| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/0172/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/167 |
| Огноо | 2024-08-07 |
| Зүйл хэсэг | 17.8.1., 10.1-1, |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, шүүгч Б.Сувд-Эрдэнэ, шүүгч С.Ёндонсамбуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,
улсын яллагч Э.Гантулга,
иргэдийн төлөөлөгч Г.Лхагважаргал,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц., түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганбаатар /цахимаар/,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан
*******-******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох эрүүгийн 2408470411 дугаартай, 163/2024/0172/Э индекстэй хэргийг *******-******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Сүхбаатар аймагт 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, ам бүл 2, ээжийн хамт ******* хотын *******-******* дүүргийн ******* дүгээр хорооны ******* хорооллын *******ийн дугаар гудамж тоотод оршин суух хаягтай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, 31 настай, эрэгтэй, РД: .
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* хотын *******-******* дүүргийн ******* дүгээр хорооны ******* хорооллын Бурхантын 3 дугаар гудамжны зүүн талд байх жалганд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Ч.тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг хоолойг гараараа боож алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны хяналтанд цахиж бугуйвч зүүж байхдаа 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр цахим бугуйвчийг цэнэглэлгүй *******-******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарч Булган аймагт очин цахим бугуйвчаа хүнээс нуух, гараасаа салгах зорилгоор архины шилээр устгаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 780,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2408470411 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* хотын *******-******* дүүргийн ******* дүгээр хорооны ******* хорооллын Бурхантын 3 дугаар гудамжны зүүн талд байх жалганд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Ч.тай “дахин архи авч өгөхгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг хоолойг гараараа боож алсан,
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны хяналтанд цахиж бугуйвч зүүж байхдаа 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр цахим бугуйвчийг цэнэглэлгүй *******-******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарч Булган аймгийн Бүрэгхангай суманд очин цахим бугуйвчаа хүнээс нуух, гараасаа салгах зорилгоор архины шилээр устгаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 780,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Эдгээр үйл баримт нь:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн: ах архи авч өг гэх зүйл ярьсан. Би дахин архи авч өгч чадахгүй гэх зүйл ярихад намайг цохиод байсан. Би тэгэхээр нь заамдаж аваад цааш нь түлхчихээд явчихсан. Гэтэл араас чамайг ална гэх зүйл яриад орилоод байхаар нь би тоохгүй шууд явсан. Тэнд зөндөө архи уусан хүмүүс байсан. Би боогоогүй, алаагүй ш дээ гэх мэдүүлэг,
- Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.ы өгсөн: Надад маш харамсалтай байна. Бид хоёулаа өндөр настай ээжүүдтэй. 80 гарсан болон 92 настай хоёр ээж маань байдаг. Манай хүн архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэдэггүй. Тийм болохоо байсан хүн байгаагүй. 2 сарын 17, 18-ны өдрүүдэд миний ээжийн бие өвдөөд манай хүн надтай цуг эмнэлэг түргэн дуудаад хамт байсан. Миний хувьд оршуулгын зардалд гарсан төлбөрийг гаргуулах саналтай байна. Нас барсан хүн намайг гомдолтой байна гээд босоод ирэхгүй тул миний хувьд өөр хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
- Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Лхагважаргал гэм буруугийн талаарх гаргасан дүгнэлтдээ: “Оюун санааны хөнгөн хомсдолтой хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийгөө удирдах чадваргүй, ууртай болсон байх, гэм буруутай” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд:
Хүнийг алах гэмт хэргийн талаар:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн: “2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн "... *******-******* дүүргийн тохижилт үйлчилгээний газар гэсэн бичиглэл бүхий хувцастай, доогуураа хар өнгийн өвлийн гуталтай, эрэгтэй хүний цогцос байлаа. Тухайн эрэгтэй хүний цогцос нь хөлдөж, осгосон байдалтай байх бөгөөд тухайн цогцсын ам хэсгээс цус гарсан байдалтай байлаа...цогцсын цаад талд ертөнцийн зүгээр дээш 2 метр орчимд цасан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, малгай байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 5-7 дахь тал/,
2. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.ы өгсөн: 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байтал миний гар утас руу цагдаагийн байгууллагаас залгаад та яаралтай *******-******* дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Яваад очтол манай нөхөр ыг *******-******* дүүргийн ******* дүгээр хороонд нас барсан байдалтай байна гэж хэлсэн. Би талийгаач тай хамгийн сүүлд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэртээ уулзсан. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай ээжийн бие муудаад ээжийгээ гэрт нь сахиж хоносон. Би тай хамтран амьдраад 4 жил болж байна. Дундаасаа хүүхэдгүй. Талийгаач нь архи уухаараа зүрх нь өвддөг. Архаг хууч өвчин байхгүй гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал),
түүний 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хууль ёсны төлөөлөгчөөр дахин өгсөн: …Ээжийг асраад байж байхад 23 цагийн үед манай нөхөр архи уучихсан орж ирэхээр нь би чи хаана архи уучихаа вэ, ажлаа хийсэн юм уу? гэхэд би ажлаа хийсэн, гэртээ орж унтлаа гээд гараад явсан. Би ээжийн гэрт ээжийг асраад хоносон. …гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-50 дахь тал),
3. Гэрч Ч.ийн өгсөн: …Талийгаач нь 10 хүүхэдтэй айлын 7 дахь хүүхэд нь байгаа юм. Миний санаж байгаагаар ******* хотод 1998 онд орж ирсэн. ******* хотод ажил хөдөлмөр эрхэлж байгаад 2020 онд гэр бүлтэй болж тусдаа гарсан. Дундаасаа хүүхэдгүй гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал),
4. Гэрч Д.гийн өгсөн: ...ыг таньдаг болоод 6 жил орчим болж байна. Би байшингийн засварт нь хүртэл тусалж байсан юм. 2024 оны 02 дугаар сарын /20-25-ны өдрийн хооронд санаж байна/ сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна ажил тараад Яармагт байрладаг байж байсан чинь Доржоо /Д.*******/ ын 90072722 дугаараас миний 90424284 гэсэн дугаар руу орой залгаад юу байна ахаа гэхээр нь тайван даа ажлаа хийгээд байж байна, Дэлдээ ахтай чинь ярья гэсэн /би ыг дэлдээ гэж хочилдог юм/ чинь Доржоо шууд утсаа салгасан юм. Энэ өдрөөс хойш утас холбогдоогүй юм. Энэ өдрөөс хойш 2-3 хоногийн дараа манай эхнэр утсаар яриад танай бурхан болсон юм шиг байна, хашааных нь гадна олон машин ирсэн байна, хүмүүс тэгж яриад байна гэж хэлсэн. Дараа нь эхнэрээс асуусан чинь эхнэрийн том эгч Юмчмаа гудамжинд цасан дээр жалганд шар алаг хувцастай хүн өдөржингөө хэвтээд байхаар нь хэсгийн ахлагч Баяраад хэлээд Баяраа цагдаад хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд гэдэг хүн нас барсан байна гэж хэлсэн тэгээд л мэдсэн гэж хэлсэн. Доржоо нь 180 орчим см өндөртэй, улаан хүрэн царайтай, хөдөө айлын мал малладаг гэж байсан. Намайг бол ахаа гэж дууддаг хаяа архи дарс хамт уудаг байсан. Доржоо бие өвдөөд архи уухгүй байгаа гэж байсан. Аль нутаг болохыг мэдэхгүй байна. Гэр нь ******* хороолол долоон байшингийн хойно байдаг гэж хэлсэн, би очиж үзээгүй юм. Доржоо бол хүнд тусархаг, тамхи татдаг, хэнэггүй, миний сонсож мэдсэнээр толгойндоо гэмтэл аваад том жижиг нүдтэй болсон гэж байсан. Өөр зүйл сайн мэдэхгүй. бол ажилсаг, эхнэр нь 60 дугаар сургуульд ажилладаг. Би тай хааяа хамт архи уудаг ба нь архи даадаггүй, хурдан согтдог учраас бага зэрэг л уудаг. ...Энэ зурган дээрх хүн Доржоо мөн байна. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. 90072722 дугаар бол ын ашигладаг утасны дугаар мөн байна. 2024 оны 02 дугаар сарын 20-25-ны өдрийн хооронд ярьсан бөгөөд ыг асуусан чинь шууд салгасан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал/,
5. Гэрч Ж.гийн өгсөн: ...2009 оноос хойш тодорхойгүй хугацаагаар тэнээд явчихдаг болсон. 2017-2018 онд цэрэгт явсан. Өмнө нь хоёр удаа шүүхээр орж ял авч байсан. Сүүлийнх нь Хэнтий аймагт хүний мал маллаж байгаад малын хулгайн хэрэгт холбогдож зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Ялын хугацаа нь хэзээ дуусах талаар мэдэхгүй байна. ...2023 оны 08 дугаар сард Төв аймгийн Баянчандмань суманд төмсний зооринд ажиллаж байгаад толгой дээр нь төмөр унаж ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдэж хэвтэн эмчлүүлж байсан. ...*******ыг бид нар Доржоо гэж хочлон дууддаг юм. Учир нь бага байхад нь Баасандорж гэх нэртэй байсан боловч 16 нас хүрээд иргэний үнэмлэх авахад ******* гээд гаргачихсан юм гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дахь тал),
6. Гэрч Ч.гийн өгсөн. ...Би тухайн өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 20-ны орой 19:00 цагаас тоотыг нь сайн мэдэхгүй байна тус гудамжны үзүүрт үл таних 35-40 насны орчим нэг нь жаахан мангардуу царайтай /морь уядаг гэж ярьж байсан/, нөгөө нь шөвгөрдүү царайтай, өмссөн хувцсыг нь сайн санахгүй байна, хоёр залуутай тааралдсан. Тэгтэл тухайн хоёр залуу надад хандан нааш ир гэж хэлэхээр нь би яваад очтол татах уу /архи уух уу/ гэж хэлэхээр нь би за ууя гэтэл хэн нь архи барьсан байсныг нь би сайн санахгүй байна, надад гялгар аяганд Хараа нэртэй 0,5 литрийн савлагаатай талаас дээгүүр архинаас хийж өгөхөөр нь би уугаад тухайн хоёр залууд хандан манай гэр энд ойрхон байдаг юмаа, хэдүүлээ гадаа суугаад яахав манай гэрт орж сууя гэж хэлээд өөрийн оршин суух *******-******* дүүргийн ******* дүгээр хороо ******* хороолол *******ийн 1 дүгээр гудамжны 08 тоотод очсон. Манай гэрт ороод тухайн байсан архийг нь гурвуулаа хуваан ууж дуусаад байж байтал мангардуу царайтай нь дахин нэг шил архи авч уух уу гэж хэлээд дэлгүүр рүү ганцаараа яваад Хараа нэртэй 0,5 литрийн савлагаатай нэг шил архи авчирч дахин хуваан уугаад тухайн архины талд орж байхад нь би тухайн хоёр залууд хандан ах нь одоо уухгүй ээ болсон гэж хэлтэл хоёулаа надад хандан танай гэрт унтчих уу гэж хэлэхээр нь би тэр хоёр үл таних залууд хандан болохгүй ээ, дүү нар ирээд намайг загнана гээд за цагаан, ногоон сар болоод удаагүй байгаа юм чинь энийг бэлэг гэж бодоорой гэж хэлээд нэг, нэг хэрчсэн гурил өгөөд хашаанаасаа гаргаж өгөхөд үлдсэн тал шил архиа авсан байсан. Тухайн хоёр залуу гүүрний зүгт сугадалцаад явсан, би тэгээд гэртээ ороод унтсан бөгөөд цааш юу болсон талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал),
7. Цогцост үзлэг хийсэн: “2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “...нас бараад 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн. Цогцост зүүн гарын сарвууны ар хэсэгт 1,2x0,4 см, 2x0,5 см, 0,5x0,5 см, баруун гарын сарвууны ар хэсэгт 3,5x0,6 см, 3x0,7 см, 1x0,5 см, 0,8x0,4 см, 0,5x0,2 см, 0,6x0,3 см хар хүрэн өнгийн зулгаралтуудтай, хамрын нуруу, эрүүний шонтонд 6,5x2 см, хүзүүний урд хэсэгт 3,5x1 см, зүүн хэсэгт 3,5x0,2 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай байна. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 8- дахь тал/,
8. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Д.******* нь амь хохирогчийн хашааны гадна очоод 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би 19 цагийн үед би хашааны гадна ирээд ахыг дуудсан чинь за удахгүй гарлаа гээд гарч ирсэн. Тэгээд бид хоёр / Зураг №1/ /Зураг №2 / энд 0,33 литрийн Хараа архи хувааж уусан. Тэгээд бид хоёр архи авахаар болоод энэ дэлгүүрийн гадна ирээд би ганцаараа дэлгүүр ороод 0,5 литрийн /энэ дэлгүүрээс дахиад архи авсан гэв / Хараа архи авсан тэгээд бид хоёр дэлгүүрийн зүүн тал руу алхаад метр яваад блокон хашааны дэргэд ирээд энд архиа уух гээд байж байсан чинь / Зураг №3, Зураг №4 / нэг танихгүй ахтай тааралдаад гэрт нь очихоор болсон /Зураг №5/ *******ийн 1 дүгээр гудамж 8 тоотын гадна очоод хашаанд байгаа баруун талын Монгол гэрт орж архи уусан Зураг №6 Зураг №7 Зураг №8 / Тэгээд гэрээс нь гараад хойд зүг рүү жалга дагаад алхаж яваад Бурхантын 3 дугаар гудамжны зүүн талд байх явган хүний гүүрний хойд хэсэгт очоод тэгээд бид хоёр энд маргалдсан /Зураг №9, Зураг №10 /, намайг цохихоор нь би зөрүүлээд өшиглөсөн чинь газар унаад босож ирэхээр нь боогоод чирээд энд авчраад тэгээд дээр нь гараад дахиад боосон гэв / Зураг №11 Зураг № / Тэгээд би тийшээ алхаад гэртээ харьсан гэв /Зураг №13/...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дэх тал/,
9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 966 дугаартай: “Талийгаачийн цогцсын шинжилгээгээр төвөнхийн мөгөөрс, баруун талын бөгж мөгөөрсний хугарал, хүзүүний арьсны зулгаралт, төвөнхийн мөгөөрсний хугарал, хүзүүний арьсны зулгаралт төвөнхийн мөгөөрсний гадна, дотно талын зөөлөн эд дэх цус хуралт, 2 гарын сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан төвөнхийн мөгөөрс, баруун талын бөгж мөгөөрсний хугарал, хүзүүний арьсны зулгаралт, төвөнхийн мөгөөрсний гадна дотно талын зөөлөн эд дэх цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр гараар базах, дарах, шахах үед үүсэх боломжтой. 2 гарын сарвууны зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь амьдадаа үүссэн байна. Хүзүүний гэмтэл нь үхлийн шалтгаан болсон тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 2 гарын сарвууны зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач нь механик амьсгал бүтэлтэд орж нас баржээ. Талийгаачийн цусанд 1.9 промилли спиртийн агууламж илэрсэн нь согголтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 88-92 дахь тал/,
10. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 421 дугаартай: “Д.******* нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Д.*******ын дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг бөгөөд хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Дээрх эмгэг нь тодорхой үе шат, эхлэл давтамжгүй болно. Д.*******ын дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. Д.******* нь өөрийн сэтгэцийн түвшинд аливаа зүйлийг зөвөөр тусган ойлгох, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.******* нь өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгох, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байсан байна. Д.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Д.*******т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 1-3 дахь тал/,
11. Шинжээч эмч М.Амартүвшингийн өгсөн: “...Хүзүүнд төвөнхийн мөгөөрс, баруун талын бөгж мөгөөрсний хугарал, төвөнхийн мөгөөрсний гадна, дотно талын зөөлөн эдийн зулгаралт, арьсны зулгаралт учирсан ба энэ үед ямар нэгэн үйлдэл хийх, дуу авиа гаргах, ярих орилох, хашгирах, боломжгүй газар дээрээ шууд амьсгал хурааж нас барна. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
. Яллагдагч Д.*******ын өгсөн: Би хүн алаагүй. Харин жалган дотор ахын куртикны захнаас бариад нэг боогоод тэгээд тавьсан. Тэгээд бахираад байхаар нь хаяад явсан. ах намайг архи аваад өг гэхээр нь та одоо болно гэж хэлтэл аваад өгчих гээд бид хоёр маргалдсан. ...Ер нь толгой өвдөөд юу хийснээ мэддэггүй тийм л байдаг. Намайг одоо хүн алсан гээд байх юм. Би зүгээр тэр үед куртикны захнаас нь боогоод үлдээсэн. Намайг явах үед босоод жалганы эрэг тулаад зогсчихсон ална гээд орилоод байсан. Тэгэхээр нь гэртээ харьчих байх гэж бодсон гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 179-180 дахь тал/,
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн талаар:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн өгсөн: “... Д.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022/ШЗТ/101 дугаартай шийтгэх тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж *******-******* дүүргийн ******* дүгээр хорооноос явахыг 2 жил 6 сараас гарахыг хориглосон шийдвэрийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэст Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 25 дугаартай тогтоолоор үүсгэж энэ өдрөө *******гийн *******т 86072949077 /бугуйвчны имей дугаар/, 89834050 /дата/ дугаартай 780,000 төгрөгийн үнэ бүхий цахим бугуйвчийг зүүлгэж хяналт тавьж эхэлсэн юм. Хяналт тавьж байх хугацаанд сар бүр ирж бүртгүүлэн явж байхдаа зөвшөөрөгдсөн бүсээс гарч цахим бугуйвчийг унтраасан зөрчил хэд хэдэн удаа гаргахад нь *******-******* дүүргийн прокурорын газар ял солиулах саналыг хүргүүлсэн боловч түдгэлзүүлсэн юм. Тус ялтны төхөөрөмжийн байршил нь 2024 оны 02 дугаар 26-ны өдрийн 16 цаг 10 минутад тогтоосон бүс буюу *******-******* дүүргийн нутаг дэвсгэрт зааж байгаад дахин төхөөрөмж ажиллахгүй болж байршил заахгүй болсон юм. Үүний дагуу тус газраас эрэн сурвалжилсан боловч олж тогтоож чадаагүй юм. Цагдаагаас мэдэгдсэний дагуу миний биеийг уг цахим бугуйвч эвдсэн хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөн оролцуулахаар томилсон юм. Манай байгууллагад одоо учирсан хохирол нь тус цахим бугуйвчны үнэ болох 780,000 төгрөг, 8 сар 20 хоног дата дугаарын төлбөр болох 60,660 төгрөг нийт 840,660 төгрөгийн хохирол учраад байгаа юм. Дата төлбөрийг манай байгууллагаас төлсөн. Би цахим бугуйвчийг харлаа бугуйвчны ялтсан оосор нь тасарсан байна, энэ нь цагтайгаа холбоотой байдаг тул засварлах болон дахин ашиглах боломжгүй байдаг юм гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 95-96 дахь тал),
2. “Ашиг Билгүүн” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ- 924/9568 дугаартай: “...цахим бугуйвч 780,000 төгрөг” гэх дүгнэлт, 30.000 төгрөгийн нэхэмжлэхийн баримт /2 дугаар хавтаст хэргийн 107-108 дахь тал/,
3. Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: Надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг манай өмгөөлөгч уншиж танилцууллаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Нэгэнт эвдсэн юм чинь ярих зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг ажил хийж барагдуулах болно гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 168-169 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалснаар гэм буруугийн байдал хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судалж, эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгаад дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.*******ын хувьд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* хотын *******-******* дүүргийн ******* дүгээр хорооны ******* хорооллын Бурхантын 3 дугаар гудамжны зүүн талд байх жалганд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Ч.тай “дахин архи авч өгөхгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний хоолойг гараараа боож төвөнхийн мөгөөрс, баруун талын бөгж мөгөөрсний хугарал, хүзүүний арьсны зулгаралт, төвөнхийн мөгөөрсний хугарал, хүзүүний арьсны зулгаралт, төвөнхийн мөгөөрсний гадна, дотно талын зөөлөн эд дэх цус хуралт, бүхий гэмтэл учруулж механик амьсгал бүтэлтэд оруулж алсан үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц., гэрч Ч., Д., Ж., Ч. нарын өгсөн мэдүүлгүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 966 дугаартай дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 421 дугаартай дүгнэлт, шинжээч эмч М.Амартүвшингийн өгсөн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан LG \/-20 загварын гар утас 1 ширхэг зэрэг бичгийн болон биет нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгааны эх сурвалж, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Д.*******ын гэм буруутай үйлдэл, амь хохирогч Ч.ын амь хохирсон хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын хүний биед хийсэн дүгнэлт болон шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн дүгнэлт зэргээр тус тус батлагджээ.
Монгол Улсын иргэний амьд явах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүнийг алах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Гэм буруу гэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн Эрүүгийн хуульд заасан өөрийн гэмт зан үйл, гэмт ажиллагаа болох нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учрах хор уршгийг хэрхэн ойлгож ухамсарласан сэтгэхүйн харьцааг хэлдэг бөгөөд оюун санааны болон хүсэл зоригийн шинж хэрхэн илэрч байгаагаас хамаарч санаатай болон болгоомжгүй гэсэн хэлбэрт ангилдаг.
Гэм буруугийн санаатай хэлбэрийг гэмт этгээдийн өөрийн үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учрах хор уршигт хэрхэн харьцаж байгаа оюун санааны болон хүсэл зоригийн шинж хэрхэн илэрч байгаагаас шалтгаалан гэм буруугийн шууд ба шууд санаа гэсэн хоёр төрөлд ангилдаг.
Гэм буруугийн шууд санаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүй, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, учрах боломжтойг мэдсэн атлаа тухайн хор уршгийг хүсэж үйлдсэн байхыг хэлэх бол шууд бус санаа гэж гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой, учирч болохыг урьдаас мэдсэн, тийм хор уршгийг учруулахыг урьдаас хүсээгүй боловч тэр хор уршигт өөрийн үйлдлээр зориуд хүргэсэн байхыг ойлгоно.
Иймд шүүгдэгч Д.*******ын уурлаж бухимдсан үедээ Ч.тай маргалдаж улмаар биед нь халдаж, хоолойг нь бооход хохирол хор уршиг учрах боломжтойг оюун санааны хувьд урьдаас мэдэх хэдий ч гэмтэл учруулахыг хүсээгүй, хохирогчийн хоолойг гараараа боох үйлдэл хийсний улмаас хохирогч механик амьсгал бүтэлтэд орж нас барсан нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хүний амь хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Д.*******ыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас,
шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж хохирогчийн амь насыг хохироогоогүй уур хүрээд зүгээр л жалга руу түлхсэн гэж, харин түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй хэдий ч тухайн цаг хугацаанд Д.******* нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж хүнийг алсан гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх байр сууринаас, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас улсын яллагчийн саналыг дэмжиж, талийгаачийг оршуулахтай холбоотой зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах байр сууринаас тус тус оролцов.
Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн санал, дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр тус тус хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус, зүй бус үйлдлийн хариу болж үүсдэг бөгөөд цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотойгоор түргэн зуур болдог онцлогтой.
Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдэл нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон этгээд сэтгэл санааны цочролд хоромхон зуур автаж өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орж гэмт хэрэг үйлдэх үр дагаварт хүргэдэг байна.
Дээрх гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргээс ялгагдана.
Хэрэгт хуульд заасан арга хэрэгслээр цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд, шүүгдэгч Д.*******ын үйлдэл нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн шинж, түүний ойлголт, хууль зүйн шалгуурыг хангахгүй байна гэж үзэв.
Тодруулбал, хэрэг гардаг тухайн цаг хугацаанд шүүгдэгч Д.*******т болон ойр дотны хүнд нь хохирогчийн зүгээс хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтанд оруулсан, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг гаргахад амь хохирогч нь маргааныг эхлүүлж шүүгдэгчийг эхэлж цохисон гэж мэдүүлдэг хэдий ч үүний улмаас шүүгдэгч Д.*******ын санаа сэтгэл хүчтэй цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдал нь илтэд алдагдсан гэж үзэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Монгол улсын Дээд шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 64 дугаартай тогтоолоор “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэдэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй, гэнэтийн цочролоос шалтгаалан хүний сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, хувийн болон зан үйлийн хариу үйлдлээ хянах, өөртөө хяналт тавих чадваргүй буюу өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, үйлдлийнхээ үр дагаврыг ойлгохгүйн улмаас хоромхон зуур илрэн хариу үйлдэл гаргаж бусдад хохирол учруулдаг гэж тайлбарласан байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр мэтгэлцсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.
Түүнчлэн шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Би амь хохирогчийг боосон зүйл байхгүй. Арагш нь түлхэж унагаачихаад явсан” гэж мэдүүлдэг хэдий ч энэ нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хавтаст хэрэгт авагдсан гэрч Ч.гийн өгсөн. ...Манай гэрт ороод тухайн байсан архийг нь гурвуулаа хуваан ууж дуусаад байж байтал мангардуу царайтай нь дахин нэг шил архи авч уух уу гэж хэлээд дэлгүүр рүү ганцаараа яваад Хараа нэртэй 0,5 литрийн савлагаатай нэг шил архи авчирч дахин хувааж уугаад тухайн архины талд орж байхад нь би тухайн хоёр залууд хандан ах нь одоо уухгүй ээ болсон гэж хэлтэл хоёулаа надад хандан танай гэрт унтчих уу гэж хэлэхээр нь би тэр хоёр үл таних залууд хандан болохгүй ээ, дүү нар ирээд намайг загнана гээд за цагаан, ногоон сар болоод удаагүй байгаа юм чинь энийг бэлэг гэж бодоорой гэж хэлээд нэг, нэг хэрчсэн гурил өгөөд хашаанаасаа гаргаж өгөхөд үлдсэн тал шил архиа авсан байсан. Тухайн хоёр залуу гүүрний зүгт сугадалцаад явсан гэх мэдүүлэг,
- цогцост үзлэг хийсэн: “...нас бараад 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн. Цогцост зүүн гарын сарвууны ар хэсэгт ... хүзүүний урд хэсэгт 3,5x1 см, зүүн хэсэгт 3,5x0,2 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай байна. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа тогтоогдсон нөхцөл байдпын талаар: ...Зураг №8 / Тэгээд гэрээс нь гараад хойд зүг рүү жалга дагаад алхаж яваад Бурхантын 3 дугаар гудамжны зүүн талд байх явган хүний гүүрний хойд хэсэгт очоод тэгээд бид хоёр энд маргалдсан /Зураг №9, Зураг №10 /, намайг цохихоор нь би зөрүүлээд өшиглөсөн чинь газар унаад босож ирэхээр нь боогоод чирээд энд авчраад тэгээд дээр нь гараад дахиад боосон гэв гэх тэмдэглэл,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “Талийгаачийн цогцост шинжилгээгээр төвөнхийн мөгөөрс, баруун талын бөгж мөгөөрсний хугарал, хүзүүний арьсны зулгаралт, төвөнхий мөгөөрсний хугарал, хүзүүний арьсны зулгаралт төвөнхийн мөгөөрсний гадна, дотно талын зөөлөн эд дэх цус хуралт, 2 гарын сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан төвөнхийн мөгөөрс, баруун талын бөгж мөгөөрсний хугарал, хүзүүний арьсны зулгаралт, төвөнхийн мөгөөрсний гадна дотно талын зөөлөн эд дэх цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр гараар базах, дарах, шахах үед үүсэх боломжтой. 2 гарын сарвууны зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь амьдадаа үүссэн байна. Хүзүүний гэмтэл нь үхлийн шалтгаан болсон тул гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх дүгнэлт,
- шинжээч эмч М.Амартүвшингийн өгсөн: “...Хүзүүнд төвөнхийн мөгөөрс, баруун талын бөгж мөгөөрсний хугарал, төвөнхийн мөгөөрсний гадна, дотно талын зөөлөн эдийн зулгаралт, арьсны зулгаралт учирсан ба энэ үед ямар нэгэн үйлдэл хийх, дуу авиа гаргах, ярих орилох, хашгирах, боломжгүй газар дээрээ шууд амьсгал хурааж нас барна. ...” гэх мэдүүлэг,
- шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Харин жалган дотор ахын куртикны захнаас бариад нэг боогоод тэгээд тавьсан. ...Ер нь толгой өвдөөд юу хийснээ мэддэггүй тийм л байдаг. ...Би зүгээр тэр үед куртикны захнаас нь боогоод үлдээсэн гэх мэдүүлэг зэргээр тус тус няцаагдаж байна.
Гэмт хэрэг гарах үед амь хохирогч Ч., шүүгдэгч Д.******* нар нь гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байгаад, Ч.тай тааралдаж түүний гэрт очиж дахин нэг шил архи хувааж уугаад гэрээс гарч, гүүрний зүгт хоёулаа сугадалцаад явсан, гүүрний орчимд очоод маргалдсан, улмаар Д.*******ыг амь хохирогч нь цохиход Д.******* нь амь хохирогчийг зөрүүлээд өшиглөж, газар унагаад босож ирэхэд нь боож чирсэн зэрэг үйлдлийн улмаас амь хохирогчийн хоолойн тус газарт 3,5x1 см, зүүн хэсэгт 3,5x0,2 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралт үүссэн, уг зулгаралт нь боосны улмаас үүссэн гэмтэл мөн бөгөөд шүүгдэгч Д.*******ын амь хохирогчийн хоолойг гараар боох, базах, дарах, шахах үед амь хохирогчийн төвөнхийн мөгөөрс, баруун талын бөгж мөгөөрсний хугарлын улмаас ямар нэгэн үйлдэл хийх, дуу авиа гаргах, ярих орилох, хашгирах, боломжгүй газар дээрээ амьсгал хураасан нөхцөл байдал хангалттай нотлогдож тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би амь хохирогчийг боосон зүйл байхгүй. Арагш нь түлхэж унагаачихаад явсан” гэх мэдүүлэг тус тус үгүйсгэгдсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “Оюун санааны хөнгөн хомсдолтой хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийгөө удирдах чадваргүй, ууртай болсон байх, гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүхийн дүгнэлттэй тохирч байна.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар:
Шүүгдэгч Д.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны хяналтанд цахим бугуйвч зүүж байхдаа 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр цахим бугуйвчийг цэнэглэлгүй *******-******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарч Булган аймгийн Бүрэгхангай суманд очин цахим бугуйвчаа хүнээс нуух, гараасаа салгах зорилгоор архины шилээр устгаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 780,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан *******-******* дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны цахим хяналт удирдлагын төвийн техник хангамжийн инженер Б.гаас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр гаргасан өргөдөл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн өгсөн мэдүүлэг, “Ашиг Билгүүн” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ- 924/9568 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан эвдэрсэн цахим бугуйвч 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, залгуур 1 ширхэг зэрэг бичгийн болон биет нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд буюу Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хохирол, хор уршиг учирсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэ гэмт хэргийн субъектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмч, хөрөнгийг устгаж гэмтээж болохгүй гэдгийг мэдсээр байж, хууль бус аргаар устгаж гэмтээн бусдад хохирол учруулсан байдаг онцлогтой.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.******* нь өөрийн үйлдлийн улмаас буюу тухайн цахим бугуйвчийг тасдаж, эвдлэх нь бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас
Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас хохирч, хүнд хохирол учирсан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардалд 17.500.870 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ... хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, мөн “гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэгт тус тус зааж хуульчилсан.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож буюу 99,000,000 төгрөгийг эдийн бус гэм хорын хохиролд тооцож, нөхөн төлүүлэх нь хохирогчид ашигтай гэж шүүх дүгнэн, шүүгдэгч Д.*******аар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд цахим бугуйвчны үнэ 780.000 төгрөг, датаны төлбөр 60,660 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргасан хөлс 30,000 төгрөг буюу нийт 870,660 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд дээрх хохирлыг шүүгдэгч мөн төлж барагдуулаагүй байх тул 870,660 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.гаар дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд, амь хохирогчийн оршуулахтай холбоотой зардалд 17.500.870 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99.000.000 төгрөг нийт 116.500.870 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.д тус тус олгохоор шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.*******ыг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 421 дугаартай дүгнэлтээр Д.******* нь төрөлхийн оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй бөгөөд хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан, дээрх эмгэг нь тодорхой үе шат, эхлэл давтамжгүй бөгөөд Д.******* нь өөрийн сэтгэцийн түвшинд аливаа зүйлийг зөвөөр тусган ойлгох, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгох, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байсан. Д.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт түүний хэрэг хариуцах чадварт эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
1 дүгээр хавтаст хэргийн 156-159, 221-249 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 01-58 дахь талд тус тус авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд, эрүүл мэндийн хяналтын карт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.******* нь ам бүл 2, ээжийн хамт ******* хотын *******-******* дүүргийн ******* дүгээр хорооны ******* хорооллын *******ийн дугаар гудамж тоотод оршин суудаг, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, төрөлхийн оюуны хөнгөн зэргийн хомсдолтой ч хэрэг хариуцах чадвартай зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын ялын санал, дүгнэлт зэргийг тус тус тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т 9 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар нэмж нэгтгэж 9 жил 5 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Д.******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн бөгөөд дээрх ялаас шүүгдэгч Д.******* нь 07 сар 26 хоногийн ялыг эдэлж, 1 жил, 1 сар, 21 хоногийн үлдэгдэлтэй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10-02/811 дугаартай албан бичгээр ирүүлсэн ялын тооцоогоор тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг тус тус журамлан өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 1 жил, 1 сар, 21 хоногийн хорих ялаар тогтоож, энэ тогтоолоор оногдуулсан 9 жил, 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 жил, 6 сар, 21 хоногийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэх саналыг шүүхэд гаргасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнд дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 421 дугаартай дүгнэлтээр шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн ба дээрх дүгнэлтийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь тус тус хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
Тус хэрэгт шүүгдэгч Д.******* нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдаж, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 130 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 130 /нэг зуун гуч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорихоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж LG V-20 загварын гар утас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.д буцаан олгож, цахим бугуйвч 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, залгуур 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслахад тус тус даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* хотын *******-******* дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 5 /тав/ сарын хугацаагаар хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, нэмж нэгтгэн 9 /ес/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 1 /нэг/ сар, 21 /хорин нэг/ хоногийн ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 1 /нэг/ жил, 1 /нэг/ сар, 21 /хорин нэг/ хоногийн хорих ялаар тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 /ес/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 /арав/ жил, 6 /зургаа/ сар, 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******т оногдуулсан 10 /арав/ жил, 6 /зургаа/ сар, 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон 130 /нэг зуун гуч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Д.*******аас оршуулахтай холбоотой гарсан зардал 17,500,870 (арван долоон сая таван зуун мянга найман зуун дал) төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 99,000,000 (ерэн есөн сая) төгрөг, нийт 116,500,870 (нэг зуун арван зургаан сая таван зуун мянга найман зуун дал) төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.д, цахим бугуйвчны хохирол, дата төлбөр, шинжээчийн дүгнэлт гаргуулахтай холбоотой 870,660 (найман зуун далан мянга зургаан зуун жар) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гаар дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус олгосугай.
8. Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан LG V-20 загварын гар утсыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, цахим бугуйвч 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, залгуур 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслахад тус тус даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ
ШҮҮГЧИД Б.СУВД-ЭРДЭНЭ
С.ЁНДОНСАМБУУ