Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 136/шш2021/00068

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 24 өдөр 136/ШШ2021/00068 Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: 1961 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг, 15-23 тоотод оршин суух, Бажиг овогт Оргодолын Батаа /РД:ЕЮ61040417/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Батаа, гэрч Т.Баянжаргал, Г.Цэцэгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

О.Батаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Батлан хамгаалах яамны сайдын 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Н/147 дугаар тушаалаар Дорноговь аймгаас 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдан 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр халагдан ирж Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ амьдрал нэгдлийн мал эмнэлгийн тасагт жолоочоор 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд ажиллаж байсан. Тухайн үеийн нэгдэлд орсон, гарсан тушаал архиваас олдоогүй, хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул Өргөн сумын Мал эмнэлгийн тасагт жолоочоор 2 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч О.Батаа нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ амьдрал нэгдэлд жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

О.Батаа нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ амьдрал нэгдэлд жолоочоор ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар Зарим ажилтнуудыг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай захирамж/хх-5/, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2016 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа/хх-6/, гэрч Т.Баянжаргалын шүүх хуралдаанд өгсөн Би 1981 онд Хөдөө аж ахуйн техникум төгсөөд Өргөн суманд зоотехникчээр ажиллаж байхад О.Батаа 1982 онд цэргээс халагдаж ирээд манай мал эмнэлгийн тасагт манай эмчийн жолоочоор ажиллах болсон. 2 жил гаруй ажилласан. гэх мэдүүлэг, түүний 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ амьдрал нэгдлийн даргын Ажил өөрчлөх тухай 08 дугаартай тушаал, 1980 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газрын даргын Зарим хүмүүсийг ажилд томилох ба чөлөөлөх тухай 46 дугаартай тушаал, гэрч Р.Цэцгээгийн шүүх хуралдаанд өгсөн Би О.Батаатай хамт 1982-1984 онд хамт ажиллаж байсан. Жолооч байсан. Би техникум төгсөөд Шинэ амьдрал нэгдэлд 1981-1984 онд ажилласан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дорноговь аймгийн Өргөн сумын засаг даргын тамгын газрын Дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн А.Бадралын гаргасан Цалингийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн О.Батаа нь шүүхэд ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа гэх тайлбар гаргасан бөгөөд Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаартай Тус архивд хадгалагдаж буй Өргөн сумын Шинэ амьдрал нэгдлийн архивын баримтаас 1982-1984 оны даргын тушаалыг шүүн үзэхэд: Оргодолын Батааг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй болно. гэх архивын тодорхойлолтоор уг тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

 

Иймд хүсэлт гаргагч О.Батааг 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ амьдрал нэгдэлд жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар О.Батаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Бажиг овогт Оргодолын Батаа /РД:ЕЮ61040417/-г Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ амьдрал нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч О.Батаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА