Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/653

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн, 

улсын яллагч А.Марал /тээврийн прокурорын газрын хяналтын прокурор, томилолтоор/ 

шүүгдэгч Б.Ундрах-Эрдэнэ нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урангончиг овогт Баярсайханы Ундрах-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2405022550435 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гааль, татвар нягтлан бодогч мэргэжилтэй, хувийн байгууллагад ажилтай гэх, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо горькийн 12 гудамж 281 тоотод оршин суух хаягтай. Урьд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Уран Гончиг овогт Баярсайханны Ундрах-Эрдэнэ /РД: НХ88100911/

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч  Б.Ундрах-Эрдэнэ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 20 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Шинэ хотхоны замд согтуугаар Toyota Prius маркийн 37-47 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Ундрах-Эрдэнэ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 20 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Шинэ хотхоны замд Toyota Prius маркийн 37- 47 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ундрах-Эрдэнийн “... гэм буруутай маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2405022550435 дугаартай хэргээс

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 5/, 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, жолоочийн согтуурал шалгасан баримт /хх-ийн 6-8/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч/иргэний нэхэмжлэгч Б.Сувданчимэгийн өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 09 ны оройн 19 цагийн орчимд би дэлгүүрийн гадна талд машинаа зогсоогоод дэлгүүрийн зогсоолд машинаа тавиад машинаасаа буух гэсэн чинь миний хажуу талаас машин орж шүргээд урагшаа хойшоо 2 удаа ухарсан тэгээд манай нөхөр Э.Батболд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан машины түлхүүрийг сугалж авч цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.  Би өөрийнхөө тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгээгүй байгаа. Би хохирлоо барагдуулаад авбал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 50/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ий н17/

Жолоодох эрхийн лавлагаа “2024 оны 5 дугаар сарын 26-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ....” /хх-ийн 18/,

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 20/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар лавлагаа /хх-ийн 22/

Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх-ийн 27/

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэх оногдуулах тухай “...Б.Ундрах-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөг торгох тухай...” /хх-ийн 37/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 41/

Иргэний хариуцагч Б.Дансрангийн “...Toyota Prius маркийн 37-47 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин болно. Хохиролд 860.000  төгрөг  хүлээн авсан ...” гэх хүсэлт /хх-ийн 51/,

 Сүлд Үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-65/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ундрах-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед ботаник цаана байдаг Оргил худалдааны төв уулзсан. Тэгээд Дансран найз нь согтуу байна чи машин бариад өг гэхээр нь би машин барьж чадахгүй гээд би нэг эмэгтэй найзыгаа дуудаад 1 дүгээр хороолол хүртэл машин бариулсан. Тэгээд бид нар нилээн архи уугаад би урд өдөр нь ажил дээрээ хоноод нойргүй байсан болохоор Дансрангийн машин дотор унтчихсан. Тэгээд 18 цагийн үед сэрээд эргэн тойрноо харсан чинь хэн ч байхгүй болохоор нь би Дансрангийн машиныг унаад гэррүүгээ явчихсан. Тэгээд Баялаг дэлгүүрийн ойролцоо зогсоол хайгаад зогсож байх үед цагдаа ирээд намайг драгер багаж үлээлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 72/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ундрах-Эрдэнэ нь “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан  үедээ 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 20 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Шинэ хотхоны замд согтуугаар Toyota Prius маркийн 37- 47 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..." гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 5/,  зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, жолоочийн согтуурал шалгасан баримт /хх-ийн 6-8/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Сувданчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10, 50/, жолоодох эрхийн лавлагаа “2024 оны 5 дугаар сарын 26-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг...” /хх-ийн 18/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэх оногдуулах тухай “...Б.Ундрах-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөг торгох тухай...” /хх-ийн 37/, иргэний хариуцагч Б.Дансрангийн “...Toyota Prius маркийн 37- 47 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин болно. Хохиролд 860.000  төгрөг  хүлээн авсан ...” гэх хүсэлт /хх-ийн 51/ шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтад тохирсон гэж дүгнэв.

Иймд, шүүгдэгч .Ундрах-Эрдэнэ нь “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 20 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Шинэ хотхоны замд согтуугаар Toyota Prius маркийн 37- 47 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..." гэсэн заалтыг зөрчсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч/иргэний нэхэмжлэгч Б.Сувданчимэг нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгээгүй, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар хэрэгт баримт авагдаагүй байх хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ундрах-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэх үедээ Б.Дансрангийн эзэмшлийн Toyota Prius маркийн 37- 47 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон байх ба энэ тээврийн хэрэгсэлд Сүлд Үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар 440,000 /дөрвөн зуун дөч/ төгрөгийн хохирол учирч уг хохирлыг шүүгдэгч нь Б.Дансранд төлсөн /хх-51 тал/ болохыг дурдаж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ундрах-Эрдэнэ нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан  үедээ үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Ундрах-Эрдэнэд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 500-н цаг /таван зуу/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундрах-Эрдэнэ нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгч Б.Ундрах-Эрдэнэд ногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ундрах-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Уран Гончиг овогт Баярсайханны Ундрах-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ундрах-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 500-н цаг /таван зуу/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ундрах-Эрдэнэд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундрах-Эрдэнэ нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч Б.Дансранд 860.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.Сувданчимэг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүгдэгч Б.Ундрах-Эрдэнэд   ногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Б.Ундрах-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ