| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 105/2020/1329/Э/ |
| Дугаар | 1165 |
| Огноо | 2020-09-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 1165
2020 9 8 2020/ДШМ/1165
Б.Ц, Ч.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Мөнхгэрэл,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд,
шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Н.Мандах,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/1379 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч Ж.Оюунболд нарын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Э, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 1902004950018 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. И овгийн Ч-ийн Э, 1989 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 25а байрны 54 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
2. О овгийн Б-ийн Ц, 1977 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 96 дугаар байрны 47 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Ч.Э нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн төрсөн эх Б.Баттөмөрийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаггүй “Горхи газар” ХХК-ийн тамга, тэмдгийг ашиглаж, 2015 оны 7 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд иргэн Б.Отгонцэнгэл, Б.Алтанцэцэг, А.Халиунаа, Б.Номин-Эрдэнэ, Ч.Эрдэнэцэцэг, Б.Өнөржаргал, Ш.Чулуун-Эрдэнэ, Б.Хашбат нарыг “Горхи газар” ХХК-д ажилласан болгож нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, ажилгүйдлийн тэтгэмж байдлаар нийт 51.911.738 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас авч, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулан завшсан гэмт хэрэгт,
Б.Ц нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн хяналтын байцаагч, магадлагч эмчээр ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Б.Отгончимэгийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаггүй “Мэргэнболд” ХХК-ийн тамга, тэмдгийг ашиглан 2016 оны 6 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд иргэн Т.Болор-Эрдэнэ, Б.Отгончимэг, О.Адъяадорж, А.Халиунаа, З.Ариунтуяа, Б.Отгонцэнгэл, Б.Мөнх-Од нарыг “Мэргэнболд” ХХК-д ажилласан болгон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн тэтгэмж байдлаар нийт 75.233.158 төгрөг авч, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулан завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Ц, Ч.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Э, Б.Ц нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Ч.Эг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Б.Цг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц, Ч.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цгийн энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон нийт 1 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Э, Б.Ц нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Цгаас нийт 65.233.158 төгрөгийг, Ч.Эгаас нийт 46.911.738 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч байгууллага болох Нийгмийн даатгалын санд олгож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Цгийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 10.000.000 төгрөгийг, Ч.Эгийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сан 100900005406 дугаартай дансанд 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 5.000.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч байгууллага болох Нийгмийн даатгалын санд олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг бүрэн хангаж чадсангүй гэж үзэхээр байна. Ч.Э өөрт нь холбогдсон хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн хууль бус үйлдэл, тэдгээрт холбогдох тайлан тооцоо, баримт бичгийг гаргаж өгөх, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байхад анхаарснаас гадна гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Ч.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөх, нөхөн төлөх талаар санаачилга гарган өмгөөлөгчөөр дамжуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид илэрхийлсэн боловч хүсэлтийг хүлээж аваагүй юм. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг аль байгууллагын ямар дансанд төлж барагдуулах талаарх мэдээллийг хохирогч тал өгөөгүй учраас шүүхийн шатанд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд 5.000.000 төгрөгийг нөхөн төлсөн нь шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулсан ойлголтыг шүүхэд өгсөн гэж үзэхээр байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч талаас шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан ял шийтгэлийн хэр хэмжээнд багтсан “Торгох” ялыг оногдуулах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд улсын яллагч “торгох” ял оногдуулах санал дүгнэлтийг гаргасан нь хуульд харшлаагүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүхээс шүүгдэгчид хорих ялаас өөр төрлийн ял оногдуулахад хохирол төлбөрөө төлж барагдуулах, нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3, 4.5 зааснаар прокуророос шүүхэд гаргасан ялын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэгдлийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж байдал зэрэгт дүгнэлт хийхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулахад (нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлсэн, зарим хэсгийг төлсөн) санаачилгатай байгаа, 1 насны хөхүүл хүүхэдтэй, хорихоос өөр төрлийн ял авсан тохиолдолд мэргэжлээрээ ажил эрхлэх бүрэн боломжтой, нийгмээс заавал тусгаарлагдах шаардлагагүй байхад шүүгдэгч Ч.Эд 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүнд хүнд ял оногдуулсан гэж үзэж байна. Ч.Э болон түүний аав, ээж, ах, дүү, хамаатан нараас улсад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлөх арга хэмжээг авсан байх тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1379 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан ялтны ял шийтгэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч Ж.Оюунболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Ц нь хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буйгаа илэрхийлж ирсэн бөгөөд анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр мөн энэ тухайгаа тууштай мэдүүлж илэрхийлж байсан. Түүнчлэн хэргийн хохирол, төлбөрийг өөрийн зүгээс хэсэгчлэн төлж барагдуулах, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг өмгөөлөгчөөрөө дамжуулан хохирогч байгууллагад болон мөрдөгч, прокурорт гаргаж байсан билээ.
Бидний зүгээс хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн асуудлаар огт маргахгүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 2.2 дахь заалт нь торгох эсхүл хорих ял шийтгэх буюу сонгох санкцтай хэрэг тул давж заалдах шатанд Б.Цг үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө бүрэн төлсөн, ар гэрийн байдал буюу 4 болон 7 настай цэцэрлэгийн болон сургуулийн бага насны хүүхэдтэй, “Ханбогд Хурд” ХХК-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу хорих ялыг өөрчилж торгуулийн ялаар шийтгэж өгнө үү.
Өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлтэй холбоотой асуудлыг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилсэнийг зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Эд хөрөнгө завших гэмт хэргийн гол агуулга нь эд хөрөнгийг өмчлөх эрх бүхий этгээд байх бөгөөд түүнийгээ завшихыг ойлгодог. Гэтэл хэргийн үйл баримтаар Ц болон Э нарт мөнгөн хөрөнгө байгаагүй. Эдгээр хүмүүс албан тушаалын байдлаа ашиглаж нийгмийн даатгалын сангаас жирэмсэний тэтгэмж болон ажилгүйдлийн тэтгэмжийг олж авсан. Энэ үйлдэл нь албан тушаалтны буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа гэж харж байна. Шүүх бүрэлдэхүүн үүн дээр анхаарч үзнэ үү.” гэв.
Шүүгдэгч Ч.Эгийн өмгөөлөгч Н.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хүүхэдтэй нь холбоотой 3 хуудас нотлох баримт гаргаж өгмөөр байна. Гэм буруу дээр маргаагүй. Давж заалдах гомдлыг танилцуулсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд заасан 46.911.738 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хохирлыг бүрэн барагдуулаагүй байсан учраас шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан юм байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хуульд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, нийгмээс тусгаарлахгүйгээр анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж, торгуулийг тодорхой хугацаанд төлөхөөр зааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хохирол төлбөрөө төлсөн, 1 настай хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Шүүхээс гарсан шийдвэрийг хүндэтгэх болно.” гэв.
Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Прокурор С.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ч.Э, Б.Ц нарын үйлдсэн хэрэг нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхээс тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа төлбөр төлөгдсөн байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчлөлт оруулах боломжтой. ... Хэрэгт цугларсан нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Харин прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.
Учир нь, Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарыг ажил үүргийн хувьд бусдын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж үзсэний үндсэн дээр тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болжээ.
Бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоох зэрэг аргаар завшдаг.
Хэрэгт авагдсан баримаар шүүгдэгч Ч.Э нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд ажлын байрны тодорхойлолтоор /6х-141/ төрийн захиргааны ТЗ-6 ангилал буюу төрийн захиргааны дэс түшмэлийн зэрэгтэйгээр, Б.Ц нь тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн хяналтын байцаагч, ажлын байрны тодорхойлолтоор /6х-137/ төрийн захиргааны ТЗ-4 ангилал буюу төрийн захиргааны дэс түшмэлийн зэрэгтэйгээр ажиллаж байжээ.
Ажил олгогчоос шүүгдэгч нартай байгуулсан ажлын байрны тодорхойлолтод тэдэнд дээр дурдсан хуулийн үндэслэлээр эд хөрөнгө, хөрөнгийн эрх итгэмжлэн хариуцуулсан зүйл байхгүй, харин төрийн захиргааны албан хаагч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүгдэгч нарыг “бусдын эд хөрөнгө, хөрөнгийн эрхийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж үзэн тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэжээ.
Нийтийн албан тушаалтан гэдэгт 2012 онд батлагдаж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар “мөн хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж ойлгохоор, хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар зааснаар “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” хамаарахаар хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч нар нь дээр дурдсанаар төрийн захиргааны албан тушаалтнаар ажиллаж байсан тул тэдгээрийг нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй.
Дээр дурдсан нөхцөл байдал болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалвал, Ч.Э нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн эх Б.Баттөмөрийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаггүй “Горхи газар” ХХК-ийн тамга, тэмдгийг ашиглаж 2015 оны 7 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд иргэн Б.Отгонцэнгэл, Б.Алтанцэцэг, А.Халиунаа, Б.Номин-Эрдэнэ, Ч.Эрдэнэцэцэг, Б.Өнөржаргал, Ш.Чулуун-Эрдэнэ, Б.Хашбат нарыг “Горхи газар” ХХК-д ажилласан болгож нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, ажилгүйдлийн тэтгэмж байдлаар авч, Нийгмийн даатгалын санд нийт 51,911,738 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулсан,
Б.Ц нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн хяналтын байцаагч магадлагч эмчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн дүү Б.Отгончимэгийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаггүй “Мэргэнболд” ХХК-ийн тамга, тэмдгийг ашиглан 2016 оны 6 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд иргэн Т.Болор-Эрдэнэ, Б.Отгончимэг, О.Адъяадорж, А.Халиунаа, З.Ариунтуяа, Б.Отгонцэнгэл, Б.Мөнх-Од нарыг “Мэргэнболд” ХХК-д ажилласан болгож нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэн жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн тэтгэмж байдлаар авч, Нийгмийн даатгалын санд нийт 75,233,158 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнхуягийн “... Нийгмийн даатгалын хэлтсүүдэд хяналтын шалгалтын алба гэж байдаг, тухайн алба нь тогтоогдож байгаа тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын сангаас гарч байгаа зарлагад тогтмол хяналт шалгалт хийж байдаг. Мөн Нийслэлийн нийгмийн даатгалын газарт хяналт шалгалтын хэлтэс гэж байгаа, энэ хэлтэс нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж байдаг. Нийгмийн даатгалын ерөнхий газарт хяналт шалгалт үнэлгээний газар гэж тусдаа байдаг, тус газар нь мөн адил төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийдэг. ...” /8хх 98-100/,
гэрч Ж.Ариунтунгалагийн “... Би “Горхи газар” ХХК, “Мэргэнболд” ХХК-иудын талаар мэднэ. Би 2018 оны 4 дүгээр сараас энэ байгууллагуудыг хариуцсан байцаагчаар ажиллаж байна. ... Би нийт 700 аж ахуйн нэгж хариуцдаг. “Горхи газар” ХХК-ийн тайланг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Ч.Э өгдөг. “Мэргэнболд” ХХК-ийн тайланг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч Б.Ц өгдөг байсан. ...Тухайн 2 байцаагч тэтгэмжийн зөрчилтэй юм шиг байна гэж хэлсэн. Түүний дагуу би Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч Б.Ц, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Ч.Э нарт хяналтын байцаагч дуудсан. “Мэргэнболд” ХХК, “Горхи газар” ХХК тэтгэмжийн зөрчилтэй байгаа талаар мэдэгдсэн. ...“ /6хх 163-165/,
гэрч З.Ариунтуяагийн “... Би 1 хүүхэдтэй, 2016 онд төрж байсан. Өөрөөр төрж байсан тохиолдол байхгүй. Би тухайн “Мэргэн болд” ХХК-д ажиллаж байсан удаа байхгүй. Нийгмийн даатгалын жирэмсний, амаржсаны тэтгэмж нэг удаа буюу 2016 онд төрөхдөө Б.Ц эгчээр дамжуулж авч байсан. ...” /7хх 245/,
гэрч А.Халиунаагийн “... Би 3 хүүхэдтэй. 2011, 2017, 2019 онуудад төрж байсан. ...Би тухайн “Мэргэн болд”, “Горхи газар” ХХК-иудад ажиллаж байгаагүй. Нийгмийн даатгалын жирэмсний, амаржсаны тэтгэмж 1 удаа буюу 2017 онд төрөхдөө Б.Ц гэгчээр дамжуулж авч байсан. ... Би 2017 онд жирэмсэн болоод Ц эгчийн зөвлөснөөр сайн дураар нийгмийн даатгалын тэтгэмж төлж байсан. Ц эгч тэгээд нэг компани дээрээс өндрөөр намайг төлүүлсэн, тэгээд төрөхдөө 2,5 сая төгрөг, төрсний дараа 3 сая төгрөгийн тэтгэмж авсан. Тэр үед миний санаж байгаагаар эмчийн хяналтанд байсан дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийг эх хувиар нь Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгч байсан. Харин 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрөхдөө нийгмийн даатгалын шимтгэлийг хувиараа төлж байгаад жирэмсэн байхдаа 3 сая, төрөхдөө 3 сая төгрөг авсан, харин энэ тэтгэмжийг авахад Ц эгч нөлөөлөөгүй, би өөрөө өндрөөр буюу сард 320,000 төгрөг өгч байгаад тэтгэмжийг авсан. Мөн миний санаж байгаагаар “Эко ватор” ХХК-иас 2015 оны сүүлээр ажлаас халагдаад, ажилгүйдлийн тэтгэмж авсан. Ойролцоогоор 2 сая гаруй төгрөг авсан, би өөр тэтгэмж авч байгаагүй, ажилгүйдлийн тэтгэмж авахдаа ямар материал бүрдүүлснээ үнэхээр санахгүй байна. ...” /7хх 247, 8хх 128-129/,
гэрч Г.Чанцалмаагийн “... Би 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нярав Оюунчимэгээр жирэмсэн, амаржсаны эмнэлгийн хуудас авахуулаад буруу тамгалсаны улмаас торгуулийн мөнгө 27,000 төгрөгийг Улаанбаатар хотын банкинд тушааж, буруу тамгалсан эмнэлгийн хуудсуудаа Баянзүрх дүүргийн лист хариуцсан хүнд өгч байсан. Надаар гар өргөдөл бичүүлж авч байсан. Түүнээс биш би хэн нэгэнд хуурамч эмнэлгийн хуудас олгож байгаагүй. ... Манай эмнэлэг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс эмнэлгийн хуудас авахдаа банкинд нэг ширхэгийг 300 төгрөг төлж авдаг, нэг удаа авахдаа ойролцоогоор 10-20 лист /эмнэлгийн хуудас/, жирэмсэн, амаржсаны эмнэлгийн хуудсыг олгохдоо өрхийн эмчид хянуулж байсан, эрүүл жирэмсэн иргэнд хууль журмын дагуу хоногийг тооцож /төрөхийн өмнө 60, төрсний дараа 60 хоног/ олгодог байсан. Олгохдоо дүн бүртгэл хариуцсан эмч Сэлэнгэсайхан эмнэлгийн хуудас бичээд, тусгай гар журнал дээр бүртгээд, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлийг компьютерт бүртгэн даргаар батлуулан, дараагийн эмнэлгийн хуудас авдаг байсан. Хэрвээ эмнэлгийн хуудсыг бичих явцдаа ямар нэгэн бичвэрийн алдаа гаргасан тохиолдолд үнийг 3 нугалж төлөөд, хүчингүй болсон эмнэлгийн хуудсыг хамтад нь тушаадаг байсан. Эмнэлгийн хуудастай холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн мөрдөгч Давхарбаяр дээр ирж уулзаж байсан. Миний бие 2017 оны 7 дугаар сард амрах гээд Нийгмийн даатгалын хэлтсээс 2 ширхэг эмнэлгийн хуудас аваад, намайг орлож ажиллах эмч Сэлэнгэсайхан эмчид үлдээхээр гарын үсэг зурж тамга дарахдаа “эмнэлгийн хуудасны” ажил олгогч хэсэгт тамга дарж алдаа гаргасан тул өөрийн биеэр Нийгмийн даатгалын хэлтэст очиж, Улаанбаатар банкинд эмнэлгийн хуудсыг 3 нугалж төлөөд, хүчингүй болсон эмнэлгийн хуудсыг буцааж тушаасан, мөрдөгч Давхарбаяр дээр миний буруу бичсэн эмнэлгийн хуудас байсан, түүн дээр манай эмч Д.Жаргалын нэрийг дуурайлган бичсэн байсан. ...” /7хх 249, 8хх 121-122/,
гэрч Н.Ундармаагийн “... Мэргэнболд” ХХК нь 11,8 сая төгрөгийн шимтгэлийн өртэй, нийт 75,233,158 төгрөгийн тэтгэмжийн мөнгийг нийгмийн даатгалын сангаас авсан байсан. “Горхи газар” ХХК нь 13,1 сая төгрөгийн шимтгэлийн өртэй, нийт 51,911,738 төгрөгийн тэтгэмжийн мөнгийг нийгмийн даатгалын сангаас авсан байсан. ... Жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах эрх нь жирэмсний өмнөх 6 сар нь тасралтгүй шимтгэл төлсөн байх ёстой. Тухайн үед “Мэргэн болд”, “Горхи газар” ХХК-иудыг үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тогтоогоогүй байсан учраас энэ байгууллагад ажиллаж байгаа ажилчдад хуулийн дагуу тэтгэмж олгогдох нь зөв байсан...” /8хх 1-3/,
гэрч Ш.Чулуун-Эрдэнийн “... Би “Горхи газар” ХХК-д ажиллаж байгаагүй. Хувийн байгууллагад огт ажиллаж байгаагүй. ...миний бие 1980-1990 он хүртэл улсад ажиллаж байхдаа хөдөлмөрийн дэвтэртэй байсан. Түүнээс хойш 2017 оноос эхлэн “Ханбогд Хурд” ХХК-д ажиллаж байхдаа нийгмийн даатгал, татварыг компани дээрээс цалингаас суутгаж төлөгдөж байгаа. ...” /8хх 114/,
гэрч Б.Хашбатын “... Би 2004-2008 онд Аврага дээд сургуульд биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн, сургуулиа төгсөөд хувиараа Үндэсний бөхөөр хичээллэж байгаад, 2011-2016 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хорооны тамирчин, түрүүч цолтойгоор бэлтгэл хийж байгаад гарсан. Тэндээс цалин авдаг байсан учраас Нийгмийн даатгал төлж байсан. Түүнээс хойш мөн адил хувиараа Үндэсний бөхөөр бэлтгэл хийж байгаа. Би дээрх хэсэгт мэдүүлснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хорооны тамирчнаар 2011-2016 онд ажиллаж байсан. Би өөр хувийн байгууллагад ажиллаж байгаагүй, би хувиараа Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй, би Нийгмийн даатгалын газраас ямар нэгэн тэтгэмж авч байгаагүй. ...” /8хх 113/,
гэрч Ч.Эрдэнэцэцэгийн “... Би 2019 оны 5 дугаар сард МУИС-ийг био технологич мэргэжлээр төгссөн, одоогоор хийж байгаа ажил байхгүй. Урд нь төрж амаржиж байгаагүй. Мөн “Горхи газар” нэртэй компанийн талаар мэдэхгүй, уг компанид ажиллаж байгаагүй. Нийгмийн даатгалын газраас тэтгэмж авч байгаагүй. Би “Аз их хүлэг” ХХК-д /Ариг цэвэр усны үйлдвэрт/ 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл технологичоор ажиллаж байсан, тэнд ажиллаж байхдаа нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, мөн хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй. ...” /8хх 115/,
гэрч Б.Отгончимэгийн “... Би 2006-2011 он хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байсан. 2011-2013 онд хүүхэд асрах чөлөөтэй байсан. Түүнээс хойш ажил хийхгүй байж байгаад 2016 онд “Мэргэнболд” ХХК-ийг бусдаас “Оюутолгой” ХХК-д үйлчилгээ явуулахаар тендерт орох зорилгоор худалдан авч, тэр компани дээрээ нийгмийн даатгал төлөөд явж байсан. Тэгтэл Оюутолгойгоос “орон нутгийн компанийг авна” гээд намайг аваагүй. Би 2016 оны 7 дугаар сараас эхлэн компани дээрээсээ ажилгүйдлийн тэтгэмжийг авсан, түүнээс хойш уг компанийг ашиглаагүй, эгч Цд өгсөн. Миний санаж байгаагаар “Мэргэнболд” ХХК-д 2016 онд есөн сар нийгмийн даатгалыг төлж байсан. Гэхдээ хэдэн төгрөг төлж байснаа санахгүй байна. Мөн 2016 онд “Мэргэнболд” ХХК-д өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад, тэндээс ажилгүйдлийн тэтгэмж авсан. 2018 оны 3 дугаар сард жирэмсэн болоод, гурван сартай болж байтал хүүхэд маань өсөлтгүй болоод, Баянзүрх дүүргийн “Амгалан” амаржих газарт цэвэрлэгээ хийлгэсэн, энэ үед ямар нэгэн тэтгэмж аваагүй ба тэр үед хувиараа нийгмийн даатгал төлдөг байсан. Тэгээд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авсан байж магадгүй. ...” /8хх 116-117/,
гэрч Я.Баяржавхлангийн “... Би Баянзүрх эрүүл мэндийн төв Поликлиникийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд үйлчлүүлэгчийн өвчний карт, эсвэл жирэмсний хяналтын карт, дүн бүртгэлийн бага эмч эмнэлгийн хуудас бичиж бөглөөд, эмчлэгч эмч гарын үсэг зурсан байдаг. Өвчний карт, мөн жирэмсний хяналтын карттай танилцаж хянаад баталгаажуулан гарын үсэг зурдаг байсан. Манай эмнэлгийн дүн бүртгэлийн бага эмч дээр Нийгмийн даатгалын газраас авсан “эмнэлгийн хуудас”-ын бүртгэл судалгаа байдаг байсан. Эмнэлгийн хуудас чинь өөрөө кодтой, хэн гэдэг хүнд өгсөн, хэн гэж эмч үзсэн, ямар оношоор олгогдсон зэрэг нь бүртгэлтэй байдаг.Намайг даргаар ажиллаж байх хугацаанд хэн нэгэн албан тушаалтан эмнэлгийн хуудас дээр баталгаажуулан гарын үсэг зурах, эсвэл бичвэргүй эмнэлгийн хуудас гуйн орж ирж байгаагүй. Харин эмнэлгийн хуудас дээр он сар буруу тавьсан, тоо үсэг засагдахаар байвал тухайн эмнэлгийн хуудсыг Нийгмийн даатгалд хураалган тооцоо хийдэг байсан. ...” /8хх 119-120/,
гэрч Ч.Отгонбаярын “...Манай эмнэлэг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст эмнэлгийн хуудас бичсэн хүмүүсийн тайлан өгч, буцаан шинээр эмнэлгийн хуудас авдаг. 2019 оноос өмнө манай эмнэлэг буруу бичигдсэн, засвар ихтэй эмнэлгийн хуудсыг өөрсдөө устгаж, шинээр эмнэлгийн хуудас авдаг байсан. Харин 2019 оноос хойш Нийгмийн даатгалд буцаан өгдөг байсан. Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг олгохдоо жирэмсний хяналтын карт, хяналтад байгаа эмчийн зөвшөөрөл, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг үндэслэн төрөхийн өмнөх эмнэлгийн хуудас олгодог. Төрөх газрын тэмдэглэлтэй солилцох хуудсыг үндэслэж төрсний дараах 60 хоногийн эмнэлгийн хуудсыг олгодог. Манай эмнэлгийн дүн бүртгэлийн бага эмч Б.Алимаагийн ажлын компьютерт эмнэлгийн хуудасны код, мөн жирэмсэн /төрсөн/ эхийн овог нэр, регистрийн дугаар, хаяг, нийгмийн даатгалын дэвтрийн дугаар, жирэмсний хугацаа, онош, хяналтын эмчийн нэр, олгосон он, сар, өдөр, зэргийг бүртгэн авч хадгалдаг. Нийгмийн даатгалын ерөнхий газраас саяхан магадлагч эмч Гансүх ирсэн бөгөөд манай бүртгэлтэй танилцсан, түүний асуусан хүн лист аваагүй байсан, мөн манайд Ц.Алимаа гэх эмч ажиллаж байгаагүй. ...” /8хх 123-124/,
гэрч Ж.Хуягийн “... Намайг 2010-2016 онд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн 2 дугаар амбулаторын эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд дүн бүртгэлийн бага эмч дээр жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас бүртгэгдэж байсан. Тухайн үед эмнэлгийн хуудас дээр бага эмч бичилтийг хийж, эмчлэгч эмч зөвшөөрлийг өгч гарын үсэг зураад, дараа нь надаар баталгаажуулан гарын үсэг зуруулдаг байсан. Карт дээр ажиллах асуудлыг эмчлэгч эмч хариуцдаг байсан. Нийгмийн даатгал дээрээс эмнэлгийн хуудас авах асуудлыг бага эмч хариуцаж ажилладаг байсан. Тэр үед бага эмч Цэнджав гэж эмч байсан. Мөн эмнэлгийн хуудас дээр буруу бичилт, он сар өдөр, балласан байвал Нийгмийн даатгалд буцаан өгдөг байсан, миний хувьд хуурамч эмнэлгийн хуудас хийх, бусдад туслаж туслалцаа үзүүлэх ажил хийж байгаагүй. ...” /8хх 125-126/,
гэрч Б.Дөлгөөнхэрлэнгийн “... Би Баянзүрх эрүүл мэндийн төвд эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байх хугацаандаа эрсдэлтэй жирэмсэн эмэгтэй хүнийг өөрийн хяналтад авахдаа бүх үзлэг шинжилгээг бүрдүүлэн жирэмсний хяналтад авдаг. Эрүүл мэндийн сайдын 338 тоот тушаалын дагуу жирэмсэн эмэгтэй хүнийг хянаж, 16, 20, 28, 32, 36, 38, 40 долоо хоногтой хугацаанд хянаж, 31-ээс 32 долоо хоногтой жирэмсний өмнөх амралтыг олгодог. Олгохдоо нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхийг эх хувиар авчруулан, Нийгмийн даатгалын хуулиар 1 жил тасралтгүй нийгмийн даатгал бөглөсөн энэ байдал нь 32 долоо хоногтой жирэмсэн байх юм бол эрх үүссэн гэж үзэж олгодог. Мөн урд нь ажиллаж байгаад дундаас тасалдаад сүүлийн 6 сар бөглөгдсөн байвал эрх үүссэн гэж үзэн 32 долоо хоногтой олгодог. Жирэмсний карт дээр амралт олголтын он, сар бичиж, гарын үсэг зурдаг. Тэгээд дүн бүртгэгч бага эмч руу явуулдаг, дүн бүртгэгч эмнэлгийн хуудсыг бөглөж, эргэн над руу явуулж гарын үсэг зуруулдаг. Дараа нь тухайн эмнэлгийн эрхлэгч гарын үсэг зураад, иргэнд өгч явуулдаг. Б.Отгончимэг гэх хүний төрөхийн өмнөх эмнэлгийн хуудас дээр би гарын үсэг зурсан, төрсний дараах дээр манай эмнэлгийн Найдан эмч орлон зурсан байна. Б.Отгонцэнгэл дээр жирэмсний, төрсний дээр би өөрөө зурсан байна, Т.Болор-Эрдэний төрсний дараах дээр Уран эмч намайг орлон зурсан байна. ...” /8хх 127-128/,
гэрч О.Адъяадоржийн “... 2010-2012 он хүртэл Төв аймгийн Баянцогт суманд байрлах гахайн ферм-д ажиллуулдаг” Зургаан хошуу” ХХК-д гахай малладаг байсан. 2013-2016 оны 6 дугаар сар хүртэл “Эко ватор” ХХК-д өрмийн туслах, өрөмчин зэрэг ажлыг хийж байсан. Тэгээд ажилгүй хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад, саяхан 2019 оны 10 дугаар сараас эхлэн “Ханбогд хурд” ХХК-д суудлын автомашины жолоочоор ажиллаж байна. Би 2016 оны дундуур байхаа ажлаасаа гарчихсан байсан. Тэгээд Солонгос улс руу явах гээд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлж явж байсан. Тэр үед найдвартай Солонгос улс руу гарах гээд нийгмийн даатгалын шимтгэлийг компани дээрээс төлөх шаардлагатай болоод, манай эхнэр Халиунаа нь өөрийн танил болох Цтай ярьж байгаад миний шимтгэлийг компани дээрээс өндрөөр төлүүлсэн. Ойролцоогоор 3 сар төлсөн бөгөөд сард ойролцоогоор 200,000 мянган төгрөг төлсөн. Тэгээд Солонгос улс руу гарах гээд виз мэдүүлсэн боловч миний виз гараагүй бөгөөд ажилгүйдлийн тэтгэмжээс 2 сая төгрөг авсан. Миний санаж байгаагаар би “Эко ватор” ХХК-иас л тэтгэмжийг авсан, эсвэл 3 сар өндрөөр төлсөн компани дээрээс ч тэтгэмжийг авсан байж магадгүй, санахгүй байна. Би ажилгүйдлийн тэтгэмжийг авахдаа ямар материал бүрүүлснээ санахгүй байна, хэдэн жилийн өмнө болсон үйл явдал учраас сайн санахгүй байна. Би ямар нэгэн байдлаар өөр тэтгэмжийг Нийгмийн даатгалын газраас, мөн өөр компани дээрээс аваагүй. ...” /8хх 142-143/,
гэрч Б.Номин-Эрдэнийн “... Би Мастер дизайнд ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сард төрсөн, уг компанид ажиллаж байхдаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бөгөөд жирэмсэн болоод 1 сая гаруй төгрөгийн тэтгэмж авсан. Амаржсаны дараа 9 дүгээр сард байхаа 1 сая гаруй төгрөг авсан, тэр үед өөрөө материал бүрдүүлэн тэтгэмж авсан, тэтгэмж авахдаа эмнэлгийн хуудас, байгууллагаас мөнгө бодсон бичгийг нягтлан өгсөн, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт өгсөн. 2017 онд миний нийгмийн даатгал тасрах гээд байхаар нь танил Э эгчээс гар утсаар залган зөвлөгөө авч, туслалцаа хүсэхэд, тэрээр надад байгууллагын татварыг төлөөд, мөн нийгмийн даатгал төлөөд явж байвал болно гэсэн. Тэгээд намайг “Горхи газар ХХК-ийн нэр дээрээс Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын данс руу сар бүр шимтгэл төлж бай” гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны дундуур байхаа Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын данс руу сард 200 гаруй мянган төгрөг төлдөг байсан. Өөр мөнгө тушаадаггүй байсан. Би ойролцоогоор 1 жил 10 сар шимтгэл төлсөн. Тэгээд 2019 онд жирэмсэн болоод, жирэмсний тэтгэмж 3,2 сая төгрөг авсан. 2019 оны 4 дүгээр сард амаржаад тэтгэмж авах гэтэл Э эгч “боломжгүй” гэж надад хэлсэн. Тэгээд би тэр тэтгэмжийг аваагүй. Би жирэмсэн болсон тэтгэмжийг авахдаа ямар нэгэн материалыг бүрдүүлээгүй, харин Э эгч надад бүрдүүлж өгсөн байж магадгүй. Би өөр ямар нэгэн тэтгэмжийг аваагүй. ...” /8хх 145/,
гэрч Б.Өнөржаргалын “... Би Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийг 2005 онд 10 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсролтой болсон. Миний санаж байгаагаар 2007-2009 онд Сонгинохайрхан дүүргийн 118 дугаар цэцэрлэгт туслах багшаар, тэндээсээ гараад 2009 онд 100 айлын барилгын материалын дэлгүүрт нярав, 2012 онд анхны охин Л.Содгэрэлийг төрүүлсэн, 2014 онд хүү Л.Мөрөнг төрүүлсэн, 2018-2019 онд Хан-Уул дүүргийн 72 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан. 2019 онд бага охин Л.Тодгэрэлийг төрүүлсэн. Би бага охин Л.Тодгэрэлийг төрүүлэхдээ анх жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг Нийгмийн даатгалаас авсан. Би цэцэрлэгээсээ гарчихсан байсан тул хувиараа нийгмийн даатгал төлөөд тэтгэмж авъя гэж бодсон. Хувиараа төлөхөөр 70 хувийн тэтгэмж авдаг, компани дээрээс 100 хувийн тэтгэмж авдаг гэдгийг мэдээд, манай нөхөр Лхагвасүрэнгийн дүү Энхтуяагаар дамжуулан Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалаас тэтгэмж авсан. ...” /8хх 150-151/,
шинжээч Д.Анхбаярын “... “Мэргэнболд” ХХК нь 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс 2018 оны 8 дугаар сарыг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухайн хууль болон Нийгмийн даатгалын хуулийн дагуу шимтгэлийн тайлан өгсөн байна. Энэ хугацаанд 45 сая төгрөгийн авлага үүсгэн 33,1 сая төгрөг төлж, 11,8 сая төгрөгийн өртэй байна. ... Миний хувьд “Мэргэнболд” ХХК-ийн нэрээр нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, ажилгүйдлийн тэтгэмжийг авсан нийт 7 хүний 27 удаагийн эмнэлгийн хуудасны бичилт олголтын үндэслэлийг шалгасан. ...” /8хх 134-136/,
шинжээч Ц.Гансүхийн “... “Горхи газар” ХХК нь Нийгмийн даатгалын газарт бүртгүүлж шимтгэл төлж явснаасаа хойш /2015 оны 7-р сард бүртгүүлээд, 2018 онд/ шимтгэлийг бага багаар төлж, үүссэн шимтгэлийг бүрэн төлөхгүй 13 сая төгрөгийн өр үүсгэсэн байсан. ...Миний хувьд “Горхи газар” ХХК-ийн нэрээр нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг авсан нийт 7 хүний 21 удаагийн эмнэлгийн хуудасны бичилт олголтын үндэслэлийг шалгасан. ...” /8хх 137-141/,
Ч.Эгийн яллагдагчаар өгсөн “... Миний санаж байгаагаар анх 2015 оны 7 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсан тэтгэмжийг хуурамчаар материал бүрдүүлэн өөрөөр хэлбэл, хүчингүй болсон эмнэлгийн хуудсыг ашиглан өөрийн төрсөн дүү Ч.Эрдэнэцэцэг, үеэл Алтанцэцэг, өөрийн аав Чулуун-Эрдэнэ, танил дүү Номин-Эрдэнэ нарын нэрээр 25,100,000 төгрөг авсан. ...” /8хх 77-79/,
Б.Цгийн яллагдагчаар өгсөн “... 2016, 2017, 2018 онуудад “Мэргэнболд” ХХК дээр өөрийн төрсөн дүү Б.Отгончимэг, Б.Отгонцэнгэл, хамаатны дүү З.Ариунтуяа нарыг төрсөн гэж хуурамч бичиг баримтыг бүрдүүлэн Нийгмийн даатгалаас жирэмсэн амаржсаны мөнгийг авсан. Мөн зарим хүмүүс нь буюу танил дүү Мөнх-Од, Халиунаа нарын жирэмсэн, амаржсаны тэтгэмж нь хууль ёсоор авах тэтгэмж авсан байгаа. Харин Болор-Эрдэнэ гэж хүнийг санахгүй байна. 2016 онд хөдөлмөрийн чадвар түр алдсан буюу өвчтэй байх хугацааны тэтгэмжийг төрсөн дүү Б.Отгончимэг, Б.Отгонцэнгэл, танил дүү Халиунаагийн нөхөр Адъяадорж нар авсан. Миний тооцоолсноор 40,000,000 гаруй төгрөгийн нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны мөнгийг хуурамчаар материал бүрдүүлэн авсан. “Мэргэн болд” ХХК-ийг 2016 оны 2 дугаар сард үл таних хүнээс 200,000-300,000 төгрөгөөр авсан, гэхдээ уг компанийг худалдан авсан зорилго нь “Оюутолгой “ХХК-ийн бичиг хэргийн тендерт орох гэж авсан. Тэгсэн чинь тухайн үедээ “Оюутолгой” ХХК нь орон нутгийн компанийг авна гээд хасагдсан. Тэгээд зүгээр байлгаж байхаар гээд 2 төрсөн дүү Отгончимэг, Отгонцэнгэл нарын нийгмийн даатгалыг төлөөд л явж байсан. Хуурамчаар 2016 оны 2 дугаар сараас 2018 оны 8 дугаар сард хүртэл материал бүрдүүлэн авсан. ...” /8хх 83-84/ гэсэн мэдүүлгүүд,
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /8хх 157-176/, 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /9хх 54-59/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.
Прокуророос Ч.Э, Б.Ц нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдсон болно.
Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэргийн үйл баримтыг зөв тогтоосон атлаа гэмт хэргийн шинжийг нь тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй байхад анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Дээр дурдсан давж заалдах шатны шүүхээс тогтоогдсон гэж үзсэн үйл баримтаар шүүгдэгч нарын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг завших бус харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ”Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан“ гэх гэмт хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн дээр дурдсан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс хорих ялыг сонгон шүүгдэгч нарт оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго”-ыг хангахад нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч Ж.Оюунболд нар “... хохирол төлбөрийг нөхөн төлсөн байх тул оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү ...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
Шүүгдэгч Б.Ц, Ч.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилсан.
Дээр дурьдсан нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байх бөгөөд харин шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг ялгамжтайгаар оногдуулах боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар болон шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч Ж.Оюунболдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1379 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсэгт ”Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Э, Б.Ц нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн заалт нэмсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “И овогт Ч-ийн Э, О овогт Б-ийн Ц нарыг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
2 дахь заалтыг ”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чулуун-Эрдэнийн Эг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б-ийн Цг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч Ж.Оюунболд нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Шүүгдэгч Ч.Э, Б.Ц нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ