| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2021/00156/И |
| Дугаар | 133/ШШ2021/00269 |
| Огноо | 2021-06-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 133/ШШ2021/00269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 0 дугаар баг, Ж 0 гудамж, 0 тоотод оршин суух, Т овогтой Г-ын Г-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын “Х-Ө” цэцэрлэгт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор, төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл болох заах аргач зэргийн нэмэгдэл, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ээлжийн амралтын олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн төлөөлөгч И.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Г нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Х э ц сургуульд багшийн орон тооны үүрэгт ажилд ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөг 3 жил хүртэл хугацаагаар авсан байсан. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа буцан орох гэтэл 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/08 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болохыг мэдсэн. Гэвч уг хугацаанд тушаалыг авч танилцаагүй явсаар 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр архиваас хуулбарлан авч танилцлаа. Уг хэргээр нягтлан бодогчид хандсан боловч Г.Г миний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байгаа ажлаас чөлөөлөгдсөн тушаал ирээгүй байна гэсэн хариулт өгсөн. Сургуулийн захиргаанд өргөдөл гаргасан боловч өмнөх захирлын ажлаас чөлөөлөх тушаал гарсан оронд өөр хүн томилогдон ажиллаж байгаа тул шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариулт өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/08 тоот ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг зөрчиж гарсан байх тул Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Х сургуулийн харьяа цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Г нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллагаа хийгдэж байгаа хариуцагч Х-Ө цэцэрлэгт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч Г.Г миний бие Х-Ө цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролын багшаар ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр амаржсан. 2020 оны 12 дугаар сард хөл хорио тавигдаж ажилдаа орохоор сургуулийн захирал Ц.С-тэй утсаар холбогдтол Улаанбаатар байгаа байж яаж ажилдаа ордог юм, ажиллуулах боломжгүй гэсэн хариулт өгсөн. Ингээд би 2021 оны 01 дүгээр сард ажилдаа ормоор байна гэж сургууль, цэцэрлэгтэй холбогдож эхэлсэн. Сургуулийн захиргаанаас хариу өгөлгүй байсаар 2021 оны 02 дугаар сар хүрсэн. Ингээд 2021 оны 02 дугаар сард ажилдаа орох хүсэлтээ шинээр томилогдсон О.Х захиралд хэлсэн. Гэтэл 2 хоногийн дараа чамайг ажлаас гаргасан тушаал байна гэдгийг нягтлан бодогч хэлсэн. Энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж О.Х захирал зөвлөсөн. Энэ хугацаанд миний бие Х-Э цогцолбор сургуулийн захирлын алдаатай, хууль зөрчсөн тушаалаас болж ажилдаа орж чадахгүй, цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрч эдийн засаг болон сэтгэл санааны хувьд маш их дарамтанд орж байна. Иймд дараах цалингийн шатлал бусад нэмэгдлийн хамт ажилгүй байсан хугацааны цалин, нөхөх олговрыг нэхэмжилж байна. Монгол улсын Засгийн газрын цалингийн сүлжээний ТҮБД 4-3 дугаар шатлалаар цалинждаг ба 842.702 төгрөг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын дагуу төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл болох заах аргач зэргийн нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувь, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдэл 8 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болох 5 хувь, ажилтны зуны амралтын хугацааны мөнгө зэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Х-Э цогцолбор сургуульд багшийн орон тооны үүрэгт ажилд ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөг 3 жил хүртэл хугацаагаар авсан. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа буцан орох гэтэл 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/08 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болохыг мэдсэн. Гэвч уг хугацаанд тушаалыг авч танилцаагүй явсаар 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр архиваас хуулбарлан авч танилцлаа. Уг хэргээр нягтлан бодогчид хандсан боловч Г.Г-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байгаа ажлаас чөлөөлөгдсөн тушаал ирээгүй байна гэсэн хариулт өгсөн. Сургуулийн захиргаанд өргөдөл гаргасан боловч өмнөх захирлын ажлаас чөлөөлөх тушаал гарсан оронд өөр хүн томилогдон ажиллаж байгаа тул шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариулт өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/08 тоот ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг зөрчиж гарсан байх тул Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Хантайшир сургуулийн харьяа цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн томилж өгнө үү. Г.Г нь Х-Э цогцолбор сургуулийн захирлын алдаатай, хууль зөрчсөн тушаалаас болж ажилдаа орж чадахгүй, цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрч эдийн засаг болон сэтгэл санааны хувьд маш их дарамтанд орж байна. Иймд дараах цалингийн шатлал бусад нэмэгдлийн хамт ажилгүй байсан хугацааны цалин, нөхөх олговрыг нэхэмжилж байна. Монгол улсын Засгийн газрын цалингийн сүлжээний ТҮБД 4-3 дугаар шатлалаар цалинждаг ба 842.702 төгрөг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын дагуу төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл болох заах аргач зэргийн нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувь, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдэл 8 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болох 5 хувь, ажилтны зуны амралтын хугацааны мөнгө зэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч И.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х-Ө цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр томилогдсон. Тэгээд намайг ажил хүлээж авахад Г.Г-тэй холбоотой шүүхийн асуудал байгаа гэж өмнөх эрхлэгч маань хэлж байсан. Одоо бол Г.Г-ийг ажиллуулах орон тоо байхгүй. Г.Г-ийн оронд орсон ажилтан маань үндсэн ажилтан болсон. Г.Г нь Улаанбаатар хотод шилжин ажиллах хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн гэсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Г.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Г нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн “Х-Э” цогцолбор сургуульд холбогдуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хүсэлт гаргаснаар хариуцагчийг сольж Говь-Алтай аймгийн “Х-Ө” цэцэрлэгийг хариуцагчаар татсан бөгөөд мөн ажилгүй байсан хугацааны олговор, төрийн үйлчилгээний албан хаагчид олгогддог мэргэшлийн зэргийн нэмэгдэл, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ээлжийн амралтын олговор зэргийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын “Х-Э” цогцолбор сургуулийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2, бага дунд Боловсролын тухай хуулийн 20.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Г-ын Г-ийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон тус сургуулийн сургуулийн өмнөх боловсролын багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй гэснээс үзэхэд ажил олгогч шийдвэрээ хүлээлгэн өгөхийг үүрэгжүүлсэн агуулгатай байх ба шийдвэрийг хүлээлгэн өгснөөс хойш уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог. Харин мөн зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.
Нэхэмжлэгч Г.Г-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргах үедээ мэдсэн гэж тайлбарлаж, хариуцагч тал маргааны зүйл болох ажилтныг ажлаас чөлөөлсөн Б/08 тоот тушаалыг нэхэмжлэгчид хэзээ гардуулсан эсхүл танилцуулсан талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь ажилтан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд хандах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул хариуцагч 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тушаалыг нэхэмжлэгчид гардуулан өгсөн гэх байдлаа нотлох үүрэгтэй.
Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Г.Г-ийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар тушаалд тодорхой үндэслэл дурдаагүй, мөн хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “сая ажил хүлээж авахад Г.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг байгаа талаар мэдээлэл авсан. Түүний оронд томилогдсон багш Ү.Н-г үндсэн ажилтнаар томилсон учраас Г-ийг ажиллуулах орон тоо байхгүй” гэж тайлбарлаж маргаж байна.
Талуудын маргааны зүйл бол ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б/08 тоот тушаал бөгөөд шүүх гагцхүү ажил олгогч, ажилтаны хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-т зааснаар ...хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар, 100.1-д зааснаар ажил олгогч нь ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ...бусад тохиодолд ажлаас халахыг хориглоно гэж заасан байна.
Нэхэмжлэгч Г.Г нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Х-Э” цогцолбор сургуулийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 24 дугаартай тушаалаар тус сургуулийн “сургуулийн өмнөх боловсролын багш”-ийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүүхэд асрах чөлөө авсан буюу ажлаас чөлөөлөх тушаал гарах үед хүүхэд асрах чөлөөтэй байсан болох нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Х-Э” цогцолбор сургуулийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 24 дугаартай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Г-ийн Н-ийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрснийг бүртгэсэн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож, хариуцагч тал маргаагүй байна.
Харин хариуцагч тайлбартаа “Г нь Улаанбаатар хотод шилжин ажиллах болсон” гэсэн тул өөрийнх нь хүсэлтээр ажилтан, ажил олгогч харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх байдал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэргийг халагдсан өдөрт нь ажилтан өгөх үүргээ биелүүлсэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн урьд ажил эрхэлж байсан газар болох Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын “Х-Э” цогцолбор сургуулийн бүрэлдэхүүнд байсан цэцэрлэг нь аймгийн Засаг даргын захирамжаар “Х-Ө” цэцэрлэг болж өөрчлөн байгуулагдсан болох нь 000216490 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг “Х-Ө” цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно... гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцохоор тус тус заасан.
Нэхэмжлэгч Г.Г-ийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн бичилт нь 2019 оны 7, 8, 9 дүгээр сарууд байх бөгөөд эдгээр саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 1,457,702+1,264,525+596,211=3,318,438 : 3 = 1,106,146 төгрөг байх бөгөөд ажлын 21,5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 51,448 төгрөг байна. Нэхэмжлэгч Г.Г-ийн ажилгүй байсан хугацааг ажилд орох хүсэлт гаргасан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаагаар тодорхойлж ажлын 68 өдрөөр тооцож олговорт 51.448*68=3,498,464 /гурван сая дөрвөн зуун ерөн найман мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д зааснаар эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгохоор заасан тул ажил олгогч нь амаржсаны амралттай байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлөх үүрэгтэй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгөөр тооцож төлсөн болох нь нэхэмжлэгчийн 0623593 дугаартай нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажилд орохоор өргөдөл гаргасан үйл баримтын талаар зохигчид маргаагүй учир 2021 оны 01 дүгээр сараас хүсэлт гаргасан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Г.Г-ийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Х-Ө” цэцэрлэгт даалгах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл болох заах аргач зэргийн нэмэгдэл, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 3,498,464 /гурван сая дөрвөн зуун ерөн найман мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,925 /далан мянга есөн зуун хорин тав/ төгрөг, нийт улсын тэмдэгтийн хураамжид нийт 141,125 /нэг зуун дөчин нэгэн мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Х-Ө” цэцэрлэгээр нөхөн төлүүлж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т овогтой Г-ын Г-ийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Х-Ө” цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Х-Ө” цэцэрлэгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 68 хоногийн олговорт 3,498,464 /гурван сая дөрвөн зуун ерөн найман мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-т олгож, төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл болох заах аргач зэргийн нэмэгдэл, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.3-т зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ажилгүй байсан хугацааны олговроос тооцоон нэхэмжлэгч Г.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Х-Ө” цэцэрлэгт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 3,498,464 /гурван сая дөрвөн зуун ерөн найман мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,925 /далан мянга есөн зуун хорин тав/ төгрөг, нийт улсын тэмдэгтийн хураамжид нийт 141,125 /нэг зуун дөчин нэгэн мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Х-Ө” цэцэрлэгээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН