Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр

Иргэний хариуцагч А.Ариунбат

Орчуулагч Ц.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, Хунан мужийн харъяат, 1971 оны 08 сарын 21-нд төрсөн, 46 настай, бага боловсролтой, засварчин, гагнуурчин мэргэжилтэй,  ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, БНХАУ-ын Хунан муж, Лидин хот, Банжайн Чонг 99 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Лунг овогт Юан Лиангад /Long YanLiang/ холбогдох эрүүгийн 201610010236 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Лунг Юан Лианг нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр валютын зүйл болох 22,54 грамм буюу 2,185,082.37 төгрөгийн үнэ бүхий алтыг Э.Алтанцэцэгийн эзэмшлийн 25-00 УБЧ улсын дугаартай суудлын автомашины суудлын арын кармаанд нууж Монгол Улсын хилээр  хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Лунг Юан Лианг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Би тэр зүйлийг хилээр авч гарч ээждээ бөгж хийж өгөх санаатай байсан юм.  Хууль бус зүйл хийж байгаагаа мэдээгүй, алт улсын хилээр авч гарвал буруутана гэж мэддэгүй байсан. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Би уушигны өвчтэй учраас албадан хөдөлмөр хийхэд хэцүү байна. Торгуулийг бага хэмжээгээр торгож өгөхийг хүсч байна. Торгуулвал торгуулийг хурдан төлчихөөд гэртээ харимаар байна. Би Монголд их удчихлаа. Энд байх газар байхгүй учраас элчин сайдын яамнаас хятад иргэний буудалд байлгаж байна”  гэсэн мэдүүлэг

Иргэний хариуцагч А.Ариунбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Уг хэргийн эд мөрийн баримт болох 50,038 грамм мөнгөлөг өнгийн зүйлийг манай байгууллага хүлээн авч шинжилгээнд хамруулсан юм. Түүнээс 45,05 хувь нь алт байсан. 45,05 хувь алт  22,54 грамм алт болж багйаа юм. Энэ граммыг манай байгууллагаас тогтоож өгсөн. Уг эд зүйл манай байгууллага дээр байхдаа үрэгдэж алга болсон. Иймд алтны үнэ болох 2,185,082.37 төгрөгийг манай байгууллага төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа болно” гэсэн мэдүүлэг

Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/

Эрүүгийн Цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн  мөрдөн байцаагч Б.Батнасангаас Геологийн төв лобаротарид  2016 оны 11 сарын 02-ны өдрийн  шинжилгээ хийх, шинжээч  томилох тогтоолын дагуу 50,038 грамм жинтэй  цагаан саарал өнгийн металл гэх  зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12/

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 13-14/

430281197108217393 тоот бичиг баримт болон  бусад эд зүйлийг шүүгдэгчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15/

Иргэний нэхэмжлэгч Б.Мөнх-Оршихын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлогдсон алтыг иргэн, аж ахуйн нэгж нь “ашигт малтмалын тухай хуулийн дагуу заавал Монгол банк буюу Монгол банкны зөвшөөрөл олгосон арилжааны банкинд худалдах ёстой юм. Харин аль нэг аж ахуйн нэгж нь өөрөө алт экспортоор гаргах зөвшөөрөл авсан тохиолдолд өндөр хэмжээний татвар төлдөг. Харин хувь иргэн алт экспортоор буюу хилээр гаргах ёсгүй юм /хх-ийн 22/.....2016 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар  Монгол банкны алтны албан ёсны ханш 1 грамм нь 96,942.43 төгрөгийн ханштай байсан гэх лавлагааг  цагдаагийн байгууллагад гаргаж өгч хэрэгт хавсаргасан байгаа.  Тухайн  үеийн ханшаар бодож үзэхэд 22,54 грамм алт нь 2,185,082.37 төгрөг болж байна. Энэ үнийг эцсийн байдлаар нэхэмжилж байна. Монгол Улсын их хурлаас баталсан төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 21 дүгээр зүйлд  Гадаад валют улсын нөөцийг эзэмшиж удирдах гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлд валют, валютын үнэт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол гэж заасан байдаг. Валют гэдэг нэр томъёог Валютын зохицуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт  валют гэж  Монгол Улсын үндэсний валют, гадаад валют, улс хоорондын худалдаа эдийн засгийн харилцаа төлбөрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж,  мөнгөжсөн алт болон валютын үнэт зүйлсийг хэлнэ гэж заасан байдаг.  Уг хуулийн  3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт Мөнгөжсөн алт гэдэг олон улсын жишигт хүргэн цэвэршүүлж, олон улсын санхүүгийн  аль нэг төвд хадгалуулж байгаа, гадаад валютаар  борлуулахад бэлэн болсон  алтыг хэлнэ.  Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь  олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар  дамжуулан экспортонд гарга болно гэж заасан байдаг” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 217/

Гэрч Э.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би БНХАУ-ын Эрээн  хот Замын-Үүд сумын хооронд 25-00 УБЧ улсын дугаартай автомашинаар хүн тээвэрлэдэг юм. Тэгээд 2016 оны 11 сарын 01-ний өдөр Замын-Үүд сумын вокзал дээр байж байгаад 4 хятад иргэнтэй үнэ тохиролцож Эрээн хот руу авч гарахаар болсон. Анх эдгээр хятад  иргэнийг  Улаанбаатар  Замын-Үүд сумын хооронд таксинд явдаг зүс таних эмэгтэй /99120445/ миний машинд суулгаж өгсөн юм. Тэгээд эдгээр хятад иргэнийг аваад БНХАУ-ын  Эрээн хот руу гарахаар  Монголын хил рүү очсон бөгөөд зорчигч 4 хятад иргэн Монголын хил дээр штамб даруулах гэж орж харин би гадуур машинаа шалгуулчихаад штанбаа даруулчихаад зорчигч нараа хүлээсэн. Гэтэл миний машинд сууж явсан 4 хятад иргэний 3 хятад нь штамбаа даруулчихаад гарч ирсэн бөгөөд 1 хятад иргэн нь Монголын хил дээрээс гарч ирээгүй юм. Эр үед би таксиний  жолооч болох эмэгтэй рүү 99120445 дугаарын утас руу залгаад энэ талаар хэлсэн. Тэр үед хэсэг хугацаанд  хүлээж байгаад  гарч ирэхгүй байхаар нь нөгөө 3 хятад иргэнээ суулгаад Эрээн хот руу орж автобусны вокзал дээр буулгаж өгсөн юм. Тэгээд БНХАУ-ын Эрээн хотоос  16.35 цагийн орчимд буцаж Замын-Үүд сум руу орж ирээд вокзал дээр иртэл, өдөр хил дээр үлдсэн нөгөө хятад иргэн вокзал дээр байж байгаад миний машиныг хараад над руу ирж  би 4 хүний мөнгө төлөөд Эрээн рүү явъя чи намайг хүргээд өгөөч гэж хэлсэн би хятадаар бага зэрэг ярьдаг болохоор түүнтэй ярьж ойлголцсон юм. Тэгэхээр нь нөгөө хятад иргэнд хандаж за миний машины урд суучих гэсэн чинь үгүй арын суудалд сууна  гэж зөрж байгаад машины арын суудалд орж суугаад, шууд л машины суудлын арын кармаа руу дайрч юм хайж байгаад 00-ын цаасанд  ороосон мөнгөлөг өнгийн зүйл гаргаж ирээд халаасандаа хийчихсэн юм. Тэгэхээр нь би өөрийн нөхөр  лүүгээ утсаар залгаж энэ талаар хэлтэл наад хүнээ цагдаад өгчих гэж хэлсэн. Тэгсэн чинь миний утас руу 9911-тэй үл таних утсаар нэг эмэгтэй залгаж “чи наад хятад иргэнээ гарч ирсэн зүйлтэй нь аваад Улаанбаатар хотод хүрээд ир наадах чинь ямар зүйл байна манай гол ажлыг хийж байсан  хүн байгаа юм” гэж хэлж байсан. Тэгэхээр нь  би энэ талаар цагдаад мэдэгдэх ёстой гэж бодоод уг хятад иргэнийг миний машинаас авсан зүйлтэй нь хамт цагдаад хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/

Гэрч Б.Алтанчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг Ханзоогт хоол идээд сууж байтал нөгөө хятад иргэн гаднаас орж ирсэн, тэгээд уг хятад иргэн хоол авч идэж, надтай хамт ширээн дээр суусан. Уг хятад иргэн хоол идэж байхдаа утас дээрээ 25-00 гэсэн жипний дугаарыг харуулаад над руу хятадаар юм яриад байхаар нь би ойлгоогүй юм, тэр үед энэ хятад иргэн нилээд сандарсан байдалтай байсан дахин дахин машины дугаарыг гаргаад над руу орилоод байсан. Хоол идэж дууссаны дараа би хятад иргэнтэй хамт Ханзоогоос гарсан бөгөөд тэр үед нөгөө хятад иргэн 25-00 машины дугаарыг надад үзүүлээд их тэвдсэн байдалтай байгаад байсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа 25-00 улсын дугаартай жип вокзал руу ороод ирчихсэн зогсож байсан ба тэр үед нөгөө хятад иргэн уг машины номерийг хараад машин руу явж очсон, би ч гэсэн тэр хятадыг дагаж очсон.Машин руу очих үед уг машины жолооч нь буугаад явчихсан байсан бөгөөд нөгөө хятад иргэн машин руу нь орох гээд хаалгыг татаад байсан тэгээд л нэг их удалгүй уг машины жолооч эмэгтэй ирсэн юм.Тэгээд л нөгөө хятад иргэн машины жолоочтой хятадаар ярьж байгаад уг машины урд орж суусан. Нөгөө хятад иргэн машины урд жолоочийн эсрэг талд сууж байгаад, хойшоо гараа явуулж суудлын арын карманаас юм авах гэж хайж байгаа харагдсан. Түүний дараа нөгөө хятад иргэн машинаас бууж машины арын суудалд суух гэж байх үедээ “жолоочийн эсрэг талын урд суудлын арын карманаас” мөнгөлөг өнгийн цаасанд боодолтой зүйл гаргаж ирээд машины жолооч эмэгтэйд баригдсан.Тэгсэн чинь нөгөө жолооч эмэгтэй уг хятад иргэнтэй хятадаар яриад хэрэлдээд нөгөө мөнгөлөг өнгийн зүйлийг юу юм бэ үзүүл гэж хэлсэн боловч уг хятад иргэн нөгөө мөнгөлөг өнгийн зүйлээ өгөхгүй булаацалдаж байсан, тэгээд л жолооч эмэгтэй хятад иргэнийг дагуулан цагдаа руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/

Гэрч О.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Уг хятад иргэн нь манай компанид ажиллахаар гэрээгээр 2016.09.14-ний өдөр Замын-Үүд суманд  ирсэн ба түүнийг тосож аваад Улаанбаатар хотруу авч яваад Баянхонгор аймаг руу хүргэж өгсан юм. Үүнээс хойш уг хятад иргэн 2016.11.01-ний өдөр хүртэл ажиллаад БНХАУ-руу буцахаар Замын-Үүд рүү явсан.Тэр үед нь түүний таксинд суулгаж өгсөн,  мөн манай компанид ажиллаж байсан 2 хятад  иргэн  түүнтэй хамт явсан. Би тухайн үед энэ талаар огт мэдээгүй. Харин Замын-Үүд сумаас цагдаа нар ярих үед мэдсэн. Манай байгууллага уул уурхайн алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2001 онд анх тусгай зөвшөөрөл авч байсан. Олборлож байсан алтаа Монгол банкинд зарж борлуулдаг, алтны сорьцийг сорьцийн албанаас тогтоож өгдөг” гэсэн мэдүүлэг  /хх-ийн  27-28/

Гэрч Ш.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би уг машины суудлын доод хөндий зай болон суудлын арын хэсгийг гараараа тэмтэрч үзсэн, тэр үед суудлын доор ямар нэг эд зүйл болон суудал дотор овор хэмжээгээр том зүйл байгаагүй, гарт мэдрэгдээгүй. Карман доторхийг бүгдийг нь гаргаж нэг бүрчлэн үзээгүй. Уг машиныг шалган үзэхэд овор хэмжээгээр том хориглосон хязгаарласан зүйл илрээгүй, уг зүйл нь автомашины хаана байсан болохыг би мэдэхгүй байна ямарч байсан машины суудлын арын карманыг тэмтэрч үзэхэд овор хэмжээтэй зүйл мэдрэгдээгүй… ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/

Гэрч Я.Мөнхнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би уг тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалтыг явуулсан үзлэгийн явцад ямар нэг хориглосон хязгаарласан барааг илрүүлээгүй. Шалгалтыг өөрийн ажил үүргийн хувиарт заасны дагуу явуулсан. Би уг газрыг цохиж тэмтэрч үзсэн, харин дотор нь байгаа эд зүйлийг нэг бүрчлэн гаргаж үзээгүй өрөнхийдөө уг карманд овор хэмжээ бүхий эд зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн  31/

Гэрч С.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би Ти Энд Юникс ХХК-ийг 2016 оны 09 дүгээр сард өөрийн эзэмшилд худалдан авсан юм. Худалдан авсан цагаасаа хойш захирлаар ажиллаж байна.  Манай компани нь уур уулхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумад уурхай маань байрладаг юм, компаныхаа талаар ярьвал улсын тусгай зөвшөөрөл “А” лецензтэй, алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж олборлосон алтыг Монгол банкинд зарж борлуулдаг юм, ер нь бол олборлолтын 2 талбайтай 2-лаа тусгай зөвшөөрөлтэй, 5 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулахаар гэрээ хийгдэж байгаа, 2016 оны 09 сараас хойш үйл ажиллагаа явуулж 1.6 кг алт олборлож Монгол банкинд зарж борлуулсан байгаа, цаашид хөрөнгө оруулалт ажлын байр нь нилээд их нэмэгдэх хандлагатай байгаа, энэ жилийн хувьд техник технологоо байрлуулсан байгаа. Aлт олборлон авахдаа зориулалтын техник технологи буюу шигшүүр, усан бууг ашигладаг юм. Ямар нэг байдлаар мөнгөн ус ашигладаггүй, алтыг олборлохдоо усаар шүршиж, шигшүүрт ялгагддаг юм. Манай компанид БНХАУ-ын 2 компани хөрөнгө оруулалт хийдэг, ийм учраас БНХАУ-ын иргэн Лунг юань лианг нь 2016 оны 09 сарын 14-ний үед ажиллах гэрээгээр манай компанид ажиллахаар ирсэн юм /хөдөлмөрийн визээр орж ирсэн/. Уг иргэн нь манай компанид гагнуурчнаар ажиллаж байсан, тухайн үед тоног төхөөрөмжийг угсарч, суурьлуулж байсан учраас гол ажлыг уг хятад иргэн хийж байсан юм. Тэгээд уг иргэний хугацаа дуусч 2016 оны 11 сарын 01-ний өдөр БНХАУ-руу буцахаар явсан....“ гэсэн мэдүүлэг /хх-ийн37-38/

Гэрч Г.Дуламрагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Надад яг хэдний  өдөр хүлэлэгэн өгснийг санахгүй байна. Ямарч байсан өдрийн цагаар надад өгсөн тухайн зүйл нь саарал мөнгөлөг өнгөтэй жижигхэн гялгар ууттай зүйл байсан. Би доторх зүйлийг нь задалж үзээгүй болохоор содон шинж тэмдгийг нь хэлж мэдэхгүй байна Оюунтунгалаг надад хэлэхдээ мөнгөн устай дээж шүү гэж хэлсэн. Ү.Оюунтунгалагт эд мөрийн баримтыг хэн хэзээ өгсөн болохыг мэдэхгүй байна, би түүнээс эд мөрийн баримтыг хүлээн авадаа ямар нэг тэмдэглэл үйлдээгүй, эд мөрийн баримтыг хүлээн авахдаа тэмдэглэл үйлдэх ёстой байдаг. Би Оюунтунгалагаас эд мөрийн баримтыг хүлээн авсанаас хойш өөр хэн нэгэнд дамжуулан өгөөгүй, уг эд мөрийн баримт нь хамгийн сүүлд надад байсан нь үнэн. Ер нь бол байгууллагын шат шатны албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болсон, хамгийн сүүлд эд мөрийн баримт нь надад байсан юм, тэгээд надад байж байгаад алга болсон харин яаж байгаад эд мөрийн баримтыг алга болгочихсон гэдгээ мэдэхгүй байна. Би эд мөрийн баримтыг Оюунтунгалагаас хүлээн аваад ширээн дээрээ тавьсан шиг санагдаж байна ямарч байсан надад нэг ... удаагүй л алга болчихсон юм. Эд мөрийн баримт дээжийг шинжилгээ хийсэн тасаг нь хадгалж захиалагчид хүлээлгэн өгдөг харин манай тасаг бичгээр гарсан дүгнэлтийг захиалагчид өгдөг юм. Харин ямар шалтгаанаар алдагдсан дээж нь манай тасаг руу ирсэн болохыг мэдэхгүй, манай тасаг дээж хүлээн авч хадгалах ёсгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/

Гэрч Ү.Оюунтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний ажил үүргийн хувиарт шинжилгээнээс үлдсэн эд мөрийн баримтыг хүлээн авахаар заагаагүй байдаг тийм болохоор би шинжилгээ хийсэн тасгаас эд мөрийн баримтыг хүлээн авдаггүй юм. Би А.Ариунбат нь надад эд мөрийн баримтыг хүлээлгэн өгөөгүй, тийм болохоор манай тасгаас эд мөрийн баримт гэх зүйлийг хэн хүлээн авсан болохыг мэдэхгүй байна, манай өрөөнд мөнгөн ус гэсэн мөнгөлөг өнгийн металл зүйл байсан нь үнэн уг зүйлийг манай ажилтан Үнэнбат, Дуламрагчаа нарын аль нэг нь надад хадгалуулсан шиг санагдаж байна, гэхдээ яг хэдний өдөр надад өгсөн болохыг мэдэхгүй байна би 2016.11.23-ны өдөр ээлжийн амралтын үлдсэн 4 хоногийг авсан юм түүнээс өмнөх өдрүүдэд уг зүйл нь манай өрөөнд байсан. Тэгээд би амрахаасаа өмнө ажилтан Дуламрагчаад мөнгөлөг өнгийн зүйл /надад мөнгөн ус гэж хэлсэн мөнгөлөг өнгийн саарал зүйлийг/ өгөөд уг шинжилгээний дээжийг захиалагч руу нь яаралтай буцаа гэж хэлээд түүнд хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш 2017.01.06-ны өдөр ажил дээр байхад А.Ариунбат манай өрөөнд орж ирээд чам дээр мөнгөн усны дээж хадгалагдаж байна уу гэж надаас асуухаар нь би уг шинжилгээний дээжийг Дуламрагчаад өгчихсөн, Дуламрагчаа зохих байгуулллага руу өгсөн байх гэж хэлсэн. Үүнээс хойш Дуламрагчаатай холбогдож асуухад эд мөрийн баримтыг яасан талаараа санахгүй байна гэсэн хариулт өгч байсан, тэгээд л эд мөрийн баримт шинжилгээний дээж нь алга болсон гэдгийг мэдсэн….Манай байгууллагын ажилтнуудын буруутай үйлдлээс шалтгаалан эд мөрийн баримт нь алга болсон, эд мөрийн баримт нь хамгийн сүүлд Дуламрагчаа дээр очоод түүн дээр очсоноос хойш хаана байгаа нь тогтоогдохгүй алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/

А.Ариунбатын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “2016 оны 11 сарын 08-ны өдөр намайг ажилтай байх хугацаанд маркетингийн ажилтан Үнэнбат утсаар залгаж мөнгөн ус гэсэн металл зүйл шинжилгээнд ирчихлээ та уг зүйлийг шинжилж болох уу гэж надаас асуусан.Тэр үед нь шинжилгээнд ирүүлсэн эд зүйлийг манай өрөөнд аваад ир, шинжилгээг хийх боломжтой эсэхийг үзье гэж хэлсэн. Тэгээд л Үнэнбат захиалгын хуудас болон шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримтыг манай өрөөнд авч ирсэн ба тухайн дээжийг үзэхэд шинжилгээ хийх боломжтой эд зүйл байсан тул авч үлдсэн юм. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлд эхлээд хяналтын дээж авахын тулд шифр дээж авахуулах ёстой байдаг үүний дагуу хяналтын инженер Энхбатаар шифр дээжийг авахуулаад химийн гүйцэтгэгч инжинер С.Одонтуяагаар эд мөрийн баримтанд шинжилгээ хийлгэсэн, шинжилгээнд эд мөрийн баримтыг бүгдийг нь хүргүүлсэн. Тэгээд 2016.11.15-ны өдөр шинжилгээний хариу гарч 50.038 грамм мөнгөлөг өнгийн зүйлийн 45 хувь нь алт, 39.28 хувь нь мөнгөн ус гэсэн дүгнэлтийн хариу гарсан юм. Би 2016.11.15-наас 16-ны үед шиг санаж байна он сар өдрийг тодорхой хэлж мэдэхүй байна. Одонтуяагийн утас руу залгаж “шинжилгээнээс  үлдсэн эд мөрийн баримтыг манай өрөөнд аваад ир, дээжээ авах гээд хүн ирсэн юм шиг байна гэж” хэлээд Одонтуяагаас эд мөрийн баримтыг авсан. Эд мөрийн баримтыг хүлээн аваад яг хэнээр гэдгийг санахгүй байна нэг ажилтнаараа дамжуулж эд мөрийн баримтыг марктенгийн албанд хүргүүлсэн. Үүнээс хойш би эд мөрийн баримт болон шинжээчийн дүгнэлтийг гаргаад өгчихсөн учраас холбогдох хүмүүс нь дүгнэлт, эд мөрийн баримтаа хүлээн авсан гэж бодож байсан. Гэтэл 2017 оны 01 сарын 06-ны өдөр СХД-ийн цагдаагаас мөрдөн байцаагч Баясгалан гэх хүн ирээд шинжээчийн дүгнэлтийг эх хувиар нь авчихлаа одоо эд мөрийн баримтаа авъя гэж надад хэлсэн, тэгэхээр нь би мөрдөн байцаагчид хандаж би шинжээчийн дүгнэлт эд мөрийн баримтыг марктенгийн албанд өгчихсөн шүү дээ дээжээ авчихсан биздээ гэж хэлтэл, эд мөрийн баримт болон шинжээчийн дүгнэлтийг эх хувиар нь одоо авах гэж ирж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би доошоо марктенгийн өрөө рүү очоод Замын-Үүдийн цагдаагаас ирсэн дээж нь байхгүй юм уу гэж асуухад, шинээр ажилд орсон Өнөржаргал энд ямарч дээж байхгүй марктенгийн албаны дарга Оюунтунгалагаас асуу гэж надад хэлсэн. Би Оюунтунгалаг руу очиж мөнгөлөг өнгийн эд мөрийн баримтын талаар гялгар ууттай жижигхэн мөнгөлөг өнгөтэй металл зүйл мөн үү манай өрөөнд хэд хоносон шүү дээ, марктенгийн өрөөнд байж магадгүй гээд хайгаад үзтэл эд мөрийн баримт байхгүй байсан, олдоогүй юм, тэр үед Оюунтунгалаг ажилтан Дуламрагчаагаас асууж үзье гэж хэлэхээр нь би СХД-ийн цагдаагаас ирсэн мөрдөн байцаагч руу буцаж очиж уулзаад эд мөрийн баримтыг хайж үзье, тэгээд хариуг өгье гэж хэлээд явуулсан. Эд мөрийн баримт дээжийг марктенгийн алба руу хүргүүлэхдээ бүртгэл хөтлөх шаардлагатай байдаг харин уг мөнгөлөг өнгийн металл зүйлийг хүлээлгэн өгөхдөө ямар нэг бүртгэл хөтлөөгүй юм, тухайн үед дээж хөдөлгөөн хариуцдаг ажилтан ажлаасаа буугаад явчихсан байсан юм. Хамгийн сүүлд Оюунтунгалагын өрөөнд очсон, эд мөрийн баримтыг хүлээн авсан талаараа Оюунтунгалаг өөрөө мэдэж байгаад, харин Оюунтунгалаг эд мөрийн баримтыг зохих ёсоор нь хадгал гэж хэлээд Дуламрагчаад өгсөн гэж хэлсэн. Тийм болохоор уг эд мөрийн баримт нь марктенгийн албанаас л алга болсон харин хэн алга болгосон талаар мэдэхгүй байна. 50.038 грамм мөнгөлөг өнгийн металл эд мөрийн баримтаас 2 грамм шинжилгээний дээж авсан түүнээс үлдсэн 48 грамм эд мөрийн баримтыг марктенгийн албанд хүлээлгэн өгсөн юм. Би 2016.11.15-наас 16-ны үед марктенгийн албанд эд мөрийн баримтыг өгсөнөөс хойш эд мөрийн баримтыг дахин өөртөө аваагүй. Эд мөрийн баримтыг хүлээлгэн өгөхдөө тэмдэглэл үйлддэг юм, харин уг эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл байхгүй, хэрэв хүлээлгэн өгсөн бол тэмдэглэл зайлшгүй байх ёстой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49/

Гэрч Б.Үнэнбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Надад тухайн өдөр хошууч Б.Батнасан болон Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн эдийн төлөөлөгч Х.Раднааханд гэх хоёр хүн 50.038 гарам мөнгөлөг өнгийн металл зүйлийг шинжээч томилох тогтоолын хамт хүлээлгэн өгсөн. Би эдгээр зүйлийг хүлээн аваад хими физик аргын тасгийн дарга Ариунбатад танилцуулахад эд мөрийн баримтыг аваад ир, шинжилгээ хийх боломжтой эсэхийг үзье гэж хэлээд эд мөрийн баримтыг авч үзсэн, тэгээд шинжилгээ хийх боломжтой байна гэсэн тул марктенгийн албаны дарга Н.Оюунтунгалагт тухайн өдөрт нь эд мөрийн баримтыг хүлээлгэн өгч 2016.11.08-ны өдөр захиалгын хуудсыг бөглөөд эд мөрийн баримтанд шинжилгээ хийлгэхээр хими физик аргын тасгийн дарга Ариунбатад хүлээлгэн өгсөн. ...Эд мөрийн баримтыг шинжилгээ хийсэн тасаг нь шинжилгээ хийлгүүлсэн байгууллагад хүлээлгэн өгөх ёстой байдаг. Харин энэ эд мөрийн баримт нь манай тасаг руу ирээд хадгалагдаж байгаад алга болсон юм байна лээ, энэ талаар би дараа нь сонссон юм. Би үүнээс хойш дахин эд мөрийн баримтыг хүлээн аваагүй, шинжилгээний хариу нь над руу ирдэггүй шинжилгээ дууссаны дараа Дуламрагчаа хүлээн авдаг юм. Дуламрагчаа дүгнэлтийг хүлээн аваад зохих байгууллагад нь дүгнэлтийг хүлээлгэн өгдөг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/

Геологийн төв лаброторын Шинжилгээний дүн /хх-ийн 56-57/

Шинжээч С.Одонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн “ Тухайн шинжилгээг хүргүүлэн 30.038 грамм 45.05%-н алт байсан. Харин үлдсэн 39.28 хувь нь мөнгөн ус байсан. Тухайн дээжийг шинжилгээнд хүргүүлэн, 50.038 грам мөнгөн ус, алт 2-ыг нийлүүлээд 2 грамм-ыг шинжилгээнд авсан бөгөөд шинжилгээнд авсан 2 грамм устаж үгүй болсон учир нь шинжилгээ хийхийн тулд бодистой хольж уусмал байлгадаг учир устсан одоо 48 гр дээж байх естой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/

Шүүгдэгч Лунг Юан Лианг /Long YanLiang/ нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 82/

Шүүгдэгч Лунг Юан Лиангийн /Long YanLiang/ E41225468 тоот гадаад паспортын хуулбар /хх-ийн 85/

Шүүгдэгч Лунг Юан Лиангийг Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг Гадаадын иргэн, харъяатын газрын  2016 оны А/197 тоот тушаалаар түдгэлзүүлсэн тухай 2016 оны 12 сарын 09-ны өдрийн 03/3221 тоот /хх-ийн 93/

Монгол банкны 2017 оны 01 сарын 05-ны өдрийн “ 2016 оны 11 сарын 01-ний өдөр 1 грамм алтыг Монгол банк худалдан авах үнэ 96,942.43 төгрөг байсан байна “гэсэн Б-5/24 тоот /хх-ийн 95/

Геологийн төв лабораторид захиалагчийн ирүүлсэн албан бичгийн дагуу шинжилгээнд ирүүлсэн дээжтэй холбоотой хуралдсан хурлын тэмдэглэл /хх-ийн 110-127/

Геологийн төв лаборатори  төрийн өмчит үйлдвэрийн газрын 2017 оны 04 сарын 11-ны өдрийн “ Тус хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн 201610010326 тоот хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан 50,038 грамм мөнгөлөг өнгөтэй металл зүйлийг  манай байгуллагад  шинжилгээнд  ирүүлсэн байна.  Шинжилгээний дүгнээр  50,038 грамм металын  45,05 хувь нь алт, 39,28 хувь нь мөнгөн ус гэсэн  хариу гарсан байна.  Энэ 50,038 грамм металд 22,54 грамм алт, 19,65 грамм нь мөнгөн ус, үлдсэн 7,84 грамм нь бусад элементийн  хольцоос бүрдэж байгаа болно” гэсэн 253 тоот /хх-ийн 221/

Иргэний хариуцагч А.Ариунбатын мөрдөн байцаалтад өгсөн “ шинжилгээний дүнгээр гарсан 45,05 хувь алтыг ямар  байдлаар 22,54 грамм гэж  тогтоогоод  байгаа вэ гэхэд анхны  мас болох 50,038 грамм мөнгөлөг  өнгөтэй металлийг 100 хувь гэж  үзвэл 45,05 хувь нь хэд байх гэж бодоход өөрөөр хэлбэл 45,05 граммыг 50,038-аар үржүүлээд 100-д хуваах порпорц  зохиох аргаар бодоход 22,54 грамм гарч ирсэнийг  22,54 грамм алт гэж үзэж байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 218/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Лунг Юан Лианг /Long YanLiang/ нь 2016 оны 11 сарын 01-ний өдөр  Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор валют болох 22,54 грамм буюу 2,185,082.37 төгрөгийн үнэ бүхий алтыг Э.Алтанцэцэгийн эзэмшлийн 25-00 УБЧ улсын дугаартай автомашины суудлын арын кармаанд нууж Монгол Улсын хилээр  хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор авч явсан байх ба түүний Монгол Улсын хилээр нэвтрэх эрх дууссан байснаас шалтгаалан уг үйлдэл нь таслан зогсоогдсон байна.

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийн үйлдлийг төгссөн завдалт, эсхүл төгсөөгүй завдалт гэдгийг тодорхойлоогүй байна. Шүүгдэгч нь алтыг хууль бусаар хил нэвтрүүлэх санаа зорилгоо бүрэн хэрэгжүүлж чадаагүй гэдгээ бүрэн ойлгож байсан, түүний хууль бус үйлдэл нь өөрийнх  нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу хөндлөнгийн хүчин зүйлийн улмаас туйлдаа хүрээгүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон гэрч  Э.Алтанцэцэгийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүний үйлдлийг төгсөөгүй завдалт гэж үзэж, түүнд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй байх ба энэ шүүгдэгчийн эрхзүйн байдалд нөлөөлөхгүй юм.

Валютын зохицуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Валют гэж Монгол Улсын  үндэсний валют, гадаад валют... мөнгөжсөн алт болон валютын үнэт зүйлсийг хэлнэ” гэж, 3 дугаар зүйлийн 3.4-т  Мөнгөжсөн алт гэж  олон улсын жишигт  хүргэн цэвэршүүлж, олон улсын санхүүгийн аль нэг  төвд хадгалуулж байгаа, гадаад валютаар борлуулахад бэлэн болсон алтыг хэлнэ” гэж заасан байх тул шүүгдэгчийг валют буюу алтыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан гэж үндэслэлтэй байна.

Улсын яллагч нь шүүгдэгчийг  “ хориглосон” эд зүйл нэврүүлэхийг завдсан гэж дүгнэж байгаа болно. Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Монгол Улсад байнга болон түр оршин суугч гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь “...валютыг гадаад төлбөр, тооцооны эрх бүхий арилжааны банкнаас худалдан авсан, чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг  тухайн банкны нотолгоо бичгээр, гадаадаас оруулж ирсэн бол түүнийгээ нотлох гаалийн мэдүүлгээр, өв залгамжлан авсан болон бусдаас бэлэглэсэн бол үүнийгээ тус улсын нотариатын байгууллагын нотолгоо бичиг”-ийг үндэслэн гаргаж болохоор зохицуулсан байна. Дээрхээс үзэхэд валют буюу алтыг улсын хилээр нэвтрүүлж болохгүй талаар хуулиар хориглоогүй, харин тодорхой хязгаарлалт тогтооосон байна. Шүүгдэгч Лунг Юан Лианг /Long Yan Liang/ нь уг алтыг бусдаас худалдан авч, хуульд заасан шаардлагыг хангасан зөвшөөрөл авахгүйгээр хилээр нэвтрүүлэхийг завдсан байх тул түүнийг хязгаарласан эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан гэж дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Лунг ЮанЛианг /Long Yan Liang/-ийг 2016 оны 11 сарын 01-ны өдөр Замын-Үүд боомтоор хязгаарласан эд зүйл болох валют  буюу 22,54 грамм алтыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/, Эрүүгийн Цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн  мөрдөн байцаагч Б.Батнасангаас Геологийн төв лобаротарид  2016 оны 11 сарын 02-ны өдрийн  шинжилгээ хийх, шинжээч  томилох тогтоолын дагуу 50,038 грамм жинтэй  цагаан саарал өнгийн металл гэх  зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 13-14/, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Алтанцэцэг /23-24/, М.Алтанчимэг /хх-ийн 25-26/ нарын мэдүүлэг, Геологийн төв лаброторын Шинжилгээний дүн /хх-ийн 56-57/, шинжээч С.Одонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн мэдүүлэг /хх-ийн 60/, Геологийн төв лабораторид  төрийн өмчит үйлдвэрийн газрын 2017 оны 04 сарын 11-ны өдрийн 253 тоот /хх-ийн 221/, иргэний хариуцагч А.Ариунбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу тогтоогдсон, тэрээр уг гэмт хэргийг шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах зарчимыг баримтлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Лунг Юан Лианг /Long Yan Liang/ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болно.

Шүүгдэгч Лунг ЮанЛиангад /Long Yan Liang/-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан журмыг хэрэглэх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан ялын хамгийн хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны  хоёроос хэтрэхгүй  буюу  дээд тал нь 2 сарын хугацаагаар баривчлах ял эсвэл өөр төрлийн ял хэрэглэх боломжтой юм. Гэвч түүний биеийн эрүүл мэндийн байдал, мөн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр торгох хийлгэх ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй байх ба шүүхээс сонгон хэрэглэж байгаа торгох ял нь баривчлах ялаас хөнгөн ял байх тул хуульд зааснаас доогуур оногдуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Энэ хэрэгт шүүгдэгчээс 50,038 грамм мөнгөлөг өнгөтэй зүйлийг хураан авч  /хх-ийн 4-5/, 2016 оны 11 сарын 02-ны өдрийн шинжилгээ хийх, шинжээч томилох тухай тогтоолын дагуу Геологийн төв лаборатори  төрийн өмчит үйлдвэрийн газарт 2016 оны 11 сарын 04-ний өдөр хүлээлгэн өгч, 45,05 хувь нь алт байна гэсэн шинжилгээний дүн гаргуулсан боловч уг алт нь Геологийн төв лаборатори  төрийн өмчит үйлдвэрийн газарт байх хугацаандаа алга болж, үрэгдсэн болох нь мөрдөн байцаалтад өгсөн гэрч Ү.Оюунтунгалаг, Г.Дуламрагчаа, Б.Үнэнбат, А.Ариунбатын  нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгчийн Монгол Улсын хилээр хилээр нэвтрүүлэхийг завдсан 50,038 грамм мөнгөлөг өнгийн металлыг Геологийн төв лабортарид шинжилгээнд явуулж сорьцыг тогтоолгоход 45,05 хувь нь алт байсан байх ба энэ нь 22,54 грамм алт болох нь Геологийн төв лаброторын Шинжилгээний дүн /хх-ийн 56-57/, Геологийн төв лабораторид  төрийн өмчит үйлдвэрийн газрын 2017 оны 04 сарын 11-ны өдрийн “ Тус хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн 201610010326 тоот хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан 50,038 грамм мөнгөлөг өнгөтэй металл зүйлийг  манай байгуллагад  шинжилгээнд  ирүүлсэн байна.  Шинжилгээний дүнгээр  50,038 грамм металын  45,05 хувь нь алт, 39,28 хувь нь мөнгөн ус гэсэн  хариу гарсан байна.  Энэ 50,038 грамм металд 22,54 грамм алт, 19,65 грамм нь мөнгөн ус, үлдсэн 7,84 грамм нь бусад элементийн  хольцоос бүрдэж байгаа болно” гэсэн 253 тоот /хх-ийн 221/ зэргээр тогтоогдож байна.

Дээрх валют буюу алтыг үрэгдүүлсэн байгууллага нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Монгол банкыг томилсон бөгөөд иргэний нэхэмжлэгч нь уг үрэгдсэн алтны үнийг  “ 2016 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар  Монгол банкны алтны албан ёсны ханш 1 грамм нь 96,942.43 төгрөгийн ханштай байсан...Тухайн үеийн ханшаар бодож үзэхэд 22,54 грамм алт нь 2,185,082.37 төгрөг болж байна. Энэ үнийг эцсийн байдлаар нэхэмжилж байна” гэж нэхэмжилдэг бөгөөд иргэний хариуцагч нь тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар иргэний хариуцагч Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газраас  22,54 грамм алтны үнэ 2,185,082.37 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Монгол банкинд олгох нь зүйтэй байна.

Алтны үнийг Монгол банкны 2017 оны 01 сарын 05-ны өдрийн “ 2016 оны 11 сарын 01-ны өдөр 1 грамм алтыг Монгол банк  худалдан авах үнэ 96,942.43 төгрөг байсан байна” гэсэн  Б-5/24 тоотыг /хх-ийн 95/ үндэслэн тооцсон болно.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Лунг овогт Юан Лиангийг /Long YanLiang/-ийг Монгол Улсын хилээр гарахыг 2016 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн түр түдгэлзүүлсэнийг ял эдэлж дуусах хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294-299, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Лунг овогт Юан Лиангийг /Long YanLiang/-ийг хязгаарласан эд зүйл болох валют буюу алтыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Лунг овогт Юан Лиангийг /Long YanLiang/ эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 /есөн сая долоон зуун ерөн хоёр мянган / төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Лунг овогт Юан Лианг /Long YanLiang/ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар Геологийн төв лаборатори  төрийн өмчит үйлдвэрийн газраас 22,54 грамм алтны үнэ  2,185,082.37 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Монгол банкинд олгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар  шүүдэгч нь торгох ялаас ноцтойгоор  зайлсхийвэл уг ялын хэмжээнээс  хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих  ялаар солихыг  мэдэгдсүгэй.

6.Шүүгдэгч Лунг овогт Юан Лиангийг /Long YanLiang/-ийг Монгол Улсын хилээр гарахыг 2016 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн түр түдгэлзүүлсэнийг ял эдэлж дуусах хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Лунг овогт Юан Лиангад /Long YanLiang/ урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД