Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0701

 

 

 

 

 

 

    2022        09            23                                   128/ШШ2022/0701          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А.Мөнх-Өлзий даргалж
тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "Б"...ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д...,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б...нарын хооронд “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 6 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хассан талбайг нэмж олгосон захиргааны акт гаргахыг даалгуулах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бнар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. "Б"...ХХК-ийн эзэмшдэг MV-01 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайгаас 223,47 гектар талбайг хассан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 6 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хассан талбайг нэмж олгосон захиргааны акт гаргахыг даалгуулах”-аар маргаж байна. 

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Өвөрхангай аймгийн У сумын нутаг “Б*******” нэртэй 351 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын MV-01тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр "Б"...ХХК-д анх олгожээ.

2.2. Дээрх тусгай зөвшөөрлийн талбай нь 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэхүүн эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолын хилийн заагтай хэсэгчлэн давхацсан байжээ.

2.3. "Б"... ХХК  нь  2015  оны  07  дугаар  сарын  23-ны өдөр “Тусгай

зөвшөөрлөөр  олгогдсон   талбайн   тодорхой   хэсгийг   буцааж  хүлээлгэн  өгөхийг

хүссэн өргөдөл”-г Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гаргасан байна. Өргөдлийг 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр SU-0028 дугаарт бүртгэн авч, түүнд үндэслэн Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авах тухай” 6 дүгээр шийдвэрийг гаргажээ.

2.4. "Б"...ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 22/22 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2/2027 дугаар албан бичгээр “...хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэх хариу өгсөн байна.

2.5. Иймд нэхэмжлэгч 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл: 

3.1. Нэхэмжлэгч "Б"...ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

...Манай компани нь Өвөрхангай аймгийн У сумын нутагт Б******* нэртэй газарт хамаарах ашигт малтмалын ашиглалтын \МҮ-1111дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Уг тусгай зөвшөөрөл нь анх 350,91 гектар талбайтай байсан боловч хариуцагч захиргааны байгууллага нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль (олон нийт хэлж заншсанаар цаашид “Урт нэртэй хууль” гэх)-ийн үйлчлэлд хэсэгчилсэн байдлаар хамаарах болсон тул уг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа хэсгийг буюу 223,47 гектар талбайг 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 6дүгээр шийдвэрээр хасаж шийдвэрлэсэн.

Гэтэл уг Урт нэртэй хуульд тухайн хуулийн үйлчлэх хил заагийг Засгийн газар тогтооно гэж заасан байх ба харин Засгийн газраас хил заагийг тогтоож 2012 онд 194 дүгээр тогтоолыг батлан гаргасан байх боловч уг захиргааны акт гаргахдаа дор дурдсан хуулийн шаардлагыг хангаагүй байсан байна.

Тодруулбал, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол нь Монгол улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3-т Монгол Улсын Дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хууль /2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр батлагдсан, 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс дагаж мөрдсөн/-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуулийн талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар, яам агентлагаас гаргасан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг бүрэн эхээр нь нийтэлнэ гэж тус тус заасан шаардлагыг хангаагүй буюу Төрийн мэдээлэл эмхэтгэлд албан ёсоор нийтлээгүй байгаа нь уг тогтоолыг нийтээр дагаж мөрдөх болон шүүхийн практикт одоогоор хэрэглэх нөхцөл боломж бүрдээгүй гэдгийг бид олж мэдлээ.

Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын тухайд уг тогтоолын 2 дугаар хавсралтаар усны хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоосон агуулгатай гэж ойлгож байгаа ба мөн Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын тухайд 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосон агуулгатай гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл 289 дүгээр тогтоолоор усны хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоосон агуулга байхгүй. Эндээс дүгнэхэд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл хариуцагч захиргааны байгууллагад байгаагүй болох нь илэрхий байна. Иймд, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: "Б"...ХХК нь \МҮ-1111дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэхүүн эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар 223,47 гектар талбай давхцаж байна гэдэг асуудал 2015 онд яригдсан ба тус давхацсан хэсгийг буцааж өгөх шаардлага тавьсан. Гэвч үүнтэй холбоотойгоор ямар нэгэн бичмэл баримтыг хариуцагч байгууллагын зүгээс хавтаст хэрэгт ирүүлээгүй байна гэж ойлгосон. Хуулийн агуулгын хувьд "Б"...ХХК-ийг тус давхацсан газрыг сайн дураараа буцааж өг гэсэн агуулгатай байсан. Манай компани хууль, дүрэм журамд заасан бол буцааж өгөхөөс аргагүйн байна гэж ойлгон 223,47 гектар талбайг буцааж өгөх ажиллагааг хийсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 777 дүгээр шийдвэр гарсан гэж ойлгож байгаа. Гэтэл сайн дураар өгөх ёсгүй байсныг нь сүүлд ойлгосон. Учир нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолд үндэслэж маргаан бүхий актыг гаргасан гэж ойлгосон бөгөөд тус тогтоолоор гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил заагийг тогтоосон байна. Гэтэл тус тогтоол Төрийн мэдээлэл эмхэтгэлд огт нийтлэгдээгүй байсан. Өөрөөр хэлбэл, эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болж чадаагүй байна гэсэн үг. Эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болж чадаагүй тогтоолыг үндэслэж дээрх 223,47 гектар талбайг хасах ажиллагаа хийгдсэн байна. Иймд Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолд үндэслэж гарсан маргаан бүхий захиргааны актыг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. 2012 онд хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдөж байсан Улсын Их хурлын тухай хууль (2006 онд батлагдсан)-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуулийн талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар, яам агентлагаас гаргасан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг бүрэн эхээр нь нийтэлнэ“ гэж заасан. Энэ шаардлага хангагдаагүй тул Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол хүчин төгөлдөр бус болж, түүнд үндэслэн гарсан маргаан бүхий 777 дүгээр шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд, "Б"...ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

3.3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэгдүгээрт "Б"...ХХК-ийн эзэмшдэг \МҮ-1111дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайгаас 223,47 гектар талбайг хассан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 777 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг “Б*******” нэртэй 351 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын \МҮ-1111тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр "Б"...ХХК-д анх олгосон.

"Б"...ХХК нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Б*******” нэртэй 351 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын \МҮ-1111тоот тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулсан. Энэхүү тусгай зөвшөөрлийн талбай нь 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэхүүн эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолын хилийн заагтай хэсэгчлэн давхацсан.

Нэхэмжлэгч "Б"...ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь хэсэг болон 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно” гэж заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж өгөхийг хүссэн”, SU-002808 бүртгэлийн дугаартай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 777 дүгээр шийдвэрээр “...Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн SU-002808 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу "Б"...ХХК-ийн \МҮ-1111тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт гол-1 нэртэй 350,91 гектар ашиглалтын талбайгаас 223,47 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 127,44 гектар талбайг \МҮ-1111тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бичиж тэмдэглэх...” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 777 дүгээр шийдвэр нь холбогдох хуулийг зөрчөөгүй бөгөөд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ.

"Б"...ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн солбилцлууд өөрчлөх тухай” 06 дугаартай албан бичгийн дагуу Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн солбилцолд өөрчлөлт оруулах тухай” 110 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэг, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 120, 289 дүгээр тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн цахим лавлагаа, "Б"...ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн Засгийн газрын 2015 оны 120, 189 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай "Б"...ХХК-ийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Б******* нэртэй \МҮ-1111тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбилцолд хавсралтад заасны дагуу өөрчлөлт оруулсугай гэж шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1 дэх хэсэгт “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2 дахь хэсэгт “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3 дахь хэсэгт “тухайн захиргааны байгууллага өөрий чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4 дэх хэсэгт “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.5 дахь хэсэгт “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6 дахь хэсэгт “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7 дахь хэсэгт “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч "Б"...ХХК нь Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 777 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь илт хууль бус захиргааны акт  нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт захиргааны акт хууль бус болох шинжүүдийг нэрлэн заасан бөгөөд дээрх шинжийг агуулсан тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын илт хууль бус болох хуулийн заалтыг тодорхойлон заагаагүй байна.

Хоёрдугаарт, үндэслэлгүйгээр хассан талбайг нэмж олгосон захиргааны акт гаргахыг даалгах шаардлагын тухайд, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 777 дүгээр шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6/6462 дугаартай албан бичгээр "Б"...ХХК-д мэдэгдсэн бөгөөд тус компаниас дээрх шийдвэрийн дагуу Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргаагүй байна.

Төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.4, 43.8 дахь хэсэгт заасан захиргааны актыг мэдэгдэх үүргээ бүрэн хэрэгжүүлсэн байна. Захиргааны акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу гомдол гаргахыг хуулиар нарийвчлан зохицуулсан. Гэтэл "Б"...ХХК нь Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 777 дүгээр шийдвэрийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мэдсэнээс хойш өнөөдрийг хүртэл Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу хандаагүй байна.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд мөн хуулийн 54.1.3 дахь хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хуулийн нөхцөл бүрдсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бшүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээр шаардлагын тухайд, шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулгатай адил, нэмэх зүйл байхгүй. Харин хоёрдугаар шаардлага буюу үндэслэлгүйгээр хассан талбайг нэмж олгосон захиргааны акт гаргахыг даалгах шаардлагын тухайд, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 777 дүгээр шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6/6462 дугаартай албан бичгээр "Б"...ХХК-д мэдэгдсэн. Гэвч тус компаниас Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, мэдэгдлийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй өнөөдрийг хүрсэн гэдгийг нэмэлт тайлбартаа хэлье. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч "Б"...ХХК-аас хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хассан талбайг нэмж олгосон захиргааны акт гаргахыг даалгуулах” гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлно.

    1. Нэхэмжлэгчээс “...Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн “Хилийн зааг тогтоох тухай” 194 дүгээр тогтоол нь Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасны дагуу Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтэлнэ гэх шаардлагыг хангаагүйн улмаас эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус тул түүнд үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 777 дүгээр шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт...”,
    2. Хариуцагчаас “...нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу өөрөө хүсч гаргасан 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж өгөхийг хүссэн” өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6, 55 дугаар зүйлийн 55.5, 55.6-д заасны дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
  1. Маргаан бүхий 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авах тухай” 777 дүгээр шийдвэр (хавтаст хэргийн 36 дахь тал)-ийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн 350.91 гектар ашиглалтын талбайгаас 223.47 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

 3. Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, уурхайн талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаан өгөх”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно” гэж заасныг үндэслэн гаргасан хуулиар үйл ажиллагаа явуулахыг хориглосон талбайг буцаан өгөхөөр 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хандаж өргөдөл гаргасан байна (хавтаст хэргийн 49-52 дахь тал).

4. Тус өргөдлийг хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Энэ хуулийн 55.2-55.4-т заасан шаардлага хангасан бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэж, тухайн тусгай зөвшөөрөлд зохих өөрчлөлтийг тусгах бөгөөд ингэснээр талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөнд тооцно”, 55.6-д “Төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авсан тухай зохих байгууллагад мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ” гэж заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр SU-002808 дугаарт нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэн авч (хавтаст хэргийн 48 дахь тал), \МҮ-1111тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлд зохих өөрчлөлтийг тусган тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулсан нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн байна. 

5. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоол нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасныг үндэслэн гарсан.

6. Тодруулбал, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ойн тухай, Ашигт малтмалын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж зааснаар энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газрын хилийн заагийг тогтоосон дээрх тогтоол нь энэхүү хуулийн бүрдэл болж хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна.

7. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана”, 30.7-д “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно”, 30.8-т “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж өргөдөл гаргасан нь үндэслэлтэй, нөгөөтэйгүүр ийнхүү хуулийн шаардлагыг хангаж нэгэнт хориглосон талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй тусгай зөвшөөрлийн талбайг буцаан өгөх хүсэлтийг хариуцагчийн зүгээс хуульд нийцүүлж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

8. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн “Хилийн зааг тогтоох тухай” 194 дүгээр тогтоол Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэгдээгүй үйл баримт тогтоогдож байгаа ч тухайн тогтоолыг хүчин төгөлдөр бус гэх үр дагаврыг үүсгэхгүй, хариуцагч шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх илтэд ноцтой алдаа бүхий захиргааны акт гэж буруутгах үндэслэлгүй байна.

9. Иймд дээрх үндэслэлүүдээр "Б"...ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 777 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хассан талбайг нэмж олгосон захиргааны акт гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.7, 30.8, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6, 55 дугаар зүйлийн 55.5, 55.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  “...”Б”ХХК-ийн эзэмшдэг \МҮ-1111дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайгаас 223,47 гектар талбайг хассан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 777 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хассан талбайг нэмж олгосон захиргааны акт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            А.М....