Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2024/00261

 

А, М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01750 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 210/МА2024/01321 дүгээр магадлалтай,

 А, М нарын нэхэмжлэлтэй

“Н” ГҮТББ холбогдох

 “Н” ГҮТББ-ын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар удирдах зөвлөлийн зэлжит бус хурлын тогтоол, түүний хавсралт, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, протокол, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн 01 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 39 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч М, түүний өмгөөлөгч Б, нэхэмжлэгч А, түүний өмгөөлөгч Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М-ийн өмгөөлөгч Б, нэхэмжлэгч А-гийн өмгөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А, М нараас хариуцагч “Н” ГҮТББ-д холбогдуулан тус байгууллагын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралт, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, протокол, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн 01 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 39 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01750 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар А, М нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Н” ГҮТББ-ын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралтыг тус тус хүчингүй болгож, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол , хурлын протокол, 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсны тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 210/МА2024/01321 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний  өдрийн 101/ШШ2024/01750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч А, М нарын хариуцагч “Н” ГҮТББ-д холбогдуулан “Н” ГҮТББ-ын 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 42 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 28 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралт, 2018 оны 01 сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, протокол, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн 01 дугаар бух гишүүдийн хурын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 сарын өдрийн 39 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 2018.01.29-ний өдрийн бүх гишүүдийн протокол, 2018.01.31-ний өдрийн тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын гэрчүүдийн мэдүүлэгт 2018.01.29-ний өдөр хурал болоогүй талаар тодорхой дурдагдсан байхад анхан шатны шүүх хурлын протоколыг үгүйсгэсэн, няцаасан буюу бүх гишүүдийн хурал болоогүй гэж үзэх үйл баримт хэрэгт аваагдаагүй гэж өрөөсгөл дүгнэсэн.

Мөн “Н” ГҮТББ-ын 2019.09.12-ны өдрийн 42 дугаартай бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021.12.10-ны өдрийн 28 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралтыг тус тус хүчингүй болгох шаардлагын үндэслэлийг Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчиж дүрэмд өөрчлөлт оруулсан нь хууль бус гэж тодорхойлсон. “Н” ГҮТББ-ын 2009 оны дүрмийн 4 дүгээр зүйлийн 1-д “нийгэмлэгийн удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд жилд нэг удаа хуралдана” гэж, 5-д “бүх гишүүдийн хурлаас нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна” гэж, 8 дугаар зүйлийн 8-д “тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралдаанаар дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон бусад шийдвэр нь тухайн баримт бичиг хүчин төгөлдөр болох хугацааг заагаагүй бол батлагдмагц хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд бүх гишүүдийн хурлаас дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахаар дүрмээр зохицуулсан байгааг шүүх тодорхойлсон. “Н” ГҮТББ-ын 2019.09.12-ны өдрийн хурлын тэмдэглэл, тогтоолоор Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримт Тогтоогдож дүрмийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан бүх гишүүдийн хурлаар Нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулахаар заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн. Шүүх тодруулахдаа дүрмийн 4 дүгээр зүйлийн 5 дахь заалт нь дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах талаар зохицуулсан заалт байх бөгөөд харин 8 дугаар зүйлийн 8 дахь заалт нь бүх гишүүдийн хуралдаанаас гарсан шийдвэр хэзээ хүчин төгөлдөр болох, тэргүүлэгчдийн зөвлөлөөс хэрхэн баталгаажуулах зэргийг зохицуулсан журамласан заалт байна гэж үзсэн байна. Мөн төрийн бус байгууллагын дүрмийг зөрчиж баталсан 42 дугаартай тогтоол, түүний хавсралтыг үндэслэн 2021.12.10-ны өдрийн 28 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоолоор нийгэмлэгийн дүрмийг хавсралтаар шинэчлэн баталсан нь дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн.

Дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх 2019.09.12-ны өдрийн 42 дугаартай бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021.12.10-ны өдрийн 28 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралтыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх 2022.10.08-ны өдрийн 01 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022.10.14-ны өдрийн 39 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг авч үзэхдээ гэрчүүдийн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан материалыг дутуу судалж үзсэн. Өөрөөр хэлбэл бүх гишүүдийн хурлын тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлгээр дүрэмд өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн хэдий ч эцэслэж батлаагүй, нэгдсэн шийдэлд хүрээгүй болохыг анхаарч авч үзээгүй.

Гэтэл давж заалдах шатны дээрх шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцээд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэжээ.

Магадлалын хянавал хэсгийн 4-д Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байдаг бол гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын хувьд эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал эсхүл удирдах зөвлөл байх эсэхийг дүрмээрээ зохицуулахаар мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт хуульчилжээ. “Н” ТББ нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд 2010 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрэмд нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заажээ. Мөн магадлалын 5-д нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Н” ГҮТББ хариуцах үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нар хариуцагчаа буруу сонгосон гэж үзэхээр байна. Учир нь нийгэмлэгийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэвэл зохих асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн, улмаар удирдах зөвлөл өөрийн гаргасан шийдвэрээ бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн мэтээр баримт бүрдүүлэн бүртгэх байгууллагад хүргүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх нэхэмжлэгч тал маргаж байгаа нөхцөлд уг асуудлыг нийгэмлэг бус харин уг шийдвэрийг гаргасан гэх удирдах зөвлөл хариуцах үндэслэлтэй гэжээ.

Давж заалдах шатны шүүх 2010 оны дүрмийг барьж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад шийдвэрлэсэн гэх боловч улсын бүртгэлд бүртгүүлсэн 2019.09.11-ний өдрийн 42 тоот тогтоолын хавсралтаар “Монголын нүдний эмч нарын нийгэмлэг”-н шинэчилсэн дүрмийг авч үзээгүй байна. Тухайн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна” гэж заасан. Тэгэхээр магадлалын 5-д “Н” ГҮТББ хариуцах үндэслэлгүй буюу нэхэмжлэгч хариуцагчаа буруу сонгосон гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн 2019.09.11-ний дүрмийг орхигдуулж хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж болохоор байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг л тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх үүрэгтэй.

А, М нарын нэхэмжлэлтэй “Н” ГҮТББ-д холбогдох маргааныг шийдвэрлэсэн шийдвэрийг хянахдаа Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 болон 11.2 дахь заалтыг өөрөөр тайлбарлан хэрэглэж буй нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчөөд зогсохгүй уг хуулийн заалтыг хэрхэн хэрэглэх талаар ойлголтын зөрүү үүсгэж байна. Иймээс энэхүү хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг нэг мөр хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд уг асуудлыг шүүхийн практикт нэг ойлгож хэрэглэх нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлүүдээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалын зөрүүтэй үндэслэл, зөрүүтэй хууль хэрэглээний талаар.

Монгол улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь дүрэмд өөрөөр заагаагүй бол /тус төрийн бус байгууллагын 2010.12.16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн Н-ын шинэчилсэн дүрмийн IV зүйлийн 5-д “Бүх гишүүдийн хурлаас зөвхөн дүрэмд өөрчлөлт оруулна” гэж заасан/ хуульд заасан удирдах зөвлөлийн бүрэн эрхийг эдлэх эрхтэй гэсэн тус хуулийн зохицуулалтыг анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэр, магадлалын үндэслэлдээ дурдаж, ТББ-ын дүрэмд гагцхүү бүх гишүүдийн хурлаас нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиар журамласан зохицуулалттай болохыг зөвшөөрсөн байна.

Ийнхүү дүгнэхдээ, анхан болон давж заалдах шатны шүүх тус бүр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох “Н” ГҮТББ нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан буюу удаа дараа шинэчилсэн дүрэм гэж бүртгүүлсэн өөрчлөлт нь ТББ-ын бүх гишүүдийн хурлаас бус эрх олгогдоогүй удирдах зөвлөл болон бусад этгээдээс баримт үйлдэн бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байгааг дурджээ.

Гэвч нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтын хүрээнд хангалттай нотлогдож, үйл баримтыг тогтоогдож байгааг дүгнэсэн хэдий ч анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэж, тайлбарласан байх ба тодруулбал, анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг холбогдуулан гаргасан хариуцагч “Н” ГҮТББ нь тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлтэй гэдгийг тогтоон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх эсрэгээрээ үйл баримтыг анхан шатны шүүхтэй ижил үнэлж, үйл баримт тогтоогдож байгааг “хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл ...Удирдах зөвлөлийн тогтоолоор нийгэмлэгийн дүрмийг шинэчлэн баталсан, “...2010.12.16-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэгдсэн дүрмийн 4.5-д Бүх гишүүдийн хурлаас нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна гэж тус тус заасныг зөрчсөн” гэх мэтээр үнэлэлт өгч, үйл баримтыг тогтоосон мөртлөө “Дээрхээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Н” ГҮТББ хариуцах үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нар хариуцагчаа буруу сонгосон гэж үзэхээр байна. Учир нь нийгэмлэгийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэвэл зохих асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн, улмаар удирдах зөвлөл өөрийн гаргасан шийдвэрээ бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн мэтээр баримт бүрдүүлэн бүртгэх байгууллагад хүргүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж нэхэмжлэгч маргаж байгаа нөхцөлд уг асуудлыг нийгэмлэг бус харин уг шийдвэрийг гаргасан гэх удирдах зөвлөл хариуцах үндэслэлтэй.” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн буюу шүүх хууль хэрэглээг хуулиас зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Учир нь “Н” ГҮТББ -ын удирдах эрх мэдлийг тус байгууллагын удирдах зөвлөл хэрэгжүүлдэг бөгөөд Монгол улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11.2-т “Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний эрх барих байгууллага нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрх бүхий удирдах зөвлөл байна” гэж тухайн байгууллагын бүх төрлийн үйл ажиллагаа, үйлдэл, үр дагаврыг шууд хариуцахаар хуульчлан тогтоосныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх шууд эсрэг утгаар тайлбарлаж буюу “уг шийдвэрийг гаргасан гэх удирдах зөвлөл хариуцах үндэслэлтэй” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийжээ. Энэхүү агуулгаар нь авч үзвэл тус ТББ-ын удирдах зөвлөлийг хариуцагчаар татах нь “Н” ГҮТББ-ыг хариуцагчаар татаж байгаатай шууд утгаараа ижил ойлголт бөгөөд энэхүү удирдах зөвлөл нь хуульд болон тус ТББ-ын дүрэмд тухайлан зааснаар тус ТББ-ын удирдах эрх мэдлийг хэрэгжүүлдэг, тус ТББ-ыг төлөөлөх эрх бүхий цорын ганц субьект болно. Гэтэл давж заалдах шатны шүүхийн энэхүү ойлгомжгүй дүгнэлтээс авч үзвэл энэхүү удирдах зөвлөл буюу өөрийн ТББ-ыг төлөөлүүлэхээр албан ёсоор сонгож, төлөөний этгээд албан тушаалтнаа болгон сонгосон эрх барих дээд байгууллагын гишүүдийг албан тушаалтнаар нь хариуцуулан татах энэ тохиолдолд тус ТББ бүх гишүүдийн хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийг 2022 онд дахин сонгож өөр гишүүд удирдах зөвлөлийн гишүүн болсон, дүрэмд өөрчлөлт оруулан хууль бус шийдвэр гаргасан удирдах зөвлөлийн гишүүд нь одоо албан тушаалтан биш болсон зарим нь нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцохоо больсон энэ тохиолдолд Монгол улсын иргэнд хариуцуулахаар шүүхэд хариуцагчаар татах ойлголт эсэх гэх мэт ойлгомжгүй, нөхцөл байдал үүсч байгаа болно.

Зүй нь “Н” ГҮТББ нь өөрийн албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт удаа дараа оруулж, шинэчилсэн дүрэм гэх материалуудыг улсын бүртгэлд бүртгүүлсэн өмнөх удирдах зөвлөлийн шийдвэр болох Монгол улсын хуулийг шууд зөрчин гүйцэтгэсэн үйлдлийг шууд хариуцаж буюу одоогийн тус ТББ-ыг төлөөлж буй удирдах зөвлөл нь хариуцан арилгах, гишүүдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх, хуулийг даган мөрдөх зарчмын хүрээнд өмнөх албан тушаалтнууддаа тухайлан хариуцлага эргэн тооцох зарчмаар шийдэгдэх ёстой болохоос хариуцах үүрэгтэй ТББ нь бус хэн нэгэн Монгол улсын Иргэн буюу одоо энэхүү ТББ-д хамааралгүй болсон этгээд эсхүл жирийн гишүүн болсон өмнөх албан тушаалтанд холбогдуулан бусад гишүүд нь шүүхэд нэхэмжлэл гарган зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хууль зүйн зохицуулалт байхгүй бөгөөд нэхэмжлэгч нарын гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь гишүүд хоорондоо маргаж буй хувийн асуудал биш юм гэдэг нь ойлгомжтой гэж үзнэ.

Нэхэмжлэгч нар нь гагцхүү “Н” ГҮТББ-ын гишүүний хувиар зөрчигдсөн эрхээ шүүхэд хандан сэргээлгэх буюу бүх гишүүдийн хуралд дүрмээ шинэчлэн батлахад санал хүсэлтээ оруулах, дүрмээр зохицуулагдах 1харилцааг хэлэлцэх, хяналт тавих, гишүүний хувиар төрийн бус байгууллагын тэргүүлэгчид шаардлага тавих гэх мэт ГҮТББ-ын гишүүний эрхийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд тус ТББ нь Монгол улсын хуулиар зохицуулсан зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа, аливаа үйлдлээ эрхлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үзэж засан залруулах зорилгын үүднээс ийнхүү маргаж буй бөгөөд “Н” ГҮТББ-ын гишүүн А, М нар төдийгүй бусад гишүүд нарын бүх гишүүдийн хуралд биечлэн оролцож, нийгэмлэгийн дүрмийг шинэчлэн батлах, өөрчлөлт оруулах эсэхийг, нийгэмлэгийг татан буулгах эсэхийг, нийгэмлэгийн үйл ажиллагааны чиглэл, хэлбэрийг өөрчлөх эсэхийг, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, эгүүлэн татах эсэхийг гишүүдээс санал болгосон бусад асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх зэрэг эрх шууд зөрчигдсөн, цаашид нийгэмлэгийн үйл ажиллагаанд шууд оролцох, санхүүгийн асуудалд хяналт тавих, сургалтанд хамрагдах боломжгүй, мэргэжил дээшлүүлэх боломжгүй болж өнөөдрийн байдлаар тус ТББ-ын хэвийн ажиллагаа алдагдаж, тус нийгэмлэгийн санхүүжилт, хөрөнгө зарцуулалт хяналтгүй явагдах гэх мэт шууд үр дагавар гарч байгаа бөгөөд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хуулийг хоорондоо зөрүүтэй агуулгаар буруу тайлбарлаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч нар нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хуульд заасны дагуу энэхүү хяналтын журмаар гомдлыг гаргаж буй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 6. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч М, түүний өмгөөлөгч Б, нэхэмжлэгч А, түүний өмгөөлөгч Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд  хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.11.01-ний өдрийн 001/ШХТ2024/01245 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч А, М нар хариуцагч “Н” ГҮТББ-д холбогдуулан 2019.09.12-ны өдрийн 42 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021.12.10-ны өдрийн 28 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралт, 2018.01.29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол , протокол, 2022.10.08-ны өдрийн 01 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022.10.14-ний өдрийн 39 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Тус нийгэмлэг нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 186 гишүүнтэй байсан. Анх 2009 онд дүрмээ баталсан, ...энэ дүрмээр бүх гишүүдийн хурлаас дүрэмд өөрчлөлт оруулна гэж заасан байхад удирдах зөвлөл эрх мэдлээ хэтрүүлэн бүх гишүүдийн хурлыг хуралдуулсан мэтээр 2019 оны 42 тоот тогтоол гаргаж хууль бусаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн нийгэмлэгийн бүх гишүүдийн хурлыг 2018.01.29-ний өдөр зарлан хуралдуулж, Удирдах зөвлөлийн сонгууль явуулсан мэтээр бодит байдлыг зориуд гуйвуулан бүх гишүүдийн хурлыг хуралдуулсан мэт баримт бичгийн төсөл бэлдэж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдаг. ...мөн 2022 онд бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулсан боловч дээрх хуралдаанаар ямар нэг шийдвэр гаргаагүй байтал гаргасан мэтээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Дээрх үйлдэл нь тус төрийн бус байгууллагын нийт гишүүдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, зориудаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн үйлдэл байна. Мөн дүрмийн холбогдох заалтад өөрсөддөө ашигтай заалтыг удирдах зөвлөлд нэмж өөртөө эрх мэдлийг олгож, хууль бус шийдвэрүүд гаргасан.

Иймд “Н” ГҮТББ-ын 2019.09.12-ны өдрийн 42 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021.12.10-ны өдрийн 28 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралт, 2018.01.29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, протокол, 2022.10.08-ны өдрийн 1 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022.10.14-ний өдрийн 39 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэж тодорхойлсон,

Хариуцагч “Н” ГҮТББ хариу тайлбартаа: “...“Н” ТББ-ын үйл ажиллагаа хуулиар зохицуулагдаж байдаг. Маргааны эх үндэс нь 2009 оны дүрэм байсан. Энэ дүрмийн 4.5-д бүх гишүүдийн хурлаас нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн боловч 6.1-д нийгэмлэгийг өөрчлөн шинэчлэх гэж байгаа. Хэрэгт авагдсан 2009 оны дүрмийн 6.1-д нийгэмлэгийг өөрчлөн шинэчлэх, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, татан буулгах асуудлыг тавих эрхийг тэргүүлэгчдийн зөвлөлд өгсөн. Энийгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. 2019.09.12-ны өдрийн 42 дугаар тогтоолын хувьд дүрмийн дагуу энэ тогтоолд тэргүүлэгчид гарын үсэг зураад, 5 дугаар зүйлийн 5.5.2-т төрийн бус байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулах гэж заасан. Мөн 2021.12.10-ны өдрийн 28 дугаар тогтоолын удирдах зөвлөлийн тогтоол гарч дүрэмдээ өөрсдөө нэмэлт өөрчлөлт оруулсан атлаа одоо яагаад хууль бус гэж маргаад байгааг ойлгохгүй байна. Төрийн бус байгууллагын гишүүд хуралдахад хамгийн чухал нь хурлын ирц юм. Хурал хийж удирдах зөвлөл нь сонгогдоод улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Хурлын тогтоол гараад мэдэгдэх ажиллагаа хийдэг, мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргаж захиргааны журмаар шийдвэрлүүлж болдог. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...Нийгэмлэгийн 2009 оны дүрмийн 4 дүгээр зүйлийн 3-т бүх гишүүдийн хурлаас нийгэмлэгийн тэргүүлэгчдийн зөвлөлийг сонгоно гэж, 4-т тэргүүлэгчдийн хурлаас нийгэмлэгийн тэргүүнийг сонгоно гэж заасан. Хэрэгт авагдсан 2018.01.29-ний өдрийн Нүдний эмч нарын нийгэмлэгийн бүх гишүүдийн хурлын протокол  гэх баримтаар нийгэмлэгийн тэргүүлэгчдийг сонгож баталгаажуулсныг  үгүйсгэсэн, няцаасан буюу бүх гишүүдийн хурал болоогүй гэж үзэх үйл баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 2018.01.29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын протокол, 2018.01.31-ний өдрийн тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, 2019.01.12-ны өдрийн хурлын тэмдэглэл, тогтоолоор тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдож байна. Дээрх тогтоол заалтыг үндэслэн 2021.12.10-ны өдрийн 28 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоолоор нийгэмлэгийн дүрмийг хавсралтаар шинэчлэн баталсан нь нийгэмлэгийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан бүх гишүүдийн хурлаар нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулахаар заасан заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.   ...Хэрэгт 2022.10.08-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, гишүүдийн ирцийн мэдээлэл гэх хүснэгт зэрэг бичиг баримтууд, гэрч нарын мэдүүлгээр мөн өдөр бүх гишүүдийн хурал болсон, дүрэмд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэгдсэн байх тул 2022.10.08-ны өдрийн 01 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022.10.14-ний өдрийн 39 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг илтэд хууль бус гэж үзэхгүй...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...“Н” ТББ нь 2010 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрэмд нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заажээ. Дээрхээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Н” ГҮТББ хариуцах үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нар хариуцагчаа буруу сонгосон, учир нь, нийгэмлэгийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэвэл зохих асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн, ...улмаар ...бүртгэх байгууллагад хүргүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж нэхэмжлэгч тал маргаж байгаа нөхцөлд уг асуудлыг нийгэмлэг бус харин уг шийдвэрийг гаргасан гэх удирдах зөвлөл хариуцах үндэслэлтэй. ...Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь "Н" ГҮТББ-ын гишүүдийн хооронд үүссэн маргаан гэж үзэх тул нэхэмжлэгч А, М нарын хариуцагч "Н" ГҮТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй...” гэж дүгнэжээ.

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

10. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэнэ, 11 дүгээр зүйлийн 2-т гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний эрх барих байгууллага нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрх бүхий удирдах зөвлөл байна гэж зохицуулсан.

Хариуцагч “Н”  ГҮТББ нь гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага бөгөөд тус байгууллага дүрмийн 4 дүгээр зүйлийн 1-д нийгэмлэгийн удирдах дээд байгууллагыг бүх гишүүдийн хурал гэж, хурлын завсар байнгын үйл ажиллагааг тэргүүлэгчдийн зөвлөл гүйцэтгэнэ гэж 6-д тус тус заажээ.

Иймд бүх гишүүдийн хурлын нэрээр гаргасан тогтоол, шийдвэрт холбогдуулан нийгэмлэгийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн магадлалд зааснаар нэхэмжлэлийн шаардлага нь нийгэмлэгт хамаарах бус гишүүдийн хоорондын, гишүүд, удирдах зөвлөлийн хоорондын маргаан тул нийгэмлэг нь хариуцагч биш этгээд гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзнэ.

11. Харин нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

“Н” ГҮТББ нь 2010.12.15-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага. Тус байгууллага 2009 онд дүрмээ баталж, тус дүрмийн 4 дүгээр зүйлийн 1-д нийгэмлэгийн удирдах дээд байгууллага бүх гишүүдийн хурал байна, 3-т бүх гишүүдийн хурлаас нийгэмлэгийн тэргүүлэгчдийг сонгоно, 5-д бүх гишүүдийн хурлаас дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна гэж тус тус заажээ.

12. Нийгэмлэгийн бүх гишүүдийн хурлын 2019.09.11-ний өдрийн тэмдэглэлээс үзвэл тус хурлыг Тэргүүлэгчдийн зөвлөлийн 9 гишүүн 100 хувийн ирцтэй хуралдаж, хурлаас нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан, хурлын тогтоолд бүх гишүүдийг төлөөлж Тэргүүлэгчдийн зөвлөл гарын үсэг зурсан, улмаар дээрх шинэчлэн батлагдсан дүрмийг үндэслэн 2021.12.10-ны өдөр Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар дүрэмд өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан болох нь Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тэмдэглэл, мөн өдрийн 28 дугаартай тогтоолоор нотлогдсон байна.

Нийгэмлэгийн тэргүүлэгчдийн болон удирдах зөвлөлийн хуралдаанаар дүрэмд өөрчлөлт оруулсан нь бүх гишүүдийн хурлаас баталсан 2009 оны дүрмийн дээр дурдсан заалтыг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

13. Харин 2018.01.29-ний өдөр бүх гишүүдийн хурал хуралдсан, тухайн хурлаас тэргүүлэгчдийг шинээр сонгосон тухай нийгэмлэгийн бүх гишүүдийн хурлын протокол, хурлаас гарсан тогтоол болон 2022.10.08-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол, 2022.10.14-ний өдрийн удирдах зөвлөлийн 39 дугаартай тогтоолыг нэхэмжлэгч үгүйсгэсэн, няцаасан тайлбараа баримтаар нотлоогүй үндэслэлээр 2018 онд бүх гишүүдийн хурал хуралдаагүй, 2022 онд хуралдсан бүх гишүүдийн хурлаар гишүүдийн нэгдсэн саналаар дүрмийг батлаагүй, санал хураалт явагдаагүй тул дээрх хурлын протокол, хурлаас гарсан тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын гишүүд тус байгууллагын гишүүний хувьд өөрсдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалсан дүрмээ шинэчлэн батлахад үзэл бодол, саналаа хэлэлцүүлэх, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, сонгогдох, нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцох, сургалтанд хамрагдах, мэргэжил боловсролоо дээшлүүлэх, гишүүдийн хураамжаас бүрдэж буй санхүүгийн зардал, бусад асуудалд хяналт тавих зорилгоор нийгэмлэгийн удирдлагаас гаргаж буй тогтоол, шийдвэр нь нийгэмлэгийн дүрэмд нийцээгүй, бусдын эрх зөрчсөн гэж үзэн, энэ талаар шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь заалтад  хамаарч байна.

14. Ийнхүү анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 210/МА2024/01321 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01750 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч М, түүний өмгөөлөгч Б, нэхэмжлэгч А, түүний өмгөөлөгч Н нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М-ээс 2024.08.22-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг, нэхэмжлэгч А-с 2024.08.22-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД