Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 136/ШШ2021/00080

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 31 өдөр 136/ШШ2021/00080 Дорноговь аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: 1960 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4-р баг, Хөвсгөл ч

үрэмзаан 1-р гудамжны 06 тоотод оршин суух, Бүрд овогт Цэрэнпилийн Цэрэн-Иш /РД:ЕМ60102479/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Цэрэн-Иш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цэрэн-Иш миний бие нь 1983 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд сумынхаа сум дундын эмнэлэгт жолоочоор ажилд орсон юм. Би анх 1983 оны 07 дугаар сарын 14-ний өдөр жолоочоор орж ажиллаж байгаад 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эмнэлгээс халагдаж Гэрэлт зам нэгдэлд ажилд орсон юм. Гэтэл сум дундын эмнэлэгт жолоочоор орсон, гарсан тушаал олдохгүй байх тул хугацааг тогтоож өгнө үү. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Цэрэн-Иш нь 1983 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сум дундын эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Цэрэн-Иш ковид-19 өвчний улмаас зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийх тухай хүсэлт ирүүлсний дагуу шүүх хуралдаанаар хэргийн хянан шийдвэрлэв.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Цэрэн-Иш нь 1983 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сум дундын эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Төлчин ажиллуулах тухай 02 дугаартай захирамж, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Хүн эмнэлгийн жолоочоор ажиллаж байсан Цэрэнпилийн Цэрэн-Ишийн ажилласан 5 жилийн цалингийн тодорхойлолтыг олгов. гэх Архивын тодорхойлолт, Хүн эмнэлгийн ажилтан байхдаа барьж байсан машины зураг. Зүүн гар талаас эхнийх нь би болно. 1984 он гэх тайлбартай гэрэл зураг, гэрч Г.Хуарын Ц.Цэрэн-Иш нь 1983 оноос 1987 онд ажилласан. Дөнгөж цэргээс халагдаж ирээд ажилд орсон. ...би байнга хамт дуудлагад явдаг байсан. гэх гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн Ц.Цэрэн-Иш нь шүүхэд Сум дундын эмнэлэгт орсон, гарсан тушаал олдохгүй байгаа гэх тайлбар гаргасан бөгөөд Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 663 дугаартай Тус архивд хадгалагдаж буй Хөвсгөл сумын АДИХГЗахиргаа, Хүн эмнэлэг, Аймгийн Эрүүл мэндийн газрын архивын баримтаас 1983-1987 оны баримтуудыг шүүж үзэхэд Цэрэнпилийн Цэрэн-Ишийн ажилд томилсон болон чөлөөлөгдсөн тушаал гараагүй болно. гэх архивын тодорхойлолтоор уг тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Цэрэн-Ишийг 1983 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Сум дундын эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Цэрэн-Ишийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Бүрд овог Цэрэнпилийн Цэрэн-Иш /РД:ЕМ60102479/-ийг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Сум дундын эмнэлэгт 1983 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Цэрэн-Ишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА