Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга              Б.Алтансүх

Улсын яллагч                                                           Э.Болор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Чинзоригийн Ариунсанаад холбогдох эрүүгийн 201710010095 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  илчит тэрэгний  туслах машинист мэргэжилтэй, Замын-Үүд Зүтгүүрийн депод туслах машинистаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг 133-38 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Бэсүд овогт Чинзоригийн Ариунсанаа  /РД:УУ90112015/

Яллагдагчаар татах тогтоолоор: шүүгдэгч Ч.Ариунсанаа нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Мичид” хүнсний дэлгүүрийн урд талаас насанд хүрээгүй Э.Тэмүүлэнгийн IPhone 5S маркийн гар утас гээгдүүлснийг олсон бөгөөд гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Ариунсанаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын эхээр “Мичид” дэлгүүрээс гараад явж байхад цэнхэр өнгийн касе газарт хэвтэж байгаа харагдсан бөгөөд аваад үзэхэд гар утас байсан. Тухайн утсанд ямар нэг код байгаагүй. Тэгээд гар утсан дотрохыг үзэж байхад цэнэг нь дуусаад унтарсан. Тэгээд би гэртээ хариад эхнэртээ гар утас оллоо гэж хэлэн цэнэглээд өөртөө авсан гэв.

- Насанд хүрээгүй хохирогч Э.Тэмүүлэн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 02 дугаар сарын 03-ны  өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад сургууль руугаа явах замд би өөрийнхөө гар утас болох IPhone 5S маркийн гар утсаа гээгдүүлсэн. Би гэрээсээ гарахдаа гар утсаа өмднийхөө халаасанд хийсэн. Тэгээд хичээлдээ явах замдаа ангийн хүүхэд болох Жаргалбаяр руу залгаж ярьсан. Тэгээд эргэж өмднийхөө карманд хийсэн. Би анги дээрээ очоод өмднийхөө карманаас гар утсаа гаргах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд би гар утсаа гээгдүүлснээ мэдсэн. Би хүүхдийн гар утас гуйгаад өөрийнхөө гар утас руу залгасан чинь дуудаад байсан. Тэгээд би ирсэн замаараа утсаа хайгаад явсан боловч гар утсаа олоогүй. Би өөрөө яг хаана явж байгаад гээгдүүлснээ мэдэхгүй байна. Би гэрээсээ гараад засмалаар явж байгаад 1 дүгээр сургуулийн баруун талын засмал замаар явсан. Тиймээ би гэрээсээ гараад явсаар байгаад Мичид дэлгүүрийн урд засмалаар яваад тэгээд сургууль дээрээ очсон. IPhone 5S маркийн гар утсыг аав, ээж хоёр 2014 онд Дорноговь аймгийн Мобикомын салбараас худалдаж авч өгч байсан. Яг хэдэн төгрөгөөр худалдаж авч өгч байсныг би мэдэхгүй байна. Манай аав гар утсыг эхлээд барьж байгаад надад 2016 оны 11 сард өгсөн. Өөрөө аав шинэ гар утас худалдаж авсан. Ямар эвдрэл гэмтэл болон нүүр нь хагараагүй байсан. Зүгээр ажиллаж байсан. Би өөрөө гар утсыг танина. Би өөрийнхөө гар утсыг олж авсан учраас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 7 тал/

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Өлзийхишиг хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ...2017 оны 02 дугаар сарын 03-ны орой намайг ажлаасаа тараад гэртээ ирэхэд хүү маань “ээжээ би өнөөдөр хичээлдээ явах замдаа гар утсаа гээгдүүлчихлээ” гэж хэлсэн. Би хаана хэнтэй явж байгаад хаясан талаар асуухад 11 цаг өнгөрч байхад хичээл рүүгээ явсан. Замдаа ангийнхаа хүүхэд рүү ярьсан. Тэгээд би өмднийхөө карманд хийсэн. Хичээл дээрээ  очоод гар утсаа өмднийхөө карманаас авах гэтэл байхгүй байсан гэж ярьсан. Тэгэхээр нь би цагдаагийн газарт ирж эрүүгийн төлөөлөгчтэй уулзаж IMEI код өгч тэмдэглүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагаас надруу залгасан. Хүүхдийн чинь гар утсыг олсон гэж ярьсан. Би уг гар утсыг 2014 оны 03 дугаар сард Дорноговь аймгийн Мобикомын салбараас 1650.000 төгрөгөөр худалдаж авсан. Нөхөр маань уг гар утсыг барьж байгаад 2016 оны 11 сард хүүдээ өгсөн. Би хүүгийнхээ гар утсыг олоод авсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хүүгийн гар утас мөн байна. Утсанд байсан бүх мэдээллүүдийг устгасан байна лээ. Манай хүү гээгдүүлсэн нь үнэн. Энэ хүн утсаар нь холбогдоод миний хүүгийн гар утсыг өгөх боломж тухайн үед байсан байх. Надаас уучлалт гуйсан. Гар утасны нүүр хэсэг нь жижиг хагарсан байсан тэгээд хохирол болох 100.000 төгрөг авсан. Энэ залуутай харилцан ярилцаад сайн дураараа эвлэрсэн гэжээ. /хх-ийн 12 тал/

-Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20 тал/

- 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Ч.Ариунсанаа нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Мичид” хүнсний дэлгүүрийн урд талаас насанд хүрээгүй Э.Тэмүүлэнгийн IPhone 5S маркийн гар утас гээгдүүлснийг олсон бөгөөд гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Тэмүүлэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Өлзийхишиг нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектийн нэг хэлбэр нь гээгдэл эд хөрөнгө байх бөгөөд энэ нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлэх юм.

Шүүгдэгч Ч.Ариунсанаа нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Өлзийхишиг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн шатанд хүсэлтээ бичгээр илэрхийлжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д “энэ хуулийн 25.1-д заасан гэмт хэргийн хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн бол”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ч.Ариунсанаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Ариунсанаа нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт Чинзоригийн Ариунсанааг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч Чинзоригийн Ариунсанаад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Ариунсанаад авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ариунсанаа , түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ