Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2139

 

 

Ч.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2018/01672 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Л-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол Улсын ХНХЯ-д холбогдох

 

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20 265 867 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Л,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Л-г 3 шатны шүүхээс Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүрэгт ажлаас буруу халагдсаныг тогтоож ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заалтыг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болон 20 265 867 төгрөгийн олговор, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг Улсын дээд шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэн 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч Ч.Л-ийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг баримтлан Монгол Улсын ХНХЯ-д холбогдуулан гаргасан 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 20.265.867 төгрөгийн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Ч.Л-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 279 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 3 шатны шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны шатанд хугацаа алдсанаас шалтгаалан хэдийгээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хэдий ч биелэгдэхгүй нөхцөл байдал үргэлжилж эхэлсэн. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан Ч.Л миний шүүхийн шийдвэрээр хангагдсан ажилгүй байсан хугацааны /шүүх эцэслэн шийдвэрлэсэн нэхэмжлэлиийн шаардлагын хүрээнд/ цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөөс гадна ажилд томилогдож чадаагүйгээс шалтгаалсан буюу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарснаас хойшх 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Шүүх “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гурван сарын дотор гаргасан ажилтны гомдлыг, эсхүл хуульд заасан энэ хугацааг хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шалтгааныг нотолсон баримтад үндэслэн уг хугацааг сэргээн тогтоох эсэх асуудпыг хэлэлцэж, хугацаа сэргээсэн тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх журамтай. Нэхэмжлэгч Ч.Л нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд гомдлоо гаргах учиртай. Гэвч энэ хугацаанд гомдлоо гаргаагүй" гэж дүгнэж гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ч.Л нь эрхээ зөрчигдсөн гэдгээ дээрх шийдвэрт дурдаад байгаагаар хяналтын шатны шүүхийн тогтоолыг гардаж аваад мэдсэн зүйл огт байхгүй бөгөөд эрх нь зөрчигдсөн асуудлаар 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж уг асуудал нь гурван шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хэдий ч шүүхийн шийдвэр биелэгдээгүй, зөрчигдсөн эрх нь сэргээгдээгүй, улмаар дээрх зөрчигдсөн эрх ашгаас шалтгаалан үр дагавар нь үргэлжилж байгаа гэдгийг шүүхээс дүгнэж үзэлгүй шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

...Ч.Л би шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчид хандан "Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00012 дугаар бүхий тогтоол гарсны дараа тодорхой хугацаанд Сайдын тушаал гарахыг хүлээж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танаа гэж хаяглан 3 шатны шүүхийн шийдвэрийг хавсарган ажилд томилж өгнө үү гэсэн агуулга бүхий өргөдлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бичиг хэрэгт өөрийн биеэр хүлээлгэн өгсөн бөгөөд өргөдлийн хариу ирэх хуулийн 30 хоног өнгөрсөн тул 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дахин ХНХЯ-д өмнөх өргөдлийн хариуг шаардсан гомдлыг цахимаар өгсөн боловч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн хариу ирүүлээгүй тул 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны шүүхэд дахин хандаж 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/Ш32018/02743 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 182/ГХ2018/00291 дугаар бүхий шүүхийн гүйцэтгэх хуудас гаргуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй, ажилдаа томилогдоогүй, цалингаа ч аваагүй болно. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хурал эхлэхээс өмнө Шүүхийн гүйцэтгэх хуудас болон Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг нотлох баримтаар шүүхэд өгсөн бөгөөд ХНХЯ-д өгсөн өргөдлийг хүлээж авсан утасны мэссэж болон яамны цахим хуудсыг шүүх хурлын үеэр нотлох баримтын хүрээнд үнэлгээ хийж өгөх хүсэлтийг шүүгчид хэлсэн боловч түүнийг огт хайхралгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Цахимаар ирсэн материалыг хэвлэж авсан боловч нотариатч "Цахимаар ирсэн зүйлийг баталдаггүй" гэсэн тул нотлох баримтын хүрээнд хавтаст хэрэгт оруулах боломж байгаагүй. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2/6260 дугаар бүхий ХНХ-ын сайд С.Чинзоригт явуулсан Мэдэгдлийг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа болно. Дээрх баримтууд нь намайг "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна" гэх үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа "ажилгүй байсан хугацааны цалин хөлс. нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхээр" нэхэмжилсэн байдаг бөгөөд одоо болтол ажилдаа эргэн ороогүй, цалин хөлс аваагүй, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг төлөгдөөгүй байгаа тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/01408 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1990 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001 /ХТ2018/00012 дугаар тогтоол биелээгүй байна. Мөн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/Ш32018/02743 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ч хэрэгжиж дуусаагүй. Ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байх хугацааны цалингаа нэхэмжилсэн нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг гэж үзэж буй тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болно. Гэтэл дээрх байдалд дүгнэлт хийж нэхэмжлэгч миний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг буцаан надад олгож, төлөх шаардлагагүй талаар дүгнэлт хийж буцааж надад өгөлгүй улсын орлогод хэвээр үлдээснийг буруу шийдвэр гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Л нь хариуцагч Монгол Улсын ХНХЯ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 20 265 867 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01558 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1990 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00012 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ч.Лг Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон ба уг 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.                                /хх-5-15 дахь тал/

 

Нэхэмжлэгч Ч.Л-г ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага биелүүлээгүй тул Ч.Л шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь хэргийн 28 дугаар тал дахь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2/6260 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг буруу болохыг 3 шатны шүүх тогтоосон, шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа боловч хариуцагч байгууллага түүнийг ажилд нь эгүүлэн аваагүйгээс эрхийн зөрчил өнөөг хүртэл үргэлжилсэн хэвээр байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсныг залруулах боломжтой.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэж Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсон нь буруу. Учир нь хариуцагч байгууллага Ч.Л-г ажил албан тушаалд нь эгүүлэн аваагүй байгаа тохиолдолд эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ гаргасан гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч Ч.Л-ийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 250 хоногийн олговорт /72 781 төгрөг х 250 хоног/ 20 265 867 төгрөг хариуцагч Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж, Ч.Л-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын ХНХЯ-д даалгасан өөрчлөлт оруулав.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2018/01672 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20 265 867 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Л-д олгож, нэхэмжлэгч Ч.Л-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын ХНХЯ-д даалгасугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй...” гэснийг “үлдээж, хариуцагч Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 259 279 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Л-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Л-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 279 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ