Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1040

 

     2020            8           18                                         2020/ДШМ/1040

 

С.Б, Г.Т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ц.Б,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/431 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн С.Б, Г.Т нарт холбогдох эрүүгийн 2002 0011 70076 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн  С.Б, 1986 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......................... оршин суух, /РД: ............................./,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан;

2. Аюушжав овгийн Г.Т, 1991 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн график дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 61 дүгээр гудамжны 17 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

С.Б нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Жавхлант хайрханы 17-87 тоот хаягт байрлах өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 12.6124 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Г.Т нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Жавхлант хайрханы 17-87 тоот хаягт байрлах С.Б-н гэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 14.4917 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Б, Г.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б, Г.Т нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б, Г.Т нарыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хэсгийн 2.4 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Г.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-н цагдан хоригдсон 16 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тэмдэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэнцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “1” гэж дугаарласан улаан эрээн өнгийн ууттай 9.3785 грамм жинтэй, “2” гэж дугаарласан цэнхэр өнгийн амтай ууттай 2.1686 грамм жинтэй “өвс” мэт сэтгэцэд нөлөөт бодисууд, “3” гэж дугаарласан хар өнгийн бариултай иштэй, ир нь хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга зэрэг эд мөрийн баримтыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд явуулсан хүний биед үзлэг хийх, шинжилгээ авах үйл явцыг бэхжүүлсэн дуу, дүрсний бичлэг бүхий нэг ширхэг “CD”-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч С.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Төд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Г.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад оногдуулсан ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүсч байна. Анхан шатны шүүхээс миний үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн заалтад заасан ял шийтгэлийн хэмжээ хязгаарын хүрээнд хорих ялыг оногдуулсан боловч би үйлдсэн хэргийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, зан үйлээ засна гэдгээ илэрхийлсэн. Би өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн ухамсарлан хүмүүжиж, нийгэмших бүрэн боломжтой. Намайг заавал нийгмээс тусгаарлаж хорих шаардлагагүй учраас надад хүмүүжих боломжийг олгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч П.О  давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн харицлагыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгөхийг хүсч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс Г.Тийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн зүйл, заалтад заасан ял шийтгэлийн хэмжээ хязгаарын хүрээнд хорих ялыг оногдуулсан боловч Г.Т нь үйлдсэн гэмт хэргийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, зан үйлээ засна гэдгээ илэрхийлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг шүүх тогтоосон бол эрүүгийн хариуцлага оногдуулах нь хууль ёсны шаардлага боловч эрүүгийн хариуцлагын зорилго нь “эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалж цээрлүүлэхээс гадна давхар нийгэмшүүлэх зорилготой” байдаг. Г.Т нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн ухамсарлан хүмүүжиж, нийгэмших бүрэн боломжтой, заавал нийгмээс тусгаарлан цээрлүүлж, хорьж цагдан хүмүүжүүлэх шаардлагагүйгээр иргэнээ засрах, хүмүүжих боломжийг өөрт нь бий болгох боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдээс дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхаар, цагдаагийн байгууллагаас цаг хугацааны хувьд хяналт тавигдахын зэрэгцээ, эдийн засгийн болоод нийгэм гэр бүлд иргэнээ алдааг нь ухамсарлуулж хүмүүжүүлдэг, хуулиар олгогдсон өвөрмөц боломж юм. Төрөөс хууль тогтоох замаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд Эрүүгийн хуульд заасан нөхцөл журмын хүрээнд олгосон уг боломжийг Г.Төд олгож, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Т урьд нь ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ба энэ нь эрүүгийн хариуцлага шалгасан хуудсаар нотлогдож байгаа. Мөн холбогдсон хэрэгтээ гэмшиж, өөртөө дүгнэлт хийж байгаагаа болон дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлдэг. Г.Т нь дээд боловсролтой, хэвлэлийн график дизайнер мэргэжилтэй, хувиараа график дизайнер болон шивээс хийж орлого олон эхнэр, хүүхдээ тэжээдэг. Одоо түүний охин 1 нас 7 сар хүрч байгаа ба эхнэр Энхтүвшин нь гэртээ хүүхдээ асардаг. Г.Төөс өөр орлого олдог хүн байхгүй. Түүний охин, эхнэр хоёрыг нь асран халамжлах хүн түүнээс өөр байхгүй. Эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэхээс гадна хүнийг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх зорилгыг агуулдаг. Иймд Г.Тийн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, хүлээн мэдүүлж байгаа байдал болоод түүний ар гэр, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Шүүх шударга, энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан Г.Төд хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч өөрөө өөртөө дүгнэлт хийн зан үйлээ засаж, хүмүүжих, гэрийн эзний үүргээ биелүүлэн, хань охин хоёртоо түшиг болж явах боломжийг олгоно гэдэгт гүнээ итгэж байна.” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

С.Б нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Жавхлант хайрханы 17-87 тоот хаягт байрлах өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 12.6124 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Г.Т нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Жавхлант хайрханы 17-87 тоот хаягт байрлах С.Б-н гэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 14.4917 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Б.З-лын “...Тэр хоёр архи уух шинжтэй болоод ирсэн. Ингээд ярьж байх үедээ Г.Т өөрийн өмсөж явсан хувцасны дотор талын халааснаас гарын атганы хэмжээтэй, ууттай өвс гаргаж ирсэн. Би тэр хоёрт хандаж “би явлаа” гэж хэлээд зугтаасан. ...” /хх 26/,

шүүгдэгч С.Б-н “...гэрт очоод архиа уугаад сууж байтал Г.Т өөрийн өмсөж явсан хувцасны халааснаас сонинд ороосон өвс гаргаж ирээд “хэрэглэе” гэхээр нь хамтдаа хэрэглэсэн. Тэгээд байж байтал гаднаас цагдаа ороод ирсэн. ...” /хх 20/,

шүүгдэгч Г.Тийн “...замдаа явж байгаад нэг шил 0.7 литрийн архи аваад хувааж уухаар болсон. Гэрт нь очоод авсан архиа ууж байгаад өвс хэрэглэсэн. Тухайн үед би биедээ ууттай өвс авч явсан. Уг өвсийг гаргаж ирээд тамхины үнсийг унагаад, цаасыг нь суллаж хэрэглэсэн. Миний авч ирсэн өвс тухайн үед дуусалгүй үлдсэн байсан. Цагдаа нар ирэхээр нь айсандаа амбаар доторх угаалгын машин руу шидчихсэн. ...” /хх 22/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан хар өнгийн бариулан иштэй, ир нь хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутганы ир хэсгээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” /хх 29-30/ гэсэн 1129 дугаартай,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... шинжилгээнд ирүүлсэн “Сүхбаатар С.Б” гэж хаягласан, “Ганболд Г.Т” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” /хх 35-36/ гэсэн 1130 дугаартай дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн “...гэрийн амбаарын үүдээр ороход дотор хуучин угаалгын машин байх ба угаалгын машин дотор үзлэг хийхэд цагаан улаан өнгийн уутанд ургамал мэт зүйл байсныг хураан авав. ...Үзлэгээр гэрийн баруун урд талын хатавчинд цэнхэр өнгийн амтай ууттай ургамал мэт зүйлийг хураан авлаа. Гэрийн зүүн урд талын унинд шургуулсан байсан бариултай хутга мэт зүйл нь /хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон/ хураан авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 5-9/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх зориулалт бүхий Multi-Drug Screen Test Cup тест ашиглах талаар танилцуулж, үр дүнг нь харахад ...5 дугаар баганад нэг улаан зураас тодорч эерэг гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, Г.Тийн шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов. ...”,

“10 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж тестний битүүмжлэлийг С.Бд харуулан задалж, үр дүнг 1 минут 30 секундын дараа тестний ...ТНС С ТҮВШИНД 1 УЛААН ЭЕРЭГ ИЛЭРСЭН... гэж зааж байгаа нь дээрх 10 төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилсан байдлаар ТНС агууламжтай мансууруулах бодисыг хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав. ...” /хх 11, 14/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Б, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүгдэгч С.Б, Г.Т нарын хэн аль мансууруулах бодис хадгалаагүй гэж маргадаг боловч хэрэгт авагдсан:

“хэргийн газрын үзлэг хийсэн тухай “... угаалгын машин дотор үзлэг хийхэд цагаан, улаан өнгийн уутанд ургамал мэт зүйл ..., ... гэрийн урд талын хатавчинд цэнхэр өнгийн, амтай ууттай ургамал мэт зүйл ..., гэрийн урд талын унинд шургуулсан байсан ир нь хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон бариултай хутга мэт зүйл хураан авав.” /хх 4-8/ гэсэн тэмдэглэл,

гэрч Б.З-лын “... Г.Т өөрийн өмсөж явсан хувцасны дотор талын халааснаас гарын атганы хэмжээтэй, ууттай өвс гаргаж ирсэн. Уутнаас нь гаргаж харуулаагүй. Би хараад мансууруулах бодис байна гэж муухан ойлгосон. ...” /хх 25-26/ гэсэн,

яллагдагч Г.Тийн “... С.Б өөрийн халааснаас өвс гаргаж ирээд хэрэглэх үү гэхээр нь би сонирхоод татсан. ... цагдаа орж ирэхэд С.Б ах өвсөө хатавчиндаа хийсэн. ...” /хх 50-51/ гэсэн,

яллагдагч С.Б-н “... гэр дотор баруун урд талын хатавчнаас ууттай өвс гарсан, зүүн талын унинд хавчуулсан төмөр хутга гарч ирсэн. Хутганы ир хэсэг хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Тухайн унинд байсан хутга миний хутга. ...” /хх 61-64/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан хар өнгийн бариулан иштэй, ир нь хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутганы ир хэсгээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. ...” /хх 28-32/ гэсэн,

“... шинжилгээнд ирүүлсэн “Сүхбаатар С.Б” гэж хаягласан, “Ганболд Г.Т” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол илэрч байна. ...” /хх 34-36/ гэсэн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар С.Б, Г.Т нар нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б, Г.Т нарыг мансууруулах төрлийн бодис хадгалахдаа худалдаалах зорилгогүй байсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан  хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Ц.Б нарын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Г.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний удмын санд нөхөж баршгүй гэм хортой, зуршил болгосноор байнга хэрэглэх буюу донтох, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөгөөрөө уг гэмт хэргийн нийгмийн хор аюул, хор уршиг илэрдэг.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг нь тухайн хүн өөрөө хэрэглээд зогсохгүй, өөрийн найз нөхдийг уг гэмт хэрэгт уруу татах, даган дуурайж хэрэглэх зэргээр зуршил бий болгох хор хөнөөлийг агуулж байдаг.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

 Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Тийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгосныг өөрчилж шийдвэрлэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасан нь тухайн шүүхийн шийдвэрийн зөвхөн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох талаар хуульчилсан байна.   

Иймд шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/431 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгосугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 7.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэсэн заалтыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР          

                                    ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ