Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2021/00418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Ж сумын Б багт оршин суух, Д овогтой З-гийн Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Ж сумын Б багт оршин суух, Х овогтой О-ийн Т-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Т миний бие 1979 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Ж сумд төрсөн, одоо 43 настай. Одоо 3 хүүгийн хамт Улаанбаатар хотод амьдарч байна. Би О.Т-тэй анх 1998 онд танилцаад 2001 онд хурим найраа хийж, хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 1999 оны 06 дугаар сарын 10-нд том хүү Т.С, 2001 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дунд хүү Т.Б, 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бага хүү Т.Л нар тус тус төрсөн. Нөхөр О.Т нь гэр бүл болсноосоо хойш байнга намайг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож, дарамталдаг бөгөөд гэр орноо авч явах, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх үүргээ огт ухамсарладаггүй. Би энэ байдлыг нь засрах байх, өөрчлөгдөх байх гэж бодож хүлээж тэвчсээр байгаад 15 жил хамтдаа амьдарсан бөгөөд 2016 онд аргаа барж Цагдаагийн байгууллагад хандан 3 хүүхдээ аваад Улаанбаатар хотруу явсан. Түүнээс хойш би Улаанбаатар хотод 3 хүүхдийн хамт элэг бүтэн сайхан амьдарч байгаа бөгөөд цаашид нөхөр О.Т-тэй хамт амьдрах ямар ч боломжгүй, сэтгэл зүйн болоод бие махбодийн байнгын дарамтанд байхаас айж байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Т.Л-ийг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч О.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О овогтой Т миний бие Т-ийн бүх юмыг нь хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч З.Т нь хариуцагч О.Т-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч З.Т, хариуцагч О.Т нар нь 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 03 дугаар сарын 29-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 497/000067 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Тэдний дундаас 1999 оны 06 дугаар сарын 10-нд том хүү Т.С, 2001 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дунд хүү Т.Б, 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, хүү Т-ийн Л төрсөн болох нь хүү Л-ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Зохигчид хоорондоо таарч тохироогүйн улмаас 2016 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан байх боловч амжилтгүй болсон болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байх бөгөөд гэр бүлийн маргаан дээр эвлэрэхгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Т.Л эхийн асрамжид байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй, гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд хүүхэд эхийнхээ асрамжид байсан нөхцөл байдал, түүний нас, эцэг эхийн халамж, оролцоо, хүүхдийн санал зэргийг харгалзан 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, хүү Л-ийг эх З.Т-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах учир гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Т.Л-ийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг О.Т-гээс тэтгэлэг гаргуулан хүү Л-ийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Т-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогтой О-ийн Т, Дэлгэр овогтой З-ийн Т нарын Говь-Алтай аймгийн Ж сумын 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0009 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, хүү Т-гийн Л-ийг эх З-ийн Т-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, хүү Т-гийн Лх-ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х овогтой О-ийн Т-энгээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Нэхэмжлэгч З.Т нь хариуцагч О.Т-гээс эд хөрөнгө нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх З.Т-д даалгасугай.

6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч О.Т нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Т нь хариуцагч О.Т-г эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Т-эд олгосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН