| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2021/00308/И |
| Дугаар | 133/ШШ2021/00419 |
| Огноо | 2021-10-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 133/ШШ2021/00419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, 0 дүгээр хороо, Ц хотхон гудамж 000 тоотод оршин суух, Д овогтой Д-гийн Ч-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Ч сумын 0 дүгээр багт оршин суух, Т овогтой Б-н А-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ч, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ч миний бие Б.А-тай анх 2007 онд танилцаж улмаар гэрлэлтээ 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлуулсан. Бидний дундаас охин Ч.У 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, хүү А.З 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус тус мэндэлсэн. Том охин Ч.У нь гэрлэлтээ батлуулахаас долоон сарын өмнө мэндэлсэн учир төрсөн эх надаар овоглосон. Гэр бүл дэх таарамжгүй харилцаанаас болж 2014 оноос хойш гэр бүл салж тус тусдаа олон жил амьдарч байна. Цаашид Б.А-тай гэр бүл болох бодит нөхцөл байдал байхгүй болсон тул гэрлэлт цуцлуулах, охин Ч.У, хүү А.З нарт төрсөн эцэг Б.А-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би яваад сураггүй 5, 6 жил болж байгаа. 2, 3 жил хоол явуулж байсан. Сална гэж байгаа бол салж болно. Хоёр хүүхдийн тэтгэлэг гээд байна. Хоёр хүүхдийн тэтгэлэг хэдэн төгрөг болох ёстой юм. Нэг хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжтой юм уу. Хүү миний нэр дээр байдаг, охин Д.Чимэддолгорын нэрээр овоглосон байдаг. Би ажилгүй болохоор төлөх боломжгүй байна. Нэг хүүхдийн тэтгэлэг л төлөх боломжтой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч Б.-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Ч, хариуцагч Б.А нар нь 2008 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Тэдний дундаас 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Амаржаргалын Зинамидра төрсөн болох нь охин А.У, хүү А.З нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Зохигчид хоорондоо таарч тохироогүйн улмаас 2014 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан байх боловч амжилтгүй болсон болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байх бөгөөд тус тусдаа амьдраад олон жил болж байгаа гэсэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох А.У, А.З нар эхийн асрамжид байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй, гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд хүүхэд эхийнхээ асрамжид байсан нөхцөл байдал, түүний нас, эцэг эхийн халамж, оролцоо, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харгалзан 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин А.У, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн А.З нарыг эх Д.Ч-ын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах учир гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох А.У, А.З нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Б.А-аас тэтгэлэг гаргуулан охин А.У, А.З нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 164,004 /нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 164,004 /нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т овогтой Б-н А, Д овогтой Д-гийн Ч нарын Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 231 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин А.У, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн А.З нарыг эх Д-гийн Ч-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, хүү А-ын З-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, охин А-ын У-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Тэргүүн овогтой Б-н А-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч Б.А-аас эд хөрөнгө нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Ч-т даалгасугай.
6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Б. нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч Б.А-ыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 164,004 /нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 164,004 /нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч-т олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН