Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 133/шш2021/00407

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2021/00407

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Е сумын Ж баг, 09-р байр, 0-0 тоотод оршин суух, Б овогтой Л-гийн О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Е сумын Ж баг, 09-р байр, 0-0 тоотод оршин суух, К овогтой Л-ы Б-т олбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.О, түүний өмгөөлөгч Д.А, хариуцагч Л.Б, түүний өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.О шүүх гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л-гийн О нь 1986 оны 07 дугаар сарын 24-нд Говь-Алтай аймгийн Е сумд төрсөн. Нөхөр болох Л-ны Б-тэй 2007 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, хүү Б.М, 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, охин Б.М нар төрсөн. Эхний жилүүдэд гэр бүл маань боломжийн амьдарч байсан боловч байнга хардаж, хамт амьдрах, ажил хийх боломж нөхцөлийг хязгаарлаж байсан. Мөн нөхөр болох Л.Б нь эрүүл, согтуу алинд нь ч уурласан үедээ хүүхдүүдийн хажууд зодож олон удаа гэмтэл учруулж байсан. /Ажлын байранд хүртэл ирж зодож байсан. Ажлын болон таньдаг эрчүүдтэй хардаж байнга хэрүүл хийж, ажил хийлгэдэггүй, байнга сэтгэл санааны дарамтанд байлгадаг. Мөн ална гэж байнга сүрдүүлдэг. Энэ талаар Цагдаагийн газарт дуудлага өгч бүртгүүлж байсан тохиолдол цөөнгүй байгаа. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдэд насанд хүртэл хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгох, асрамж тогтоож өгнө үү. Бидний дундын эд хөрөнгө болох 1 өрөө байрыг /байраа 17 сая төгрөгөөр үнэлж байна/ охин, хүү хоёрын нэр дээр гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээ буцааж, татгалзаж байна гэв.

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2011 онд гэр бүл болсон. Эхнэр хүүхдүүд 6-7 сартай байхад ажилдаа орсон. Тэр цагаас хойш 2 хүүхдээ өсгөх, цэцэрлэг сургуульд зөөх зэрэг эцгийн үүргийг сайн гүйцэтгэсэн гэж боддог. Хардаж, ажлын хийлгэх байсан зүйл байхгүй. Ер нь бүх зүйлд ард байж тушаал дэвших, ажил хийх боломж бололцоог хангаж байсан. Хоёр хүүхдээ бодоод салах бодолгүй байна. Л.О-ээс салж өөр амьдрал зохион гэсэн төсөөлөл байдаггүй. Гэр бүлээрээ элэг бүтэн дөрвүүлээ хамт байж, аз жаргалтай амьдрахыг боддог. Миний хувьд Л.О нь сална гэж байгаа бол Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас гаргасан дүгнэлтийн дагуу хоёр хүүхдээ өөр дээрээ авч үлдэх бодолтой байна. Нэгэнт сална гээд зүтгээд байгаа хүнээс хоёр хүүхдээ авч үлдэх бодолтой байна гэв.

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б миний бие нэхэмжлэгч Л.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие өөрийн хүү Б.М, охин Б.М нарыг багаас нь өсгөж өдийг хүргэсэн тул өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Иймд хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж хуулийн дагуу эх Л.О-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн Говь-Алтай аймгийн Е сумын Ж0 багийн 0 дүгээр байрны 0-0 тоотод байрлах орон сууцыг 2018 онд бэлэн мөнгө өгч худалдаж авсан. Тухайн үед өөр байр зээлээр хөөцөлдөх санаатай хадам эгч болох Л овогтой Т-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж байсан. Миний гал голомт болсон 1 өрөө орон сууцыг миний нэр дээр болон хоёр хүүхдийн нэр дээр гаргуулж өгнө үү. Миний хувьд ажиллаж хөдөлмөрлөж өөрийн гал голомтыг бий болгож өдийг хшрсэн тул гал голомтоо Л.О-т өгөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Л.О сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хоёр хүүхдээ өөр дээрээ авъя гэсэн бодол байна. Сая хүүтэй ярьж байхад ээж аав намайг Говь-Алтайд суух уу, Ховд аймагт очоод сургуульд суух уу гэсэн гэсэн. Миний хүү Ховд аймагт очих юм бол өвөө, эмээ дээр очих юм байна. Тэгэхээр чи аав дээр ч биш, ээж дээрээ ч биш байна. Говь-Алтайд байлаа гэхэд мөн манай садангийн аль нэгнийд нь байх хэрэгтэй болж байна. Тэгэхээр миний хүү айлд байж байхаар ээж дээрээ ирсэн дээр биш үү гэхэд өөрөө хариулж чадахгүй байсан. Л.Б-т чи бид хоёрын аль нэгийг санана, дээрээс нь дүүгээ санана. Тийм байдалтай байж байхаар би чамтай хүүхдээ уулзуулахгүй гэж байгаа юм биш. Би чамайг уулзах үед уулзуулна. Энэ дээр нааштай хандаж хоёр хүүхдээ нэг газар байлгасан нь дээр биш үү гэж хэлэх гээд байна. Миний тухайд хоёр хүүхдээ цуг байлгамаар байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Л.О-ийн нэхэмжлэл, хариуцагч Л.Б-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Л.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө гаргуулахаар, хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Л.О-т холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж хүү Б.М, охин Б.М нарыг өөрийн асрамжид тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгө гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Л.О дундын эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаарх хүсэлтийг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Л.Б нар 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь 0087834 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.О нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан байх бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгосноор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь маргааныг урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.

Тэдний дундаас 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, хүү Б-ийн М, 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, охин Б-ийн М нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Гэрлэгчид өөр хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ хүндэтгэдэггүй байдал болон гэрлэгчдийг эвлэрүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д зааснаар Л.Б, Л.О нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох хүү Б.М эцэг Л.Б-ийн, охин Б.М эх Л.О-ийн асрамжид байгаа болон ахуй нөхцөл, эцэг, эхийн хайр, анхаарал халамж, ээнэгшсэн орчин, шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг тус тус баримтлан 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү Б-ийн М-ыг эцэг К овогтой Л-ы Б-т, 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, охин Б-ийн М нарыг эх Б овогтой Л-ийн О-ийн асрамжид тус тус үлдээх үндэслэлтэй байна.

Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдана. Мөн гэр бүл дэх хүүхдүүд нэгэн адил эрхтэй байна.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэхэд адил үүрэгтэй бөгөөд Б.М-ыг эцгийнх нь, Б.М-ыг эхийнх нь асрамжид үлдээсэн тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж, гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуульд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэндээ саад учруулахгүй байхыг Л.О, Л.Б нарт даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 474,283 /дөрвөн зуун далан дөрвөн мянга хоёр зуун наян гурван/ төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 383,478 /гурван зуун наян гурван мянга дөрвөн зуун далан найман/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-ээс 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогтой Л-ийн О /РД:ПЭ0000000/, хариуцагч К овогтой Л-ы Б /РД:ДЮ0000000/ нарын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 138 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг тус тус баримтлан 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү Б-ийн М-ыг эцэг К овогтой Л-ы Б-т, 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, охин Б-ийн М нарыг эх Б овогтой Л-ийн О-ийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.О, хариуцагч Л.Б нар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Л.О, хариуцагч Л.Б нарт үүрэг болгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэхэд адил үүрэгтэй бөгөөд Б.М-ыг эцгийнх нь, Б.М-ыг эхийнх нь асрамжид үлдээсэн тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Л.О нь дундын эд хөрөнгө болох 1 өрөө байр гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 474,283 /дөрвөн зуун далан дөрвөн мянга хоёр зуун наян гурван/ төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 383,478 /гурван зуун наян гурван мянга дөрвөн зуун далан найман/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-ээс 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О-т олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Л.Б, Л.О нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН