мөн эсэхийг тогтоосны дараа 31 дүгээр тогтоолыг хянан үзэх шаардлага хэрэгцээ байгаа бөгөөд 19 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Түүнчлэн дээрх тогтоолуудад дүгнэлт хийхэд 31 дүгээр тогтоолыг баталсан хуралдааны тэмдэглэл чухал ач холбогдолтой бөгөөд тус хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан эсэхийг анхаарах нь зүйн хэрэг болно.

 Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагааг захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байхаар зааж өгсөн бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлахаар заасан. Хэдийгээр нутгийн өөрөө удирдах байгууллага өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгох бүрэн эрхтэй боловч энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой.

 Мөн Монгол Улсын Үндсэн Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "... Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монгол ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгждэг. Өөрөөр хэлбэл төрийн удирдлагыг бүх шатны ******* хэрэгжүүлдэг, сумдын ******* нарыг томилох, чөлөөлөх, огцруулах эрх аймгийн *******д байсаар байхад төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч субьектэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь эс үйлдэхүйгээрээ буюу тогтоолыг хүргүүлээгүй байдлаар халдсан нь илэрхий байна. Энэхүү Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 31 дүгээр тогтоолыг *******д хүргүүлээгүй байдлыг эрх зүйн зөрчилд авч үзэхгүй бол аймгийн хэмжээний бусад сумд дээрх байдлыг давтах, нутаг дэвсгэрийн хэмжээнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төрийн удирдлагыг хэрэгжүүлэх байдалд эрсдэл дагуулж, төрийн албаны үндсэн зарчим алдагдахыг анхаарч үзнэ үү.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 7. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие Б овогтой Б нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын Б/84 дугаар захирамжаар ******* сумын *******ар томилогдон ажиллаж  байна. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 5 дугаар хуралдаан 100%  ирцтэй ******* сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд хуралдсан уг хурлаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол ардын нам, ардчилсан нам бүлэг тус бүр нэг нэг хүнийг сумын *******д нэр дэвшүүлсэн ба ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс миний биеийг сумын *******д нэр дэвшүүлсэн бөгөөд хуралд оролцсон 21 төлөөлөгчийн 11 төлөөлөгч буюу 52,3 хувийн санал авсан тул ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын *******ар томилуулахаар 22 тоот тогтоол гарч уг тогтоолын дагуу аймгийн Засаг даргын Б/84 дугаар захирамжийн дагуу ******* сумын *******ар томилогдсон. Иймээс миний хувьд *******ар томилогдоход ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй болно гэжээ.

 

  8. Иргэдийн төлөөлөгч Б.Даваатуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн Засаг даргын гаргасан Э.Ныг ажлаас чөлөөлөх тушаал нь үндэслэлгүй гэж харагдаж байна. Гэрч З-ийн мэдүүлэгээр тогтоогдож байна. Э.Ныг ажлаас халах нь хууль зүйн үндэслэлгүй Монгол Улсын Захиргааны хуулийг зөрчөөгүй гэдэг нь найман удаагийн шалтгаанаар харагдаж байна. Нэхэмжлэгч Э.Н 2021 оноос өмнө 4 жил ажилласан нийт 8 удаа хяналт шалгалт хийсэн ч хууль зүйн үндэслэл гарч ирээгүй гэв.  

                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ

9. Нэхэмжлэгч Э.Наас Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн *******д холбогдуулан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 19 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хүчингүй болгосноор хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

11.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өмнө гаргасан тогтоолоо өөрөө хүчингүй болгосон байх ба 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолд гомдол гаргаагүй, уг тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.

Нэгэнт ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өмнөх тогтоолоо хүчингүй болгож, шүүх энэ талаар шийдвэрлэсэн байх тул 19 дүгээр тогтоол болон түүнийг хүчингүй болгосон 31 дүгээр тогтоолын үндэслэл болон уг тогтоолыг гаргасан хуралдааны ирц, процесс ажиллагааны талаар шүүх шалгах, энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Харин аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.

12. Хариуцагч Говь-Алтай аймгийн ******* 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн Б/67 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.3, 32.7 дэх хэсэгт заасныг болон тус аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Э.Ныг үүрэгт ажлаас нь огцруулсан.

13. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “******* гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны ******* буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”, 32.3-т “Дээд шатны *******, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан.

14. Хариуцагчаас огцруулсан үндэслэлээ коронавирусын цар тахлын үед гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Гамшгаас хамгаалах тухай хууль, Улсын онцгой комиссын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрүүд, түүнийг дагаж гарсан аймгийн Засаг даргын захирамжуудыг зөрчиж ******* сумын иргэдийн дунд эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулсан гэж маргасан байна. ******* сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаж, зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/61 дугаар захирамжаар “...иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг ...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгаж шийдвэрлэжээ. Гэрч Ш.З “...06 дугаар сарын 21-нд хонжворыг тодруулсан.

 Тухайн сугалааг дэлгүүрийн үйл ажиллагааг дэмжин, хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх зорилгоор 2-3 хүнийг ажлын байраар ханган сугалааг зохион байгуулсан ...сумд ковид илрээгүй байсан ...******* захирамж гаргасан байсан учир хүмүүсийг цахимаар тухайн хонжворт оруулахыг зөвлөж байсан. Хонжвороо зохион байгуулахдаа хүмүүсийн төлөөллийг оролцуулан сумаас зайдуу, дээд хонхорт машинаас нь хүмүүсийг буулгалгүй бүх хүмүүст маск, бээлий тараагаад зохион байгуулсан ...******* оролцоогүй” гэж мэдүүлснээс үзэхэд тухайн хонжворт сугалааг нэхэмжлэгч зохион байгуулсан гэсэн хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Мөн нэхэмжлэгч ямар хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөн, ямар чиг үүргээ хэрэгжүүлээгүй талаар тайлбар, холбогдох нотлох баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, энэ талаар дээрхээс өөрөөр тайлбар ирүүлээгүй бөгөөд хариуцагч энэ талаар шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах ажиллагааг зөрчсөн байна. Энэ талаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 15. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж заасан бөгөөд аймгийн Засаг даргын Б/67 дугаар захирамжаар Э.Ныг огцруулж, Засаг даргын ажлын чиг үүргийг тухайн үед Засаг даргын орлогчийн ажлыг хариуцан гүйцэтгэж  байсан сумын Тамгын газрын даргад хариуцуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

  Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм.

 16. Нэхэмжлэгч Э.Ныг ******* сумын *******ас огцруулсан захирамжийн үндэслэл болгосон ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дүгээр тогтоолыг тухайн шатны Хурал 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, уг тогтоолыг аймгийн *******д 2022 оны 08 дугаар сарын 22-нд хүргүүлсэн байхад хариуцагчаас 31 дүгээр тогтоолтой холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. (Хавтаст хэргийн 173, 192, 194-197 дахь талд)

  17. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 18 дугаар зүйлийн 18.1-т “Сум, дүүргийн Хурал нь ...хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гээд хуулийн 18.1.1-ийн “г”-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн *******д уламжлах” гэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхийг тусгайлан заасан байна.

18. Тодруулбал: Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд Хурал хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд сумын *******а огцруулж, огцруулсан тогтоолоо өөрөө хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

19. Аймгийн ******* нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 19 дүгээр тогтоолыг үндэслэн Э.Ныг ажлаас чөлөөлсөн бөгөөд уг 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор аймгийн Засаг даргын 2021 оны Б/67 захирамж эрх зүйн үндэслэлгүй төдийгүй,  нэхэмжлэгчийн хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Захирамж хууль зүйн үндэслэлгүй, ажлаас огцруулсан үндэслэл нь тодорхойгүй талаар иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй байх тул уг дүгнэлтийг харгалзан үзэж, аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.Ныг сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 20.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хууль 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

21. Нэхэмжлэгч Э.Ныг сумын Засаг даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байх тул түүний 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ажилгүй байсан 235 хоногийн олговор 15.096,517 /арван таван сая ерэн зургаан мянга таван зуун арван долоон/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1, 2.3 дугаар хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Нын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн  2021 оны 7, 8, 9 дүгээр сарын цалингийн нийлбэрээс дундаж цалин хөлсийг тодорхойлсон болно.

22. Мөн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 02 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх тул хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 зааснаар үлдсэн 35100 төгрөгийг хариуцагч аймгийн *******ас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”, 25 дугаар зүйлийн 25.4,  32 дугаар зүйлийн 32.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.Ныг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Э.Нт ажилгүй байсан хугацааны 235 хоногийн олговор болох 15096517 / арван таван сая ерэн зургаан мянга таван зуун арван долоон/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийж олгохыг Говь-Алтай аймгийн *******д даалгасугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                               

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Э.ЗОЛБАДРАХ

                                                    ШҮҮГЧИД                              Н.АМАРЗАЯА

                                                                                                     Ч.ЦЭНД-ОЧИР