| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 129/2021/00249/И |
| Дугаар | 001/ХТ2024/00240 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2024/00240
У.Л, У.Н, У.Э
нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2024/00093 дугаар шийдвэртэй,
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 211/МА2024/00015 дугаар магадлалтай,
У.Л, У.Н, У.Э нарын нэхэмжлэлтэй,
У.Ч, У.О нарт холбогдох,
У.Л, У.Ба, У.Н, У.Б , У.Э , У.Ч нарыг Д.У, Д.Г нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, Д.Г, Д.У нарын өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгч тус бүрт ногдох хэсэг 48,633,333 төгрөг буюу нийт 145,900,000 төгрөг, нэхэмжлэгч У.Н-ийн “Вендо” ХХК-ийн үнэлгээний хөлс 583,000 төгрөг, нийт 146,483,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Н, С.Т, Ц.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Н, нэхэмжлэгч У.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П, хариуцагч У.Ч, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Н, Ц.М, С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч У.Н, У.Л, У.Э нар хариуцагч У.Ч, У.О нарт холбогдуулан У.Л, У.Ба, У.Н, У.Б , У.Э , У.Ч нарыг Д.У, Д.Г нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, Д.Г, Д.У нарын өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгч тус бүрт ногдох хэсэг 48,633,333 төгрөг, нийт 145,900,000 төгрөг, нэхэмжлэгч У.Н-ийн “Вендо” ХХК-ийн үнэлгээ хийлгэсний хөлс 583,000 төгрөг, нийт 146,483,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2024/00093 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3, 527 дугаар зүйлийн 527.1, 527.3 дахь хэсэгт заасныг баримтлан У.Л, У.Н, У.Б, У.Э, У.Ба, У.Ч нарыг Д.У, Д.Г нарын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарт тус бүрт ногдох хэсэг 48,633,333 төгрөг, нэхэмжлэгч У.Н-ийн нэхэмжилсэн 583,000 төгрөг, нийт 146,483,000 төгрөгийг хариуцагч У.Ч, У.О нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,206,264 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18ны өдрийн 211/МА2024/00015 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2024/00093 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Ч, У.О нараас 21,233,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Н-д, 20,650,000 төгрөг нэхэмжлэгч У.Э-д тус тус олгож,
У.Л, У.Н, У.Б , У.Э , У.Ба, У.Ч нарыг Д.У, Д.Г нарын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, хариуцагч У.Ч, У.О нараас 48,633,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У.Лийн, 27,983,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У.Н, У.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай." гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,206,264 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Ч, У.О нараас 264,115 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Н-д, 261,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Э-д олгосугай.” гэж тус тус өөрчилж,
хариуцагч У.Н-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404,032 төгрөгөөс нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ногдох 264,115 төгрөгийг, давж заалдах гомдол гаргаагүй атал улсын тэмдэгтийн хураамж төлсөн нэхэмжлэгч У.Лийн 401,117 төгрөг, У.Э-ийн 401,117 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Н, С.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.18-ны өдрийн 211/МА2024/00015 дугаартай магадлалыг хүчингүй болгох, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.20-ны өдрийн 129/ШШ2024/00093 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.1. Өвлүүлэгч Д.Г-гийн нэр дээр 2012 онд бүртгэгдсэн 280 тооны малыг түүнийг нас барсан 2014.07.17-ны өдрөөс хойш 7 жилийн дараа буюу 2021.03.15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 дугаар зүйлийн 172.2.4-т заасан үндэслэлийг бүрдүүлж байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч У.Н, У.Э нар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгч бөгөөд өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухай зохих этгээдэд мэдэгдээгүй тул тэднийг өв хүлээн авсан гэж үзнэ гэж дүгнэсэн.
Тодруулбал, Иргэний хуулийн 528.1, 528.2 дахь заалтуудыг хэрэгжүүлэх, өв хүлээн авах эрхээ эдлэх нөхцөлийг зохицуулсан 528.3 дахь заалтаас салгаж хэрэглэх боломжгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар өв хүлээн авах хүсэлтээ өмнө нь гаргаж байгаагүй нь У.Н, У.Э нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог ба дээрх хугацаанд хүсэлт гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж Иргэний хуулийн 528 дугаар зүйлийг бүхэлд нь буюу хуулийн хоорондын уялдаа, дэс дарааллын дагуу зөв тайлбарлаж хэрэглэсэн.
Гэтэл Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зөвхөн Иргэний хуулийн 528.1 дэх заалтыг баримталсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсноор 2014 онд нас барсан өвлүүлэгч Д.Г-гийн нэр дээр бүртгэлтэй байсан 280 тооны малыг 2024 оныг хүртэл хүлээн аваагүй, хүлээн авах, хүсэл зоригоо хуульд заасны дагуу зохих байгууллагад гаргаагүй нэхэмжлэгч нарт хуваан өгөх нь малчин иргэдийн өв хүлээн авах татгалзах харилцаанд эрх зүйн шинэ ойлголтыг бий болгох үр дагавартай. Тодруулбал, 10-аад жилийн өмнө нас барсан өвлүүлэгчийн малыг одоо эрхлэн удирдан, хариуцан өсгөж буй этгээдээс нэхэмжлэх нөхцөл бүрдэх буюу малчин иргэдийн уламжлал, эцэг, эхтэйгээ малаа өсгөн, үржүүлж түүнийг нь өвлөх талаар тогтсон заншлын хэм хэмжээнд нөлөөлнө.
4.2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн талаар:
Давж заалдах шатны шүүх У.Н, У.Э нарыг өвлүүлэгчийг нас барах хүртэл амьдарч байсан гэж дүгнэсэн. Гэвч У.Н болон У.Э нар тус тусдаа өөр газар оршин суудаг. Харин талийгаач Д.Г хотод өөрийн том хүү болох У.Л-гийн хүү Л.Х-тай хамт амьдарч байсан талаар гэрч Л.Х “2008 онд өвөө өнгөрснөөс хойш би эмээтэйгээ хамт байсан, намайг оюутан болоход эмээ надтай хамт хот руу орсон. Бид хоёр хичээл сургууль орох үед хотод байж байгаад хичээл амраад дулаан орохоор хөдөө мал дээрээ гарч ирдэг байсан. 2014 он хүртэл надтай хамт байсан.” гэж мэдүүлсэн.
Тодруулбал, төрийн үйлчилгээ авах зорилгоор У.Нийн хаяг дээр бүртгэл хийлгэсэн баримтаар У.Н, У.Э нарыг нас барах хүртэл Д.Г-тэй хамт амьдарсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан бөгөөд өвлүүлэгчийн хөрөнгийг хүлээн авсан этгээдийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх баримтад үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн.
Мөн магадлалд “Нэхэмжлэгч У.Н, У.Э нар Улаанбаатар хотод оршин суудаг учир өвлөгдөх хөрөнгийг эзэмдэн авах боломжгүй учир 2015 онд бүх малыг тоолон хариуцагч У.Чт үлдээжээ.” гэж баримтгүй, нэхэмжлэгч нарт давуу байдал олгосон, хуульд үндэслээгүй буюу нэхэмжлэгч нарын өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй үйлдлийг зөвтгөсөн дүгнэлт хийсэн.
Хариуцагч У.Ч нь эхийнхээ нэр дээр бүртгэлтэй байсан 280 тооны малыг 3 ах, 2 эгч болон том ахын хүү болох Л.Х гээд нийт 7 тэнцүү хуваан өгсөн. Өөрт ногдох малаа авсан талаар У.Б , У.Ба, Л.Х нар мэдүүлсэн. Л.Х 2024.02.20-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо эмээгийнхээ буюу Д.Г-гийн нэр дээр бүртгэлтэй 280 тооны малаас өөрт ногдох 78 хонийг, У.Н, У.Э нарын 32 тооны нийт 110 гаруй хонийг авсан талаар мэдүүлсэн. Түүний энэ мэдүүлгийг эх нь болох Ж.Б мөн тус өдөр шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо мэдүүлсэн.
Харин анхан шатны шүүхээс өвлүүлэгчийн нэр дээр бүртгэлтэй 280 тооны малыг хэн хэдийг хэрхэн авсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс “... хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлангаас өөр үнэлгээ хэрэгт авагдаагүй, өвлүүлэгчийн нэр дээр 2011, 2012 онд тоологдсон 5 үхэр, 166 хонь, 109 ямаа нь тус тусдаа ямар насны, ямар хүйсний мал байсан нь тодорхойгүй, анхан шатны шүүхэд 2021.03.15-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэт сунжирсан зэргийг харгалзан хөрөнгө өвлөгдөх үеийн мал одоо нас гүйцсэн гэсэн агуулгаар үхрийг 1,100,000 төгрөгөөр, хонийг 150,000 төгрөгөөр ямааг 100,000 төгрөгөөр үнэлэн нийт 280 толгой малын үнэ 41,300,000 төгрөгийг хариуцагч У.Ч, У.О нараас гаргуулж олгох нь зүйтэй.” гэж шүүхээс хөдлөнгийн байр сууриас нотлох баримтыг харьцуулан судалж, үнэлсний үндсэн дээр магадлалаа гаргаагүй. Ганцхан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах санаа зорилгоор шийдвэр гаргасан.
Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсгүүдийг харгалзан, хуулийг систем, кодексийн дагуу шийдвэрээ гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс зөвхөн 528.1 дэх хэсгийг хэрэглэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг өв нээгдсэн цагаас хойш буюу Д.Г-г нас барснаас хойш өвлөгдөх эд хөрөнгийг шийдвэрлэж хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн.
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.18-ны өдрийн 211/МА2024/0015 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.20-ны өдрийн 129/ШШ/00093 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.18-ны өдрийн 211/MA2024/00015 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
5.1. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах. Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсэгт өвлүүлэгчийн нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзэх бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэх, заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авсан тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.” гэж заасан. Нэхэмжлэгч нар өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй болох нь У.Н, У.Э нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог ба дээрх хугацаанд хүсэлт гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд дээрх хугацаанд заасан хугацаанд хүсэл зоригоо илэрхийлээгүй тул шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна” гэжээ.
Давж заалдах шатны шүүх “Өвлүүлэгч Д.Г 2011 оноос эхлэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Улаанбаатар хотод охин У.Н, У.Э нарын асрамжид байж байгаад 2014.07 сард нутагтаа ирж удалгүй нас барсан нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны шилжин ирсэн тухай тодорхойлолт, зохигчийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбараар тогтоогджээ. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх "Ѳвлүүлэгчийн нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухай нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж заасан. Нэхэмжлэгч У.Н, У.Э нар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгч бөгөөд өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухай зохих этгээдэд мэдэгдээгүй тул тэднийг өв хүлээн авсан гэж үзнэ.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасныг өөр, өөрөөр тайлбарлан хэрэглэжээ. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 528.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэл нь У.Н, У.Э нар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан гэж үзсэн тул өв хүлээн авсан гэж үзжээ.
Нэхэмжлэгч У.Н, У.Э нар өвлүүлэгч Д.Г-г нас барах үед хамт амьдарч байгаагүй нь гэрч Л.Х-гийн мэдүүлгээр нотлогддог. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.20-ны өдрийн 129/ТМ2024/00115 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 24-р талд гэрч Л.Х “... Эмээ, өвөөтэйгээ цуг байсан. Өвөөг өнгөрөхөд цуг байсан. Тэрнээс хойш өвөөгийн гал голомтыг аваад эмээтэй хамт амьдарсан. Оюутан болж эмээтэй гэрээ ачаад хот руу явсан. Эмээг өнгөрөх хүртэл хамт байсан.” гэж, 25-р талд “... Намайг оюутан болоход эмээ надтай хамт хот руу орсон. Бид хоёр хичээл сургууль орох үе хотод байж байгаад хичээл амраад дулаан орохоор хөдөө мал дээрээ гарч ирдэг байсан. 2014 он хүртэл надтай хамт байсан” гэж, 26-р талд “...Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М оюутан байхдаа У.Э, У.Н нартай хамт амьдарч байсан уу? гэхэд гэрч Л.Х, үгүй эмээтэйгээ хамт байсан.” гэж мэдүүлсэн.
У.Н, У.Э нар Д.Г-тэй хамт амьдарч байгаагүй нь өөрсдийнх нь тайлбараар тогтоогддог. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.20-ны өдрийн 129/ТМ2024/00115 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 36-р талд хариуцагчийн өмгөөлөгч Ц.М: Та 2014 онд эх Д.Г-г нас барах үед хамт амьдарч байсан уу? гэхэд У.Э: үгүй гэж хариулсан.
Шүүх Баянгол дүүргийн 6 дугаар хороонд шилжин ирсэн тухай тодорхойлолтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй. Тус тодорхойлолт нь огнооны хувьд 2020.04.24-ний өдрийн буюу нас барснаас 6 жилийн дараах тодорхойлолт юм. Мөн өвлөх эрхийн тодорхойлолтыг буюу Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасныг баримтлан олгожээ. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана.” гэж заасан. Д.Г-гийн нас барсан газар нь Архангай аймгийн Хотонт сум, өвийн дийлэнх эд хөрөнгө байгаа газар нь Архангай аймгийн Хотонт сум болно. Мөн Д.Г нь Баянгол дүүрэгт түр оршин суугчаар бүртгэгдсэн баримт байхгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан эрх хэмжээгүй Засаг даргын тодорхойлолтыг шүүх үндэслэсэн нь хуульд нийцээгүй.
Архангай аймаг дахь Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүхийн үндэслэл болсон өвийг У.Ч хүлээн авсан, мөн өвлөгдөх эд хөрөнгө болох 280 толгой малыг бусад өвлөгч нарт хуваан өгсөн.” гэсэн үндэслэлийг үнэлж, дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх үндэслэлийг үгүйсгээгүй.
Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1 дэх хэсэгт зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно. Гэтэл шүүх өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, мөн хуульд заасан хугацааны дотор хүсэлт гаргаагүй этгээдийг өв хүлээн авсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 527.4, 528.1, 528,2, 528.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй.
Нэхэмжлэгч У.Н, У.Э нар Д.Г-г нас барснaac хойш өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авч өөрийн эзэмшил, ашиглаж байгаагүй нь нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдоно. Тухайлбал, анхан шатны шүүхийн 2024.02.20-ны өдрийн 129/ТМ2024/00115 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 35 дугаар талд хариуцагчийн өмгөөлөгч Ц.М: Таны эх Д.Г 2014 онд нас барсан юм байна. Түүнийг нас барах үед түүний нэр дээр 280 толгой мал тоологдсон байна. Уг 280 толгой малыг та маллаж, өөрийн эзэмшил ашиглалтдаа байлгаж байсан уу? гэхэд У.Н: Үгүй гэж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М: Таны эх Д.Г 2014 онд нас барснаас хойш та нотариат, багийн Засаг дарга, эсхүл Хотонт сумын Засаг даргад өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргаж байсан уу? гэхэд нэхэмжлэгч У.Н: Гаргаагүй гэж, мөн тус тэмдэглэлийн 36 дугаар талд хариуцагчийн өмгөөлөгч Ц.М: Эхийгээ нас барсны дараа түүний нэр дээрх малыг та өөрийнхөө эзэмшил, ашиглалтад байлгаж, малыг хүлээж авч маллаж байсан байсан уу? гэхэд нэхэмжлэгч У.Э: гүй гэж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М: эхийгээ нас барсны дараа та Улаанбаатар хотын аль нэг нотариат болон Бургалтай баг, Хотонт сумын засаг даргад эхийнхээ малыг өвлөн авах тухай хүсэлт гаргаж байсан уу? гэхэд нэхэмжлэгч У.Э: үгүй гэж хариулсан. Д.Г нь өвөл хотод ач Л.Х, зун хүү (хариуцагч) У.Ч-тэй хамт амьдарсан нь гэрч П.Х-ын мэдүүлэг, талуудын маргаагүй асуудал нь болох нас барсан газар, гэрчилгээгээр нотлогдоно.
У.Ч 2014 онд эхийгээ нас барахад хамт байсан, өвийг хүлээн авсан гэж үзнэ. 2021.03 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаар өвийн маргаан эхэлсэн. Гэтэл тухайн эд хөрөнгө болох малыг нэг ч удаа авч байгаагүй этгээдийг өв хүлээн авсан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй.
Давж заалдах шатны шүүх өвлөгдөх эд хөрөнгийг талууд 2017 онд хуваан авсан үйл баримтад дүгнэлт хийгээгүй. Гэрч Л.Х-ын мэдүүлэг Ж.Б-гийн мэдүүлгээр тухайн өөрт ногдох хэсгийн өвийг хуваан авч явсан үйл баримт тогтоогддог. Энэ үйл баримтад талууд маргадаггүй бөгөөд У.Н, У.Э нар хувааж авсан 30 гаруй тооны малыг буцаагаад туугаад авч явсан гэж маргадаг бол У.Ч авч яваагүй гэж маргадаг. Талууд 2017 онд өв хуваасан үйл баримтад маргаагүй. Гэтэл шүүхээс дээрх үндэслэлийг хэрхэн дүгнэж, анхан шатны шүүхийн гол үндэслэлийг үгүйсгэсэн үндэслэл байхгүй болно.
Шүүх хэрэгт авагдсан гэрч Л.Х, Ж.Б нарын мэдүүлэг, нэхэмжлэгч У.Н, У.Э нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын талаар дүгнэлт хийх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Иймд давж заалдах шатны шүүхийн 2024.08.13-ны өдрийн 211/МА2024/00015 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Н, С.Т, Ц.М нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.10.03-ны өдрийн 001/ШХТ2024/01052 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ
7. Хариуцагч нарын өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
8. Нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нар хариуцагч У.Ч, У.О нарт холбогдох, У.Л, У.Ба, У.Н, У.Б , У.Э , У.Ч нарыг Д.У, Д.Г нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгч тус бүрт ногдох 48,633,333 төгрөг, “Вендо” ХХК-аар үнэлгээ хийлгэсний хөлс 583,000 төгрөг, нийт 146,483,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ,
“....Эцэг Д.У хоёр охиныхоо асрамжид байж байгаад 2008 онд нас барсан. Эцгийг нас барснаас хойш малын тоо эх Д.Г-ийн нэр дээр тоологдож байсан ба тэрээр 2014.07.24-ний өдөр нас барсан, нас барахаасаа өмнө “… үлдээсэн хөрөнгө болох малыг тэнцүү хуваан аваарай.” гэж захисан. Эцэг, эхийг нас барсны дараа 2017.07.27-ны өдөр ах дүү зургуулаа уулзаж малынхаа тоог гаргахад хонь, ямаа 1,649 ширхэг, үхэр 58 ширхэг, адуу 182 ширхэг, нийт 1,889 толгой мал байгааг бичиж У.Ч болон түүний эхнэр У.О нарт нэг хувийг нь өгсөн. “Вендо” ХХК-ийн 2020.04.16-ны өдрийн үнэлгээгээ 160 адуу 111,500,000 төгрөг, 46 үхэр 37,700,000 төгрөг, 910 хонь 113,490,000 төгрөг, 385 ямаа 29,800,000 төгрөг, нийт 291,800,000 төгрөг гэж тогтоосон тул нэг хүнд ногдох 48,633,333 төгрөг, 3 хүнд ногдох 145,900,000 төгрөг үнэлгээний хөлс 583,000 төгрөг, нийт 146,483,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласныг,
Хариуцагч эс зөвшөөрч, эх Д.Г 2014 онд нас барсны дараа 2015.07.26-ны өдөр ах, дүү нар манайд цугларч эцэг, эхийн үлдээсэн малыг долоон тэнцүү хувааж хүн тус бүр өөрт ногдох 40, 40 толгой малаа авч явсан. Ц.Л, У.Н, У.Э нар тус бүр 120-130 толгой мал, У.Л-гийн хүү Л.Х 80 гаруй мал авсан тул өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ:
“... Нэхэмжлэгч нар өв хүлээн авах хүсэлтээ гаргаж байгаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон ба Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт хугацаанд хүсэлт гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанд хүсэл зоригоо илэрхийлээгүй тул шаардах эрхгүй. Өвлүүлэгч Д.Г-ийн өмчлөлийн 280 толгой мал 2011, 2012 онд мал тооллогоор бүртгэгдсэн болох нь мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн тооллогын баримтаар нотлогдож байна.
Тус шүүхийн 2021.10.01-ний өдрийн шүүх хуралдаанд У.Л-ийн тайлбар, гэрч Л.Х, Ж.Б нарын мэдүүлгээр У.Л болон түүний хүү Л.Х нар Д.Г-ийн өмчлөлийн 280 тооны малаас ногдох хувийг хувааж авсан буюу Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан нь тогтоогдсон. Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1 дэх хэсэгт зааснаар Д.Г-ийн өвлөгдөх хөрөнгөөс У.Л, Л.Х нар хүлээн авсан тул өв залгамжлалыг гүйцэтгэсэн, ... 2017.12.24-ний өдөр хийсэн Тохиролцооны бичигт хэн нь хэдэн тооны мал ямар байдлаар яаж авах талаар тодорхой тусгаагүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй.” гэж дүгнэсэн.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ:
Үзлэгийн тэмдэглэлээр зохигч 2015.07.27-ны өдөр өвлөгч бүрийн хуваарьт малыг тоолон, дүү У.Чт үлдээсэн, 2017.12.24-ний өдөр У.Н, У.Э , У.Ба, У.Б , У.Ч нар Улаанбаатар хотод уулзаж, тохиролцооны бичиг үйлдэж, 2015 онд тоолсон мал дээрээ 2017 оны төлөө нэмж, адуу, үхрээ 6 тэнцүү хувааж авахаар тохиролцож, гарын үсгээ зурсан нь тогтоогдож байна.
Өвлүүлэгч Д.Г2011 оноос эхлэн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Улаанбаатар хотод охин У.Н, У.Э нарын асрамжид байж байгаад 2014 оны 07 сард нутагтаа ирж, удалгүй нас барсан нь тогтоогдсон. Нэхэмжлэгч У.Н, У.Э нар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгч бөгөөд өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухай зохих этгээдэд мэдэгдээгүй тул тэднийг өв хүлээн авсан гэж үзнэ.
Өвлүүлэгчийн нэр дээр 280 толгой мал тоологдсон тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч У.Н, У.Э нар эх Д.Г-ийн хөрөнгийг өвлөхөөр шаардах эрхтэй. Өвлүүлэгчийн нэр дээр тоологдсон 5 үхэр, 166 хонь, 109 ямаа нь тус тусдаа ямар нас, хүйсний мал байсан нь тодорхойгүй тул хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн үхрийг 1,100,000 төгрөгөөр, хонийг 150,000 төгрөгөөр, ямааг 100,000 төгрөгөөр тус тус үнэлэн хариуцагч нараас нийт 280 толгой малын үнэ 41,300,000 төгрөгийг хуваах замаар, үнэлгээ хийлгэсэн хөлс 583,000 төгрөгийн хамт У.Нт 21,233,000 төгрөг, У.Э т 20,650,000 төгрөг олгох нь зүйтэй.” гэж үзжээ.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
12. Нэхэмжлэгч У.Н, У.Л, У.Э нар хариуцагч У.Ч, У.О нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, эцэг Д.Уртнасан, эх Д.Гнарын өвлөгдөх хөрөнгө болох адуу, үхэр, хонь, ямааг 6 өвлөгч нарт хувааж нэг өвлөгчид ногдох хэсгийг гаргуулахаар тодорхойлсон байна.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... бид 2017 онд малаа тоолоод хувааж авсан. ... У.Л-д үлдээснийг У.Ч, У.О нар буцаан авсан....” гэж тайлбарласан, мөн 2017.12.24-ний өдрийн огноо бүхий У.Н, У.Э , У.Ба, У.Б, У.Ч нарын гарын үсэг бүхий бичгийн баримтад “... 2015 онд тоолсон мал дээр 2017 оны төлийг нэмж, адуу, үхрээ 6 тэнцүү хувааж авахаар. У.Ч-д мал хариулсны төлбөрт малын ашиг, шим, сүү, ноос, ноолуур, тарилгад айл бүрээс 2 хонь жил бүр өгч ирсэн.” тухай агуулга тусгагджээ.
Хоёр шатны шүүх нэхэмжлэгч нар хариуцагч нараас эцэг Д.У, эх Д.Г нарын өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, эсхүл нэхэмжлэгч нарын өмчлөлд аль хэдийн шилжсэн имтэй малыг хариуцагчаас шаардаж байгаа алин болохыг тодруулалгүйгээр хэргийн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон ба энэ талаар зохигч анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй учир хяналтын шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.
13. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч У.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцсэн болох нь давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл, магадлалын удиртгал хэсэгт тусгагдсан байх боловч гомдол гаргаагүй гэж үзсэн нэхэмжлэгч У.Э-гийн нэхэмжлэлийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцээгүй байна.
14. Нэхэмжлэгч У.Э анхан шатны шүүхийн шийдвэрийг 2024.04.03-ны өдөр шуудангаас гардан авч, 2024.04.17-ны өдөр гомдлоо шууданд хийсэн байх бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүх түүний гомдлыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт заасныг, нэхэмжлэгч нь өмгөөлөгч Э.Т, Б.Г нарын хамт гомдол гаргасан байхад зөвхөн У.Нийн гомдлыг хэлэлцэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 34 дүгээр зүйлийн 34.3.17-д тус тус заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ.
15. Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
16. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг гүйцэд тодруулж, хууль зүйн дүгнэлт хийсний эцэст зохих журмын дагуу шийдвэрлэвэл зохино.
Давж заалдах шатны шүүхийн магадлал Улсын Дээд шүүхийн тогтоолоор баталсан шийдвэр боловсруулах аргачлалд нийцээгүй буюу магадлалын тодорхойлох хэсэгт хэргийн оролцогчийн тайлбарыг товч, ойлгомжтой, логик дараалалд оруулж гол агуулгыг тусгах бус зохигч, өмгөөлөгч нэг бүрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гомдлыг зохих боловсруулалт хийлгүй, хуулж хэт нуршуу байдлаар томъёолон магадлалын магадлалын бүтцийг алдагдуулсан байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 211/МА2024/00015 дугаар магадлал, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2024/00093 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч У.Ч 2024.07.16-ны өдөр 261,200 төгрөг, 264,120 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН