Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Б.Батбаяр,

Шүүгдэгч Г.Пүрэв-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол  үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Ганбаатарын Пүрэв-Очирт холбогдох эрүүгийн 201710010068 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг 64 дүгээр байр 25 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Тугчин овогт Ганбаатарын Пүрэв-Очир /РД: ДЮ74021411/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Пүрэв-Очир нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөвсгөл” зочид буудлын хажуугийн зам дээр 89-17 УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч Б.Батцэцэгийн бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.Пүрэв-Очир мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12-13 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн 89-17 УБХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон 1-р сургуулиас 64 айл руу явсан. Хөвсгөл зочид буудлын харалдаа явж байтал миний утас дуугарахаар нь утсаа авах гэтэл газарт унасан. Тэгээд утсаа авах гээд тонгойтол машины толь нэг юманд шүргэгдэх шиг болсон. Босож ирээд хартал буруу талын толь эвхэгдсэн байхаар нь зөв талын толиндоо ар талаа xартал үл таних эмэгтэй газарт хэвтэж байсан. Тухайн үед гэрлэн дохион дээр байсан тул би цааш явж уулзвар өнгөрчихөөд, буцаж эргэж нөгөө хүүхэн дээр ирсэн. Манай эхнэр нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт сувилагчаар ажилладаг ба би эмнэлэг рүү дуудлага өгч, манай эхнэр ирсэн. Удалгүй араас нь цагдаа ирсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Утас дуугарсанаас болж зам тээврийн осол гарсан. Би ганцаараа явж байсан. Би 30 орчим километр цагийн хурдтай явж байсан байх. Яг хэдэн км/цагийн хурдтай явж байснаа нарийн мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хx-ийн 43/,

- Хохирогч Б.Батцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017.02.24-ний өдөр гэрийнхээ хоёр давхарт байрлах оёдлын цехэд цагаан сарын захиалга оёж байгаад гарч Хөвсгөл зочид буудлын хойд талд байрлах Мичид дэлгүүрээр орж юм авчихаад буцаад гэр рүүгээ орохоор зам хөндлөн гарч явтал гэнэт араас /Яах Ийхийн зуургүй/ машин ирж мөргөж намайг унагачихаад явчихсан. Тэгээд хойшоо зөрж явсан жолооч цагдаад дуудлага өгч, гэрт ирээд манай нөхрийн хамаатан болох Эрдэнэ-Очирт хэлээд намайг тэндээс эмнэлэг рүү авч явсан. Надад эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. Би тухайн үед зам хөндлөн гарахдаа зорчих хэсгийн хоёр тийш харахад хойд урд талаас хоёр машин нилээн зайтай ирж байсан. Би амжиж хөндлөн гарах боломжоо тооцоолоод гарч явсан. Намайг зорчих хэсгийн голын цагаан зураас орж явахад араас ирж мөргөсөн. Тэр машины хурдыг яг хэдтэй явсныг мэдэхгүй ч их хурдтай явсан. Би тухайн үед Мичид дэлгүүрээс гарч ирээд ойр гарц байхгүй болохоор хоёр тийшээ машин сайн харж байгаад шууд зам хөндлөн гарч явсан. Тухайн үед ар нуруу голоо дагаад мөргөсөн цохилтонд битүү хөхөрсөн, мөн 2 гарын мөрний хэсэг булчин хөхөрсөн байсан. Унахдаа хүзүү хөдөлж болохгүй, толгой тархи доргисон гэмтэл учирсан” гэсэн мэдүүлэг /хx-ийн 19-20/,

- Хохирогч Б.Батцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... надад учирсан эмчилгээний болон  бусад зардлын төлбөрийн Г.Пүрэв-Очир нь төлж барагдуулсан учир нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй. Энэ хүнтэй сайн дураар эвлэрч уучилсан...” гэсэн хүсэлт /хх-62/,

- Гэрч Д.Шинэбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017.02.24-ний өдөр 13 цаг өнгөрч байхад ажилдаа гарахаар өөрийнхөө 29-83 УHK дугаартай машинтайгаа бага сургуулийн гэрлэн дохиотой уулзвараас урагшаа “Хөвсгөл” зочид буудлын уулзвар дөхөж явахад миний урд талд явж байсан 89-17 УБХ дугаартай Тоёота Приус маркийн машин “Мичид” дэлгүүрийн харалдаа урагшаа чиглэлд явж байгаад замаар баруун талаас зүүн тийшээ зам хөндлөн гарч явсан явган зорчигч эмэгтэйг замын голын цагаан зураасан дээр мөргөж унагаасан. Тэгээд нөгөө мөргөсөн машин уулзвар өнгөрөөд зогсоод жолооч залуу нь бууж ирэн нөгөө эмэгтэй дээр очсон. Би хэргийн газарт хамгаалалт хийж цагдаагийн жижүүрт мэдэгдсэн. Тэр мөргүүлсэн эмэгтэй гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан. Би уг машины хурдыг анзаараагүй. Уг жолооч архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 22/,

- Шинжээч эмч Э.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017.03.03-ны өдөр иргэн Б.Батцэцэгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохдоо Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 1.3-т заасан зүйлийг үндэслэн яаралтай тусламжийн хуудас, рентген бичиг, KТГ-ийн хариу болон бусад эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Тухайн үед иргэн Б.Батцэцэгийг өөрийн биеэр үзээгүй эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн гаргасан тул С2-р нугалмын хугарал гэмтэл учирсан байх боломжтой байна гэж бичсэн. Тухайн үед Б.Батцэцэг нь Улаанбаатар хотод эмчлэгдэж байсан ба өөрийн биеэр ирэх боломжгүй гэж байсан тул ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн гаргасан. Хэрвээ өөрийн биеэр үзээд асуумжаа аваад гаргасан бол би дүгнэлтэнд тухайн гэмтлийг учирсан байна гэж бичих байсан. Өөрийн биеэр үзээгүй байж дүгнэлтэнд шууд учирсан байна гэж бичихээр үзсэн юм шиг ойлголт төрдөг. Уг эмнэлгийн бичиг баримтанд 2017.02.25-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлгийн нурууны КТГ-д шинжилгээний бичиг байсан, энэ бичигт хүзүүний КТГ-д хүзүүний нугалмайнууд зүүн тал руу сколиозтой, С2 нугалмайн их биед урдаас хойш чиглэлтэй зөрүүгүй радиолюцент шугамайн сүүдэржилт харагдана гэсэн байсан. Энэ C2 гэдэг нь хүзүүний 2-р нугаламыг эмнэлгийн хэллэгээр товчилж хэлсэн үг байгаа юм, зөрүүгүй радиолюцент шугаман сүүдэржилт гэдэг нь хугарлын шугамыг хэлж байгаа юм. Энэ хугарлаар Б.Батцэцэгийн биед учирсан C2-р нугалмын хугарал гэмтэл учирсан байх боломжтой байна гэж дүгнэлт гаргасан. Хүзүүний C2-р нугалмын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дүгнэлт хэсэгт би сайн тусгаж өгсөн тийм тийм эмнэлгийн бичиг баримтыг үзэхэд тийм гэмтэл учирсан байх боломжтой байна гэсэн байгаа. Хамгийн гол нь энэ хугарал үүссэн гэдгийг 2017.02.25-ны өдрийн Мөнгөн гүүр эмнэлгийн КТГ-д тодорхой бичсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 35-36/,

- Техникийн шинжээчийн 2017 оны 03 дугаар марын 20-ны өдрийн 07 тоот дүгнэлтэнд: 1/ 89-17 УБХ улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашины жолооч Г.Пүрэв-Очир нь МУ-ын ЗХД-ийн 2.7: “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. г/ Гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх”. 9.2: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна”. 2/ Явган зорчигч Б.Батцэцэг нь МУ-ын ЗХД-ийн 3.9: “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. a/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хx-ийн 33/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаартай дүгнэлтэнд: “1. 2017 оны 02 дугаар сарын 24, 25-ны өдрүүдийн яаралтай тусламжийн хуудас, рентген, КТГ болон бусад бичийг баримтаас үзэхэд Б.Батцэцэгийн биед хүзүүний C2-р нугаламын хугарал гэмтэл учирсан байх боломжтой байна.

 2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 –д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 24/,

- Г.Пүрэв-Очирын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 46, 7/,

- Г.Пүрэв-Очирын жолооны үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44-45/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судласан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.  

Дээрх нотлох баримтуудаар Г.Пүрэв-Очир нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөвсгөл” зочид буудлын хажуугийн зам дээр 89-17 УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч Б.Батцэцэгийн бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Г.Пүрэв-Очирын дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Г.Пүрэв-Очир нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч Г.Пүрэв-Очирын “…Хөвсгөл зочид буудлын харалдаа явж байтал миний утас дуугарахаар нь утсаа авах гэтэл газарт унасан. Тэгээд утсаа авах гээд тонгойтол машины толь нэг юманд шүргэгдэх шиг болсон. Босож ирээд хартал буруу талын толь эвхэгдсэн байхаар нь зөв талын толиндоо ар талаа xартал үл таних эмэгтэй газарт хэвтэж байсан” гэсэн, хохирогч Б.Батцэцэгийн “...Би тухайн үед Мичид дэлгүүрээс гарч ирээд ойр гарц байхгүй болохоор хоёр тийшээ машин сайн харж байгаад шууд зам хөндлөн гарч явсан. Тухайн үед ар нуруу голоо дагаад мөргөсөн цохилтонд битүү хөхөрсөн, мөн 2 гарын мөрний хэсэг булчин хөхөрсөн байсан. Унахдаа хүзүү хөдөлж болохгүй, толгой тархи доргисон гэмтэл учирсан...” гэсэн, гэрч Д.Шинэбаярын “...89-17 УБХ дугаартай Тоёота Приус маркийн машин “Мичид” дэлгүүрийн харалдаа урагшаа чиглэлд явж байгаад замаар баруун талаас зүүн тийшээ зам хөндлөн гарч явсан явган зорчигч эмэгтэйг замын голын цагаан зураасан дээр мөргөж унагаасан” гэсэн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс Г.Пүрэв-Очирт холбогдох хэргийн зүйлчилэл зөв, шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Пүрэв-Очирт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх байдалд харгалзан үзсэн болно.

Мөн шүүгдэгч Г.Пүрэв-Очир нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч Б.Батцэцэг нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн  зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Пүрэв-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч Б.Батцэцэгт эмчилгээний зардалд /1,200,000+130,000+ 815,000/ нийт 2,145,000 төгрөгийг өгсөн гэх боловч хавтаст хэргээс 1,200,000 төгрөгийг Хаан банкаар шилжүүлсэн баримт байх ба 130,000 төгрөгийг төлсөн талаар хавтаст хэрэгт баримт авагдаагүй, харин хохирогч хүсэлтдээ /815,000+1,200,000/ нийт 2,015,000 төгрөг авсан гэх тул шүүгдэгч Г.Пүрэв-Очир нь хохирогчид 2,015,000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугчин овогт Ганбаатарын Пүрэв-Очирыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Тугчин овогт Ганбаатарын Пүрэв-Очирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Г.Пүрэв-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Г.Пүрэв-Очир нь хохирогч Б.Батцэцэгт эмчилгээний зардалд 2,015,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Г.Пүрэв-Очирт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ