Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2020/01374

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 6 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ж /Булган аймгаас онлайнаар/, хариуцагч Л.Э /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Л.Э нь манай гэрт манай эхнэрийн төрсөн эгч болох Ж.Алтангадасын хамт ирээд ахаа дүү нь утасны бизнес хийж байгаа, орон байраа томруулах гэсэн юм аа гэж хэлэхэд би түүнд нь итгэсэн. Надаас малчны зээл аваад өгөөч гэж гуйсан. Дүү нь цаг хугацаанд нь чирэгдэл болохгүй дарна, та тэрэнд санаа зоволтгүй гээд их гуйсан. Тэгэхдээ миний бие Хаан банкнаас мал хөрөнгөө гэр орноо барьцаалж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 6 000 000 төгрөгийг 1.8 хувийн хүүтэй 24 сараар 4 хувааж төлөхөөр зээл авч өгсөн. Энэ мөнгийг Л.Эгийн данс руу бэлнээр шилжүүлж өгсөн нь үнэн. Үүнээс хойш 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хийгдэх эхний төлөлт буюу 1 930 000 төгрөгийг төлөх хугацаа нь болоод утсаар ярихад утсаа авахгүй байсан болохоор миний бие өөрийн эхнэр Золзаяагийн хамт Л.Эгийнд очиж зээлийн төлөлт хийхийг шаардаж нэхэл дагал болж байж эхний төлөлтийг хийсэн. Үүнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 17-ны хийх ёстой 2 дахь төлөлтийн хугацаа болж 1 930 000 төгрөг хийхийг утсаар залгаж хэлсэн боловч хийх боломж байхгүй байна, ахаа та надад хүүтэй мөнгө олоод өгөөч дүү нь хүүтэй нь бодоод найдвартай хийнэ гэж гуйсан. Тэгэхэд нь би Л.Этай биечлэн уулзаж амлалтын бичиг хийж өгье гэхэд нь хийлгэж авсан. Тэгээд би ломбарднаас 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай мөнгө авч өгсөн. Хаан банкнаас авсан зээлийн 2 дахь төлөлтийг хийлгэсэн. Түүнээс хойш ломбарднаас авсан хүүтэй мөнгөний хугацаа болж Л.Э руу утсаар залгаж чиний авсан мөнгө хүүтэйгээ нийлээд 2 280 000 төгрөг болж байна гэж дуулгасан. Тэгтэл Л.Э хэлсэн амлалтаа мартаж эхнэр Золзаяагийн эгч Ж.Алтангадас энэ бүгдийг сайн мэднэ, бас  Л.Э намайг болон сэтгэл санаагаар хохироож байна. Иймээс миний Хаан банкинд төлөх ёстой гурван төлөлтийн мөнгө болон ломбарднаас авсан хүүтэй мөнгийг нийлүүлж 6 210 000 төгрөгийг Л.Эгаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Лутбаатар овогтой Л.Э 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эгчийн нөхөр Ж хоёроос 6 000 000 төгрөг зээлж авсан. Авахдаа боломжоороо 2 юм уу 3 хувааж өгнө л гэж үнэн хэлж гуйж авсан. Иймд надад тусалсанд нь баярласан боловч 2019 онд би жирэмсэн болж төрөхийн хүндрэлтэй 1 сарын 20-ны өдөр төрж ажил орлогогүй болсон. Нөхөр минь үе мөчний өвчтэй, ходоодны гүн архаг шархтай хөдөлмөрийн чадваргүй. Жд 2 000 000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгөөд үнэнээ хэлж гуйсан. Үлдсэн 4 000 000 төгрөгийг нь боломжоороо төлнө гэж тохирсон. Одоо би 4 000 000 төгрөгийг төлөх дутуу байгаа нь үнэн. Гэтэл банкны хүү алданги хувь хүний хүү нэхэж байгаад нь гомдолтой байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хувийн өс хонзонгийн шинжтэй намайг болон гэр бүлийн дарамтанд оруулж ах дүү хамаатан саданд минь нэр төрийг гутаан доромжилж элдвээр ярьж байгаад гомдолтой байна. Л.Э миний бие 4 000 000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 2 210 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Иймд үнэн зөвөөр шийдэж нэр төр гэр бүлийг минь дарамт шахалтаас гаргаж өгнө үү. Учир нь хүргэн болон Ж эгч Золзаяаг зодож дарамталсан. Хулгай, хүчин, хүн зодож харгис танхай хүн гэдгээр нь нутаг ус болон ах дүү хамаатан эгч Алтангадас сайн мэднэ. Иймд би одоохондоо өрхийн амьжиргаа муу, орлогогүй байгаа тул өрхийн амьжиргаа дээшилж ажил төрлөө хийж эхэлж төлөх хүртэл боломж олгож хамгаалж өгнө үү гэж чин сэтгэлээсээ гуйж байна гэв.

 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Л.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Л.Э нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2 210 000 төгрөгийг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч А.Ж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хаан банкнаас зээл авч 6 000 000 төгрөгийг Л.Эд өгсөн. Тэрээр банкны эхний төлөлтийг арай хийж төлсөн, хоёр дахь төлөлтийг хийх болоход мөнгөгүй, хүнээс хүүтэй ч гэсэн мөнгө аваад өг гээд байсан болохоор баталгаа бичүүлж авсан. Иймд хүнээс авсан хүүтэй мөнгө болон банкны зээлийн төлбөрт нийт 6 210 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

Хариуцагч Л.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 6 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Буцаагаад 2 000 000 төгрөг төлсөн учир үлдэх 4 000 000 төгрөгийг төлнө. Хүнээс хүүтэй мөнгө авсан нь нотлогддоггүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч А.Ж нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч Л.Эгийн Хаан банкны 5096135655 тоот дансаар 5 910 000 төгрөг шилжүүлэн өгсөн бөгөөд 2 000 000 төгрөгийг Л.Э буцаан төлсөн байна.

Дансаар авсан мөнгө болон буцаан өгсөн мөнгөний талаар талууд маргаагүй. Харин банкны 2 дахь удаагийн төлөлтийг төлөх болоход хариуцагч Л.Э мөнгө олоод өгөөч гээд гуйсны дагуу 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй мөнгийг хүнээс авч өгч баталгаа хийлгэсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч ямар ч хүү тохироогүй, хүнээс мөнгө авсан эсэх нь тодорхойгүй гэж маргадаг.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч А.Ж шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул 5 910 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.

Хариуцагч Л.Э 1 930 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй төлөхийг зөвшөөрч А.Жд баталгаа гаргасан нь зээлийн гэрээг бичгээр хийсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд 1 930 000 төгрөгний хүүний төлбөрийг төлөх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Л.Эгаас хүүний төлбөрт 347 400 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 3 910 000 төгрөг /2 000 000 төгрөгийг буцаан төлсөн тул хасч тооцов/ нийт 4 257 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 952 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 114 310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эгаас 83 068 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Эгаас 4 257 400 /дөрвөн сая хоёр зуун тавин долоон мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 952 600 /нэг сая есөн зуун тавин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгч А.Жы урьдчилан төлсөн 114 310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эгаас 83 068 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ