Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/292

 

 

 

 

 

   2024         03         21                                    2024/ШЦТ/292

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,

улсын яллагч Г.Баярмаа,

шүүгдэгч Д.Т., түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нар оролцсон эрүүгийн 2309027222655 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б. овогт Д.гийн Т.

Монгол Улсын иргэн, ... оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 85 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Улаанбаатар хотын шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.  

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т. нь Монгол Улсын 1995 оны Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтын нэн ховор ургамлын жагсаалтад багтсан хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн ойролцоо тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Т. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Эрүүгийн 2309027222655 дугаартай хэргээс:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-27/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 29-41/,

“Хаан” банкны ... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 77-79/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3461 дугаартай дүгнэлт /хх-ийн 105-108/,

“Хөрөнгө Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 120-127/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Д.Т. нь Монгол Улсын 1995 оны Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтын нэн ховор ургамлын жагсаалтад багтсан хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн ойролцоо тээвэрлэсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт ногоон өнгийн шуудайтай арц байх бөгөөд буулгаж тоолоход 33 ширхэг шуудай арц байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5/,

Эд зүйлд үзлэг хийсэн: “...Шуудайтай эд зүйл хураасан байх бөгөөд тэдгээрийг тээврийн хэрэгслээс буулгаж тоолоход том ногоон өнгийн шуудайнд савласан нийт 33 шуудайтай эд зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч, 1-33 гэж дугаарлан тэмдэглэлд тусгав. Эд зүйлийн тус бүрийн болон нийт жинг тооцож гаргах зорилгоор Стандарт, хэмжил зүйн газрын 021526 дугаартай гэрчилгээтэй WLHV загварын цахилгаан жин ашиглан үзэхэд нийт 606.6 кг жинтэй байсныг тус бүр гэрэл зургаар бэхжүүлэн авч, үзлэгийн тэмдэглэлд тусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-27/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “...”Нарантуул” ОУХТ-ийн хойд талын хаалганы үүдэнд ирэхэд цэнхэр өнгийн төмөр хаалга байсныг Д.Т. зааж, энэ хаалгаар ороод автомашины зогсоол дээрээс хонин арц худалдаж авч байсан гэснийг өөрөөр нь заалгаж, тэмдэглэлд тусган, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Тус хаалгаар ороод ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 3-4 метр явахад тээврийн хэрэгслийн зогсоол байх бөгөөд Д.Т. нь “би яг эндээс тэрэг түрсэн үл таних эмэгтэй хүнээс хонин арцыг худалдаж авсан” гэж заав. Д.Т. нь ярихдаа “би арц ирж авах болгонд өөр өөр хүмүүсээс яг энэ орчмоос худалдаж авч байсан” гэж хэлснийг тэмдэглэлд тусгав. “Надад хонин арц зарсан хүмүүсийг одоо харвал би танихгүй, биеийн онцлог шинж тэмдгийг огт санахгүй байна. Худалдаж авах болгонд өөр өөр хүмүүс байдаг байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-41/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т.-ийн өгсөн: “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар тус тус ашиглаж болно гэж Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан байдаг. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага олгоно. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3461 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь Cupressaceae-Агарууны /арц/ овог, Juniperus L-арцны төрөл, Juniperus Sabina L-хонин арц болох нь тогтоогдож байна. Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүгд нэг төрөл зүйл болох нь тогтоогдов. Монгол Улсын 1995 оны Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтын нэн ховор ургамлын жагсаалтад багтсан байна. Ургамлын түүж бэлтгэсэн хугацааг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн Juniperus Sabina L-хонин арц нь уулын хээр заримдаг тагийн бүслүүрт асга, нураг, хад чулуутай хажуу, горхийн зах хотос хотгороор ургадаг сөөг хэлбэрийн ургамал юм. Ургамал-газарзүйн хувьд Хэнтий, Хангай, Монгол дагуур, Монгол Алтай, Дундад халх, Говь-Алтай, Их нууруудын, Олон нуурын тойрогт тархан ургадаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль нь болохыг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь 28.8%-ийн чийгтэй байх тул нойтон байна. Шинжилгээнд ирүүлсэн ургамлыг нунтагласан тохиолдолд MNS 1976:85 стандартын дагуу хадгалж болно. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа алдах боломжтой. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд хэмжээ, жинд өөрчлөлт орох боломжтой. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон хонин арц ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 100.900 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдасны дагуу 606.6 кг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоовол 61.250.940 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр тооцно гэсний дагуу тооцвол 306.029.700 төгрөг байна.” гэх дүгнэлт /хх-ийн 105-108/,

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Mitsubishi Minicab автомашины үнэлгээний дүн 750.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 120-127/,

Гэрч Г.О.-ын өгсөн: “...2020-2024 оны байдлаар иргэнд буюу хувь хүнд нэн ховор ургамлын жагсаалтад багтсан хонин арцыг тарималжуулах зөвшөөрөл олгож байгаагүй...” гэх мэдүүлэг,

Шинжээч Д.А.-ийн өгсөн: “...Монгол оронд арцыг тарималжуулах ажил нь туршилт, судалгааны түвшинд байгаа. Таримал ургамал гээд экологи-эдийн засгийн үнэлгээнд өөрчлөлт орохгүй. Энэ бол тухайн зүйлийг тодорхойлсон үнэлгээ юм. Таримал, эсвэл байгалийн зэрлэг ургамал гэсэн хоёр өөр үнэлгээ байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нь нэн ховор ургамал болох хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн болох нь эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, Д.Т.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож, байгаль орчинд 306.029.700 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3461 дүгээр дүгнэлтэд шүүгдэгч Д.Т.оос хураан авсан буюу шинжилгээнд ирүүлсэн ургамлыг шинжлэн судлахад ногоон өнгөтэй, өвөрмөц үнэртэй, навч нь хайрсархуу (монгол хэлний тайлбар толь бичигт “хайрс мэт” гэж тодорхойлсон), найлзуур (монгол хэлний тайлбар толь бичигт “модны мөчир, мөчрийн нарийн үзүүр гэж тодорхойлсон) нь 1.06 мм зузаан, ургамалд буй боргоцой-жимсгэнийн хальсыг задлахад 2-4 ширхэг үртэй зэрэг шинжээр нь В.И.Грубовын “Монголын гуурст ургамал таних бичиг” гэх бүтээлд ургамлын төрөл зүйлийг тодорхойлсонтой харьцуулан жиших замаар “хонин арц” гэх ургамал болохыг нь тогтоосон байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтын 8 дугаарт “Хонин арц” буюу латин нэршлээр Juniperus sabina ургамлыг нэн ховор ургамлын жагсаалтад хамааруулсан байх ба “нэн ховор ургамал” гэж Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ургамлыг ойлгоно” гэж заажээ.

Дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний…зориулалтаар ашиглаж болно.” гэж заасан ба тийнхүү ашиглах тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахаар зохицуулжээ.

Нөгөөтэйгүүр, тодорхой зүйл ургамлын оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж жингийн мөнгөн үнэлгээг тогтоохын тулд ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг гаргадаг ба үүнийг Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоохоор заасан.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.”, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт “Сайд нь хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.”, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.” гэж тус тус заасан хуулийн үндэслэл журмын дагуу тухайн салбарын сайдаас өөрийн яамны эрхлэх асуудлын хүрээнд тушаал гаргах замаар журам буюу нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг батлан гаргадаг.

Тийнхүү нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоохоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар тэдгээр ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг гаргасан ба уг тушаалын хавсралтын 60 дугаарт “Хонин арц”-ын хуурай жингийн үнэлгээ нь килограмм тутамд 194.000 төгрөг, нойтон жингийн үнэлгээ нь килограмм тутамд 100.900 төгрөгийн үнэлгээтэй байхаар тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор хуульчилсан байна.

Хонин арц нь тодорхой эх сурвалжуудад тэмдэглэснээр анхилуун үнэртэй, эфирийн тос агуулдаг, хүйтэнд тэсвэртэй, урт настай ургамал хэдий боловч үндэс, мөчрийг нь гэмтээснээр нөхөн сэргээгддэггүй зэрэг онцлогтой байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…таримал ургамал тул уг харилцаа нь Байгалийн ургамлын тухай хуулиар зохицуулагдахгүй, таримал ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоогоогүй байдаг тул Байгалийн ургамлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамал ашигласны төлбөрийн дээд, доод хэмжээ, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг хуулиар тогтооно.” гэж зааснаар хохирол төлбөрөөс чөлөөлөх үндэслэлтэй, ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг яам тогтоодог тул хохирлыг яам тодорхойлж, байгаль орчны хяналтын улсын байцаагч хохиролд нөхөн төлбөр ногдуулах ёстой, шинжээчийн дүгнэлтэд “…сөөг хэлбэрийн ургамал юм…” гэж тодорхойлсон нь Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ.” гэж заасанд хамаарахгүй…” гэж тайлбарлан маргасан.

Байгалийн ургамлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нэн ховор, унаган буюу үлдвэр ургамлын удмын санг хамгаалах зорилгоор ургамлыг тарималжуулах, нутагшуулах ажлыг төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.” гэж заасан ба шинжээч Д.А. өгсөн мэдүүлэгтээ “...Монгол оронд арцыг тарималжуулах ажил нь туршилт, судалгааны түвшинд байгаа. Таримал ургамал гээд экологи-эдийн засгийн үнэлгээнд өөрчлөлт орохгүй. Энэ бол тухайн зүйлийг тодорхойлсон үнэлгээ юм. Таримал, эсвэл байгалийн зэрлэг ургамал гэсэн хоёр өөр үнэлгээ байхгүй.” гэсэн зэргээс үзвэл тус гэмт хэргийн халдлагын зүйл болох хонин арц нь таримал гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байхаас гадна тийнхүү тарималжуулсан гэсэнд холбогдох үйл баримт тогтоогдоогүй, эсрэгээр шүүгдэгч тэдгээр 33 шуудай хонин арцыг “Хархорин” зах, “Нарантуул” ОУХТөв орчмоос үл таних хэд хэдэн хүнээс хэд хэдэн удаагийн үйлдлээр бэлэн мөнгөөр худалдан авч байсан гэж тайлбарлах боловч энэ нь ямар нэг баримтаар нотлогдоогүй, тэдгээр 606.6 кг хонин арцын гарал үүсэл, бодит эх сурвалжийг зааж чадаагүй, гагцхүү зан үйлийн шаардлагаар худалдан авсан гэж тайлбарласан зэрэг нь тэдгээр арцыг тарималжуулсан гэж үзэх үйл баримт болохгүй бөгөөд шинжээчийн 3461 дүгээр дүгнэлтэд “...Таримал, эсхүл байгалийн зэрлэг ургамлын аль нь болохыг тодорхойлох боломжгүй...” гэсэн нь хонин арцын таримал, эсхүл зэрлэг эсэхийн аль нэг нь болохыг тодорхойлох шалтгаан болоогүй, шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг нь арцын таримал эсэхийг илэрхий үгүйсгэж байгааг дурдах нь зүйтэй байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ.” гэж заажээ.

Монгол хэлний тайлбар толь бичигт “...“сөөг” гэж олон иштэй бут сөөг, “бут сөөг” гэж бөөм бөөмөөр ургасан модорхог ургамлыг хэлнэ.” гэж, “Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт” (Монголын бэлчээрийн менежментийн холбоо, 2011) гэх бүтээлд “сөөг хэлбэрийн буюу сөөглөг” гэж ургамлын амьдралын хэлбэр буюу бутлан ургадаг, намхан модлог ургамал болох арц, зээргэнэ, бударгана зэрэг ургамлыг ойлгохоор тус тус тодорхойлсон. Харин “...“гуурст ургамал” гэж эрдэс давс уусгасан ус хийгээд шим бодис дамжуулах шүүр хэлбэрт бүтэцтэй гуурс бүхий эрхтэнт ургамлыг хэлнэ.” (монгол хэлний тайлбар толь бичигт) гэж заасан ба шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3461 дүгээр дүгнэлт “...Эдгээр шинж тэмдгийг “Монголын гуурст ургамал таних бичиг”-тэй харьцуулан тодорхойлоход Cupressaceae-Агарууны (арц) овог, Juniperus-Арцны төрөл, Juniperus sabina L-хонин арц болох нь тогтоогдож байна.” гэж тэмдэглэсэн.

Дээрхээс үзвэл хуурай газрын гуурст буюу гуурс бүхий эрхтэнт ургамалд сөөг хэлбэрийн арц, тэр дундаа хонин арц хамаарч буй нь нотлогдож байх тул “...хонин арц нь байгалийн ургамлын санд хамаарахгүй...” гэх утга агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Байгалийн ургамлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төрийн өмчийн газар дахь ургамлыг ашиглахдаа хууль тогтоомжид заасны дагуу төлбөр төлнө.”, 2 дахь хэсэгт “Ургамал ашигласны төлбөрийн дээд, доод хэмжээ, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг хуулиар тогтооно.” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн хэм хэмжээ нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас, нэгд, төрийн өмчийн газар дахь ургамлыг ашиглах, хоёрт, холбогдох зөвшөөрлийн үндсэн дээр ашигласны дагуу төлбөр төлөх, тухайн төлбөрөөс хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, хөнгөлөх харилцааг зохицуулсан тул байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн гэм буруу, хохирол, хор уршигт хамааралгүй юм.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна: 3/ургамалд учруулсан хохирол;”, 3 дахь хэсэгт “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.”, 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэм буруутай этгээд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.”, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Зохих зөвшөөрөлгүйгээр ... байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол хууль бусаар бэлтгэсэн эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.37 дахь заалтад “байгаль орчны хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 7.7… дугаар зүйлд заасан заасан зөрчлийг харьяаллын дагуу шалган шийдвэрлэнэ.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заажээ.

 Дээрх хуулиудын хэм хэмжээнээс үзвэл байгаль орчны хяналтын улсын байцаагч нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байгаль орчны эсрэг хууль зөрчсөн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн шийтгэл оногдуулж, үүгээрээ гэм буруутай этгээдээс холбогдох хохирол төлбөрийг гаргуулахаар зохицуулсан, харин Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан.

Ийнхүү дээрх хуульд заасан үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг тус тус хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.Т.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзсэн.

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд тооцоход гэмт этгээд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан байхыг шаардах ба нэн ховор ургамлын эх сурвалжийг бодитоор зааж чадаагүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу сүсэг бишрэл, зан үйлд хэрэглэх зорилго агуулсан, хонин арцыг аливаа байдлаар ахуйн хэрэгцээнд хэрэглэхийг хуулиар хориглосныг мэдээгүй зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Хохирол төлбөрийн талаар:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.”, 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.

            Мөрдөгчийн эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Машины ачаа хэсэгт ногоон өнгийн шуудайтай арц байх бөгөөд буулгаж тоолоход нийт 33 шуудай арц байв.” гэж, мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Эд зүйлийн тус бүрийн болон нийт жинг тооцож гаргахад нийт 606.6 кг жинтэй байв.” гэж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3461 дүгээр дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн ургамлыг хуурай, нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор дээж авч жинлэн, хатаах зууханд 105C0-ийн температурт 5 цагийн турш хатаан хэмжиж, жингийн алдагдлыг тооцож үзэхэд 28.8%-ийн чийгтэй байх тул нойтон байна.” гэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” А/603 дугаар тушаалын хавсралтын 60 дугаарт “нойтон хонин арцын үнэлгээ нь килограмм тутамд 100.900 төгрөг байна.” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь хэсэгт “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно.” гэж тус тус заасанд үндэслэн гаргасан тооцооллоор ургамлын аймагт нийт 306.029.700 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд (төрийн сангийн данс) оруулах нь хуульд нийцнэ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...33 шуудай арцыг эд мөрийн баримтаар тооцон цагдаагийн байгууллага хураасан тул хохирол учраагүй. Иймд ургамлын аймагт учирсан 306.029.700 төгрөгийн хохирлоос чөлөөлж өгнө үү.” гэж тайлбарласан.

            Тодорхой эх сурвалжуудад хонин арц нь урт настай, олон жилийн туршид ургадаг (200 жил гэж тэмдэглэсэн нь буй) гэж тэмдэглэгдсэн байх ба ер аливаа нэн ховор ургамлыг өөрийн нь унаган төрхөөс салгаснаар тархац, нөөц хомстох, дахин нөхөн сэргээгдэх үйл явц удаан явагдах, устах, энэ нь өргөн утгаараа экосистемд тодорхой сөрөг нөлөөлөл үүсгэдэг болохыг тэмдэглэсэн нь буй.

            Харин байгалийн жамаараа ургаж байсан нэн ховор ургамлыг түүсэн (эх сурвалж тодорхойгүй), улмаар шүүгдэгчийн тухайд уг түүсэн ургамлыг бусдаас худалдан авсан боловч цагдаагийн байгууллагад хураалгасан нь байгалийн тэрхүү унаган төрх нөхөн сэргээгдсэн гэж үзэх, цаашид жамаараа ургах үйл явц нь зогссон ургамал, түүний аймагт хохирол учраагүй гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар бодит байдалд нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заасан.

            Шүүгдэгч нь 33 шуудай бүхий хонин арцыг тээвэрлэхдээ “И.” ХХК-ийн өмчлөлийн, иргэн О.Г.-ын эзэмшлийн ... УБҮ улсын дугаартай Mitsubishi Minicab автомашиныг ашигласан, мөн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг автомашины зах зээлийн үнэлгээг 750.000 төгрөгөөр тооцон гаргасан байх тул дээрх хуульд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 750.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Д.Т.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Т. нь бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Т.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хонин арцыг устгах” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “богино хугацаагаар тэнсэх, эсхүл тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол нөхөн төлөгдөөгүй байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дан ганц хэргийн зүйлчлэлд маргаагүй нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нөхцөлийг хэрэглэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүйг дурдав.

Иймд шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөгдөөгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Т.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг өөрийн оршин суух газар буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” шийтгэхээр заасан.

Хорих ял нь эрүүгийн хариуцлагын хамгийн хүнд төрөлд тооцогддог бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд маргаагүй, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, шүүгдэгчийг цээрлүүлэх зорилгоор хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж буй боловч тийнхүү хорьсноор байгаль орчин, ургамлын санд их хэмжээний хохирол учирсан нөхцөлд хохирол төлөх үйл ажиллагаа удаашрах, төрийн эрх ашиг бодитоор сэргэхгүй байх зэрэг нөхцөл байдал байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулсан.

Нөгөөтээгүүр, хохирол төлбөр төлөгдөөгүй нөхцөлд шүүгдэгчид нэмж мөнгөн торгууль оногдуулах нь хохирол, ялын харьцаа, үр нөлөөний тухайд тохиромжгүй. Харин шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах нь шүүгдэгчид тодорхой орон зайн хязгаарлагдмал байдлыг бий болгохоос гадна басхүү боломжит байдлаар орлого олох, өрхийн амьжиргаагаа залгуулах, хохирол төлбөрийг төлөх талаар зохих арга хэмжээг авахыг хязгаарладаггүй зэрэг онцлогтой тул энэ төрлийн ялыг сонгон хэрэглэснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан.

Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт тусгагдсан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг нь өртөгдөж буй эрх ашиг, хохирол, хор уршгийн хамрах хүрээ хязгаар, нийгмийн аюулын шинж чанараар нэн их тул шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 жилийн хугацаагаар оногдуулахдаа хураагдсан нэн ховор ургамлын тоо хэмжээ буюу 606.6 кг бүхий 33 ширхэг шуудай хонин арц тоологдсон, тэдгээрийн экологи-эдийн засгийн үнэлгээ, байгаль орчинд учирсан хохирол нөхөн сэргээгдэхгүй байдал зэрэгт үнэлэлт дүгнэлт өгснийг тайлбар болгов.

Бусад асуудлын талаар:

Хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд “...буулгаж тоолоход нийт 33 шуудай арц байв. ...үзлэгээр 23 шуудай арцыг түр хураан авав.” гэж, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн саналд “...23 шуудай арц...” гэж, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолд “...23 ширхэг шуудай ургамлыг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсугай.” гэж, “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгуллага тогтоолгох тухай” прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/3903 дугаартай албан бичигт “...Эд мөрийн баримтаар хураагдсан 23 ширхэг шуудай арц тус дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болно.” гэж, хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд “...нийт 33 шуудайтай эд зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч...” гэж, “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоолд “...Ногоон өнгийн 23 шуудай арц, 17-51 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эд мөрийн баримтаар тооцсугай.” гэж, Д.Т. яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Би нийт 33 шуудай арцыг тухайн өдөр тээвэрлэж явсан.” гэж, прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй.” гэж тус тус дурджээ.

Дээрхээс үзвэл мөрдөгчийн Эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг  хийсэн тэмдэглэл, мөн үүнд холбогдох мөрдөгчийн санал, тогтоол, прокурорын тогтоол, албан бичиг зэрэгт “23 шуудай бүхий арц” гэсэн нь, бичиглэлийн алдаа, эсхүл өөр бусад нөхцөл байдлын улмаас зөрүүтэй тооцсон тэмдэглэл болох нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дахин явуулсан Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн “...33 шуудай арц байв...” гэх тэмдэглэл, үүнийг тодорхойлсон яллагдагчийн “...33 шуудай арц байсан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр, нэгэнт мөрдөгчийн тогтоолоор дээрх 33 шуудай хонин арцыг эд мөрийн баримтаар тооцон, тэдгээр нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай гэх үйл баримт тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар нийт 606.6 кг жинтэй, 33 ширхэг шуудай бүхий хонин арцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар нэн ховор ургамал хонин арцыг худалдан борлуулж орлогыг тустай дансанд хадгалахыг даалгаж шийдвэрлэх нь өөрөө уг гэмт хэргийн “...худалдсан,  худалдан авсан...” гэх шинжийг хангаж байгаа, мөн зүйл, хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар салбарын зохих төрийн байгууллагад (тухайлбал, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн) шилжүүлснээр шинжлэх ухааны ямар эргэлтэд оруулах, цаашлаад төрийн байгууллага тухайн 33 шуудай хонин арцыг хүлээн авснаар ямар хэрэгцээнд хэрэглэх эсэх нь тодорхойгүй байх тул устгах нь зүйтэй гэж үзсэн болно.  

Хэрэгт мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураагдсан ... УБҮ улсын дугаартай Mitsubishi Minicab автомашины гэрчилгээг эзэмшигч О.Г. хүлээлгэн өгсөн байна /хх-ийн 99/.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б. овогт Д.гийн Т.ыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т.ыг 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т.од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг өөрийн оршин суух газар буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй. 

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Т.оос 306.029.700 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Т.оос 750.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан буюу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа нийт 606.6 кг жинтэй, 33 ширхэг шуудай бүхий хонин арцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Т. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН