Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 34

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

 

      Улсын яллагч                                                А.Энхтуяа                                      

      Нарийн бичгийн даргаар                              Б.Урангоо нар  оролцов.

 

           Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан овогт Сүхбаатарын Гансүхэд холбогдох 201601000269  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

           Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, “Есөн-Эрдэнэ” хотхоны 29-2-16 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Улаан овогт Сүхбаатарын Гансүх /РД: ЧВ-74090814/,

 

           Шүүгдэгч С.Гансүх нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаан-Үд-Улаанбаатарын “364” дугаарын галт тэргээр ОХУ-ын талаас Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомт”-оор тарифын бус аргаар хязгаарласан Засгийн газрын 2011 оны 219 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын 93.06 дугаарын кодтой ан агнуурын зориулалт бүхий 2.232.000 төгрөгийн үнэ бүхий 2300 ширхэг сумыг тусгайлан бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодолд нуун далдалж, ачаа тээшиндээ хийн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

  1. Шүүгдэгч С.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12-р сарын  19-нд  сэжигтнээр  өгсөн:  ...Би 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ОХУ-руу явж годон гутал авчирч зарах санаатай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гарсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ОХУ-ын Улаан-Үд хотод хямд годон гутал хайж яваад Баяраа гэж буриад залуутай танилцсан. Тэгээд Баяртай хамт байхад Володя гэдэг залуу надад “сум авах уу, хямдхан зарж байна” гэхээр нь би сонирхоод “хэд гэж байгаа юм бэ” гэж асуухад “нэг ширхэг нь 12-15 рублийн хооронд зарж байна” гэсэн “олноор нь авах юм бол хямдруулаад өгнө” гэхээр нь надад мөнгө хэрэгтэй байсан болохоор “авъя” гэсэн. Монголд очих юм бол овоо хэдэн төгрөг олчих юм шиг санагдаад 9 төрлийн нийт 2300 ширхэг сумыг 33000 рублээр худалдан авсан. Тэгээд сумаа аваад Улаан-Үд хотод байдаг нэг дэн буудалд сумнуудаа аваачаад ойролцоо байдаг хүнсний дэлгүүрээс сахар 8 ширхэг, чокопэй 2 ширхэг, 12 ширхэг майонезын саванд худалдан авсан сумнуудаа савалж нуусан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаан-Үд хотоос гарч маршрутын явж орой нь Наушки галт тэрэгний буудлаас Монголын галт тэргэнд суусан. Тэгээд ОХУ-ын гаалийн шалгалтаар намайг мэдэлгүй гаргасан. Харин Монголын гаалийн шалгалт дээр гаалийн байцаагч миний ачаа тээшийг шалгаад миний нууж авч явсан сумнуудыг илрүүлсэн. Тэгээд намайг буулгаад миний ачаа тээшийг нэг бүрчлэн шалгаад надад байсан бүх сумнуудыг илрүүлсэн. Би улсын хилээр сум нэвтрүүлэхийг хориотой гэдгийг  мэднэ. Мөнгө хэрэгтэй байсан болохоор л ийм зүйл хийчихлээ. Миний буруу. Энэ сумнуудыг монголд очиж зарж мөнгө олох санаатай байсан. Би хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл аваагүй, Гаалийн мэдүүлэх хуудсанд сумны тухай мэдүүлээгүй. Би Баяр, Володя гэх хүмүүсийг сайн танихгүй. Баяр гэдэг нь буриад залуу байсан, зах дээр худалдаа хийдэг. Баяр, Володя 2-той би тэр өдөр анх удаа уулзсан. Володя гэдэг залуу нь ойролцоогоор 32 орчим настай, 176 см өндөртэй, шар царайтай залуу байсан. Тэр залуу над дээр шууд ирээд “сум авах уу, хямдхан зарж байна” гэхээр нь би сонирхоод сум авсан. Би өөр зүйл мэдэхгүй. Би улсын хилээр сум нэвтрүүлэх хориотой гэдгийг мэдэж байсан болохоор гаалийн шалгалтанд баригдахгүйн тулд сумнуудыг хүний анхаарал татахгүй гэж бодоод майонез, сахар, чокопэйн хайрцганд нуусан. Би майонзны савны майонезыг нь гаргаж хаяад 1 саванд 6 хайрцаг сумыг хийсэн. Би майонзны саванд сумнуудаа нуухдаа савны гадна талын хайрцгийг авч дан бор өнгийн цаасан боодолтой нь хийгээд хажуу талаар нь гаднах цаасан хайрцгийг нь нугалаад хажуугаар нь чигжиж хийсэн. Нэг сахарын хайрцагт 4 ширхэг сум хийсэн сахарын хайрцгийн урд хэсгийн наалттай хэсгийг салгаад 4 хайрцаг сум хийгээд буцаагаад наасан. Мөн чокопэйны хайрцагт 5 хайрцаг сум нуусан. Тэгээд нийтдээ 115 хайрцаг сумыг 12 ширхэг майонезны сав, 6 ширхэг сахарын цаасан хайрцаг, 2 ширхэг чокопэйны хайрцагт хуваан нуусан. Надад сумнуудыг ингэж нуу гэж хэн ч зөвлөөгүй. Би өөрөө л гаалийн шалгалтаар мэдэгдэлгүй нууж гаргахын тулд ингэж нуусан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 65-р ху/,

 2. Шүүгдэгч С.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01-р сарын 11-нд яллагдагчаар өгсөн: ... Намайг Монгол улсын эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татсан байна. Би энэ хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Надад хэргийн талаар нэмж ярих зүйл байхгүй. Би урьд өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Би ОХУ-руу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарч Улаан-Үд хотын зах дээр явж байгаад хямдхан сум зарж байна гэхээр нь Монголд аваачаад үнэтэй зарж болох байх гээд 115 хайрцаг, 2300 ширхэг сум худалдан авч хилээр нууж гаргах гэж байгаад баригдсан маань үнэн. Миний буруу. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 68-р ху/,

 3. Шүүгдэгч С.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01-р сарын 11-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Миний нэр дээр бүртгэлтэй ямар нэгэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө байхгүй. Би одоо түрээсийн байранд амьдарч байгаа. Би тус байрыг тавилгатай нь сарын 450.000 төгрөгөөр түрээслэдэг. Би өмнө машин оруулж ирж байгаад ашиггүй наймаа хийснээс болоод байргүй болоод түрээсийн байранд амьдарч байна. Үнэнийг хэлэхэд миний нэр дээр бүртгэлтэй өр л байна. Би Голомт, Хаан банкинд данс эзэмшдэг, Худалдаа хөгжлийн банкинд нэг данс нээлгэж байсан гэхдээ ашиглаагүй маш их удаж байна. Хаагдчихсан байж магадгүй. Миний дансуудад ямар ч мөнгө байхгүй, дансны эцсийн үлдэгдэл гэж 5000-10,000 төгрөг байгаа байх. Би таньдаг хуульч найзаасаа асуусан эрүүгийн хуулийн 175 дугаар зүйл нь хөрөнгө хураах нэмэгдэл ялтай байдаг тухай сонссон би өөрийн iphone 5 маркийн утсыг хураалгамаар байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 70-р ху/,

4. Шүүгдэгч С.Гансүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  Би 2016 оны 11 дүгээр сарын 30-нд ОХУ-аас хууль бусаар сум оруулж ирсэндээ үнэхээр их харамсаж байна. Улаан-Үүд хотын зах дээр годон гутал авах гэж явж байгаад гутал үнэтэй байхаар нь Орос хүнтэй таарч “сум авах уу” гэхээр нь сум авч хууль бусаар хил нэвтрүүлсэн. Би уул нь сум худалдаж авахдаа л болохгүй дээ гэж бодож байсан Би ОХУ руу 1993-1997 он хүртэл наймаа хийж байгаад гадаад руу явсан. Тэгээд сая Нефть хаягдлаас гаргаж аваад, хүүхдээ тэмцээнд оруулах гээд машин зохион бүтээсэн юм. Тэгээд мөнгө хэрэг болоод ийм зүйл хийсэн. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна...гэх мэдүүлэг,

      5. Гэрч О.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12-р сарын 23-ны өдөр өгсөн: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 30-ны оройн Эрхүү-Улаанбаатарын олон улсын суудлын галт тэргэнд хувиарын дагуу орж гаалийн хяналт шалгалт хийх явцад тус вагоны 2 дугаар купенд зорчиж явсан Монгол улсын иргэн С.Гансүх нь тус купенд ганцаараа явж байсан. Би шалгалт хийхдээ эхлээд вагоны дотор явж ерөнхийдөө зорчигч нарыг анзаарч харсан. Тэгсэн тэр зорчигч ямар нэгэн зүйл хийгээгүй хэрнээ цааш буруу хараад суусан байсан. Яагаад сондгой харагдсан гэхээр зорчигч нар гаалийн шалгалт орж ирэхэд байцаагч руу харж гаалийн шалгалтанд бэлддэг. Тэгээд би хилээр орж ирж буй зорчигч паспортонд шалгалт хийгдсэний дараа гаалийн шалгалтаас 9 дүгээр буюу тус вагоны сүүлийн купенээс эхлэн шалгалтаа эхэлсэн. Ингээд 2 дугаар купенд ирээд зорчигчоос гаалийн деклараци /мэдүүлэх хуудас/ авч С.Гансүхийн гаальд мэдүүлсэн барааны хуудас дээрх мэдээллээс харахад тухайн хүнд гаальд мэдүүлэх татвартай бараа болон хориглосон, хязгаарласан бараа, хүний дайвар ачаа байхгүй гэж мэдүүлсэн байсан. Тэгээд би С.Гансүхийг “за суудлаа сөхөөд ачаа бараагаа шалгуулаарай” гэж хэлсэн. Тэгэхэд тэр зорчигч өөрийн сууж байсан суудал доороос спорт маягийн дундаж хэмжээтэй улаан өнгийн цүнхийг гаргаж дотор нь авч явсан хүнсний зүйлүүдийг өөрөөр нь гаргуулаад цүнхийг нарийвчлан үзсэн. Цүнх дотор байсан эд зүйлсийг гаргасны дараа хоосон цүнхийг өргөж үзэхэд хүнд байсан. Цүнхийг газар тавьж байгаад цүнхний улыг гараараа тэмтэрч үзэхэд улны хэсэгт 3 хэсэг хатуу хайрцагтай зүйл мэдрэгдсэн. Тэгсэн тухайн цүнхний улны хэсгийг харахад юу ч мэдэгдэхгүй. Тэгсэн цүнх улны хэсэгтээ давхар ултай байсан. Тус цүнхний давхар улны хэсэг нь гар аргаар хийгээгүй цаанаасаа үйлдвэрээсээ давхар карматай хийгдсэн байсан. Тэгээд 3 хэсэг хатуу зйүлийг гаргаж ирэхэд сумны хайрцагтай сум байсан. “энэ сум яаж байгаа юм, юу болж байгаа юм” гэж асуухад “ах нь ан хийдэг юм, 3 хайрцаг л сум оруулж ирсэн өөр байхгүй, үнэн ахынхаа эхнэр, хүүхдийг бодооч” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би шалгалтыг үргэлжлүүлэн суудлыг сөхүүлээд үзэхэд шар өнгийн тортой зүйл байснаас эхний шар өнгийн тортой зүйлд 6 ширхэг 600 гр-тай майонез дээр нь жаахан хүнс байгаа харагдсан. Тэгээд би шар өнгийн тортой барааг татаж үзэхэд илт мэдэгдэхүйц хүнд байсан. Нэг майонезыг өргөж үзэхэд энэ сумтай юм байна гэж бодоод дараагийн шар өнгийн тортойг үзсэн. Мөн л дараагийн торонд майонез, ёотон, чекопэй байсан, бариад үзэхэд хатуу зүйл байсан. Тэгээд би энэ хүн барааны сав хайрцгуудад сум хийсэн юм байна гэж бодоод шууд купенээс гараад зөрчлийн байцаагч, хилийн цэргийн ахлаж байсан Эрдэнэбат гэж залууд “та нар тагнуул дуудчих, энд сумтай хүн явж байна” гэж хэлсэн. С.Гансүхийн авч явсан бүх зүйлийг шалгаж нийт 2300 ширхэг сум илэрсэн. Ингээд зөрчлийг шилжүүлэн өгсөн. Энэ зөрчлийн талаар ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Би 10 орчим жил гаалийн байцаагчаар ажилласан. Тухайн зорчигч галт тэргэнд майонез авч явсан. Хэрэв тэр хүн майонез авч явсан бол авто замын боомтоор аль болох хурдан хилээр орох ёстой учир нь түргэн муудах чанартай бараа юм. Тэр хүн сум нуусан барааныхаа нэр төрлийг буруу сонгосон байсан. Тэгэхээр энэ зөрчлийг ур чадвараараа илрүүлсэн гэж бодож байна. гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,

  6.Гэрч С.Лхамдарийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01-р сарын 07-ны өдөр өгсөн:  ... С.Гансүх айлын хамгийн том нь доороо 3 эмэгтэй дүүтэй. 8 дугаар анги төгсөөд тракторчин болоод эксковаторын жолооч хийдэг байсан. Бидний аав 1986 онд өөд болоод ах маань ар гэрээ авч явах болсон. 2005 онд эхнэртэйгээ нэг гэр бүл болоод одоо 3 хүүтэй сайхан гэр бүлтэй. ОХУ визгүй болсон үеэс эхлэн ОХУ-руу ганзагын наймаанд явах болсон. Би худалдаа эрхэлдэг болохоор Гансүх ахын авчирсан оймс, годон гутал, эсгий гутал, хөнжил зэргийг авч лангуун дээрээ зардаг байсан. Миний ах маш шударга, ажилч, хичээнгүй, архи огт хэрэглэдэггүй. Аавыг өнгөрснөөс хойш ар гэрээ авч явсан мундаг хүн. Ах багаасаа хар бор ажил их хийсэн ажилсаг хүн. Би ахыгаа хүндэлдэг, аав шиг хүн дээ. ...гэх мэдүүлэг, /хх 34-р ху/,

    7.Гэрч Д.Бямбатунгалагын 2017 оны 01-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... Миний нөхөр С.Гансүх цааны арьсан гутал авах гэж 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр 28-ны өдөр билүү 29-ний өдөр явсан. Би яг хэзээ явсныг нь мэдэхгүй байна. Сүүлд явахынхаа өмнөх явалт дээр 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-аас ор хөнжлийн даавуу, годон гутал, орос урт оймс зэрэг ойр зуурын зарах бараа, гэртээ хүнсний зүйлс хүүхдүүддээ малгай зэрэг юмтай ирж байсан. Миний нөхөр Гансүх өнгөрсөн жилээс ОХУ-аас жижиг ойр зуурын зарах бараа, эсгий гутал, урт оймс зэргийг оруулж ирж зардаг байсан. Олон удаа байнга яваад байдаггүй, ОХУ-аас авчирсан эд зүйл нь зарагдах гэж их уддаг байсан. Гансүх гэрийн ажлаа сайн хийдэг, сайн аав, сайн хань. Архи уудаггүй, өмнө нь янз бүрийн асуудалд орж байгаагүй. Шулуун шударга, иймээ тиймээ ааш гаргадаггүй сайн хүн. Ямар зорилгоор сум оруулж ирсэн болохоо надад хэлээгүй. Бодвол зарж хэдэн төгрөг олох санаатай байсан байх. Энэ сумнуудыг хэнд зарах гэж байсан гэдгийг мэдэхгүй байна. Яаж бодохоороо сум оруулж ирж зарна гэж боддог байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 37-р ху/,

8.Гэрч Б.Пүрэвдамбын 2017 оны 01-р сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...Би С.Гансүхийн биед үзлэг хийгээд түүнээс биеэс улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан ямар нэгэн зүйл илрээгүй. Би биед нь үзлэг хийгээд өөрт нь байсан зүйлийг өгсөн, би түүний биеэс ямар нэгэн зүйл хураан аваагүй. Би үзлэгийн тэмдэглэлийг бичиж дуусгаад хөндлөнгийн гэрч нарт өгч уншуулж танилцуулж гарын үсэг зуруулахад хөндлөнгийн гэрч Т.Цогтсайхан өөрийн нэрийн өмнө биш хөндлөнгийн гэрч Ж.Ариунболорын гарын үсэг зурах хэсэгт зурчихсан байна лээ. Сайн харвал 2 гарын үсэг нь 2-лаа байгаа. Би сумнуудыг интернэтээс хайж орос хэл дээр сумнуудыг үнийг бичсэн зурагнуудыг хавсаргасан болно. Тэр сумнуудын үнэ рублээр бичигдсэн байгаа. гэх мэдүүлэг /хх 39-р ху/,

   9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн  № 5 тоот дүгнэлт хэсэгт:

       1.Шинжилгээнд ирүүлсэн 5,56х45 мм калибртай 6 ширхэг сум, 7,62х39 мм калибртай 12 ширхэг сум, мөн 7,62х54 калибртай 9 ширхэг сум нийт 27 ширхэг сум нь ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн.

Жич: Шинжилж буй 27 ширхэг сумаар туршилтын буудлага үйлдсэн болно. гэх дүгнэлт /хх-ийн 43-р ху/,

Шүүгдэгч С.Гансүхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 71-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 61-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 62-65-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 66-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 67-70-р ху/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 8,30-32-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, /хх 99-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, /хх 100-101-р ху/, битүүмжилсэн эд зүйлийн үнэлгээ, / хх 103-р ху/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, /хх 109-р ху/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 10-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-р ху/, шүүгдэгчийн гадаад паспорт болон иргэний үнэмлэхний хуулбар, /хх 54,55-р ху/, эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, /хх 2-р хав 48-49-р ху/, хууль бусаар оруулсан сумны үнэлгээ, /хх 2-р хав 55-56-р ху/,   зэрэг болно.

Шүүгдэгч С.Гансүх нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаан-Үдэ-Улаанбаатарын “364” дугаарын галт тэргээр ОХУ-ын талаас Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомт”-оор тарифын бус аргаар хязгаарласан Засгийн газрын 2011 оны 219 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын 93.06 дугаарын кодтой ан агнуурын зориулалт бүхий 2.232.000 төгрөгийн үнэ бүхий 2300 ширхэг сумыг тусгайлан бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодолд нуун далдалж, ачаа тээшиндээ хийн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч С.Гансүхийн өөрийнх нь өгсөн:  2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаан-Үдэ хотоос гарч орой нь Наушки галт тэрэгний буудлаас Монголын галт тэргэнд суусан. Монголын гаалийн шалгалт дээр гаалийн байцаагч миний ачаа тээшийг шалгаад миний нууж авч явсан сумнуудыг илрүүлсэн. Тэгээд намайг буулгаад миний ачаа тээшийг нэг бүрчлэн шалгаад надад байсан бүх сумнуудыг илрүүлсэн. Би улсын хилээр сум нэвтрүүлэх хориотой гэдгийг мэдэж байсан болохоор гаалийн шалгалтанд баригдахгүйн тулд сумнуудыг хүний анхаарал татахгүй гэж бодоод майонез, сахар, чокопэйн хайрцганд нуусан. Би майонзны савны майонезыг нь гаргаж хаяад 1 саванд 6 хайрцаг сумыг хийсэн. Би майонзны саванд сумнуудаа нуухдаа савны гадна талын хайрцгийг авч дан бор өнгийн цаасан боодолтой нь хийгээд хажуу талаар нь гаднах цаасан хайрцгийг нь нугалаад хажуугаар нь чигжиж хийсэн. Нэг сахарын хайрцагт 4 ширхэг сум хийсэн сахарын хайрцгийн урд хэсгийн наалттай хэсгийг салгаад 4 хайрцаг сум хийгээд буцаагаад наасан. Мөн чекопэйны хайрцагт 5 хайрцаг сум нуусан. Тэгээд нийтдээ 115 хайрцаг сумыг 12 ширхэг майонезны сав, 6 ширхэг сахарын цаасан хайрцаг, 2 ширхэг чекопэйны хайрцагт хуваан нуусан. Надад сумнуудыг ингэж нуу гэж хэн ч зөвлөөгүй. Би өөрөө л гаалийн шалгалтаар мэдэгдэлгүй нууж гаргахын тулд ингэж нуусан.. ...гэх мэдүүлэг,

Гэрч О.Отгонбаярын өгсөн: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 30-ны оройн Эрхүү-Улаанбаатарын олон улсын суудлын галт тэргэнд хувиарын дагуу орж гаалийн хяналт шалгалт хийх явцад тус вагоны 2 дугаар купенд зорчиж явсан Монгол улсын иргэн С.Гансүх нь тус купенд ганцаараа явж байсан. Тэгээд би С.Гансүхийг “за суудлаа сөхөөд ачаа бараагаа шалгуулаарай” гэж хэлсэн. 3 хэсэг хатуу зүйлийг гаргаж ирэхэд сумны хайрцагтай сум байсан. “энэ сум яаж байгаа юм, юу болж байгаа юм” гэж асуухад “ах нь ан хийдэг юм, 3 хайрцаг л сум оруулж ирсэн өөр байхгүй, үнэн ахынхаа эхнэр, хүүхдийг бодооч” гэж хэлж байсан. Тэгээд би энэ хүн барааны сав хайрцгуудад сум хийсэн юм байна гэж бодоод шууд купенээс гараад зөрчлийн байцаагч, хилийн цэргийн ахлаж байсан Эрдэнэбат гэж залууд “та нар тагнуул дуудчих, энд сумтай хүн явж байна” гэж хэлсэн. С.Гансүхийн авч явсан бүх зүйлийг шалгаж нийт 2300 ширхэг сум илэрсэн. ...гэх мэдүүлэг,

Гэрч Д.Бямбатунгалагын өгсөн:  ... Миний нөхөр С.Гансүх цааны арьсан гутал авах гэж 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр 28-ны өдөр билүү 29-ний өдөр явсан. Ямар зорилгоор сум оруулж ирсэн болохоо надад хэлээгүй. Бодвол зарж хэдэн төгрөг олох санаатай байсан байх. Энэ сумнуудыг хэнд зарах гэж байсан гэдгийг мэдэхгүй байна. Яаж бодохоороо сум оруулж ирж зарна гэж боддог байна. ...гэх мэдүүлэг,

Гэрч Б.Пүрэвдамбын 2017 оны 01-р сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн: ...Би С.Гансүхийн биед үзлэг хийгээд түүнээс биеэс улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан ямар нэгэн зүйл илрээгүй. Би биед нь үзлэг хийгээд өөрт нь байсан зүйлийг өгсөн, би түүний биеэс ямар нэгэн зүйл хураан аваагүй. Би сумнуудыг интернэтээс хайж орос хэл дээр сумнуудыг үнийг бичсэн зурагнуудыг хавсаргасан болно. Тэр сумнуудын үнэ рублээр бичигдсэн байгаа. ...гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Гансүхийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, битүүмжилсэн эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, хууль бусаар оруулсан сумны үнэлгээ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Гансүх нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаан-Үдэ-Улаанбаатарын “364” дугаарын галт тэргээр ОХУ-ын талаас Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомт”-оор тарифын бус аргаар хязгаарласан Засгийн газрын 2011 оны 219 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын 93.06 дугаарын кодтой ан агнуурын зориулалт бүхий 2.232.000 төгрөгийн үнэ бүхий 2300 ширхэг сумыг тусгайлан бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодолд нуун далдалж, ачаа тээшиндээ хийн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан "хязгаарласан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх" гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан гэмт үйлдэл мөн гэж үзлээ.

Шүүгдэгч С.Гансүхэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс “хязгаарласан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй  байна.

Шүүгдэгч С.Гансүхийн үйлдэл нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр  гэмт хэрэг үйлдэхийг завдсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин байгаа зэргийг харгалзан үзэж  хуульд заасан баривчлах ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгч нь өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй гээд өмгөөлөгч аваагүй, мөн Сүхбаатар суманд таньдаг айл, хүн байхгүй гээд Улаанбаатар хотоос батлан даагч нарыг авчирсан зэргээс харахад торгох, албадан ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Гансүх нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “The north face” бичиглэлтэй улаан өнгийн цүнх, 2 ширхэг “Chocopie”-ийн хоосон хайрцаг, 6 ширхэг ёотонгийн хоосон хайрцаг, 12 ширхэг “Янта” майонезийн хоосон хайрцаг зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нийт 2300 ширхэг сум хураагдсанаас 27 ширхэг сумыг нь шинжилгээнд хэрэглэж үлдэх 5,56х45 мм-тэй 491 ширхэг сум, 7,62х39 мм-тэй 788 ширхэг сум, мөн 7,62х54 мм-тэй 994 ширхэг сум нийт 2273 ширхэг буюу 2.202.000 төгрөгний үнэ бүхий ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сумыг  худалдан борлуулж улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд үүрэг болгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290-р зүйлийн  290.3, 294,  295, 296, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь ;        

1.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Улаан овогт Сүхбаатарын Гансүхийг /РД: ЧВ-74090814/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175-р зүйлийн 175.1 дэх  хэсэгт заасан “...хязгаарласан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гансүхийн эд хөрөнгийг нь хураахгүйгээр 3 /гурван/ сар 1 /нэг/ хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 51-р зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гансүхэд оногдуулсан 3 /гурван/ сар 1 /нэг/ хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд  ганцаарчлан  эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.Гансүх нь энэ гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон  хоноггүй, болохыг тус тус дурьдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “The north face” бичиглэлтэй улаан өнгийн цүнх, 2 ширхэг “Chocopie”-ийн хоосон хайрцаг, 6 ширхэг ёотонгийн хоосон хайрцаг, 12 ширхэг “Янта” майонезийн хоосон хайрцаг зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нийт 2300 ширхэг сум хураагдсанаас 27 ширхэг сумыг нь шинжилгээнд хэрэглэж үлдэх 5,56х45 мм-тэй  491 ширхэг сум, 7,62х39 мм-тэй  788 ширхэг сум, мөн 7,62х54 мм-тэй 994 ширхэг сум нийт 2273 ширхэг буюу 2.202.000 төгрөгний үнэ бүхий ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сумыг  худалдан борлуулж  улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.10-д зааснаар хавтаст хэргийн 99-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн “Iphone” маркийн гар утсыг эзэмшигч С.Гансүхэд буцаан олгосугай.

7.Шүүгдэгч С.Гансүхэд урьд авсан бусдын даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шүүгч шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн  304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НОЛХООСҮРЭН