Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2021/00489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын Б багийн 0-0 тоотод оршин суух, А овогтой Н-ын А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын Со дүүрэг, 00 дугаар хороонд оршин суух, Б овогтой Ч-нгийн Т-т холбогдох,

хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.А, хариуцагч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н-ын А миний бие нь 2012 онд Ч.Т-тэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүү Х төрсөн. Бид хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан учраас хүүхдээ би өөр дээрээ авсан. 2013 оны дундаас эхлэн архи дарс ууж зан ааш нь өөрчлөгдөж гэр орондоо тогтохоо больж надад гар хүрдэг болсон. Энэ байдал улам даамжирсан учир 2019 оны 06 дугаар сард хүүхдээ аваад тус тусдаа амьдрах болсон. Энэ үеэс хойш дахиж хүү бид хоёртой холбоо тогтоогоогүй. Нэг ч удаа эргэж тойрч ирээгүй болно. Мөн гэр оронгоо бүгдийг нь аваад явсан. Хүүхэд маань над дээр байдаг, ааваараа овоглодог. Одоо холбоогүй, эргээд бид хоёрыг гээд халамж анхаарал тавиагүй тул хүүхдэдээ аав нь мөнгө төгрөг тогтоож өгдөг юм бол хүүхдийнхээ ирээдүйд хэрэглэх, хичээл ном хэрэглээнд нь хэрэглэх зорилгоор нэхэмжлэл гаргасан. Ийм учир 2019 оны 6 дугаар сараас хойш хүү бид хоёр айлын гэрт амьдарч байгаа болно. Цаашид энэ хүнтэй амьдрах боломжгүй болсон тул хүү Т.Х-ийг эх миний асрамжид үлдээж хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд өргөдөл гаргасан Ц-ийн А-ын гаргасан өргөдлийг уншиж танилцаад хүлээн зөвшөөрч, Т.Х-ийн тэтгэмж тогтоохыг хуулийн дагуу зөвшөөрөгдөх хэмжээгээр тогтоохыг миний бие Ч.Т хүлээн зөвшөөрч байна. Би хаяж яваад чимээгүй болсон зүйл байхгүй. Тухайн үед хот руу нүүж амьдрахаар болсон чинь энэ хүн чинь ирэхгүй холбоогүй болсон. Хүүгээ дунд нь сар гаран авч байлгасан. Тэрнээс хойш ямар ч холбоогүй байгаа, сургуульд нь мөнгө хэрэгтэй байна гээд ярих юм бол өгөх боломжтой, хүүгээ аваад явсан ч болно гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Ч.Т-т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Н.А, хариуцагч Ч.Т нар нь 2012 онд танилцаж, тэднийг хамтран амьдрах хугацаанд 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Т-ийн Х төрсөн болох нь 0000943759 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Учир нь 0000943759 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт Б овогтой Т-ийн Х 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт төрснийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн төрсний бүртгэлд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүртгэж, эцэг Б овогтой Ч-гийн Т, эх А овогтой Н-ын А гэж бичигдсэн байна.

Мөн хариуцагч Ч.Т нь Т.Х-ийг өөрийн хүү мөн болохыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, хүү Т-гийн Х-ийг эх Н.А-ын асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүү Т.Х-д тэтгэлэг тогтоож эцэг Ч.Т-ээр тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,364 /нэг зуун таван мянга гурван зуун жаран дөрвөн/ төгрөгөөс илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ч.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 35,164 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, хүү Т-ийн Х-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б овогтой Ч-ийн Т-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх даалгасугай.

3. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Н.А нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Ч.Т эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,364 /нэг зуун таван мянга гурван зуун жаран дөрвөн/ төгрөгөөс илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ч.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 35,164 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН