| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/02114/И |
| Дугаар | 001/ХТ2024/00271 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2024/00271
С.Ж-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/01382 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01468 дугаар магадлалтай,
С.Ж-н нэхэмжлэлтэй
“ШЦЗ” ХХК-д холбогдох
37,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагчийн өмгөөлөгч А.Т, С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.С.Ж нь “ШЦЗ” ХХК-д холбогдуулан 37,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/01382 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т зааснаар хариуцагч “ШЦЗ” ХХК-аас 37,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ж-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ШЦЗ” ХХК-аас 346,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01468 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/01382 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар хариуцагч “ШЦЗ” ХХК-аас 7,120,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ж-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,680,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын “7.1.2” гэснийг “7.1.1” гэж, “56.1” гэснийг “56.2” гэж, “346,950 төгрөгийг гаргуулж” гэснийг “128,870 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 33,746 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа өдрийн 50,000 төгрөгийн цалинг гэрч нар зөрүүтэй мэдүүлсэн тул энэ үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн.
Хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын 5 дахь нүүрэнд байх гэрч Ч.Э-н мэдүүлэгт “...өдрийн 50,000 төгрөг гэж хуулийн зөвлөх эмэгтэй нь ирээд хэлж байсан” гэж дурдсан. ...Гагцхүү цагийн ажилчид цалингаа өдөр бүр авдаггүй байсан, тэдний цалинг нийтэд нь бригадын ахлагч С.О-н данс руу шилжүүлдэг байсан тул гэрч Ч.Э шүүх хуралдаанд “амь хохирогч өдөр бүр 50,000 төгрөгийн цалин авдаг байсан уу” гэх асуултад “үгүй” гэж хариулсан юм. Өөрөөр хэлбэл талийгаач цалингаа өдөр бүр авдаггүй байсан гэх утгаар хариулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх гэрчийн дээрх хариултыг бусад гэрчийн мэдүүлгээс зөрүүтэй гэж үзэн 1 асуултад хариулсан байдлыг хэт анхаарч, хэргийн ерөнхий нөхцөл байдлыг үл ойшоон орхигдуулсан.
...Анхан шатны шүүх хуралдаанд хуриуцагчийн өмгөөлөгч ажилчдын цалин нийт 8,500,000 төгрөгийг бригадын ахлагч С.О-н данс руу шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн, шийдвэрийн 3-р нүүрэнд цагийн ажилтнуудын өдрийн 50,000 төгрөгийн цалинд нийтдээ 8,500,000 төгрөг өгсөн үйл баримтыг ажил гүйцэтгэх гэрээний төлбөр биш гэж дэлгэрэнгүй дүгнэсэн. Мөн гэрч С.Т, С.О нар эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд талийгаачийг С.О-н бригадад ажиллаж байсан талаар мэдүүлсэн нь шийтгэх тогтоолд тусгагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.08-ны өдрийн 001/ШХТ2024/01291 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч “ШЦЗ” ХХК-д холбогдуулан 37,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “...нөхөр Ц.М нь 2021.10.31-2021.11.03 хүртэлх хугацаанд “ШЦЗ” ХХК-д авто замын засварын ажилд туслах ажилтнаар өдрийн 50,000 төгрөгийн цалинтайгаар ажилласан, ...2021.11.03-ны орой ажлын байрандаа зам дээр, засварын ажлаа хийж байх үедээ автомашинд мөргүүлж амь насаа алдсан..., эрүүгийн хэргийн шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой зарим асуудлыг жич иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр үлдээсэн..., уг осолд ажил олгогч гэм буруутай тул Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т зааснаар нөхөн төлбөрт 37,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй үндэслэлээ “...Ц.М-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд түүнийг компанид ажилтнаар аваагүй..., түүнийг өдөр бүр 50,000 төгрөгөөр цалинжуулж байгаагүй..., манай компани явган замын засварын ажил гүйцэтгүүлэхээр С.О ахлагчтай бригадтай хэлцэл хийж 7 хоногийн ажлыг 8,500,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байсан..., Ц.М нь С.О-н бригадад ажиллаж байсан, Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 500 дугаар зүйлийн 500.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 502 дугаар зүйлийн 502.1, 512 дугаар 512.1-д зааснаар ажил олгогч болох С.О хохирлыг хариуцах тул “ШЦЗ” ХХК нэхэмжлэлийг хариуцахгүй..., ажил гүйцэтгэх гэрээг С.О-тай амаар хийх үед бригад нь хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлаа өөрсдөө хариуцахаар тохирсон..., Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар үйлдвэрлэлийн осол гарсныг тогтоосон Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн акт үйлдэгдээгүй..., Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.31-ний өдрийн 2022/ШЦТ/1018 дугаартай шийтгэх тогтоолоор оршуулгын зардлыг “ШЦЗ” ХХК-ийн захирал Б.Н хариуцах үндэслэлгүй, “ШЦЗ” ХХК-аас хохиролд орон сууц гаргуулах шаардлага тодорхойгүй, үндэслэлгүй байна гэж үзэж уг шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн...” гэжээ.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Шийдвэрт: Ц.М нь *** дүүргийн *** хороо ** замд зам засварын ажил хийж байхдаа 2021.11.03-ны өдөр *** маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь нас нь хохирсон нь тогтоогдсон, ...туслан гүйцэтгэх гэрээ хэрэгт авагдаагүй, С.О-т шилжүүлсэн мөнгөн төлбөр ажил гүйцэтгэх гэрээний төлбөр мөн эсэх нь эргэлзээтэй, Ц.М нь 2021 оны 11 сард “ШЦЗ” ХХК-д хөдөлмөр эрхэлж байсан байх тул түүний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулиар зохицуулна..., ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй..., ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ.., мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.31-ний өдрийн 2022/ШЦТ/1018 дугаар шийдвэрт ... хуулийн этгээдийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хүний амь нас хохирсон хохирол, хор уршигтай шалтгаант холбоогүй, харин “ШЦЗ” ХХК нь замын ажил хийж гүйцэтгэхдээ тэмдэг тэмдэглэл байрлуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүй нь хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон болохыг дүгнэсэн, Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т зааснаар Ц.М нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж нас барсан байх тул түүний эхнэр болох С.Ж 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг ажил олгогчоос шаардах эрхтэй..., Ц.М нь өдрийн 50,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь Б.Б гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба сарын цалин 1,050,000 төгрөг, 36 сарын нөхөн төлбөр 37,800,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй...” гэж дүгнэжээ.
9.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг 7,120,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруу, осол гарсан шалтгаан, нас барагч нь тухайн компанийн ажилтан байсан асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзээд, харин нас барагч нь өдрийн 50,000 төгрөгийн цалин хөлстэй байсан үйл баримт хангалттай тогтоогдоогүй, зам тээврийн осол 2021.11.03-ны өдөр гарах үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсан..., 36 сараар тооцоход үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 15,120,000 төгрөгийг гаргуулах боловч хариуцагч 2022.10.25-нд 5,000,000 төгрөг, 2022.01.23-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг өгснийг хасаж, 7,120,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.
10.Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т заасан хэм хэмжээг хэрэглэхдээ зөрүүтэй шийдвэр гаргасан талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
11.Ч.Б нь 2021.11.03-ны өдрийн 20 цагийн үед согтуугаар *** маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 3.4.а, з, 12.2-д заасныг зөрчиж *** дүүргийн *** хороо ** замд автозам засварын ажил хийж байсан нэхэмжлэгчийн нөхөр Ц.М-г мөргөж, амь насыг нь хохироосон, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.31-ний өдрийн 2022/ШЦТ/1018 дугаар шийтгэх тогтоолоор Ч.Б-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн нөхөр Ц.М хариуцагч “ШЦЗ” ХХК-ийн ажилтан байсан эсэх, өдөр бүр 50,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл байсан боловч хяналтын журмаар гомдол гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилтны цалин хөлсний хэмжээнд гомдол гарган бусад асуудлаар маргаангүй гэдгийг илэрхийлснээс үзвэл маргааны зүйл өөрчлөгдөж, талуудын зарчмын хүрээнд хяналтын шатны шүүх “ажилтаны цалин хөлс”-ний хэмжээг тогтоосон шүүхийн шийдвэрийн зөрүүтэй байдалд хуулийг хэрэглэх үндэслэл бий болсон байна.
11.1.Хоёр шатны шүүх “ШЦЗ” ХХК-ийг ажил олгогч гэж үзэж, үйлдвэрлэлийн осол тохиолдсон хийгээд нас барсан ажилтан Ц.М-н ар гэр нөхөн төлбөр шаардах эрхтэй тухайд маргааны үйл баримтыг бодитой тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв сонгосон боловч ажилтны сарын цалин хөлсийг зөрүүтэй дүгнэсэн.
Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэж, 97.1.2-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж заасан зохицуулалт нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д зааснаар “үйлдвэрлэлийн осол”-ыг хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгох бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд ЗГ-с тогтоосон журмын дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээч Г.Г-н 2022.01.04-ний өдрийн ХАБ-36/21 тоот дүгнэлтээр “...“ШЦЗ” ХХК-ийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтан Ц.М-р ажил үүрэг гүйцэтгүүлсэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 5.13, 5.20, 5.30, 7.1, 7.1.8, 7.2, 9-д заасан аюулгүй ажиллагааны шаардлагууд хангагдаагүй, анхааруулах түр тэмдэг тавигдаагүй, хаалтаар хашиж тусгаарлаагүй, гэрэл ойлгогчтой хантааз, хамгаалалтын дуулга малгай хэрэглээгүй, “ШЦЗ” ХХК-ийн ажилтан Ц.М нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа автомашинд мөргүүлж осолдсоны улмаас нас барсан асуудал нь ЗГ-н 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1-д зааснаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: 2.1.1. “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гэсэн заалтад хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоно...” гэж үзсэн байх ба хуульд заасан журмын дагуу ажил олгогч “ШЦЗ” ХХК үйлдвэрлэлийн ослын акт гаргаагүй боловч ийм тохиолдол бий болсон нь тогтоогдсон байх тул нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Дээрх зохицуулалт нь ажил олгогчийн хуулиар үүсэх үүргийг зохицуулсан хэм хэмжээ бөгөөд ажилтан Ц.М нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж нас барсан байх тул түүний эхнэр болох С.Ж 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзнэ.
11.2.Анхан шатны шүүх “...нас барагч Ц.М-г өдрийн 50,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан нь гэрч Б.Б-н мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон...” гэж үзсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Шийдвэрийн үндэслэл болгож буй тухайн гэрчийн мэдүүлэг хэрэгт байхгүй бөгөөд Б.Б нь эрүүгийн хэргийг шалгасан цагдаагийн мөрдөгч байх ба хэд хэдэн хүнийг эрүүгийн хэрэгт гэрчээр асуусан баримт байх боловч эрүүгийн журмаар бүрдүүлсэн баримтууд иргэний шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөр баримтаар цалин хөлсний хэмжээг нотолж чадаагүй байна.
Дээрх нөхцөлд давж заалдах шатны шүүх гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримталсан нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасан агуулга, зарчмыг зөрчөөгүй гэж үзнэ. Харин хариуцагч нь 3,000,000 төгрөгийг хэрэг гарсны дараа талийгаачийн ар гэрт өгсөн, 5,000,000 төгрөгийг эмгэнэл илэрхийлж нэхэмжлэгчид өгсөн гэж /1хх 101/, хүний амь нас хохирсон асуудал гарсан учраас тусламж маягаар өгсөн, нялх хүүхэдтэй учраас өгсөн /1хх 139, 140/ гэж сайн дураар тусламж өгсөн агуулгатай тайлбар гаргасан байхад нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д нийцсэнгүй.
12.Иймд хариуцагчаас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 15,120,000 төгрөгийг (тухайн үед мөрдөгдөж байсан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000х36 сар) хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01468 дугаар магадлалын 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг баримтлан хариуцагч “ШЦЗ” ХХК-аас 15,120,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ж-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,680,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтад “56.1” гэснийг “56.2” гэж, “346,950 төгрөгийг гаргуулж” гэснийг “233,550 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-н гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч С.Ж-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.09.02-ны өдөр төлсөн 311,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН