| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2022/05590/И |
| Дугаар | 001/ХТ2024/00276 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2024/00276
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/01723 дугаар шийдвэртэй
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01280 дугаар магадлалтай,
Н-т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д , өмгөөлөгч Н , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Э” ХХК нь Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/01723 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар “Э” ХХК-ийн үнэлгээ хүчингүй болгох гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан төлбөр төлөгч “Э” ХХК-ийн эзэмших эрхтэй 25 газрыг 4,598,290,320 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ, улсын бүртгэлийн ... дугаартай, “Э” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ... тоот хаягт байрлах, 187.2 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот хаягт байрлах, 673 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, нэгж талбарын ... дугаартай, 8.092 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгийг 36,042,305,000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчин явагдсан болохыг тогтоолгохыг хүссэн “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж, “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01280 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/01723 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-ийн эзэмших эрхтэй 25 газрыг 4,598,290,320 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н-т холбогдох, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ... тоотод байрлах, 187.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, дээрх хаягийн ... тоотод байрлах, 673 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, нэгж талбарын ... дугаартай, 8092 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрыг нийт 12,544,275,000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д , өмгөөлөгч Н нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.21-ний өдрийн 210/МА2024/01280 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж үзэж байгаа болно.
Шүүхүүдийн хууль хэрэглээний зөрүүг арилгах тухай.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим...”, Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана ...” гэж заасан болно. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-т “...Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно...”, мөн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “...Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна...” гэснийг хэрэглэсэнгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т "... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална...” гэж заасныг баримтлаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Нотолгоо: Төлбөр авагч "М" ХХК нь Н т холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2022.11.03-ны өдрийн үнэлгээний тайлангийн "... " брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.03-ны өдрийн 102/ШШ2023/00611 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2022.11.03-ны өдрийн үнэлгээний тайлангийн "... " брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн хэсгийг хүчингүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.19-ний өдрийн 210/МА2023/01023 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.03-ны өдрийн 102/ШШ2023/00611 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж мөн шийдвэр, магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан боловч Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.07.04-ний өдрийн 001/ШХТ2023/00812 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзан шийдвэрлэж, анхан шатны шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт хэрэгт авагдсан байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.11.14-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа зарлах тухай зард "Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж 44/2 тоотод байрлах 187.2 м.кв талбайтай агуулах, ... тоотод байрлах 673 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, 8092 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхийн газрын хамт..." гэж гурилын үйлдвэрийг газар болон агуулах, оффисын барилгын хамт цогцолбороор нь зарахаар байршуулж, дуудлага худалдааны зард дурдагдсан цогцолбороор нь үнэлсэн үнэлгээний зарим хэсгийг дээрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байхад ийнхүү хүчингүй үнэлгээг үндэслэн явуулсан анхны дуудлага худалдаа өөрөө хүчингүй болох үндэслэлтэй байхад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үүнийг үнэлээгүй хууль бус дүгнэлт хийн шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч “Э” ХХК-аас 2022.11.15-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "үнэлгээ хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэл гаргаж 2022.11.22-ны өдөр иргэний хэрэг үүсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад 2022.11.29-ний өдөр анхны дуудлага худалдааг явуулж байгаа нь шүүхэд мэдүүлэх, зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээлгэх эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл болно. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд иргэний хэрэг үүссэний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Шүүхэд иргэний хэрэг үүсээд хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан байх үед буюу 2022.11.29-ний өдөр албадан дуудлага худалдаа явуулахыг зогсоох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарах боломжтой байсан. Үүнийг ахлах шийдвэр гүйцэтгэгч мэдсээр байж гаргаагүй хууль зөрчиж анхны дуудлага худалдааг явуулсан. Манай компанийн зүгээс ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч хүлээж аваагүй болох хэрэгт цугласан баримтаар бүрэн тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагын зард "Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж 44/2 тоотод байрлах 187.2 м.кв талбайтай агуулах, ... тоотод байрлах 673 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, 8092 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхийн газрын хамт..." албадан борлуулах анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.03-ны өдрийн 102/ШШ2024/01723 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2024.06.21-ний өдрийн 210/МА2024/01280 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдолд: “М” ХХК-ийн зүгээс магадлалын зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна. “М” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Н-ийн татгалзлыг дэмжиж оролцсон бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалын дараах хоёр дүгнэлтийг дор дурдсан үндэслэлээр тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нэг. Хөөн хэлэлцэх хугацаа, хугацаа сэргээлгэх хүсэлтийн тухайд: Нэхэмжлэгч “Э” ХХК нь үнэлгээний тайлангуудыг 2022.11.04-ний өдөр хүлээн авч танилцсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу 7 хоногийн хугацаанд буюу 2022.11.11-ний өдөр шүүхэд гомдол гаргах ёстой байсан. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас хугацаа хоцроож 2022.11.15-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байдаг. Дээрх 4 хоногийн хугацаа хэтэрсэн талаарх тайлбар баримтын хамт хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жилийн дараа шүүхэд гаргаж өгсөн байдаг. Дээрх баримтуудаар гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй Л нь 2022.11.04-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд Хөвсгөл аймаг руу томилолтоор явсан, үргэлжлүүлэн 10 хоног ээлжийн амралтаа авсан гэдэг. Харин Х.Байгальмаа нь 2022.11.04-ний өдрийн тушаалаар 2022.11.07-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд илүү цагийг биеэр амрахаар болсон байдаг. Дээрх баримтууд нь нэг талын нотлох баримт бөгөөд аливаа өөр хөндлөнгийн баримтаар нотлогдоогүй, 100% үнэн гэж үзэхэд эргэлзээтэй баримтууд болно. Мөн дээрх асуудлууд нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй бөгөөд учир нь хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсан, онцгой нөхцөл байдал үүссэн зэргээр хууль тус бүрээр тодорхойлон тайлбарласан байдаг. Гагцхүү гол шинж нь өөрөөс нь үл хамаарах шинжтэй нөхцөл байдлуудыг ойлгодог.
Бидний зүгээс Л-ийг нэхэмжлэгч компанийг хууль ёсоор төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэж байгаа тул Л-ийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан яригдах ёстой. Гэтэл томилолтоор явсан, 10 хоног ээлжийн амралт авсан үйлдэл нь шүүхэд гомдол гаргах хугацаа хоцрооход хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Тогтсон жишгийн дагуу аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс эрх бүхий албан тушаалтнууд өөрийн эрхийг итгэмжлэлээр өөр бусад этгээдэд олгон үлдээж томилолт, эсхүл амралтаа авдаг. Дээрх жишгийн дагуу Л нь өөрийн эрхийг итгэмжлэлээр үлдээж болох байсан. Мөн дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн зүгээс няцаагаад байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн тайлбар, баримтыг хариуцагч няцаагаагүй тул хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтэрсэн байна гэж үзэн хугацааг сэргээж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, үйл баримтын талаар маргаагүй гэж үзэн асуудлыг шууд дүгнэн шийдвэрлэсэн нь алдаатай байна. Хариуцагч болон гуравдагч этгээдийн хувьд дээрх хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар хангалттай маргаж мэтгэлцэж эсрэг байр сууриа илэрхийлсэн байдаг. Тухайлбал, дээрх асуудал нь компанийн дотоод зохион байгуулалтын асуудал байх бөгөөд компани дотооддоо ажлаа зохицуулж чадаагүйгээс үүдэн гуравдагч этгээд өөрийн эд хөрөнгө болоод ард түмний татварын мөнгөөр хохирч үлдээд байгаа юм. Мөн шаардлага хангахгүй нотлох баримтад үндэслэн, хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл үүсээгүй байхад хугацаа сэргээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Улмаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хоёр. “Ашид билгүүн” ХХК мэдээлэл тусгаагүй үндэслэлийн тухайд: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хөрөнгийн үнэлгээний тайланд тусгах зүйлсийн талаар дурдсан байх бөгөөд тус зүйлийн 9.3.8-т хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг дурдсан байх талаар заажээ. Харьцуулсан газрын талаарх байршил, үнийн талаарх мэдээлэл нь ашигласан баримт, мэдээлэлд багтах бөгөөд тус хуулийн 9.3-т заасны дагуу үнэлгээний тайланд тусгахад л болно. Өөрөөр хэлбэл, эх сурвалжийг зааж өгөөд эсхүл линк тавиад холбогдох мэдээллүүдийг оруулж өгөх боломжтой. Үнэлгээний тайланд нэг бүрчлэн оруулахад хүндрэлтэй, хэт олон мэдээллийг нэгтгээд линк хэлбэрээр оруулах боломжтой. Ихэнх үнэлгээний тайлангууд харьцуулсан хөрөнгүүдийг Unegui.mn сайтын линк тавьж хаанаас ямар хөрөнгөтэй харьцуулсан болохыг линкээр орж харьцуулдаг болсон. Гэтэл холбогдох эх сурвалжаа тайландаа зааж өгөөд байхад шүүхээс газрын байршил, мэдээллийг оруулаагүй байна гэдэг нь хуулийг хэт явцуу утгаар тайлбарлаж ашигласан хэрэг байна. Угтаа шүүх дээрх газруудын дундаж үнэ 114 төгрөг байна уу, үгүй юу гэдэгт анхаарал хандуулах ёстой атал энэ мэдээллээ тайланд тусгасан эсэх дээр анхаарлаа хандуулж хэт явцуу утгаар тайлбарлан хэргийг шийдвэрлэжээ. Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.21-ний өдрийн 210/МА2024/01280 дугаар магадлалын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.11.01-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2024/01224 тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д , өмгөөлөгч Н , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсан болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж, үндэслэлээ “...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.08-ны өдрийн шийдвэрээр тус компаниас 31,972,680,401.15 төгрөгийг гаргуулж, “М” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу хариуцагч нь 2022.10.20-ны өдөр шинжээч томилсон. “Ашид билгүүн” ХХК нь Хэнтий аймагт байрлах нэгж талбарын дугаар бүхий 25 газрыг нийт 4,598,290,320 төгрөгөөр, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь ... 187,2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ...673 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, ...8,092 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, барьцааны гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжүүдийг нийт 36,042,305,000 төгрөгөөр үнэлсэн нь тус тус бодит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-д зааснаар хийгдсэн эсэх нь тодорхойгүй..., түүнчлэн үнэлгээ хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байхад дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөн...” гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, ...төлбөр төлөгч, авагч нар үнэлгээг харилцан тохиролцон тогтоож чадаагүй учраас хуульд зааснаар шинжээч томилж, үнэлгээг талуудад 2022.11.04-ний өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул 2022.11.15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, ...дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК нь хариуцагчийн тайлбартай агуулгын хувьд ижил үндэслэлээр дэмжсэн байр суурь илэрхийлж оролцсон байна.
8. Анхан шатны шүүх ”Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, “Ашид билгүүн” ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...Шийдвэр гүйцэтгэгчийн 2022.10.20-ны өдрийн тогтоолоор томилогдсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022.11.03-ны өдрийн үнэлгээний тайлан, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022.11.03-ны өдрийн тайланг төлбөр төлөгч “Э” ХХК-д 2022.11.04-ний өдөр танилцуулсан. Нэхэмжлэгч нь энэ үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлж, 2022.11.15-ны өдөр гаргасан талаарх тайлбар, баримтыг хариуцагч няцаагаагүй байх ба хүндэтгэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэж үзэж, уг хугацааг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар сэргээж, улмаар “... анхан шатны шүүхийн 2023 оны 102/ШШ2023/00611 шийдвэр, ...давж заалдах шатны шүүхийн 2023 оны 210/МА2023/01023 магадлалаар М-ны нэхэмжлэлтэй, Н т холбогдох эд хөрөнгийн үнэлгээний зарим хэсгийг буюу “... ” брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосон байх ба шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь ... ... дугаартай 187.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 6,061,102,000 төгрөгөөр, ... ... дугаартай 673 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолборыг 5,436,491,000 төгрөгөөр тус тус үнэлэхдээ өртгийн, жишиг үнийн аргуудыг хэрэглэж үнэлгээ тогтоосон боловч орлогын аргыг хэрэглээгүй, ...үйлдвэрийн доорх газрыг үнэлэхдээ зөвхөн өртгийн аргын үнэлгээ хэрэглэсэн, газар дээрх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь жишиг үнийн, орлогын аргыг хэрэглэж үнэлэх нь зах зээлийн үнэ цэнийг бодитой тогтоох үндэслэл болох бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг бодитой тогтоосон гэх үндэслэлгүй, хөрөнгийг зорилго болон цогц байдлаар нь үнэлэх шаардлагатай байжээ” гэж дүгнэсэн. Түүнчлэн “Ашид билгүүн” ХХК нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, VII багт байх усалгаагүй, тариалангийн зориулалттай, нэгж талбарын дугаар бүхий 25 газрын зах зээлийн үнэ цэнийг 4,598,290,320 төгрөгөөр үнэлэхдээ тухайн газар тариалангийн бүс нутагт зэрэгцээ байршилтай бусад газартай харьцуулаагүйгээс гадна ижил төрлийн газрын зарласан үнийг судалж жинлэсэн гэх боловч үнэлгээний тайланд эдгээр газрын талаарх байршил, үнийн талаарх мэдээлэл хавсаргагдаагүй тул газрын зах зээлийн үнэ цэнийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн /2010 он/ 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар үнэлсэн гэх үндэслэлгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.
Харин анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсан болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “... Анхны албадан дуудлага худалдааг 2022.11.29-ний өдөр явуулах талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2022.11.11, 14-ний өдөр зохих журмаар тус тус мэдэгдсэн байх ба үнийн санал ирээгүй, улмаар хоёр дахь дуудлага худалдааг зарласан, талуудад мэдэгдсэн, төлбөр авагч М-ны хүсэлтээр 21 хоногоор хойшлуулсан зэрэг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 68 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй” гэж дүгнэжээ.
9. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан холбогдох баримтыг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаантайд тооцож, уг хугацааг сэргээсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, харин “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчин Г үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн хэсэг нь төлбөр авагч “М” ХХК-ийн нэхэмжлэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах магадлалаар хүчингүй болсон үйл баримтыг зөв тогтоосон атлаа нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь буруу тул үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Түүнчлэн тус үнэлгээний бусад хэсэг буюу ... үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нийт 12,544,275,000 төгрөгөөр үнэлсэн нь 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй. ...орлогын хандлагын аргыг заавал хэрэглэх талаар хуульд зохицуулаагүй, ...нэхэмжлэгч нь шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй тул үнэлгээнд орлогын аргыг хэрэглээгүй үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
Харин “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланд ...холбогдох мэдээлэл хавсаргагдаагүй байх тул анхан шатны шүүх уг үнэлгээг 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцээгүй гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзжээ.
Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын гомдол гаргах эрхийн талаар дүгнээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзээд “...анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудаар дуудлага худалдааг 2022.11.29-ний өдөр явуулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44 дэх хэсэгт заасан журмын дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлсэн талаар хэрэгт баримт авагдаагүй, улмаар нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлээгүй байхад анхны албадан дуудлага худалдаа 2022.11.29-ний өдөр явагдсан гэх үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дээрх 2 тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй” гэж дүгнэсэн байна.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д , өмгөөлөгч Н , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
11. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.08-ны өдрийн 3280 дугаар шийдвэрээр “Э” ХХК-аас 31,971,680,401 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, “Э” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцааны зүйлүүдийг битүүмжилж, хураах ажиллагаа хийж, улмаар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг явуулсан байна.
12. Хэргийн баримтаас үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022.11.03-ны өдрийн үнэлгээний тайлан болон “Ашид билгүүн” ХХК-ийн 2022.11.03-ны өдрийн тайланг төлбөр төлөгч “Э” ХХК-д 2022.11.04-ний өдөр танилцуулсан, нэхэмжлэгч нь эдгээр үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2022.11.15-ны өдөр гаргасан, харин хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хуулийн шаардлагыг зөрчсөн, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан байна.
12.1. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан гомдол гаргах хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн гэж зөв дүгнэсэн атлаа “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай гэсэн үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
12.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж хуульчилсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх” зарчмыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дагаж мөрдөхөөр тогтоож өгчээ.
Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь олон үе шаттай, ажиллагаа тус бүрт төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын оролцоог хангах хуульд заасан үүрэгтэй, түүнчлэн ажиллагаа бүр өөр өөрийн хугацаатай, үүнтэй холбоотойгоор тухайн ажиллагаанд гомдол гаргах эрх нь тодорхой цаг хугацааны хязгаартай байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн зохицуулалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан зарчим болон хуулийн зорилгын үүднээс тайлбарлавал “шүүхийн шийдвэр аль болох богино хугацаанд биелэгдэх” нь шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулсан иргэн, хуулийн этгээдийн эрх бодитойгоор хэрэгжих үндсэн гол ач холбогдол нь болно.
Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж тусгайлан зохицуулсан буюу богино хугацааг тогтоосон нь хуулийн “шуурхай байх” зарчимтай холбоотой байна.
Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаанд энэ хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гаргасан гомдлыг гомдол гаргагчид буцааж, гомдол гаргаагүйд тооцно” гэж, 16.3-т “...гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн нь тогтоогдсон бол дээд шатны байгууллага, албан тушаалтан гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол, нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд хугацааг сэргээх эрх зүйн боломжтой байна.
12.3. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхдээ хэргийн баримтад Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т заасныг буруу хэрэглэжээ.
Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь эрхээ зөрчигдсөн гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар эрх бүхий байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргах этгээд нь өөрөөс нь үл хамаарах буюу өөр бусад аргаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг ойлгоно. Тухайлбал, өөрөө өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан нөхцөл буюу энэ байдал нь гомдол гаргах боломжгүй байдлыг бий болгосон байх, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсан, онцгой нөхцөл байдал үүссэн буюу зорчих боломжгүй нөхцөл үүссэн зэрэг нь өөрөөс нь үл хамаарах шинжтэй нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийн зэрэгцээ энэ нь холбогдох баримтуудаар нотлогдсон байхыг шаарддаг.
Анхан шатны шүүх “...“Э” ХХК нь хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн үндэслэлээ ... гүйцэтгэх захирал солигдсон боловч Н шилжилт хөдөлгөөн эрхийг түдгэлзүүлсэн, захирал солигдсон нь Л, Х нарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотлогдоно, тухайн үед Х нь компанийн тамга тэмдгийг авч явсан тул 2022.11.15-ны 01/002 тоот шийдвэрээр түүнд сануулах сахилын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргасан байна” гэснийг үндэслэн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т заасныг хэрэглэн хугацааг сэргээснийг давж заалдах шатны шүүх зөв гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.
Иймээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн “...дээрх баримтуудаар гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй Л нь 2022.11.04-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд Хөвсгөл аймаг руу томилолтоор явсан, үргэлжлүүлэн 10 хоног ээлжийн амралтаа авсан гэдэг. Харин Х.Байгальмаа нь 2022.11.04-ний өдрийн тушаалаар 2022.11.07-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд илүү цагийг биеэр амрахаар болсон байдаг. Дээрх баримтууд нь нэг талын нотлох баримт бөгөөд аливаа өөр хөндлөнгийн баримтаар нотлогдоогүй, 100% үнэн гэж үзэхэд эргэлзээтэй баримтууд болно. Мөн дээрх асуудлууд нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй” гэсэн агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ нөхцөлийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй, нөгөөтэйгүүр шүүх хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлээгүй байна.
13. Хэрэгт “...“Э” ХХК-аас Нт 2022.08.25-ны өдрийн “Итгэмжлэл олгох тухай” 01/029 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тус компанийг төлөөлөх бүрэн эрхийг Д , Б нарт 3 жилийн хугацаагаар олгосон байх бөгөөд үүгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33, 38 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүргийг хүлээж оролцохоос гадна шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргах, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргах зэрэг бүрэн эрхийг олгосон байна. /I-xx-130,131/
Улмаар хөрөнгийн үнэлгээний тайлангуудтай итгэмжлэгдсэн төлөөлөгч Б танилцсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул тэрээр дээрх итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд хандаагүй энэ үйл баримтыг хоёр шатны шүүх анхаараагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ. /I-xx-142-146/
14. Хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр сэргээн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/01723 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01280 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 144,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН