Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга              Б.Алтансүх

Улсын яллагч                                                           Б.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Д.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямцэрэнгийн Амарзаяад холбогдох эрүүгийн 201710010075 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Мөнгөншонхорын 2-11 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Нямцэрэнгийн Амарзаяа  /РД:ХБ84081903/

Яллагдагчаар татах тогтоолоор: шүүгдэгч Н.Амарзаяа нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Замын-Үүд сумын Хаан банкны төв салбар дээр байрлах АТМ-аас Д.Түмэнжаргал нь өөрийн картаар данснаасаар гүйлгээ хийх үедээ 1000.000 /нэг сая/ төгрөгийг авалгүй орхисныг нь олж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.Амарзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн өглөө би ээлжийн ажилтай байсан. Би ажил дээрээ очиход манай байгууллагын менежер даргын дансруу орлого тушаагаад ир гэж явуулсан. Тэгээд би АТМ дээр очиж хүмүүс зогсож байхаар нь хүлээж байгаад АТМ-д очоод менежерийн өгсөн виза картыг уншуулахад хэлээ сонгоод пин код асуухад нь 1234 гэсэн пин кодоо хийсэн чинь машин нь ажиллаж эхлээд, та эхлээд картаа авна уу, дараа нь мөнгөө авна гэж бичиг гарч ирсэн. Удалгүй карт гарч ирээд картаа авах гэтэл хажуу талын хаалга нээгдээд олон 10.000 төгрөг байж байсан. Тэгээд картнаас нь гараад ирж байгаа юм болов уу гэж бодсон. Тэнд нь тавиад өгч явуулсан орлогынхоо мөнгийг буцааж хийх гээд АТМ-руу картаа хийх гэтэл алдаа заагаад байсан. Жаахан зогсож байгаад хажуу талын АТМ-руу мөнгийг хийсэн. Тэгээд гарч ирсэн мөнгийг аваад ажилруугаа явсан. Ажил дээрээ сууж байгаад менежер явсны дараа өдөр 12 цагийн үед бие засах газар орж 00-ийн цаасанд ороож хажуу талд нь хогны уут байхад нь ороогоод ажлын гадаа байдаг хогны цэгийн урд нь байдаг цэнхэр хашааны завсараар шидсэн юм. Тэгээд ажил руугаа яваад орсон юм. Орой ажлаасаа тараад үзэхэд алга болсон байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Д.Түмэнжаргалд хохирлын мөнгийг төлж барагдуулсан гэв.

- Хохирогч Д.Түмэнжаргал хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн 5374378117 дугаартай Хаан банкны данснаасаа Замын-Үүд сумын Хаан банкны төв салбарт байрлах эксперсс банкны ATM машинаар гүйлгээ хийсэн юм. Тухайн үед эхлээд 09 цаг 23 минутанд хүүхдийн цахилгааны төлбөр болох 26.300 төгрөгийг 5038022594 тоот дансанд гүйлгээ хийсэн. Тэгээд би дансаасаа нийт 3800.000 /гурван сая/ төгрөг авахаар хийсэн боловч гүйлгээ хийх боломжгүй гэсэн мэдээлэл дэлгэцэн дээр харагдаж байсан. Тэгээд мөнгөн дүн их болохоор гарахгүй байгаа юм байна бодоод дахин 09 цаг 25 минутанд 1500.000 төгрөг авахаар гүйлгээ хийхэд гарч ирсэн. Дараа нь 1000.000 төгрөг авахаар гүйлгээ хийсэн боловч уучлаарай гүйгээ хийх боломжгүй гэсэн мэдээлэл дэлгэцэнд харагдсан учир мөнгө нь дууссан болов уу гэж бодоод баруун талын ATM машин дээр очиж 500.000 төгрөгийн гүйлгээ хийж авсан. Уг ATM машин дээрээ дахин 500.000 мянган төгрөгийн гүйлгээ хийж авах гэсэн боловч боломжгүй байна гэсэн мэдээлэл гарсан. Тийм болохоор би эргэж нөгөө эксперсс банкны машин дээр очсон юм. Гэтэл миний дараагийн үйлчлүүлэгч гүйлгээ хийсэн бололтой гарч яваа харагдахаар нь дахин ATM машин дээр очиж 500.000 төгрөгийн гүйлгээ хийж данснаасаа авах гэсэн боловч боломжгүй байна гэсэн мэдээлэл ирсэн юм. Тэнд зогсож байхад миний 91915916 дугаарын утас руу 11332341 дугаарын утаснаас 09 цаг 38 минутын үед залгаж ХААН банкнаас ярьж байна гээд нэг эмэгтэй хүн та өнөөдөр 5 удаа гүйлгээ хийсэн байна. Тийм болохоор дахин гүйлгээ хийх боломжгүй гэж хэлсэн. Түүнийг ярьж дууссаны дараа миний утсанд 09 цаг 28 минутанд 1000.000 төгрөгийн зарлага гарсан гэсэн мэдээлэл ирсэн байсныг харж мэдсэн юм. Тэгээд ХААН банкны лавлах 18001917 дугаарын утас руу залгаж миний данснаас 1000.000 төгрөгийн зарлага гарсан мэдээлэл ирсэн өөрөө авч чадаагүй боломжгүй гэсэн мэдээлэл гарсан гэдгийг нь хэлсэн. Гэтэл алдаа гарсан байж болзошгүй юм байна бүртгээд авъя ажлын өдөр буюу 1 дэх өдөр салбар дээрээ очиж уулзан буцааж дансандаа авах боломжтой гэсэн учир би тухай өдөр харьсан юм. Гэтэл тухайн өдрийн 10 цаг 33 минутын орчимд 70527365 дугаарын утаснаа залгаж таны хойно гүйлгээ хийсэн арын хүн чинь мөнгийг чинь авсан байна банк дээр ирээд уулз гэсэн учир ажилтантай уулзаж цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай гэж хэлсэн учир би танай байгууллагад хандсан юм… Одоо надад Н.Амарзаяагаас нэхэмжлэх зүйл байхгү гомдол саналгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 10-11, 41/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 тал/

- Хохирогч Д.Түмэнжаргалын шүүхэд хандан гаргасан хүсэлт /хх-ийн 41 тал/

- Н.Амарзаяагийн жирэмсний хяналтын картны хуулбар зэрэг болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Н.Амарзаяа нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Замын-Үүд сумын Хаан банкны төв салбар дээр байрлах АТМ-аас Д.Түмэнжаргалын  өөрийн картаар гүйлгээ хийх үедээ 1000.000 /нэг сая/ төгрөгийг авалгүй орхисныг нь завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Түмэнжаргалын мэдүүлэг, гэрч О.Дөл-Эрдэний мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т заасан гэмт хэргийн обьектийн нэг хэлбэр нь гээгдэл эд хөрөнгө байх бөгөөд энэ нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлэх юм.

Шүүгдэгч Н.Амарзаяа нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч Д.Түмэнжаргал нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн шатанд хүсэлтээ бичгээр илэрхийлжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д “энэ хуулийн 25.1-д заасан гэмт хэргийн хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн бол”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.Амарзаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Амарзаяа нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямцэрэнгийн Амарзаяаг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч Нямцэрэнгийн Амарзаяад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Амарзаяад авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар Н.Амарзаяа, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Л.БАТЖАРГАЛ