Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 133/шш2021/00400

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Х сумын 0-р баг, С0 багт оршин суух, Ж0 овогтой Л-ийн Б-г төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Х сумын ЗДТГ-т холбогдох,

2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4,905,586 /дөрвөн сая есөн зуун таван мянга таван зуун наян зургаан/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Х сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөөд, шүүхэд хандаад 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Х сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Х сумын Засаг дарга нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй явсаар 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар Говь-Алтай аймаг Хөхморьт сумын Засаг даргын захирамж гарган, ажилдаа орсон юм. Иймд одоо 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4,905,586 төгрөгийг Х сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж, энэ ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Засаг даргын газраас Эрүүл мэндийн төвийн дарга Л.Б нь албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлөгдөөд ажилгүй байсан хугацааны цалин 4,905,586 төгрөгийг Засаг даргын тамгын газраас гаргуулахаар хандсан байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасны дагуу зарцуулах бүрэн эрхтэй учир өөр байгууллагад ажиллаж байгаад албан тушаал бууруулсан хүний цалинг Засаг даргын тамгын газраас төлж, Төсвийн тухай хууль зөрчихгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад Говь-Алтай аймгийн Х сумын Засаг даргын тамгын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 4,905,586 /дөрвөн сая есөн зуун таван мянга таван зуун наян зургаа/ төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь хариуцагч Говь-Алтай аймгийн Х сумын Засаг даргын тамгын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 4,905,586 /дөрвөн сая есөн зуун таван мянга таван зуун наян зургаа/ төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Б.Б нь Манай байгууллага нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг гаргах санхүүгийн боломж байхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Л.Б нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн Х сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар албан тушаалыг бууруулж, улмаар шүүхэд хандсанаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилгүй байсан хугацааны 65 хоногийн олговорт 3,331,188 /гурван сая гурван зуун гучин нэгэн мянга нэг зуун наян найм/ төгрөгийг олгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн магадлалаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад ...11.4 гэснийг 11.3 гэж, ...хариуцагчаас гэснийг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн магадлалаар тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.

Нэхэмжлэгч Л.Б-г ажлаас чөлөөлснөөс хойш Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг шүүхийн шийдвэрээр олгохоор шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч Л.Б нь 2021 оны 07 дугаарсарын 26-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажилдаа томилогдсон болох нь Говь-Алтай аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаартай Л.Б-г эгүүлэн томилох тухай тушаалаар нотлогдож байх тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш урьд эрхэлж байсан ажилд бодитойгоор эгүүлэн авсан хугацаа буюу 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны олговрыг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул уг хугацааны ажилгүй байсан цалинтай тэнцэх олговрыг түүний урьд авч байсан сарын цалингаас дундажийг тооцон хариуцагч Говь-Алтай аймгийн Х сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Б-ийн 1104393 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүсэн бичигдсэн ажил албан тушаал бууруулахын өмнөх гурван сарын хугацааны цалингийн дундаж болох 2020 оны 09, 10, 11 дүгээр саруудад ажилласан хугацаанаас тооцон 1 сарын цалингийн дунджийг тооцоход 1,004,514 + 1,050,724 + 1,173,454 = 3,228,692 : 3 сар= 1,076,230 : 21.5 = 50,057 төгрөг байна. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг дуустал ажлын 98 өдрөөр тооцож үзвэл олговорын хэмжээ 50,057 * 98 = 4,905,586 /дөрвөн сая есөн зуун таван мянга таван зуун наян зургаа/ төгрөг байх тул үүнийг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. 46.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасан тул дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Л.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Говь-Алтай аймгийн Х сумын Засаг даргын тамгын газарт даалгах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Х сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 93.439 /ерөн гурван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Х сумын Засаг даргын тамгын газраас газраас 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4.905.586 /дөрвөн сая есөн зуун таван мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан Ж овогт Л-н Б-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Л.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Х сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Х сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 93.439 /ерөн гурван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН